Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/00094

 

 

 

 

 

 

                               2021       12          28

                   101/ШШ2022/00094

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.Б-д холбогдох,

 

            Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлсөнд 49,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болон гэрээг цуцалж учирсан хохиролд нийт 76,836,155 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, Г.Э, хариуцагч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гэрч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК, түүний төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч Г.Э, Л.О нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн Х.Б-тэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилгын суурь цутгах, төмөр каракас бэлдэж угсрах, сэндвичээр барилга угсрах ажлыг 320,000,000 (гурван зуун хорин сая) төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон юм. Манай компани нь ажил гүйцэтгэх гэрээний 3.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд тус гэрээний 2 дугаар зүйлд заасан ажлуудыг зохих ёсоор гүйцэтгэж тухай бүр нь захиалагч Х.Бөд хүлээлгэн өгч байсан. Ингээд манай компанийн зүгээс гэрээгээр 75%-ийг гүйцэтгээд байхад захиалагч Х.Бнь “санхүүжилт орж ирэхгүй байна, мөнгөтэй болохоороо үлдэгдэл ажлынхаа хөлсийг өгч, ажлаа үргэлжлүүлэн хийлгэе” гэсэн тул гүйцэтгэж буй ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүний дараагаар би Х.Бтэй утсаар холбогдож “яасан, санхүүжилт нь орж ирсэн үү? Бид ажлаа хэзээнээс үргэлжлүүлэн хийх үү?” гэж асуухад Бнь “би өөр гүйцэтгэгчээр үлдсэн ажлыг хийлгээд дуусгасан” гэж хэлсэн. Бидний зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын 75%-д төлбөл зохих ажлын хөлс нь 240,000,000 төгрөг болох бөгөөд Х.Бнь 190,000,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг хариуцагч Х.Бөөс удаа дараа шаардсан боловч одоо болтол хөлсийг минь өгөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Мөн бидний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй ажлыг харилцан тохиролцсоны дагуу 4,000,000 төгрөгөөр нэмэлтээр хийж гүйцэтгэсэн боловч уг ажлын хөлсийг мөн төлөөгүй болно. Бидний хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай "*******” ХХК нь гэрээний дагуу хийх ёстой ажлаа хугацаанд нь, зохих ёсоор хийж гүйцэтгэн захиалагч тал болох Х.Бөд хүлээлгэн өгсөн. Гэтэл Х.Бнь хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчиж, ажлын үр дүнг хүлээн авсан атлаа төлбөл зохих ажлын хөлсөө одоог хүртэл төлөхгүй байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд манай “*******” ХХК-д Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Х.Бөөс ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэлд 54,000,000 (тавин дөрвөн сая) төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427,950 (дөрвөн зуун хорин долоон мянга есөн зуун тавин) төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

1-р ажил буюу суурийн ажлыг 100 хувь хийсэн. 2-р ажлыг мөн 100 хувь хийж дуусгасан. Энэ нь гэрээний 75 хувь болсон. Хариуцагч нь 194 500 000 төгрөг төлсөн. Анх нэхэмжлэл гаргахдаа авсан мөнгөнөөс 4,500,000 төгрөгийг орхигдуулсан байсан. Хийсэн ажлаа цаг тухайд нь хүлээн авч байсан. 3 дахь ажил нь сэндвичийг угсрах байсан боловч цар тахлаас болж хойшилсон. Улмаар материалын үнэ өссөн талаар уулзаж хэлсэн. 36 саяын зөрүү гарсан талаар харилцан ярилцсан. Маргаан гараад цагдаад шалгуулсан. Улмаар цагдаагаас өргөдлөө татаад хариуцагч нь 30 саяын нэмэлт төлбөр төлөх болсон. 7 хоногийн дараа ажлаа шалгах гээд очиход өөр компаниар хийгээд дуусгасан байсан. Бид ажлын 75 хувийг хийсэн бөгөөд энэ нь 240 сая, нэмж 4 саяын ажил хийсэн. Нийт 244 саяын ажил хийгээд 194 500 000 төгрөг авсан тул үлдэх 49 500 000 төгрөг нэхнэ. Ажлыг доголдолтой хийсэн гэж байна. Намайг наадмаас хойш ажиллаагүй гэж байна. Суурийн ажлыг 1 метрээр доошоо цутгасан. 250 марктай бетоноор цутгах байсан. Хариуцагч нь тухайн үед надаас гуйгаад самрын үйлдвэр тул шалыг илүү зузаан цутгаж өгөхийг хүссэн. Хөрсийг сольж тоног төхөөрөмжтэй хэсэгт 40 см бусад хэсэгт 25 см-р цутгасан. Бид 10-с багагүй хүнтэй ажилладаг байсан. Шал өнгөлүүлсэн гэж байна. Бид шалыг өнгөлөөд хариуцагч нь 8 сарын эхээр тоног төхөөрөмжөө суурилуулсан байдаг. 7 сарын 30-нд уулзаад сэндвич нь хоцорч ирэхээр байгааг ойлголцсон байсан. Хариуцагч нь манай өнгөлсөн шалан дээр тоног төхөөрөмжөө суурилуулсан. Ингэхдээ багана эвдэлсэн байсан. Бид үүнийг янзалсан. Каракас болон шалыг 100 хувь дуусгасан. Надтай 1-3 гэсэн ажлыг хийхээр тохирсон, өөр ажил тохироогүй.

Нэмэлт зардал гаргасан гээд хэргийн 124-126 дугаар талд байгаа баримт нь энэ хэрэгт хамааралгүй. Энд өөр барилгын ажил гүйцэтгэсэн баримт байна. 130-д байгаа акт нь 2020.9.8-нд үйлдсэн акт байна. Гэтэл зохигчид 2021.6.13-нд гэрээ байгуулсан байдаг. Иймд нэмэлт зардал гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч гаргасан барилгын төсөв нь төсөв зохиох дүрэмд огт нийцэхгүй төсөв өгсөн байдаг. Бид ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс нэхэмжилж байгаа юм гэв.

 

Хариуцагч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Б нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-н 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд бодит байдлыг үнэн зөвөөр тусгаагүй байна. Бидний зүгээс 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгээр байгуулж 900 м.кв сэндвичин барилгыг нийт 320.000.000 төгрөгийн санхүүжилтээр бүрэн хийж гүйцэтгэхээр тохирсон. Ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлд хийж гүйцэтгэх ажлыг тодорхой заасан бөгөөд нийт 3 үе шаттайгаар ажлыг гүйцэтгэж гэрээг байгуулсан өдрөөс хойш 3 хоногийн дотор эхний санхүүжилт буюу 100.0000.000 төгрөгийг төлж дараагийн шатны ажлыг хийж гүйцэтгэсэн даруй бусад төлбөрийг төлөхөөр тохирсон болно. Гэвч миний зүгээс ажил гүйцэтгэгч тал болох “*******” ХХК-д 1-2 дугаар шатны ажлын санхүүжилтэд зориулж нийт 194.500.000 төгрөгийг төлсөн боловч гүйцэтгэгч талаас ажлаа цаг тухайд нь, бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй болно. Бидний зүгээс  ажлыг хийж гүйцэтгэх хугацааг бараа татан авах, цар тахал, хөл хорио, баярын амралт зэргийг тооцоолон цаад хугацааг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хэмээн тохирсон боловч ажил гүйцэтгэгч талаас 2021 оны 07 дугаар сарын наадмын амралтаас хойш ажлыг бүрэн зогсоож, ажил гүйцэтгэх талбайг орхин явсан болно. Үүнээс хойш миний зүгээс удаа дараа ажлаа түргэн дуусгахыг шаардсан боловч үлдсэн ажлаа хийж дуусгаагүй болно. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэгч компанийн захирал Б.Өнөрболд нь хэд хэдэн хүн дагуулан ирэн ажлыг гүйцэтгэж байсан тоног төхөөрөмжөө аваад явна гэх болсон тул миний зүгээс ажлаа яаралтай дуусга үгүй бол тоног төхөөрөмжийг өгөхгүй гэхэд миний болон уг газар байсан бусад хүмүүсийн биед халдан хүч хэрэглэсэн болно. Удалгүй байнга ирж хэрүүл маргаан дэгдээж, хүч хэрэглэх болсон тус миний зүгээс ажил гүйцэтгэгч талын тоног төхөөрөмжийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн болно. Ингээд мөн л ажил гүйцэтгэгч талаас ажлыг хийж гүйцэтгэлгүй орхин явсан бөгөөд миний зүгээс барилгын материалын үнэ улам өсөж, намар болох дөхөж байсан тул удаа дараа ажлаа бүрэн хийж гүйцэтгэхийг шаардсан боловч хариу өгөөгүй тул “*******” ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалж үлдсэн зарим ажлыг гуравдагч этгээдээр хийлгэсэн болно. Ажил гүйцэтгэгчийн зүгээс дээрх гэрээнд заасан ажлаас суурь цутган, төмөр каракас угсарсан бөгөөд уг ажлыг ихээхэн учир дутагдалтай хийж, суурь цутгахаас өмнө хөрсийг бүрэн тэгшилж, дагтаршуулаагүйн улмаар стандартын дагуу буюу 25 см суурь цутгагдаагүй янз янз  цутгаж үүнээс үүдэн шаланд цууралт үүссэн, суурь хун даамыг тойруулан ус зайлуулах шугамыг хийж гүйцэтгээгүй, мөн төмөр каракасын бэхэлгээ боолтыг дутуу хийж зарим каракасыг огт бэхлээгүй мөн бэхэлгээний гагнуур, даацын суурь каракасыг угсраагүй хэзээч нурж унан хүний амь нас эрүүл мэндийг эрсдүүлж болохуйц дутуу ажлыг хийж явсан болно. Миний зүгээс ажил гүйцэтгэгчийг ирж ажлаа бүрэн дуусгахад нэмж 10 хоногийн хугацаа олгосон боловч ажлаа гүйцэтгээгүй тул өөр компанитай гэрээ байгуулж сэндвичийг угсруулсан болно. Ажил гүйцэтгэгч ажлаа дутуу хийж орхин явсантай холбогдуулан гэрээний 3 дахь шатны ажлыг гүйцэтгэхийн тулд “Өнгөт төмөр” ХХК-с сэндвичин хавтангийн материалыг нийт 129,228,980 төгрөгөөр худалдан авч, “Цацрал повер” ХХК-р сэндвич угсралтын ажлыг нийт 33,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн болно. “*******” ХХК-н ажлаа дутуу, хугацаанд нь хийж гүйцэтгээгүй улмаас одоогоор нийт 161,228,980 төгрөгийн нэмэлт зардал гараад байна. Иймд миний зүгээс “*******” ХХК-д өгсөн 194.500.000 төгрөг нь тэдний хийж гүйцэтгэсэн ажлаас давуулан төлсөн төлбөр бөгөөд харин миний зүгээс уг байгууллагаас авлагатай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Би барилгад олон жил ажилласан. Барилга цогцоор хийгдэх ёстой. Хариуцагч нь бүх эрхийг өгөөд стандартын дагуу л хийгдэх ёстой. Нэхэмжлэгч нь 2-4 хүнтэй л ажиллаж би байнга хажууд нь хянаж байсан. Суурийн ажил стандартаар хийгдээгүй. Нэхэмжлэгч нь худлаа ярьж байна. Би ярьж байсан бүх баримт надад байна. Бид гаднын хөрөнгө оруулалтаар ажиллаж байгаа тул ажлаа дуусгахыг удаа дараа шаардаж байсан юм. Би сэндвичийг таньдаг хүнээрээ захиалаад өгье гэхэд миний ажилд битгий оролц гэсэн. Барилгыг хэсэгчилж хийлгэнэ гээгүй. Сэндвичийн үнийг тооцож надад боломж байсныг хэлж байсан. Нэхэмжлэгч нь удаа дараа надад худлаа хэлдэг байсан. 7 сарын 9-с хойш барилга дээр үзэгдээгүй. Гэрээний ажлаа хийгээгүй байж нэмэлт ажил хийсэн гэдэг нь үндэслэлгүй. Хийсэн ажил нь бүгд шаардлага хангахгүй байгаа юм. Барилгын суурь нь чанарын шаардлага хангахгүй байгаа юм. Намайг маш их хэмжээгээр доромжилж байсан. Би хийлгэсэн ажлын баримтыг өгсөн. Хаяг дээр алдаа гарсан байх.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагчийн төлсөн төлбөр нь хийсэн ажлаас илүү гардаг. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад хариуцагчийн эзэмшдэг газар сэндвичээр барилга барих болсон. Нийт 320 саяар барихаар тохирсон. 1 ба 2 шатны ажлыг бүрэн дууссан гэдгийг зөвшөөрөхгүй. Суурь нь тэгш бус цутгагдсан. Төмөр каракасын ерөнхий рам босож бэхэлгээ хийгдээгүй. Ажил эхлээд наадам болж ажил зогссон. 8 сарын 3-н хүртэл нэхэмжлэгч тал ирээгүй тул удаа дараа шаардаж материалын үнэ нэмэгдэх гээд байна гэж хэлж байсан. Гэтэл ажлаа дуусгахгүй байсан тул 8 сарын 15-нд гэрээний хугацаа дуусахад өөр гүйцэтгэгч хайж эхэлсэн. Өнгөт металл компаниас 124 саяын материал худалдаж аваад 36 саяар гүйцэтгүүлсэн. Мөн суурийн ажлын алдааг засуулсан. Мөн шалны ажлыг нэмэлтээр гүйцэтгэсэн. Нэмэлтээр 168 228 930 төгрөг нэмж гарсан. Улмаар өгсөн мөнгөтэйгөө нийлүүлээд 355 728 930 төгрөгийн зардал гарсан. Гэрээгээр тохирсноос 35 728 930 төгрөгийн илүү зардал гарсан. Одоо ч гэсэн дутуу ажлууд байдаг. Энэ дутууг ямар зардлаар хийх талаар төсөвчин төсөв гаргаад 41 207 225 төгрөгөөр хийнэ гэсэн. Иймд 194 500 000 төгрөгийн төсөв авсан боловч 117 663 845 төгрөгийн ажил хийсэн гэж үзэж байгаа юм. Улмаар илүү өгсөн 35 саяын зардал дутуу ажлын 41 саяыг нэмээд 76 836 155 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа юм. Нэхэмжлэгчид гаргасан төсөв нь байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан баримтууд нь шаардлага хангахгүй байсан тул нэмэлтээр гарсан зардлаар өгсөн мөнгийг нэмээд хохирлоо тооцсон юм. Машин өгөөд бид 14 саяын л төлбөр дутуу байсан тул бид ажлаа дуусгуулах сонирхолтой л байсан тул санхүүжилт дутуу гэх нь үндэслэлгүй тайлбар юм. Ингээд ажлаа хийгээгүй тул 8 сарын 15-р гэрээг цуцлаад бусдаар гүйцэтгүүлж ажлаа дуусгуулсан. Сэндвич олдохгүй байсан гэдэг нь үндэслэлгүй гэдэг нь өнгөт төмрөөс материал авч байснаар тогтоогдож байгаа юм. Нэмэлт 4 сая гэдгийг ойлгохгүй байгаа юм. Нэмэлт гээд байгаа юм нь үндсэн ажилд хамааралтай үнэгүйгээр хийсэн ажил юм. Энэ нь 320 саяд орж худалдаж авсан бетон юм. Ажил хүлээлцсэн акт нь нэг талын л гарын үсэгтэй баримтууд байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болон гэрээг цуцалж учирсан хохирол нэхэмжилж байгаа юм. Ажлын зураг хийгдээгүй бөгөөд би удаа дараа нэхсэн боловч өгөөгүй гэв.

 

Хариуцагч Х.Бнь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Бидний хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ны дагуу захиалагч талаас гүйцэтгэгч талд нийт 194.500.000 төгрөгийг 1, 2 дугаар шатны ажлын санхүүжилтэд зориулан олгосон байдаг. Энэ талаар нэхэмжлэлд тусгасан байдаг буюу талууд маргадаггүй болно. Гэвч нэхэмжлэгч нь нийт ажлын 75 хувийг бүрэн хийж гүйцэтгэсэн хэмээн тайлбарладаг боловч миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “*******” ХХК-н гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй бөгөөд ажлаа дутуу орхин барилгын ажлын талбайг орхин явсан байдаг. Миний зүгээс удаа дараа бусад ажлыг хийж гүйцэтгэхийг шаардсан боловч “*******” ХХК зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй тул арга ядан бусад ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн байдаг. Үүнд: “Өнгөт Төмөр” ХХК-аас нийт 124.228.930 төгрөгийн үнэ бүхий бараа материал захиалан авч төлбөрийг бүрэн төлж, “Цацрал повер” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан "Өнгөт Төмөр” ХХК-с худалдан авсан бараа, материалыг ашиглан сэндвичин барилгын хана, дээвэр цонх угсрах ажлыг нийт 33,000,000 төгрөгөөр тохирч төлбөрийг бүрэн төлж ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгч, “Батцог Мандал” ХХК-аар шал өнгөлгөөний ажлыг нийт 4.000.000 төгрөгөөр тохирч төлбөрийг бүрэн төлж ажлыг хүлээлгэн өгсөн болно. Дээрхээс үзвэл Х.Бминий бие “*******” ХХК-тай уг ажлыг нийт 320.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч түүнд 194.500.000 төгрөгийг төлж, бүрэн дуусгалгүй орхин явсан ажилд нэмэлтээр нийт 161.228.930 төгрөгийн зардал гаргасан байна. Миний зүгээс “*******” ХХК нь түүнд олгосон 194,500,000 төгрөгөөс бага ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн үзэж байх бөгөөд 194.500.000+161.228.930=355.728.930 төгрөгийг зардал гаргаад байна. Өөрөөр хэлбэл 320.000.000 төгрөгөөс илүү гарч байх 35.728.930 төгрөгийг илүү олгосон байх бөгөөд "*******” ХХК-н зүгээс 194.500.000 төгрөгөөс -35.728.930 төгрөг= 158.771.070 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Иймд миний зүгээс “*******” ХХК-аас 35.728.930 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү хэмээн сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Маргаан бүхий барилгын ажилд одоо ч хийж гүйцэтгээгүй дутуу ажлууд байгаа бөгөөд анх миний зүгээс төдийлөн бага зардлаар гүйцэтгэх боломжтой хэмээн үзсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй болно. Гэвч уг барилгын үлдсэн дутуу ажлыг хийж гүйцэтгүүлэхээр мэргэжлийн байгууллагад хандахад ихээхэн хэмжээний ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн болох нь тодорхой болсон болно. Уг дутуу байгаа “Усны хаяавч бетон цутгах, төмөр хөндлөвч угсрах, төмөр татуурга угсрах, төмөр бэхэлгээ хийх, ган хоолой угсрах, төмөр хийцүүдийг тосон будгаар будах” зэрэг тодорхой ажлууд одоо ч дутуу байх бөгөөд миний зүгээс мэргэжлийн төсөвчнөөс дээрх дутуу ажлуудыг хийж гүйцэтгэхэд ямар хэмжээний зардал гарах талаар төсөв гаргуулахад нийт 41.107.225 төгрөгийн өртөг гарахаар байна. “*******” ХХК-тай уг ажлыг нийт 320.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч 194.500.000 төгрөгийг төлж, бүрэн дуусгалгүй орхин явсан ажилд нэмэлтээр нийт 161.228.930 төгрөгийн зардал гаргаж, хийж гүйцэтгээгүй дутуу орхисон ажлын нийт төсөвт өртөг 41.107.225 төгрөг байна. Миний зүгээс “*******” ХХК нь түүнд олгосон 194.500.000 төгрөгөөс бага ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн үзэж байх бөгөөд 194.500.000+161.228.930=355,728,930 төгрөгийг зардал гаргаад байна. Өөрөөр хэлбэл 320.000.000 төгрөгөөс илүү гарч байх 35.728.930 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү хэмээн сөрөг нэхэмжлэл гаргасныг 41.107.225 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд “*******” ХХК-аас 35.728.930 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нийт 41.107.225 төгрөгөөр нэмэгдүүлж сөрөг нэхэмжлэлийн шаардлага нийт 76.836.155 төгрөг гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Э, Л.О нар нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: "... 320,000,000 төгрөгөөс илүү гарч байх 35,728,930 төгрөгийг илүү олгосон ... “*******” ХХК-аас 35,728,930 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацааны дотор хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ажлын хөлсөө нотлох баримтын дагуу шаардаж нэхэмжилсэн байхад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэ хөлсийг нотлох баримтгүйгээр өөрийн дураар багасган тооцож, зөрүү мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 3.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд тус гэрээний 2 дугаар зүйлд заасан ажлуудыг зохих ёсоор гүйцэтгэж тухай бүр нь захиалагч Х.Бөд хүлээлгэн өгч байсан. Гэтэл хариуцагч Х.Бнь манай компанийг гэрээгээр тохирсон ажлын дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн байх үед “санхүүжилт орж ирэхгүй байна, мөнгөтэй болохоороо үлдэгдэл ажлынхаа хөлсийг өгч, ажлаа үргэлжлүүлэн хийлгэе" гэсэн тул гүйцэтгэж буй ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байсан. Үүний дараа 2021 оны 8 дугаар сард Х.Бтэй утсаар холбогдож ажлаа хэзээнээс үргэлжлүүлэн хийх талаар лавлахад үлдсэн ажлыг өөр гүйцэтгэгчээр хийлгээд дуусгасан гэсэн хариу өгсөн. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ захиалагчийн санаачилгаар цуцлагдсан. Иймд хариуцагч Х.Бийн зүгээс манай “*******” ХХК-с 35,728,930 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “...хийж гүйцэтгээгүй дутуу орхисон ажлын нийт төсөвт өртөг 41,107,225 төгрөг байна ...            35,728,930    төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нийт 41,107,225 төгрөгөөр нэмэгдүүлж сөрөг нэхэмжлэлийн шаардлага 76,836,155 төгрөг гаргуулж надад олгож өгнө үү” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Бийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа үндэслэж буй сэндвичин барилгын үлдэгдэл ажлын төсөв гэх баримт нь хаана байршилтай барилгад хэний захиалгаар хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хариуцагч Х.Бийн зүгээс манай “*******” ХХК-с 76,836,155 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нь сөрөгтөө илүү гарсан 35 сая төгрөг гэдэг. Сэндвич ажлыг хийгээгүйгээс илүү зардал гарлаа гэдэг. Нэхэмжлэгч нь 1, 2-р ажлыг хийсэн. 3-р ажил нь сэндвич угсрах байсан. Энэ нь МУ-д тасарсан тул хэлээд үнэ өсөж орж ирэхээр байгааг хэлсэн. Сэндвич 8 сар гарч орж ирсэн тул хийгдээгүй. Ажлыг гүйцэтгэсэн актыг хэрэгт өгсөн. Хариуцагчид энэ талаар хэлэхэд хөрөнгө оруулалтгүй гэсэн тул ажил түр зогссон байсан. Дараа хэзээ ажлаа эхлэх талаар асуухад өөр компаниар гүйцэтгүүлсэн байсан. Анх сэндвичийг 80 сая орчмоор тооцсон боловч үнэ нэмэгдэж 120 сая орчим болсон. Иймд нэхэмжлэгч тал энд буруутай зүйлгүй. Төсөв нь журамд нийцэхгүй байдаг. Учир нь гэрээний 2.1, 2.2-т заасан ажлыг гүйцэтгэсэн хөлсөө л нэхэж байгаа юм. Бид сэндвичийн талаар буюу үндсэн нэхэмжлэлд байхгүй ажлын талаар төсөв гарсан байна. Нэхэмжлэгч нь холбогдох баримтыг гаргасан. И-баримт нь шаардлага хангасан баримт юм. Ажлын задаргааг бид өгсөн байдаг. Сэндвич хавтангийн үнэ нэмэгдсэн нь нэхэмжлэгчийн буруу үйл ажиллагаа биш юм. Иймд илүү зардал гарчихлаа гэдэг нь үндэслэлгүй. Мөн 12 сарын 20-нд нэмэгдүүлсэн 41 сая нь бодит учирсан хохирол биш бөгөөд ирээдүйд гарах мэтээр байна. Мөн уг нь төсөв нь шаардлага хангахгүй үндэслэлгүй байна гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэсэн акт 7 ширхэг, ажлын явцыг харуулсан 17 ширхэг гэрэл зураг, гэрээнд тусгагдаагүй гүйцэтгэсэн ажлын төсөв, түүний задаргаа, гүйцэтгэх ажлын ерөнхий мэдээлэл, барилга.мн сэтгүүл 2 ширхэгийг тус тус нотлох баримтаар гаргасан.

Хариуцагч нь шүүхэд газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар тус бүр 1 ширхэг, 2 ширхэг гэрэл зураг, зарлагын баримт 7 ширхэг, худалдан авагч Бүргэд транс гэх баримт 1 ширхэг, сэндвичин хавтан захиалгын хуудас 1 ширхэг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн сэндвичин барилгын хүлээлцэх акт, 5 ширхэг гэрэл зураг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шалны ажил хүлээлцсэн акт, Н.Чимэдбадамын Хаан банк дахь дансны хуулга 8 хуудас, “Өнгөт төмөр” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолт, сэндвичин барилгын үлдэгдэл ажлын төсөв 2 ширхэг /давхардсан/, Б.Сугарсүрэнгийн Хаан банк дахь дансны хуулга 12 хуудас, Б.Шагдарсүрэнгийн Хаан банк дахь дансны хуулга 4 хуудас, Х.Б, Н.Чимэдбадам нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргасан.

Хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч нь маргаж буй барилгын бүдүүвч зураг 5 ширхэг, материалын зарлагын баримт 3 ширхэг, и-баримт 5 ширхэг, бетон зуурмагийн баримт 6 ширхэг, зардлын тооцоо 4 хуудас, 2021 оны 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбогдох тайланг нотлох баримтаар гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 25,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлсөнд 54,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим төлбөрийг тооцоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 49,500,000 төгрөг болгож багасгасан.

 

Хариуцагч Х.Бнь ажлыг дутуу, доголдолтой хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болон гэрээг цуцалж учирсан хохиролд нийт 76,836,155 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 320,000,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хэргийн 5-8 дугаар тал/

Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 194,500,000 төлсөн, улмаар нэхэмжлэгч нь тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн гэж зохигч хэн аль тайлбарласан.

Дээрх үйл баримт болон гэрээний 2.3-т заасан ажлыг гүйцэтгээгүй талаар маргаагүй.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлыг хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх ажлыг 3 үед шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцсон.

Нэхэмжлэгч нь 1 болон 2 дугаар шатны ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж тайлбарласан бол хариуцагч нь суурь, дотор шалны болон каракасад холбогдох тодорхой ажил хийсэн боловч доголдолтой, зарим ажил дутуу гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь өөрийн гүйцэтгэсэн ажил, түүний хөлсийг гүйцэтгэх ажлын ерөнхий мэдээллээр тогтоогдоно, улмаар энэхүү мэдээллийн 6 дугаарт бичигдсэн 4 ажлаас 3 ажил нь бүрэн гүйцэтгэгдсэн тул гэрээгээр тохиролцсон ажлын 3/4 буюу 75 хувийг гүйцэтгэсэн гэж тайлбарласан. /хэргийн 169 дүгээр тал/

Энэхүү гүйцэтгэх ажлын ерөнхий мэдээлэл нь талуудын тохиролцоо биш, харин нэхэмжлэгч тал дангаар гаргасан баримт тул үүнийг гэрээний тохиролцоо гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах бөгөөд агуулгыг өөрсдөө тодорхойлдог.

Зохигчдын хооронд байгуулагдсан маргаж буй ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар ажлыг 3 үе шатны гүйцэтгэх бөгөөд үе шат болгонд ажлын хөлсийг харилцан тохиролцсон нь  Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д нийцсэн байна.

Улмаар нэхэмжлэгч нь 1 ба 2 дугаар шатны ажлыг гүйцэтгэсэн гэж тайлбарласан тул энэ хэсгийг гүйцэтгэсэн бол холбогдох тохиролцсон хөлсийг шаардах эрхтэй.

 

Маргаж буй гэрээний зүйл болох сэндвичин барилыг ажлын зураг гаргалгүйгээр, өөрөөр хэлбэл, барилгын болон түүний хийцэд тавигдах онолын механик, материалын эсэргүүцэл зэрэг шаардлагатай тооцоог хийлгүйгээр гүйцэтгэсэн болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь барилгын суурийг цутгасан, төмөр каракас угсарсан боловч суурьт ус зайлуулах системгүй, хагарал үүссэн, хөрсийг нягтруулаагүй, төмөр каракасын зарим тулаас болон бэхэлгээ дутуу гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн тайлбарыг нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Гэвч хэрэгт байгаа баримтаар хариуцагчийн тайлбар тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагчаас шүүхэд гаргасан хэргийн 124 дүгээр талд байх ажил гүйцэтгэх гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, ажил гүйцэтгэсэн байршил маргаж буй гэрээнд хамааралгүй, хэргийн 130 дугаар талд байх сэндвичин барилгын хүлээлцэх акт нь 2020 оных буюу маргаж буй гэрээнд хамааралгүй, хэргийн 140 дүгээр талд байх тодорхойлолт нь нэхэмжлэлд хамааралгүй буюу гэрээний 2.3-т заасан ажилд хамаарч байна. Мөн хэргийн 114-121 дүгээр талд байгаа зарлагын баримтууд нь хариуцагчид хамааралгүй, хариуцагчаас гарсан зардал гэж үзэхгүй боломжгүй байна.

Түүнчлэн гэрээний 2-т гүйцэтгэх ажлыг тодорхойлсон бөгөөд 2.1-д зааснаар суурь нь ус зайлуулах системтэй байх болон хөрсийг хэрхэн нягтруулах талаар заагаагүй байна.

Энэ нь дээр дурдсанаар талууд барилгыг ажлын зураг, холбогдох тооцоогүйгээр харилцан тохиролцож гүйцэтгэсэн байх тул шүүх энэхүү ямар ажил хийх талаар нарийвчилсан үйл баримтыг нөхөн тогтоох боломжгүй.

Мөн хариуцагч нь барилгын суурийг гэрээнд зааснаас нимгэн цутгагдсан болон хагарал үүссэн гэх тайлбараа нотлоогүй.

 

Хариуцагч нь дотор талын шалын зузаан гэрээнд заасан хүрээгүй, өнгөлгөө хийгдээгүй тул “Б.М” ХХК-р гүйцэтгүүлж, төлбөр төлсөн гэж тайлбарласан. /хэргийн 137 дугаар тал/

Гэвч зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д шалны өнгөлгөө гүйцэтгэх талаар заагаагүй бөгөөд гэрээнд зааснаас нимгэн байсан гэх тайлбараа нотлоогүй.

Мөн шалны ажлыг өнгөлгөө зэргээр бусдаар нэмж гүйцэтгүүлсэн нь нэхэмжлэгчийн ажлын доголдлыг шууд нотлохгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь барилын ажлыг өдөр тутам хянаж байсан гэж тайлбарласан тул түүний суурийн цутгалт хөрснөөс доош болон дээш хэсгийн цутгах хэмжээ дутуу гэх тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь суурь цутгах үед ажлыг хянаж, доголдлыг мэдэх боломжтой байжээ.

Улмаар хариуцагч нь уг барилгын ажлын сэндвич угсрах хэсгийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж дуусгасан гэж тайлбарлаж байх тул суурьтай холбогдох ажлын хувьд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2, 353.3-т зааснаар биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

Үүнээс гадна хариуцагч нь каракас угсрах ажлын хувьд 2 ширхэг тулаас болон бэхэлгээ дутуу гэх тайлбараа нотлоогүй.

Хэдийгээр хэрэгт дутуу гэх ажлын төсөв гаргаж нотлох баримтаар өгсөн боловч энэ нь ажлын доголдлыг нотлохгүй. Тодруулбал, ажлын доголдлыг барилгын болон механик инженерийн тусгай мэргэжлийн шинжээч тогтоох бөгөөд төсөвчин нь харин нотлогдсон дутуу ажлыг гүйцэтгэх үнэлгээг гаргах юм.

Улмаар энэхүү төсвийг хариуцагчийн гаргасан тайлбар, захиалгын дагуу хийх ажлын талаар гаргасан гэж гэрч тайлбарлаж байх тул энэхүү төсөв нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг нотлохгүй. Өөрөөр хэлбэл дутуу гэх ажлыг хариуцагч өөрөө тодорхойлсон байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь ажлыг хүлээн авах үүрэгтэй бөгөөд хуульд заасан үүргийн дагуу ажлыг хүлээн авч акт үлдэх цаг хугацаанд хэрэв гэрээний зүйл доголдолтой бол энэ талаар актад тусгах боломжтой юм. Гэвч зохигчид ажлыг хүлээлцээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь хэргийн 9-16 дугаар талд байх ажил хүлээлцсэн актыг шүүхэд гаргасан боловч энэ нь нэг талын үйлдсэн баримт байх тул талууд ажлыг хүлээлцсэн гэж үзэхгүй.

 

Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь гэрээний 2.1 ба 2.2 заасан ажлыг гүйцэтгэсэн байх тул гэрээний 3.1-т зааснаар нэхэмжлэгчийг нийт 220,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэсэн гэх үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаас гадна нэмж 4,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь хэргийн 149-152 дугаар талд байх баримтаар нотлогдоно гэж тайлбарлаж байна. Гэвч энэхүү баримтаар гаргасан төсөв нь нэг талын гаргасан баримт байх бөгөөд хариуцагч тал батлаагүй, хүлээлгэж өгөөгүй байна. Мөн нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбар нь баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэгчийг гэрээнд зааснаас гадна нэмж 4,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь 220,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, хариуцагч нь 194,500,000 төгрөгийн хөлс төлсөн нь тогтоогдож байх тул дутуу төлсөн ажлын хөлсөнд хариуцагчаас 25,500,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээний 2.1, 2.2-т заасан ажлыг бие байдлын доголдолгүй гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Харин бусдаар гүйцэтгүүлсэн гэх сэндвич угсрахтай холбогдох зардал нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм. Улмаар хариуцагч нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан болох нь зохигч хэн алины тайлбараар тогтоогдсон тул гэрээний 2.3-т заасан ажлыг бусдаар гүйцэтгүүлж, хөлс төлөх гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчид хамааралгүй. Тодруулбал, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлох тул сэндвичийн материалыг худалдан авах болон угсрах ажлыг хэдий хэмжээний хөлс төлж бусдаар гүйцэтгүүлэх нь гагцхүү захиалагчийн хүсэл зоригоос хамаарна.

Мөн хариуцагч нь зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй шал өнгөлөх зэрэг ажлыг бусдаар гүйцэтгүүлж байгаа нь мөн нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй.

Иймд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 35,728,930 төгрөг шаардах эрхгүй.

 

Үүнээс гадна нь хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний 2.1, 2.2-т заасан ажлыг дутуу гүйцэтгэсний улмаас нэмж гүйцэтгүүлэхийн тулд төсөв зохиолгосон гэж тайлбарлаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 171-175, 234-238 дугаар тал/

Гэвч дутуу гэх ажлыг хариуцагч тодорхойлсон байх бөгөөд дутуу гэдэг нь баримтаар нотлогдоогүй.

 

Энд хариуцагчийн өмгөөлөгч нь 2 удаа шинжээч томилох тухай хүсэлт гаргаж шүүх тус бүр хангахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.. Хариуцагчийн өмгөөлөгч нь энэхүү хүсэлтээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг тогтоолгохыг хүссэн бөгөөд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар талууд гүйцэтгэх ажлын хөлсийг гэрээгээр тохиролцсон.

 

Мөн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн дутуу ажлын гэх төсөв нь дутуу гэх ажлыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тушаалаар батлагдсан Барилгын төсөв зохион дүрмийн 3.2, 3.18, 4.1, 4.6 зэрэг холбогдох зүйлд нийцэхгүй байна. Улмаар энэхүү төсвөөр тодорхойлсон 41,107,225 төгрөгийн зардал бодитоор зарцуулагдаагүй.

 

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан боловч сөрөг нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн шаардлагаас үзэхэд хариуцагч нь гэрээний хугацаатай холбогдуулж хохирол шаардаагүй тул энэхүү тайлбар үндэслэлгүй.

Үүнийг тайлбарлавал, хариуцагч нь гэрээний 2.1, 2.2-т заасан ажлын хувьд үүргээ бүрэн гүйцэтгээгүйн улмаас учирсан гэх хохирол, 2.3-т заасан ажлын хувьд гэрээг цуцалснаас учирсан гэх хохирлыг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

 

Иймд сөрөг нэхэмжлэлд дурдсанаар гэрээний 2.1, 2.2-т заасан ажлыг дутуу гүйцэтгэснээс хариуцагчид 41,107,225 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлгүй, мөн гэрээг хариуцагч тал цуцалснаас хойших хугацаанд гэрээний 2.3-т заасан ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд зарцуулсан нэмэлт хөлсөнд 35,728,930 шаардах эрхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1-д зааснаар урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 427,950 төгрөг, хариуцагчийн 700,081 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж шийдвэрлэсэн 25,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 285,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Х.Бөөс 25,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдох 76,836,155 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х.Бийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 427,950 төгрөг, хариуцагчийн 700,081 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 285,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД