Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00369

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00368

 

 

 

********* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/00094 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *********өд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлсөнд 49,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болон гэрээг цуцалж учирсан хохиролд нийт 76,836,155 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, Г.Энхцэцэг, хариуцагч *********, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, Ж.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

1.Нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ********* ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр *********тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, барилгын суурь цутгах, төмөр каракас бэлдэж угсрах, сэндвичээр барилга угсрах ажлыг 320,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

Манай компани нь ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т заасан суурийн цутгаж, 2-т заасан карказ угсарч, гэрээний 1,2 дугаар шатны ажлуудыг зохих ёсоор гүйцэтгэж тухай бүрт нь захиалагч *********өд хүлээлгэн өгч байсан. Ингээд барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байхад захиалагч *********өөс санхүүжилт орж ирээгүй тул гүйцэтгэж буй ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүний дараагаар ********* нь би өөр гүйцэтгэгчээр үлдсэн ажлыг хийлгээд дуусгасан гэж хэлсэн.

********* нь гүйцэтгэсэн ажлын 75 хувийн төлбөл зохих ажлын хөлс нь 240,000,000 төгрөгөөс 194,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 45,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн манай компани нэмэлтээр 4,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсний төлбөрийг төлөөгүй.

Иймд *********өөс ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 49,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *********ийн тайлбарын агуулга: Би ********* ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 900 м.кв талбай бүхий сэндвичин барилгыг 320,000,000 төгрөгөөр бариулахаар тохирсон. Ажил гүйцэтгэх гэрээний 2 гүйцэтгэх ажлыг тодорхой заасан бөгөөд нийт 3 үе шаттайгаар ажлыг гүйцэтгэх бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 хоногийн дотор эхний санхүүжилт буюу 100,000,000 төгрөгийг төлж дараагийн шатны ажлыг хийж гүйцэтгэсэн даруйд бусад төлбөрийг төлөхөөр тохирсон.

Миний зүгээс ажил гүйцэтгэгч тал болох ********* ХХК-д 1, 2 дугаар шатны ажлын санхүүжилтэд 194,500,000 төгрөгийг төлсөн боловч гүйцэтгэгч талаас ажлаа цаг тухайд нь бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй. Бидний зүгээс ажлыг хийж гүйцэтгэх хугацааг бараа татан авах, цар тахал, хөл хорио, баярын амралт зэргийг тооцоолон цаад хугацааг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хэмээн тохирсон боловч ажил гүйцэтгэгч нь мөн оны 07 дугаар сарын наадмын амралтаас хойш ажлаа бүрэн зогсоож, ажил гүйцэтгэх талбайг орхин явсан. Би гүйцэтгэгч талд удаа дараа ажлаа дуусгахыг шаардаж, нэмж 10 хоногийн хугацаа олгосон боловч үлдсэн ажлаа хийж дуусгаагүй. Барилгын материалын үнэ улам өсөж, намар болох дөхөж байсан тул би гүйцэтгэгч талд удаа дараа ажлаа бүрэн хийж гүйцэтгэхийг шаардсан боловч хариу өгөөгүй учир ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, үлдсэн ажлыг гуравдагч этгээдээр хийлгэсэн болно.

Ажил гүйцэтгэгчийн зүгээс дээрх гэрээнд заасан ажлаас суурь цутган, төмөр каракас угсарсан бөгөөд уг ажлыг ихээхэн учир дутагдалтай хийж, суурь цутгахаас өмнө хөрсийг бүрэн тэгшилж, дагтаршуулаагүйн улмаар стандартын дагуу буюу 25 см суурь цутгагдаагүйгээс шаланд цууралт үүссэн, суурь хун даамыг тойруулан ус зайлуулах шугамыг хийж гүйцэтгээгүй, мөн төмөр каракасын бэхэлгээ боолтыг дутуу хийж зарим каракасыг огт бэхлээгүй. Мөн бэхэлгээний гагнуур, даацын суурь каракасыг угсраагүй, хэзээ ч нурж болохуйц дутуу ажил хийсэн байсан.

Ингээд би 3 дах шатны ажлыг өөр компаниар гүйцэтгүүлэхийн тулд сэндвичин хавтанг 129,228,980 төгрөгөөр худалдан авч, угсралтын ажлыг нийт 33,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн болно. ********* ХХК-ийн ажлаа дутуу, хугацаанд нь хийж гүйцэтгээгүй улмаас нийт 161,228,980 төгрөгийн нэмэлт зардал гаргаад байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч *********ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: ********* ХХК-д гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй, ажлаа дутуу орхин явсан. Иймээс би үлдсэн ажлыг гуравдагч этгээдээр хийж гүйцэтгүүлсэн байдаг. Үүнд: хххх ХХК-аас сэндвичин хавтан 124,228,930 төгрөгөөр худалдан авч, *****ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан сэндвич угсралтын ажлыг 33,000,000 төгрөгөөр хийлгэсэн. Мөн ххххХХК-аар шал өнгөлгөөний ажлыг 4,000,000 төгрөгөөр хийлгүүлж, нийт 161,228,930 төгрөгийг төлбөр төлсөн.

Анх би ********* ХХК-тай дээрх бүх ажлыг нийт 320,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч түүнд 194,500,000 төгрөгийг төлж, бүрэн дуусгаагүй явсан ажилд дахин нэмэлтээр нийт 161,228,930 төгрөгийн зардал гаргаад байна. Өөрөөр хэлбэл би 35,728,930 төгрөгийг илүү зардал байх тул уг мөнгийг ********* ХХК-аас гаргуулж өгнө үү.

Мөн миний зүгээс барилгын үлдсэн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр мэргэжлийн байгууллагад хандахад ихээхэн хэмжээний ажлыг дутуу гүйцэтгэсэн нь тодорхой болсон. Тодруулбал, усны хаяавч бетон цутгах, төмөр хөндлөвч угсрах, төмөр татуурга угсрах, төмөр бэхэлгээ хийх, ган хоолой угсрах, төмөр хийцүүдийг тосон будгаар будах зэрэг ажлууд байсан. Мэргэжлийн төсөвчнөөс дээрх дутуу ажлуудыг хийж гүйцэтгэхэд ямар хэмжээний зардал гарах талаар төсөв гаргуулахад нийт 41,107,225 төгрөгийн өртөгийн тооцоо гаргасан. Иймээс дээрх үнийн дүнгийн хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийг ихэсгэн, ********* ХХК-аас нийт 76,836,155 төгрөг гаргуулан ********* надад олгож өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч ********* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч компаниас барилгын 1, 2 дугаар шатны ажлуудыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн, үлдэгдэл ажлын санхүүжилтийг *********өөс асуухад санхүүжилт орж ирэхгүй байна, мөнгөтэй болохоороо үлдэгдэл ажлынхаа хөлсийг өгч, ажлаа үргэлжлүүлэн хийлгэе" гэсэн тул гүйцэтгэж буй ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байсан. Ингээд манай компани 2021 оны 08 дугаар сард *********тэй холбогдоход өөр компаниар үлдсэн ажлыг хийлгэсэн гэж мэдэгдсэн.Хариуцагчийн нэмэлт зардал гаргасан гэх хэргийн 124-126 дугаар талд байгаа баримт нь энэ хэрэгт хамааралгүй. Өөр барилгын ажил гүйцэтгэсэн баримт байна. Түүнчлэн хэргийн 130 дах талд авагдсан акт нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн акт байна. Гэтэл талууд 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан байдаг ********* ХХК нь хариуцагчийн илүү төлсөн 35,728,930 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн манай компаний дутуу хийж гүйтгэхэд гарах зардал 41,1027,225 төгрөгийг нэхэмжилж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан төсөвчний үнэлгээ нь төсөв зохиох дүрэмд огт нийцэхгүй байна. Учир нь уг төсөвт сэндвичийн талаар буюу үндсэн нэхэмжлэлд байхгүй ажлын талаар төсөв гарсан байна. Мөн *********өд бодитоор 41,107,225 төгрөгийн хохирол учраагүй тул түүний нэхэмжлэл үндэслэл үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *********өөс 25,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ********* ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч ********* ХХК-д холбогдох 76,836,155 төгрөг гаргуулах тухай хариуцагч *********ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 427,950 төгрөг, хариуцагчийн 700,081 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 285,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч өмгөөлөгч Б.Билгүүний давж заалдах гомдлын агуулга:

6а.Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д гэрээний 2.1-д заасан 1 дүгээр ажлын хөлс 100,000,000 төгрөг, гэрээний 2.2-т заасан 2 дугаар ажлын хөлс 110,000,000 төгрөг, гэрээний 2.3-т заасан 3 дугаар ажлын хөлс 110,000,000 төгрөг байхаар тус тус заажээ. Нэхэмжлэгч компанийг 1, 2 дугаар шатны ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн хэмээн үзвэл нийт 210,000,000 төгрөгийг ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Гэвч анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж 220,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэн хариуцагчаас 25,500,000 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

6б. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн дутуу хийсэн ажил нь нийт хэдэн төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэсэн болохыг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан. Мөн хариуцагчийн хэрэгт нотлох баримтаар өгсөн төсвийг үнэлээгүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

6в. Шүүх шинжээч томилох хүсэлтийг хангаагүйгээс нийт хийсэн ажлын үнэлгээг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд бусад санхүүгийн баримтыг үндэслэн ********* ХХК-тай уг ажлыг нийт 320,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч 194,500,000 төгрөгийг төлж, бүрэн дуусгалгүй орхин явсан ажилд нэмэлтээр гарсан зардал 35,728,930 төгрөг, хийж гүйцэтгээгүй дутуу орхисон ажлын нийт төсөвт өртөг 41,107,225 төгрөг болдог. Өөрөөр хэлбэл ********* ХХК нь 194,500,000 төгрөгийн бус 117,663,845 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч талаас хэрэгт хамааралгүй нотлох баримтуудыг гаргаж өгч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг. Энэ нь баримтаар нотлогдохгүй. Тодруулбал хавтаст хэргийн 124, 130, 114-121, 140 дүгээр хуудсуудад өөр байгууллагатай байгуулсан гэрээ болон ажил хүлээлцэх акт гэх мэт баримтуудыг гаргаж өгдөг. Энэ нь манай нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, газар нутгийн байршлаараа ч өөр газарт ажил гүйцэтгүүлсэн гэрээг хэрэгт хавсаргасан. Хариуцагч буюу захиалагч ********* ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг тухайн цаг үед нь бодитоор хүлээж авсан байдаг боловч ажил гүйцэтгэх акт дээр гарын үсэг зурахаас зориуд татгалзаж, бодитоор хүлээн авсан ажилдаа баримт үйлдээгүй. Шүүхэд доголдолтой ажил хүлээж авсан гэх тайлбар нь үндэслэлгүй. Хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ********* ХХК нь хариуцагч *********өд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ гэрээний 2.1, 2.2-т заасан буюу 1, 2 дугаар шатны ажлыг хийж гүйцэтгэн, үр дүнг хүлээлгэн өгсөн учир гүйцэтгэсэн ажлын хөлсөө гаргуулна гэж тайлбарласан байна. Хариуцагч тал ажлаа дутуу гүйцэтгэсэн, ажлын доголдлыг өөр этгээдээр арилгуулсан, зардлаа нөхөн төлүүлнэ гэх үндэслэл заан эс зөвшөөрч, гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохирол, доголдол арилгахад гарсан зардалд 76,836,155 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ. /1хх-1,2, 153-154, 212, 213/

3.Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ цуцлагдсан үйл баримтад маргаангүй, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлын үр дүн доголдолтой байсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Зохигчид гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргаж, хариуцагч тал шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна. /1хх 103, 141,142/

Учир нь зохигч талуудын шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн баримт, гүйцэтгэсэн ажлын талаарх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоох боломжгүй, талуудын маргааныг шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардахаар байна.

4.Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх үүргийг хуулиар олгоогүй учир хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/00094 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 669,631 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД