Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/ДШМ/1307

 

 

 

 

 

2020               10             08                                       2020/ДШМ/1307                                                            

 

Л.Г-, Д.М- нарт                                                                                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор П.Ганбаатар,

            яллагдагч Л.Г-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

            яллагдагч Д.М-, 

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1647 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Ганбаатарын бичсэн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 51 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Л.Г-, Д.М- нарт холбогдох 1702000750035 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Л-гийн Г-, Улаанбаатар хотод 1969 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгэм, эрх зүйн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Монгол Улсын Боловсролын их сургуулийн Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан, ам бүл 5; нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 000 байрны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

С овгийн Д-ын М-, Улаанбаатар хотод 1978 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “МНЖ Фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хорооллын 00 дугаар байрны 000 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Л.Г- нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна” гэж, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно” гэж, 36 дугаар зүйлийн 36.18 дахь хэсэгт “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан зөвлөх сонгох тендер шалгаруулалт хоёр удаа амжилтгүй болсон тохиолдолд шууд гэрээ байгуулж болно” гэж заасныг тус тус зөрчин 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Оюутны өргөө цогцолбор”-т нэг бүр нь 289,900 төгрөгөөр худалдаалагдаж байсан MIDEA BWJ-120-1002 загварын хагас автомат угаалгын машиныг 2,000,000 төгрөгөөр буюу зах зээлийн дунджаас даруй 7 дахин илүү өндөр үнээр худалдан авахаар “Цалгайн хүү” ХХК-ийн захирал Д.М-тай шууд гэрээг байгуулж, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөгийг шилжүүлэн Монгол Улсын Боловсролын их сургууль /Оюутны өргөө цогцолбор/-д 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн,

“Цалгайн хүү” ХХК-ийн захирал Д.М- нь Л.Г-ийн дээрх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Нийслэлийн прокурорын газраас Л.Г-, Д.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... хяналтын шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаартай тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг үйлдэгдсэн, тэрхүү гэмт хэргийн шинж 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжтэй тохирч байгаад огт дүгнэлт өгч чадаагүй ... 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 273 зүйлд заасан гэмт хэргийн шинжүүдийн аль алиныг хангаж байгаа буюу нийлмэл гэмт хэрэг эсэх, улмаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд аль гэмт хэрэгтэй тохирч байгаа зэрэгт яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй ...” гэжээ. Прокуророос яллагдагч Л.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн эсэхийг хэргийн материалд авагдсан баримтаас судалж үзэхэд яллагдагч Л.Г-ийн үйлдлийн шинж, арга, хэргийн зүйлчлэлд хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй боловч бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн шинжийг энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсныг өөрчилсөн, хохирлын хэмжээний босгыг нэмэгдүүлэн тогтоож, ногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлсэн тул 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолуудын холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Прокуророос яллагдагч Л.Г-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албаны эрх буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа яллагдагчийн үйлдэл тухайн гэмт хэрэгт заасан шинжийг хэрхэн хангаж байгаад хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр зөвхөн яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх заалтыг үндэслэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ. Иймд Улсын Дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 42 тоот тогтоолд заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн гэж үзэх үндэслэлгүй ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, яллагдагч Л.Г-, Д.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Ганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн яллагдагч Л.Г-ийг Монгол Улсын Боловсролын их сургуулийн Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Цалгайн хүү” ХХК-ийн захирал Д.М-тай бүлэглэн “Оюутны өргөө цогцолбор”-т 289,900 төгрөгөөр зарагдаж байсан хагас автомат угаалгын машиныг 2,000,000 төгрөгөөр худалдан авахаар шууд гэрээг байгуулж, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөгийн санхүүжилт олгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтаар баригдаж, ашиглалтад орсон барилгын тохижилт, үйлчилгээг удирдлагаар хангаж, түүнд хамаарах төсвийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг 2013-2014 оны хичээлийн жилд Боловсролын их сургуулийн захиралд шилжүүлсэн тул Монгол Улсын Боловсролын их сургууль /Оюутны өргөө цогцолбор/-д 40,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан. Түүнчлэн яллагдагч Л.Г-ийн гэмт үйлдэл нь “Цалгайн хүү” ХХК-ийн захирал Д.М-ын оролцоотойгоор төгссөн. Тухайн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй боловч 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх шинжийг өөрчилсөн, хохирлын хэмжээний босго /их хэмжээг 50,000,000 төгрөгөөр/-ыг нэмэгдүүлэн, ялыг хөнгөрүүлсэн тул 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх хэргийг буцаахдаа прокурорын дүгнэлтийг няцаан үгүйсгэж чадаагүй.

2. Шүүхийн дүгнэлт нь хууль хэрэглээ, зүйлчлэл буюу гэм буруугийн талаарх асуудал бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудалд хамаарахгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Яллагдагч Л.Г-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын Дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаар тогтоолд гэмт хэргийн зүйлчлэлийн асуудлыг нарийн тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг хэрхэн хэрэглэх талаар дүгнэх нь зүйтэй гэсэн. Гэтэл прокурор мөрдөн байцаалтын шатанд шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж оруулж ирсэн. Өөр ямар ч ажиллагаа хийгээгүй. Өмгөөлөгч нарын  хүсэлт, гомдлыг ч шийдвэрлэлгүй орхигдуулсан. Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснээ тайлбарлахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлсэн, хохирлын хэмжээний тоо өөрчлөгдсөн гэж байна. Гэвч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, 273 дугаар зүйл гэсэн зүйл ангиудын хорих ялын дээд хэмжээ 5 жил байдаг. Энд ял шийтгэлийн хувьд хөнгөрсөн, хувийн байдлыг нь дээрдүүлсэн гэх зүйл байхгүй. Харин хууль хэрэглээний хувьд авч үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалтад зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримталсан боловч Өршөөлийн хуульд хамрагдаж прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. Энэ тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах гэж зүйлчилж байсан. Улсын дээд шүүх үүнийг хууль хэрэглээний асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж буцаасан. Өмгөөлөгчийн зүгээс хэрэв Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ашигтай хуулийг буцааж хэрэглэнэ гэж байгаа бол гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэх, мөн тухайн хуулийн аль зүйл ангиар зүйлчлэгдэж байгааг эхэлж тодруулж байж шинэчлэн найруулсан хуулийн асуудлыг ярих нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Яллагдагч Л.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Биеийн байцаалтдаа залруулга хийе. Би одоо 52 настай, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байна. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэв.

Яллагдагч Д.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Л.Г-, Д.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаар тогтоолоос үзэхэд мөрдөн байцаалт болон прокурорын шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэргийн зүйлчлэл хүндрэн өөрчлөгдөж болзошгүй, мөн хамтран оролцогчийн үйлдлийг шалгаагүй гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож Л.Г-т холбогдох хэргийг прокурорт буцаажээ.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Л.Г-ийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, түүний үйлдэлд “Цалгайн хүү” ХХК-ийн захирал Д.М- хатгагчаар хамтран оролцсон гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, 2002 оны Эрүүгийн хууль болон 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгийг харьцуулан хууль буцаан хэрэглэх зарчмыг тодорхойлж, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж хэргийн зүйлчлэлийг тогтоосон зэргээр хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан ажиллагааг нөхөн хийж гүйцэтгэсэн байна.

Иймд яллагдагч Л.Г-, Д.Мөнжаргал нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нэг бүрчлэн шалгаж, тодруулсан байх тул тэдний гэм буруутай эсэхийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1647 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Л.Г-, Д.М- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэргийг хэлэлцтэл Л.Г-, Д.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН