Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 585

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;       

улсын яллагч: Д.Үүлэн;

хохирогч: Н.Одгэрэл;

иргэний хариуцагч: Д.Мөнхжаргал;

шүүгдэгч: Л.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэн ирүүлсэн Лхамсүрэнгийн Гт холбогдох эрүүгийн 1702000750035 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгэм, эрх зүйн багш мэргэжилтэй, Монгол Улсын Боловсролын их сургуулийн харъяа Сургуулийн өмнөх боловсролын их сургуулийн захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ........................, ............. регистерийн дугаартай, Их тугчин овогт Лхамсүрэнгийн Г. 

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд бичсэнээр:

 

Л.Г нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлалгүй, “Цалгайн хүү” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шууд гэрээ байгуулан, Оюутны өргөө цогцолборын 1000 оюутны байранд МIDEA MWJ-120-1002 загварын хагас автомат угаалгын машин нэг бүр нь 289.900 төгрөгийн үнэтэй байсаар байтал зах зээлийн дунджаас дээгүүр үнээр буюу нэг бүрийг 2.000.000 төгрөгөөр тооцон 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 40.000.000 төгрөгийн санхүүжилт олгон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны өргөө цогцолборт 34.202.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ: Миний хувьд тухайн үед “1000 оюутны дотуур байрыг” ажил үүргийн хувьд хариуцан ажиллаж байсан. Энэ үед төсвөөс ямар нэгэн санхүүжилт байхгүй, эд хогшил байхгүй, байранд байгаа оюутнуудын амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлага хангагдаагүй, амьдрахад хүндрэлтэй байгаа талаар өргөх бичиг барьж, Оюутны холбооноос шаардлага тавьж байсан. Энэ шаардлагууд нь бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй байсан учир эхний ээлжинд угаалгын машин худалдан авах асуудлыг шийдвэрлэсэн. Би угаалгын машин худалдан авахдаа ямар нэгэн хувийн ашиг сонирхлоор хандаагүй, өөрт хариуцуулсан ажил, оюутнуудын санал хүсэлт, тэдний эрх ашгийн төлөө ажилласан. 1000 гаруй хүний гарын ая даах, чанартай угаалгын машиныг богино хугацаанд худалдан авах зайлшгүй шаардлага байсан. Тухайн үед “Цалгайн хүү” ХХК угаалгын машин санал болгохдоо орос хэл дээр бичигдсэн техникийн гэрчилгээ, танилцуулгыг материалдаа хавсарган ирүүлсэн байсан. Би ойлгохдоо ОХУ-д үйлдвэрлэсэн, сайн чанарын угаалгын машин байна гэж итгэж гэрээ байгуулсан юм. Угаалгын машины чанар үзүүлэлтийн талаар ямар нэгэн санал гомдол гараагүй. Миний хувьд өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйлдэл байхгүй. Гагцхүү үнэ өртөг, судалгаагүйгээр хайнга хандаж гэрээ байгуулсан буруутай үйлдэл байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Одгэрэл мэдүүлэхдээ: Энэ хэргийн улмаас манай “Оюутны өргөө” цогцолборт нийт 34.202.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Үүнийг иргэний хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.Мөнхжаргал мэдүүлэхдээ: Би бизнес хийж байгаа хүн тул иргэний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Худалдан авагч тал заавал миний үнийн саналыг зөвшөөрөх алба байхгүй, татгалзаж болох байсан. Би олсон орлогоосоо татвараа төлсөн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Шатархүү /1хх-ийн 17-19/, хохирогч Н.Одгэрэл /2хх-ийн 156-157/, гэрч Б.Болормаа /1хх-20-21, 2хх-ийн 80/, гэрч Л.Амарсайхан /1хх-ийн 22-24, 2хх-ийн 79/, гэрч Д.Ганцаг /1хх-ийн 26/, гэрч Т.Алтангэрэл /1хх-ийн 27/, гэрч Б.Батсолонго /1хх-ийн 28/, гэрч Ж.Жадамбаа /1хх-ийн 30/, гэрч Д.Мандах /2хх-ийн 158-159/ нарын мэдүүлэг, иргэний хариуцагч Д.Мөнхжаргалын мэдүүлэг /1хх-ийн 54-56/, “Тод үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 239-246/, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/137, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/92 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 62-64/, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1859 дугаартай албан бичиг, хавсралт /1хх-ийн 132-179/, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дүрэм /1хх-ийн 180-189/, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Оюутны өргөө” цогцолборын бараа, үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт/1хх-ийн 192-222/, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Оюутны өргөө” цогцолборын бэлэн мөнгөний гүйлгээний тайлан /1хх-ийн 227-230/, “Цалгайн хүү” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ЦХ/002 дугаартай гэрээний хуулбар /1хх-ийн 231-232/, “АRINA СОМРUТЕRS” ХХК-аас ирүүлсэн лавлагаа /1хх-ийн 234/,”Цалгайн хүү” ХХК-ийн ХААН банк дахь 5046443524 дансны хуулга /2хх-ийн 6-7/, Монгол Улсын Сангийн яамны албан бичиг /2хх-ийн 199/, БСШУСЯ-ны албан бичиг /2хх-ийн 202/, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №190014747 дугаартай “Татварын улсын байцаагчийн акт /2хх-ийн 9-15/, Л.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 22-33/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч Л.Г нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, зах зээл дээр нэг бүр нь 289.900 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байсан “МIDEA MWJ-120-1002” загварын хагас автомат угаалгын машиныг зах зээлийн дунджаас дээгүүр үнээр буюу нэг бүрийг 2.000.000 төгрөгөөр худалдан авахаар 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Цалгайн хүү” ХХК-тай “Худалдах худалдан авах гэрээ” шууд байгуулж, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 20 ширхэг хагас автомат угаалгын машины үнэд нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлэн худалдан авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Ч.Шатархүүгийн /1хх-ийн 17-19/: “...Хуучин нэрээр Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Эрх шилжүүлэх, үр дүнгийн гэрээнд нэмэлт оруулах тухай” А/410 тоот тушаалаар “1000 оюутны дотуур байр”-ыг ашиглалтад хүлээн авах, тохижилт, үйлчилгээг удирдлагаар хангах, түүнд хамаарах төсвийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг 2013-2014 оны хичээлийн 1 жилийн хугацаатайгаар Боловсролын их сургуулийн захирал Б.Жадамбаад шилжүүлсэн байна. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №4 дугаар МУБИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Насанбаярын гарын үсэгтэй тогтоол байсан. Уг тогтоолоор Оюутны өргөө цогцолбор байрны менежментийн багийн ахлагч Л.Гт менежмент болон үйл ажиллагааг чанартай зохион байгуулахыг даалгаж, тусгай данс нээж захиран зарцуулж 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг олгосон. МУБИС-ийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/182 дугаар Б.Жадамбаа захиралын тушаалаар менежментийн багийн ахлагчаар Л.Гийг томилж, аж ахуйн тооцоон дээр ажиллуулахыг даалгаж, Оюутны өргөө цогцолборын үйл ажиллагаанд тусгай данс нээж, түүнийг захиран зарцуулах 1 дүгээр гарын үсэг зурах эрхийн Л.Г, 2 дугаар гарын үсгийг нягтлан бодогч Л.Амарсайханд зөвшөөрсөн...Төрийн өмч хөрөнгөөр 40 сая төгрөгөөр бараа худалдан авч байгаа тохиолдолд харьцуулалтын аргаар 3-аас доошгүй үнийн саналаас сонгож худалдан авах байсан. Гэтэл худалдан авах ажиллагаа явуулаагүй ажлыг Төсвийн хуулийг зөрчин санхүүжилт олгосон. Өөрөөр хэлбэл нэг бүрийн үнэ нь 289.900 төгрөгийн үнэтэй байсан хагас автомат угаалгын машиныг 2 сая төгрөгөөр зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр худалдан авсан байсан. Нийт 20 угаалгын машин нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5.798.000 төгрөгөөр авч болохоор байтал 40 сая төгрөгөөр худалдан авч 34.202.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна...” гэх мэдүүлгээр,

          

хохирогч Н.Одгэрэлийн /2хх-ийн 156-157/: “...200 гаруй мянган төгрөгийн үнэтэй угаалгын машиныг 2 сая төгрөгөөр нэг бүрийг авсан байсан. Энэ зөрүү болох 34.202.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Болормаагийн /1хх-20-21, 2хх-ийн 80/: “...2013 оны 08 дугаар сараас МУБИС-ийн Оюутны өргөө цогцолборын даргаар ажиллаж байна. Манай бүх санхүүгийн асуудлыг МУБИС-аас шийддэг. 2014 онд МУБИС-аас 20 ширхэг хагас автомат угаалгын машины хөрөнгийг шийдэж нийлүүлсэн. Оюутны өргөө цогцолборт анх авчирахдаа 1 бүрийн үнэ 2.000.000 төгрөг нийт 40.000.000 төгрөгний үнэтэй угаалгын машин гэж хүлээлгэн өгсөн...Тендер зарлагдсан талаар мэдэхгүй байна...Оюутны байрны давхар болгонд нэгийг тавиад ашиглаж байгаа. Одоо бол нэг нь эвдэрсэн. Нэг машины угаадаг хэсгийн дотор тал цуурсан байгаа. Эвдрэл нилээд гарч байгаа...Хагас автомат угаалгын машин авсан 40 сая төгрөг болон манай авч байгаа эд зүйл оюутны төлбөрөөс гарч байгаа гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Амарсайханы /1хх-ийн 22-24, 2хх-ийн 79/: “...Би 2013 оны 12 сараас 2015 оны 10 сарын хооронд тус газар нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2014 оны 10 сард “Цалгайн хүү” ХХК-аас 1 ширхэгийг нь 2.000.000 төгрөгөөр үнэлж, нийт 40.000.000 төгрөгөөр 20 ширхэг хагас автомат угаалгын машин худалдан авсан. Тухайн барааг худалдан авах гэрээ байгуулагдаад гэрээний дагуу манайд нийлүүлсэн байсан...Тухайн үед Оюутны өргөө цогцолборын санхүүд тендер зарлагдсан талаар материал ирээгүй...Манай байгууллага  10.000.000 төгрөгөөс дээш худалдан авалт хийх тохиолдолд заавал тендер шалгаруулж худалдан авалт хийх ёстой...Ажилд ирэхэд манай Оюутны өргөө цогцолбор дээр угаалгын машинууд ирсэн байсан...Мөнгийг гэрээний дагуу Г захирал “шилжүүл” гэснийг дагуу 1 дүгээр гарын үсгийг захирал Г, би 2 дугаар гарын үсгийг зурж  2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 40 сая төгрөгийг шилжүүлсэн...Тухайн үед харьцангуй үнэтэй санагдаж байсан. Давхар бүрт нэг байдаг ба давхар хариуцсан багш нарт карталдаг ба багш нар “ямар үнэтэй угаалгын машин бэ?” гэж байсан. Манай цогцолбор 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтанд орсон...Оюутны хотхоны жилийн төсвийг МУБИС-ийн Удирдах зөвлөл баталдаг юм. МБУИС-ийн харъяа гэх утгаараа МУБИС-ийн дотоод журам санхүүгийн журмаар явдаг юм...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Ганцагийн /1хх-ийн 26/: “...Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн манай компани дээр 2014 оны 10 сард тухайн МIDEA-MWJ-120-1002 маркийн хагас автомат угаалгын машиныг хэдэн төгрөгөөр борлуулж байсныг тухайн үеийн борлуултыг харахад 289.900 төгрөгөөр зарж байсан байдаг. Тухайн үед уг угаалгын машиныг их хэмжээгээр авсан эсэхийг шалгаж үзэхэд ихээр авсан худалдан авалт байхгүй байсан...Энэ барааны зургийг хэргээс харахад манай зарж байгаа угаалгын машинтай адилхан байна. Энэ угаалгын машиныг Эрээнд хийдэг юм байна лээ. ...Өнөөдөр уг угаалгын машиныг 339.900 төгрөгөөр зарж байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Алтангэрэлийн /1хх-ийн 27/, “...МIDEА-MWJ-120-1002 маркийн хагас автомат угаалгын машиныг Хятад Улсад үйлдвэрлэдэг ба Монгол Улсад албан ёсны эрхтэй гэх компани байхгүй. Бүгд БНХАУ-д очиж дамжуулан авч худалддаг...Манай компани бол Эрээн хот дахь “Erlian Hot Long Yuan Traiding”  гэх зардаг дэлгүүрээс авчирдаг юм. Эрээн хотод бол энэ компани л байгаа. 2013 оноос хойш бол зөвхөн энэ компани л байгаа...Энэ угаалгын машин нь тухайн үе буюу 2014 онд энэ загвар, өнгөтэй зарагдаж байсан. Одоо ч өөрчлөгдөөгүй тэр загвар зарагдаж байгаа. Орос хэл дээр гарын авлага нь байдаг. Манайд 2014 оны 10 сард 289.900 төгрөг байсан ба одоо бол 339.000 орчим төгрөг байгаа байх. Энэ хагас автомат угаалгын машины арай үнэтэй загвар юм...Бүрэн автомат угаалгын машин л 2 сая  төгрөг хүрч байгаа ба хэзээ ч хагас автомат угаалгын машин 2 сая хүрэхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Батсолонгын /1хх-ийн 28/: “...Манай алба МУБИС-ийн худалдан авалт, аж ахуйн алба болон нийтлэг үйлчилгээг хариуцан ажилладаг юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын 2013 оны 03 сарын 02-ны өдрийн тогтоол, Сангийн сайдын жишиг баримтыг үндэслэн худалдан авалтыг хийдэг. Нэгжүүдээс шаардлагатай эд зүйлийн саналыг аваад төсөвт тусгаж дэд захирал байсан Л.Г нь хянаж батлуулдаг байсан. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг батлуулж түүний дагуу худалдан авах ажиллагааг явуулдаг...Л.Г захирал “угаалгын машин аваад гэрээ хийсэн, чи гарын үсэг зураарай” гэсэн. Хэзээ угаалгын машин авсан талаар мэдэхгүй байна...Оюутны өргөө цогцолбор нь өөрөө дарга, нягтлан, няравтай байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ж.Жадамбын /1хх-ийн 30/: “...Миний ажлын чиг үүрэг нь бараа материал хүлээн авч хадгалах ажил гүйцэтгэдэг. Би Г захирал, Болормаа дарга, Амарсайхан нягтлангийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилладаг байсан. 2014 оны намар хугацааг нь сайн санахгүй байна, надад утсаар “Угаалгын машинууд ирсэн байгаа хүлээгээд ав” гэж Болормаа дарга, Г захирал 2-ын 1 нь хэлсэн. Тэгээд ажил дээр ирэхэд хайрцагтай шинэ угаалгын машинуудыг 2 “Портер” машин дээр ачсан байсан. Тэгээд уг машинуудыг зөөж оруулаад хайрцгийг нь сугалж онгойлгон ажиллуулж үзсэн. Бүгд ажиллаж байсан. Ямар нэг хүлээн авсан акт үйлдээгүй. Тэр үед угаалгын машин судлаж байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Мандахын /2хх-ийн 158-159/: “...Л.Г нь захиргаа, аж ахуйн зарлагын дансыг хариуцан 1 дүгээр гарын үсэг зурдаг...”Оюутны өргөө” цогцолборын менежментийн багийг ахалж, орлого, зарлагын дансанд 1 дүгээр гарын үсэг зурж байсан...” гэх мэдүүлгээр,

 

иргэний хариуцагч Д.Мөнхжаргалын /1хх-ийн 54-56/: “...Бизнесийн байгууллага нь ашиг олох зорилгоор явуулсан үйл ажиллагаа гэж ойлгож байна. Миний санал болгосон үнийг хүлээн авахгүй байх боломж нь Л.Гт байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Оюутны өргөө” цогцолборт ашиглагдаж байгаа “МIDEA MWJ-120-1002” маркийн хагас автомат угаалгын машин 2014 оны 10 дугаар сарын байдлаар зах зээл дээр 289.900 төгрөгийн үнэ ханштай байсныг тогтоосон “Тод үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 239-246/, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/137, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/92 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 62-64/, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1859 дугаартай албан бичиг, хавсралт/1хх-ийн 132-179/, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дүрэм /1хх-ийн 180-189/, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Оюутны өргөө” цогцолборын бараа, үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт/1хх-ийн 192-222/, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Оюутны өргөө” цогцолборын бэлэн мөнгөний гүйлгээний тайлан /1хх-ийн 227-230/, “Цалгайн хүү” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ЦХ/002 дугаартай гэрээний хуулбар /1хх-ийн 231-232/, “АRINA СОМРUТЕRS” ХХК-аас ирүүлсэн лавлагаа /1хх-ийн 234/,”Цалгайн хүү” ХХК-ийн ХААН банк дахь 5046443524 дансны хуулга /2хх-ийн 6-7/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “…худалдан авсан барааны мөнгө нь төсвийн бус хөрөнгө, төсвийн хөрөнгөөр бараа худалдан аваагүй тул Л.Гийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй...” гэсэн боловч дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгчийн мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь төрийн байгууллага бөгөөд “Оюутны өргөө цогцолбор” дотуур байр нь Боловсрол Шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтаар баригдаж, ашиглалтад орсон, тогтмол зардлаа улсын төсвөөс авч санхүүждэг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харъяа байгууллага мөн.

 

“Оюутны өргөө цогцолбор” дотуур байрыг оюутнуудад ашиглуулж уг ажил үйлчилгээний үр дүнд орж ирж буй мөнгөн хөрөнгө нь хуулиар тогтоосон төрийн өмчид эд хөрөнгө олж авах нэг хэлбэр юм. Ийм учраас “Оюутны өргөө цогцолбор” дотуур байрны төлбөр нь төрийн өмчийн хөрөнгө мөн.

 

Л.Г нь төсөв захирагчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8, 33 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүйгээр буюу харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар тогтоосон барааг худалдан авахдаа “...техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа 3 болон түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох...” зэрэг хуулиар тогтоосон худалдан авах ажиллагааны журмыг зөрчиж “Цалгайн хүү” ХХК-тай “Худалдах худалдан авах гэрээ” шууд байгуулж (баталж) буй нь санаатай үйлдэл бөгөөд хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. 

           

Ийнхүү Л.Г нь төрийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авахдаа ямар ч үнийн харьцуулалтын арга хэрэглэлгүйгээр “Цалгайн хүү” ХХК-тай “Худалдах худалдан авах гэрээ” шууд байгуулсны үр дагаварт зах зээл дээр нэг бүр нь 289.900 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байсан “МIDEA MWJ-120-1002” загварын хагас автомат угаалгын машиныг нэг бүрийг 2.000.000 төгрөгөөр тооцож, нийт 20 ширхэг хагас автомат угаалгын машиныг 40.000.000 төгрөгөөр худалдан авч, төрийн байгууллагад зах зээлийн үнийн зөрүү буюу 34.202.000 төгрөгийн хохирол учруулж буй нь “Төсөв захирагч төрийн өмчийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан” буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.

 

Л.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “…зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан…” төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд “…нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялаас хөнгөрсөн байх тул шүүх шүүгдэгч Л.Гийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Л.Гийн “Төсөв захирагч төрийн өмчийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан…” гэм буруу шүүх хуралдаанаар нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Л.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Нийтийн ашиг сонирхолыг хэрэгжүүлж, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийн үр дагаварт төрийн байгууллагад хохирол учирсан гэж үзсэн тул үнийн зөрүү буюу 34.202.000 төгрөгийг шүүгдэгч Л.Гээс гаргуулж Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харъяа “Оюутны өргөө цогцолбор”-т олгох нь зүйтэй.

 

Харин иргэний эрх зүйн хүрээнд хийсэн гэрээний дагуу хагас автомат угаалгын машиныг худалдсан “Цалгайн хүү” ХХК-ийн захирал Д.Мөнхжаргалын үйл ажиллагаанд эрүүгийн болон иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх гэм буруу тогтоогдохгүй байх тул түүнээс гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Нөгөөтэйгүүр “Цалгайн хүү” ХХК 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №190014747 дугаартай “Татварын улсын байцаагчийн актаар тавигдсан аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвар, торгууль, алдангийг төлсөн нь 2 дугаар хавтаст хэргийн 9-15 дугаар талд авагдсан болохыг дурьдаж байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан төрөл хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Мөн шүүх Л.Гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 жил 6  сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

         

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Их тугчин овогт Лхамсүрэнгийн Гийг төсөв захирагч төрийн өмчийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Л.Гийг нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Л.Г нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гээс нийт 34.202.000 төгрөгийг гаргуулан хохирогч Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харъяа “Оюутны өргөө цогцолбор” (Н.Одгэрэл)-т олгосугай.

 

8. Иргэний хариуцагч Д.Мөнхжаргал нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ