Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 02512

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02279 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч ОУНБ ӨААТҮГ холбогдох

 Дутуу олгогдсон тэтгэмж 48 999 120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Т  нь иргэний нисэхийн салбарт 28 жил ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирлын Б/385 дугаар тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоо хасагдсан үндэслэлээр ачаа, шуудан үйлчилгээний албаны менежерийн ажлаас чөлөөлөгдсөн болно. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр  цуцалсан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон ба энэ нь ажилтаны Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2016-2017 онд хэрэгжүүлэх хамтын гэрээгээр олгогдсон баталгааг дордуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тэтгэмж авах, хамтын гэрээнд заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхийг зөрчсөн. Тухайлбал, хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “...орон тоо хасагдсан ажилтанд иргэний нисэхийн салбарт ажилласан жилээр тооцож олгоно. Үүнд: 4.1.7-д 25-аас дээш жил ажилласан бол 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно” гэж хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан гэрээнд заасан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт заасны дагуу ажил олгогч нь хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тиймээс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр захирал Д.Мөнхбаатарт хамтын гэрээний дагуу тэтгэмжээ бүрэн авах өргөдөл гаргасан боловч 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “боломжгүй” гэсэн хариу бичгээр өгсөн болно. Иймд ажлаас чөлөөлөгдсөний 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 48 999 120 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч Н.Т д хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2-д “ИНЕГ-ын даргын тушаалаар ажилд томилогдох буюу чөлөөлөгдөх ажилтнуудаас бусад ажилтнуудыг Чингис хаан ОУНБ-ын захирлын тушаалаар ажилд авч, ажлаас чөлөөлнө”, 4.2.5.2-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд иргэний нисэхийн салбарт ажилласан жилээс шалтгаалан 5 хүртэл жил ажилласан бол 3 сар, 5 ба түүнээс дээш жил ажилласан бол 6 сарын, 20 буюу түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасны дагуу дундаж цалин хөлс 1 851 630 төгрөгийг 12 сараар тооцон 22 219 560 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн нь түүний эрхийг дордуулаагүй. Энэ маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаан бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч ОУНБ ТӨААТҮГ-аас 48 999 120 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 402 946 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй орхигдуулж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Т нь гэр бүлээрээ Америкийн нэгдсэн улсад ажиллаж, амьдрах болсон тул эрх бүхий албан тушаалтнуудтай зөвшилцөж, хөдөлмөрийн дотоод журамд заасан 12 сарын дундаж цалин хөлсийг авахаар тохиролцож өөрийн эрхэлж байсан ачаа шуудан үйлчилгээний албаны менежерийн орон тоог хасуулж, Иргэний нисэхийй ерөнхий газрын даргын 2018 оны А/421 дүгээр тушаалын гарсан. Үүний дагуу “Ч” ОУНБ нэхэмжлэгч Н.Т д хөдөлмөрийн дотоод журмын 4.2.5.2-т заасны дагуу дундаж цалин хөлс 1 851 630 төгрөгийг*12 сараар 22 219 560 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Н.Т  нь 2018 оны 09 дүгээр сард АНУ-д амьдрахаар гэр бүлийн хамт явсан бөгөөд тэндээ оршин сууж байгаа.

Шүүхээс хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай нэхэмжлэл шүүхээр хянан шийдвэрлэх маргаан гэж үзсэн нь үндэслэлгүй. “Чингис хаан” Олон улсын нисэх буудал хөдөлмөрийн дотоод журмыг Хөдөлмөрийн тухай, Иргэний нисэхийн тухай хуулиудад нийцүүлж боловсруулж мөрдөгддөг. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 12 сарын тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ажилтны эрх ашгийг дээрдүүлсэн зохицуулапт болохоос хууль тоггоомжид нийцээгүй асуудал биш юм.

Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1, 42.1, 128.1.9-д заасныг баримтлан шийдвэр гаргасан нь хуулийн буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна. Ажилтанд олгогдсон тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд хандах эрх зүйн зохицуулалттай. Уг процессын дагуу шүүх маргааныг шийдвэрлэх ёстой байхад шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй орхигдуулсан байна. “Ч” ОУНБ-ын хөдөлмөрийн маргаан Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор анх дутам шийдвэрлэгддэг, комиссын бүрэлдэхүүнийг баталсан ИНЕГ-ын захирлын тушаалыг баримтаар хүргүүлсэн байхад уг нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлсэн боловч холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Ч ОУНБ ТӨААТҮГ-т холбогдуулан дутуу олгогдсон тэтгэмж 48 999 120 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Нисэх онгоцны төв буудлын Үндэсний секторт бүртгэгч, диспетчерээр, ачаа шуудан тээврийн хэсэгт олон улсын ачаа тээш хариуцсан нярав, диспетчер, мэргэжилтэн, хэсгийн дарга, Ч ОУНБ-ын Ачаа шуудан үйлчилгээний албанд менежер зэрэг ажил, албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн б/385 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх- 6, 11-16, 26-27 дугаар тал/

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харъяа байгууллагын хамтын гэрээний 4.1, 4.1.7-д заасныг үндэслэн 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг шаардсан нэхэмжлэл, хөдөлмөрийн дотоод журмын 4.2.5.2-т зааснаар ...20 буюу түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгосон нь нэхэмжлэгчийн эрхийг дордуулаагүй, энэ маргаан нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаан биш гэж хариуцагч үгүйсгэжээ.

Хэргийн 8-10 дугаар талд авагдсан 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгуулагуудад 2016-2017 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 4.1-т “...орон тоо хасагдсан ажилтанд иргэний нисэхийн салбарт ажилласан жилээр тооцон тэтгэмж олгоно”, 4.1.7-д “25-аас дээш жил ажилласан бол 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйл, хөдөлмөрийн дотоод журмын 3.5.1.2-т зааснаар дээрх гэрээ хэлэлцээрийг мөрдөж ажиллах үүрэгтэй боловч ажлаас халагдсаны тэтгэмжийг 12 сараар тооцон 22 219 560 төгрөг нэхэмжлэгч Н.Т д олгосон болох нь тэтгэмж олгосон баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх-25 дугаар тал/

Иймд нэхэмжлэгч Н.Т  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, хамтын гэрээний 4.1.7-д зааснаар 36 сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг шаардах эрхтэй тул анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4, 7 а/-д зааснаар нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг 2 041 630 төгрөгөөр тооцож, дутуу олгосон 24 сарын тэтгэмжид 48 999 120 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.  

Нэхэмжлэгчийн ажлаас халагдсантай холбоотойгоор 36 сарын тэтгэмж гаргуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангах боломжгүй.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Ч ОУНБ-д холбогдох тухайн хөдөлмөрийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр хуулиар харьяалуулсан маргаан гэж дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлаагүй байгааг залруулан өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02279 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...18 дугаар зүйлийн 18.1, 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.9...” гэснийг “...42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.11...” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.МӨНХЗУЛ

                                                      ШҮҮГЧИД                                             Ч.ЦЭНД

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА