Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2279

 

           

 

 

 

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/02279

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хан-Уул оршин суух Ж овогт Н-ийн Т /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хороолол, өөрийн байранд байрлах Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-т холбогдох,

дутуу олгогдсон тэтгэмж 48.999.120 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Баясгалан, хариуцагчийн төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Н.Т нь Игргэний нисэхийн салбарт 28 жил ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 07 дугаар  сарын 31-ний өдөр Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирлын Б/385 дугаар тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоо хасагдсан үндэслэлээр ачаа, шуудан үйлчилгээний албаны менежерийн ажлаас чөлөөлөгдсөн болно. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтаар цуцалсан бөгөөд тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон ба энэ нь ажилтан миний Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2016-2017 онд хэрэгжүүлэх хамтын гэрээгээр олгогдсон баталгааг дордуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “...тэтгэмж авах, хамтын гэрээнд заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй” гэсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, бас зөрчсөн юм. Тухайлбал, хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “...орон тоо хасагдсан ажилтанд иргэний нисэхийн салбарт ажилласан жилээр тооцож олгоно. Үүнд: 4.1.7-д “25-аас дээш жил ажилласан бол 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно” хэмээн хуулиар тогтоосон  баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан гэрээнд заасан байсан. Тэгээд ч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу ажил олгогч нь хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлэг үүрэгтэй. Тийм ч учраас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр захирал Д.Мөнхбаатарт хандан хамтын гэрээгээр тогтоосны дагуу тэтгэмжээ бүрэн гүйцэд авах өргөдөл гаргасан боловч 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр надад боломжгүй гэсэн хариу бичгээр өгсөн болно. Иймд ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжид олговол зохих дутуу байгшаа 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмуээний тэтгэмж 48.999.120 төгрөгийг хариуцагч Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлө өлөгч Ц.Эрдэнэбаяр шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч Н.Тд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2-д “ИНЕГ-ын даргын тушаалаар ажилд томилогдох буюу чөлөөлөгдөх ажилтнуудаас бусад ажилтнуудыг Чингис хаан ОУНБ-ын захирлын тушаалаар ажилд авч, ажлаас чөлөөлнө”, 4.2.5.2-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2-т заасан  үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд иргэний нисэхийн салбарт ажилласан жилээс шалтгаалан 5 хүртэл жил ажилласан бол 3 сар, 5 ба түүнээс дээш жил ажилласан бол 6 сарын, 20 буюу түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын дундаж цалинтай тэнцэх  хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэсний дагуу  дундаж цалин хөлс 1851.630 төгрөгийг 12 сараар тооцон 22.219.560 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн Голомт банкны дансанд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг дордуулсан зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн шаардаж байгаа 48.999.120 төгрөгийг зөвшөөрөөхгүй байна. Мөн энэхүү маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаан бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас дутуу олгогдсон тэтгэмж 48.999.120 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Тын дутуу олгогдсон тэтгэмж шаардсан гомдол нь Хөдөлмөрийн тухай хулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан  эрхээ зөрчигдсөнийг  мэдсэн буюу  мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гаргана гэсэн заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч Н.Т нь 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл  Нисэх онгоцны төв буудлын  Үндэсний секторт бүртгэгч диспетчерээр, 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Ачаа шуудан тээврийн хэсэгт олон улсын ачаа тээш хариуцсан няраваар, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ачаа шуудан тээврийн хэсэгт диспетчерээр, 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл МИАТ компанийн Ачаа шуудан тээврийн хэсэгт диспетчерээр, 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ОХУ-ын Санкт-Петербург хотын Иргэний агаарын тээврийн академид, 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл МИАТ компанийн Тээврийн хэлтэст мэргэжилтэн, 2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын  Ачаа шуудан тээврийн албанд хэсгийн дарга, 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2010 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Чингис хаан олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албанд камерын хяналын оператороор, 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Чингис хаан олон улсын нисэх буудлын Ачаа шуудан үйлчилгээний албанд шуудан, тээврийн мэргэжилтэн, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Чингис хаан олон улсын нисэх буудлын Үйлдвэрлэл зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Чингис хаан олон улсын нисэх буудлын Ачаа шуудан үйлчлгээний албанд менежерээр тус тус ажиллаж байгаад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрүүдийн хуулбар болон ажлаас чөлөөлсөн тушаалаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н.Т нь иргэний нисэхийн салбарт тасралтгүй 28 жил ажилласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авах эрх үүссэн, ажлаас халагдсаны тэтгэмжид 22.219.560 төгрөг хүлээн авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Н.Т нь Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгуулагуудад 2016-2017 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 4.1-д “...орон тоо хасагдсан ажилтанд иргэний нисэхийн салбарт ажилласан жилээр тооцон тэтгэмж олгоно”, 4.1.7-д “25-аас дээш жил ажилласан бол 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно” заасны дагуу дутуу олгосон 24 сарын хугацааны тэтгэмжийг 1 сарын дундаж цалин хөлс болох 2.041.630 төгрөгөөр тооцон нийт 48.999.120 төгрөгийг шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр нэхэмжилсэн бол хариуцагч байгууллагаас тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.2.5.2-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд иргэний нисэхийн салбарт ажилласан жилээс шалтгаалан ...20 буюу түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж зааснаар  нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс 1.851.630 төгрөгийг 12 сараар тооцон 22.219.560 төгрөг олгосон, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаан бус байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газар болон Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвэлэлүүдийн холбоо хэлэлцэн тохиролцож байгуулсан Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгуулагуудад 2016-2017 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн, шинээр дахин хамтын гэрээ байгуулаагүй  байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх хамтын гэрээ хүчин төгөлдөр байна.

Тус хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “...орон тоо хасагдсан ажилтанд иргэний нисэхийн салбарт ажилласан жилээр тооцон тэтгэмж олгоно”, 4.1.7-д “25-аас дээш жил ажилласан бол 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажил олгогч нь хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 4.2.5.2-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд иргэний нисэхийн салбарт ажилласан жилээс шалтгаалан ...20 буюу түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг өөрөөр заасан нь хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

Учир нь ажил олгогч хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хууль тогтоомж гэдэгт Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээний заалтууд нэгэн адил хамаарах тул хөдөлмөрийн дотоод журмыг хамтын гэрээнд зааснаас дордуулан байгуулсан нь ажилтны тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхийг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч Н.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байх тул хамтын гэрээний 4.1.7-д зааснаар 36 сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь ажилласан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс 2.041.630 төгрөгийг дутуу олгосон 24 сараар тооцон 48.999.120 төгрөгийг нэхэмжилсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар батлагдсан  “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4, 7 а/-д заасантай нийцсэн  байх тул  хариуцагч байгууллагаас ажлаас халагдсан тэтгэмжид дутуу олгосон 48.999.120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох  үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Тын дутуу олгогдсон тэтгэмж шаардсан гомдол нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг  зохицуулахаар  тогтоосон бусад тушаал, шийдвэр,  хууль тогтоомжид нийцээгүйтэй холбоотой байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9 дэх хэсэгт зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээр дурдсан үндэлсэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-аас 48.999.120 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 402.946 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР