Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/01060

 

 

 

 

 

 

 

 

                                               2022        03         09

                     101/ШШ2022/01060

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0, “Т д” ХХК /рд:0/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 дугаар байранд оршин байрлах, “Д-А” ХХК /рд:0/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 417,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани гадаад харилцаа, бараа бүтээгдэхүүн борлуулалт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Д-А ” ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 264,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 284,400 төгрөг, нийт 548,400 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнээс “Д-А ” ХХК нь 134,400 төгрөгийг төлж үлдэх 414,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд “Д-А” ХХК-иас 414,000 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 417,500 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани “Т д” ХХК-иас авсан хүнсий барааны үнэ болох 548,400 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Манай дэлгүүрийн худалдагч уг барааны мөнгийг бэлэн мөнгөөр хүлээлгэн өгсөн гэдэг. Харин манай худалдагч мөнгө хүлээлгэн өгөхдөө баримт үйлдээгүй өгчихсөн гэсэн. Барааны мөнгийг хэрвээ төлөөгүй байсан бол нэхэмжлэгч нь 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байсан. Үнэхээр төлөөгүй байсан бол энэ хугацаанд манай компанитай холбогдож мэдэгдэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгчээс гаргасан зарлагын баримтууд, улсын бүртгэлийн гэрчилгээ, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар,

- Хариуцагчаас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т д” ХХК нь хариуцагч “Д-А ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 417,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Т д” ХХК нь хариуцагч “Д-А ” ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 264,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 284,400 төгрөг, нийт 548,400 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, зарлагын баримтуудаар тус тус тогтоогдож байна. Хариуцагч нь уг үйл баримтад маргаагүй, харин төлбөрийг бүрэн төлсөн гэж маргасан. /хх-ийн 5-6/

                                                        

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул талууд уг гэрээг амаар байгуулах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Худалдан авагч “Д-А ” ХХК нь гэрээгээр хүлээсэн хэлэлцэн тохирсон үнэ болох 548,400 төгрөг төлөхөөс 134,400 төгрөгийг төлсөн болох нь худалдагч “Т д” ХХК-ийн тайлбараар тогтоогдсон.

 

Хариуцагч нь “Д-А ” ХХК нь барааны үнийг бүрэн төлсөн гэж маргах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...бэлэн мөнгөөр барааны төлбөрийг төлөх боломжгүй. Учир нь байгууллага хооронд аливаа гүйлгээ хийхдээ НӨАТ шивүүлж, дансаар харилцах журамтай байдаг. Манай байгууллага 548,400 төгрөгийн бараа өгөхдөө НӨАТ-ын баримт өгсөн. Хариуцагч нь барааны мөнгийг төлөхдөө дансаар өгөх ёстой ба 134,400 төгрөгийг дансаар төлсөн” гэж тайлбарласныг хариуцагч няцааж чадаагүй.

 

Иймд хариуцагч  “Д-А ” ХХК-иас барааны төлөөгүй үлдэх үнэ болох 414,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т д” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

Нотариатын үйлчилгээний хөлс төлсөн гэх 3,500 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд нотариатын үйлчилгээ авч, хөлс төлсөн гэж  тайлбарласан. Хэргийн 4 дүгээр талд авагдсан Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбарын баримтаас үзэхэд хэн, ямар баримт гэрчлүүлж төлсөн баримт болох нь тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 414,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Д-А ” ХХК-иас 414,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т д” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.БЯМБАЖАРГАЛ