Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00774

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00774

 

 

Т.Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09ий өдрийн 101/ШШ2022/01060 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Д ХХК-ийн хариуцагч Д.А ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 417,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Д ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.А ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 264,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 284,400 төгрөг, нийт 548,400 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнээс Д.А ХХК нь 134,400 төгрөгийг төлж, үлдэх 414,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Д.А ХХК-аас 414,000 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 417,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани Т.Д ХХК-аас авсан хүнсий барааны үнэ болох 548,400 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Манай дэлгүүрийн худалдагч уг барааны мөнгийг бэлэн мөнгөөр хүлээлгэн өгсөн гэдэг. Харин манай худалдагч мөнгө хүлээлгэн өгөхдөө баримт үйлдээгүй өгчихсөн гэсэн. Барааны мөнгийг хэрвээ төлөөгүй байсан бол нэхэмжлэгч нь 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байсан. Үнэхээр төлөөгүй байсан бол энэ хугацаанд манай компанид холбогдож мэдэгдэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.А ХХК-аас 414,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Д ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Манай Д.А ХХК нь нэхэмжилж буй 414,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч бүрэн төлж дуусгасан учраас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэдэг хэдий ч нотлох баримтаа шүүхэд бүрдүүлж өгөөгүй. Жижиг ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа, тайлан тооцоогоо тайлагнадаг байгууллага данс хөтөлдөг байх ёстой. Тэр тусмаа өдөр тутамд бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүнтэй харьцаж байгаа эдгээр хүмүүст бол энэ нь санхүүгийн анхан шатны ойлголт юм. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаархи нотлох баримтаа шүүхэд бүрдүүлж өгөх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд тус тус заасны дагуу хүлээдэг. Анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1060 дугаартай шийдвэрээр хүнсний бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 414,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Т.Д ХХК нь хариуцагч Д.А ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 414,000 төгрөг, хохиролд 3,500 төгрөг, нийт 417,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 264,000 төгрөгийн, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 284,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан нь талуудын тайлбар, зарлагын баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 5-6-р тал/

 

3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан

авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд худалдагч бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн өгсөн тул худалдан авагчаас үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч гэрээний дагуу төлбөл зохих 548,400 төгрөгөөс 414,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаархи нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбараа баримтаар нотлоогүй үндэслэлээр дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин нотариатын үйлчилгээний хөлс 3,500 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

4. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжилж буй 414,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч бүрэн төлж дуусгасан учраас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэсэн, татгалзсан тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй, анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан

давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09ий өдрийн 101/ШШ2022/01060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сонинбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН