Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 181/2018/02055/и |
Дугаар | 02514 |
Огноо | 2018-12-19 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 02514
Н.С-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/02231 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.С-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1376 дугаар захирамжаар Н.С надаас 112 165 115 төгрөгийг гаргуулж Л ББСБ ХХК-д олгохоор эвлэрэн хэлэлцсэн. Би санхүүгийн хямралаас үүдэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байснаас НШШГГ миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 4-12 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулна гэсэн тул өөрийн өмчөө 145 000 000 төгрөг гэж үнэлсэн. Гэтэл шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг 82 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнээс доогуур 57 400 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулна гэсэн. Уг үнэлгээг надад 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн бөгөөд миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.
НШШГГ миний үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнэлсэн бөгөөд бусад адил төстэй үл хөдлөх хөрөнгөтэй жишиж, харьцуулан бодит үнийг тогтоож үнэлээгүй. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашигтай байрлал, үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш зэрэг онцлог талуудыг анхаараагүй, тусгаж үнэлээгүй, хэт хямд үнэлгээ гаргаж өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. Хамгийн сүүлийн судалгаагаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 150-160 сая төгрөгийн үнэ ханштай байна. Иймд миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 4-12 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 57 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01376 дугаар захирамжаар Н.С-ээс 112 165 118 төгрөгийг гаргуулж Л ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Н.С-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот 38 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураан авч төлбөр төлөгчид хөрөнгийн хадгалалтыг хариуцуулсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 3/25560, 4/27424, 2018 оны 4/7150, 4/312, 4/10727, 4/11216 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагчаас шинжээч томилох хүсэлт гаргасан тул хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийг томилоход 82 000 000 төгрөгөөр үнэлсэн.
Хөрөнгийн үнэлгээг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4/11652 тоот албан бичгээр төлбөр төлөгчийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/12873 дугаар мэдэгдэл, 8/15 дугаар тогтоолыг төлбөр төлөгчийн оршин суух Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоотод очиж эхнэр Ж.Баасанчимэгт гардуулан өгч, танилцуулан дамжуулж өгөхийг даалгасан. Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаанд үнэлгээний талаарх гомдлоо гаргаагүй, хуулийн хугацаа хэтэрсэн, хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.С манай байгууллагаас зээл авч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд өгч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад бид эвлэрэн хэлэлцэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1376 дугаар захирамжаар Н.С ээс 112 165 115 төгрөгийг гаргуулж Л ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ нь Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 4 дүгээр байрны 12 тоот байрыг үнэлүүлэх тухай саналыг гаргахдаа Н.С-д удаа дараа мэдэгдэж, татгалзах саналаа хэлэх боломжоор хангасан. Н.С байрыг үнэлэх үнийн санал өгөх боломжийг хуульд заасан журмын дагуу олгож байсан. Н.С санаатайгаар зайлсхийж шийдвэр гүйцэтгэгчийг дуудсан цагт ирдэггүй, гэрт очихоор хаалгаа нээдэггүй шинжээч нарыг оруулдаггүй, хэл амаар доромжлох зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2018/09407 дугаартай захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.С давж заалдах гомдолдоо: НШШГГ миний үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг бусад адил төстэй эд хөрөнгөтэй жишиж харьцуулан бодит үнийг тогтоож чадаагүй. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашигтай байрлал, үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, байршлын давуу байдлыг огт анхаараагүй, тусгаж үнэлээгүй, хэт хямд үнэлж өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. Хамгийн сүүлийн судалгаагаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 өрөө орон сууц нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 150-160 сая төгрөгийн үнэтэй байгаа нь үнэгүй.мн болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын газруудын үнэлгээгээр тогтоогдож байна.
Иймд миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 4-12 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 57 400 000 төгрөгөөр үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээ болон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Н.С-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг хариуцагч НШШГГ эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01376 дугаар захирамжаар хариуцагч Н.С нь 2017 оны 06 дугаар сарын 17-ний өдөр 111 776 290 төгрөгийг төлж барагдуулах, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 12 тоот, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, уг үүргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Н.С шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 770 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн /хх-43,45/, хурааж /хх-64/ төлбөр төлөгч Н.С д үнийн саналаа ирүүлэхийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4/10727 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4/11216 дугаартай мэдэгдлээр тус тус мэдэгдсэн ажиллагаа нь хуульд нийцсэн, энэ талаар талууд маргаагүй. /хх-48-50/
Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд тохиролцоогүйн улмаас төлбөр авагч Л ББСБ ХХК-ийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчээр “Дамно” ХХК-ийг томилж зах зээлийн үнэлгээ тогтоолгожээ.
Шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Шинжээч хөрөнгийн зах зээлийн үнийг 82 000 000 төгрөгөөр тогтоосон, энэ үнийн 70 хувь буюу 57 400 000 төгрөгөөс анхны дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн, тухайн үнэлгээг бага гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотолж чадаагүй, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/02231 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.БАЙГАЛМАА