Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2298

 

 

Г.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03001 дүгээр шийдвэртэй, Г.Х-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын -дүгээр сургуульд холбогдох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин болон амралтын олговорт нийт 757 011 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр - дүгээр сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулан нярваар ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд хамт олны итгэлийг даан идэвх санаачлагатай ажиллаж байсан. Гэтэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад буюу 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Б26 тоот тушаалаар ажлаас халсан. Тухайн үед би 11-12 долоо хоногтой, бие давхар байсан тул удирдлагын дарамт, шахалт, стрессээс үүдэж тонус өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 06-ны хооронд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгээд, өглөө ажилдаа очиход захирал ажлаас халах тушаал танилцуулж 6 дугаар сарын 13-ны дотор ажлаа хүлээлцэж, тооцоо дуусга гэсэн.

Үүнээс өмнө 2018 оны 1 дүгээр сарын 8-13-ны өдрийн хооронд эмэгтэйчүүдийн өвчний шалтгааны улмаас эмнэлэгт эмчлүүлэхээр хандсан боловч орны хүрэлцээгүйн улмаас акт авч гэрээр эмчлүүлж, эмчилгээ дууссаны дараа эмнэлгийн магадалгааг авч очиход хэрэгсээгүй. Ажил тасалсан гэж акттай байх хойгуур нягтлан бодогч н.Анхцэцэг багш нарын хэрэглэж байсан Леново 5 загварын компьютерыг номын санд цуглуулан тооллого хийсэн байсан. Энэ үед 1 ширхэг нөүтбүүк дутсан ба намайг төл гэж захирлын зөвлөлийн хурлаар оруулж цалинг 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулж, дипломыг барьцаанд авч, намайг гүтгэж байсан. Дээрх сахилгын шийтгэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд надад сахилгын шийтгэл давтан гаргасан удаа байхгүй. Иймд үндэслэлгүйгээр ажлаас халж хилсээр гүтгэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 416 521 төгрөг болон амралтын 340 490 төгрөг, нийт 757 011 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Х-г Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс санал болгосноор 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б/20 тоот тушаалаар нярваар түр авч ажиллуулсан. Тэрээр ажиллах хугацаандаа хамт олны итгэл дааж, идэвх, санаачлагатай ажиллааг багш, ажилчидтай харилцаж байсан байдал, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, удаа дараагийн шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний биелэлт зэргээс харж болно. Удирдлагаас түүнд дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Гачигдал зовлон тоочих бүрд нь чөлөө олгож, алдаа дутагдал гаргах бүрд заавар зөвлөгөө өгч, итгэл хүлээлгэсэн боловч удаа дараа ажил таслаад, ирэхдээ бие өвдсөн, өвчтэй байсан, гэр шатсан гэх мэт зовлон тоочдог байсан.

2018 оны 1 дүгээр сарын 08-ны үдээс хойш утсаа салгаж, алга болоод 2018 оны 1 дүгээр сарын 15-нд ирэхдээ өвчтэй байсан гэсэн. Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын дагуу түүнд сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэлд акт өгсөн байхад хэрэгсээгүй гэх боловч эмнэлгийн магадалгаа авч ирээгүй. Мөн эмнэлэгт хэвтсэн хойгуур компьютер тоолсон гэжээ. Өвчтэй байсныгаа ямар нэгэн байдлаар дамжуулж хэлээгүй учраас мэдээгүй, акт авч ирээгүй тул 1 дүгээр сарын 15-нд ногдуулсан сахилгын шийтгэлийг 1 дүгээр сарын 24 хүртэл гаргалгүй харсан ч эмнэлгийн магадалгаа авчраагүй.  Тооллого хийх болсон шалтгаан нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нягтлан Б.Анхцэцэг, нярав Г.Х- нарын өрөөнөөс леново 5 маркийн компьютер алдагдсан. Түлхүүр нь зөвхөн Г.Х-, Б.Анхцэцэг нарт байдаг. Энэ нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа.

Иймд захирлын үүрэг даалгаврын дагуу ня-бо Б.Анхцэцэг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр тооллого хийж дуусгасан. Энэ үед Г.Х- өөрийн биеэр байсан. Тооллого хийх шийдвэрийг 2018 оны 1 дүгээр сарын 08-нд гаргаж, нягтлан Б.Анхцэцэг нь нярав Г.Х-д мэдэгдсэн. Үүний дараа буюу 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд ор сураггүй алга болсон. 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өглөө ирэхдээ 4ш компьютер цүнх, уут саванд хийж ирээд склад руу оруулсныг үйлчлэгч, тухайн өдрийн жижүүр харсан боловч хурал болсноос хойш мэдсэн.

Г.Х-г нөүтбүүк дутаасан асуудлаар сахилгын шийтгэл ногдуулаагүй, удаа дараа ажлын хариуцлага алдаж, аудитын шалгалтаар хангалтгүй шалгагдаж, гаргасан зөрчлөө залруулахгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 4 хоногийн ажил тасалж, цалгардуулсан шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулж, үүрэг даалгавар өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Б/26 тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ба хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан өмч хөрөнгийн болон санхүүгийн ноцтой зөрчил гаргасан. Мөн хуулийн 40.1.5-т зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл буюу леново нөүтбүүк дутаасан, сурагчийн сургалтын төлбөрийн мөнгийг шамшигдуулахыг оролдсон. Байгууллагын дотоод журмын 5.3.3-т сургуулийн удирдлага, захиргаа, хариуцсан ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх гэснийг зөрчсөн. 2018 оны 1 дүгээр сарын 15-нд сургуулийн захирлын дэргэдэх удирдах зөвлөлөөс тодорхой үүрэг даалгавар өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Х-г Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын -дүгээр сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны болон амралтын олговорт 757 011 төгрөгийг хариуцагч - дүгээр сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Г.Х-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Г.Х-гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 92 918 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Няравын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхэд хайнга хандаж, сургуулийн удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу хийсэн тооллогоор багш нарт байгаа ленова нөүтбүүкээс гадна няравт байх ёстой тооноос дутсан, багш Д.Баасансүрэнгийн хэрэглэж байсан нөүтбүүкийг түүний оронд ажилд орсон н.Мөнхжаргал багш авч хэрэглэж байгаад нярав Г.Х-д хүлээлгэж өгсөн. Г.Х- хүлээн авсан нь тойрох хуудаст гарын үсэг зурснаар баталгаажиж байна. Мөн Д.Баасансүрэн, н.Мөнхжаргал нарын нотариатаар батлуулсан баталгаа, гэрчээр оролцож өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн тооллогоор дутсан нөүтбүүкийг даруй тулгаж, учрыг нь олоорой гэж үүрэг болгосноос хойш үр дүн гараагүй, дутсан нөүтбүүкийг олж илрүүлээгүй.

Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан удирдлагын итгэлийг алдсан нь шүүхийн шийдвэрт “хэргийг шийдвэрлэх явцад зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр тус сургуулийн Д.Баасансүрэн багшид эзэмшүүлсэн нөүтбүүк дутсан нь тогтоогдсон...” хэмээн тусгагдан нотлогдсон байх тул тус сургуульд няраваар ажиллаж байсан Г.Х-г эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, сургуулийн эд хөрөнгө хариуцуулах боломжгүй гэж үзэж байна. Иймд нотлох баримт, гэрчийн мэдүүлэг хангалттай байхад шүүхээс хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Х- нь хариуцагч Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын -дүгээр сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговорт нийт 757 011 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын -дүгээр сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар /хх5/ “нярав Г.Х- нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил үйлдэж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт зааснаар тус сургуулийн няравын үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэж, “нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журам болон гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил удаа дараа гаргасан, эд хөрөнгө дутаасан, ашиглан шамшигдуулахыг завдсан, мэргэжилдээ тэнцэхгүй” гэх  хариуцагчийн тайлбар, татгалзал бичгийн баримтаар тогтоогдоогүй гээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг хууль зүйн үндэслэлээ болгосон байх боловч тухайн ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар байгууллагын болон мэргэжлийн түвшинг тогтоосон албан ёсны шийдвэр, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт гараагүй байна. Энэ тохиолдолд хуулийн дээрх зохицуулалт хамаарахгүй юм.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Хариуцагч дээрх үндэслэлийг тайлбарлахдаа нэхэмжлэгч Г.Х- удаа дараа ажил тасалсан гэх боловч 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар /хх42/ түүнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчилд нь цалинг 20 хувиар, нэг сарын хугацаатай бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Харин 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн ажил тасалсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нь “Анир хатан” эмнэлэгт жирэмсний чанд авианы шинжилгээнд орж, ургийн эрхтэн системийн хувьд “харъяа төрөхөд үзүүлэх” гэсэн эмчийн зөвлөгөө ёсоор /хх14/ Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчийн үзлэгт орж, жирэмсний 11-12 долоо хоногтой гэх онош бичигдэж, улмаар эмнэлэгийн хуудсаар /хх13/ ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон. Ажил олгогч нь дээрх хугацаанд нэхэмжлэгчийн ажилдаа ирээгүй шалтгааныг тодруулаагүй атлаа түүнийг “ажил тасалсан” гэж үзсэн нь буруу.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийг хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн өмнө нь “ажил тасалсан” зөрчлийг дараагийн тушаалын үндэслэлд хамааруулж, тухайн зөрчлийг “удаа дараа” гаргасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлийг нэхэмжлэгчийг ажлаас халах тушаалын үндэслэлээ болгож, Г.Х- эд хөрөнгө хариуцсан няраваар ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгийн жагсаалтад хамаарах нөтбүүк дутагдуулсан, сургалтын төлбөр бэлнээр авч шамшигдуулахыг оролдсон гэж тайлбарласан.

 

Хэрэгт талуудын хооронд байгуулсан эд хөрөнгийн хариуцлагын гэрээ авагдаагүйн гадна тус сургуулийн хөрөнгөнд бүртгэлтэй зөөврийн компьютер дутагдсан тохиолдолд энэ нь нэхэмжлэгчийн буруугаас болсон гэдгийг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. Дээрх нөхцөл байдал хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй тул шүүх хэний эзэмшлийн эд хөрөнгө дутагдсан нь тодорхойгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

Мөн гэрч Ж.Цэвээн-Очирын “...сургалтын төлбөр 150 000 төгрөгийг няравт өгсөн, нярав баримт байхгүй байна гээд бичиж өгөөгүй, хэд хоногийн дараа нягтлан дуудаад тооцоо нийлэх үед ...нярав Х төлбөрийн баримт өгсөн...” гэх мэдүүлгээр /хх109/ сурагчдын сургалтын төлбөрийг бэлнээр хүлээн авч, шамшигдуулахыг оролдсон гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.

 

Үүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг ажил олгогч зөрчсөн гэж үзэх бөгөөд хэрэгт авагдсан мэргэжлийн байгууллагын шинжилгээний баримтаар /хх13/ нэхэмжлэгч Г.Х-д 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр буюу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үед тэрээр “11-12 долоо хоногтой жирэмсэн” байсан нь тогтоогдож байгааг анхан шүүхийн шүүхийн шийдвэрт нэмж дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03001 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 93 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Т.ТУЯА