Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 3001

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ерөнхий боловсролын Х сургуульд холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон амралтын цалинд нийт 757,011 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х, хариуцагч х сургуулийн захирал, гэрч Д.Баасансүрэн, М.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.   

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Х сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулан нярваар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа хамт олныхоо итгэлийг даан идэвх санаачлагатай ажиллаж байсан болно. Гэтэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хойгуур буюу 2018 оны 6-р сарын 04-ний өдрийн Б26 тоот захирлын тушаалын дагуу ажлаас халсан байсан. Эмнэлэгт хэвтсэн шалтгаан маань 11-12 долоо хоногтой бие давхар байсан учир удирдлагын дарамт, шахалт, стрессээс үүдэж тонус өгсөн, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 6-ны хооронд СБД-ийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлж дуусаад 6 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа очиход захирал өрөөндөө дуудан 6 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халах тушаал гарсан. 6 дугаар сарын 13-ны дотор ажлаа хүлээлцэж холбогдох тооцоог хийж дуусга хэмээн хэлсэн. Үүнээс өмнө 2018 оны 01 дүгээр сарын 08-13 өдрийн хооронд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн өвчний шалтгааны улмаас ХУД-ийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэхээр хандсан боловч орны хүрэлцээгүйн улмаас акт аван гэрээр хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээ дууссаны дараагаар эмнэлгийн магадалгаагаа аван очиход хүлээн авч хэрэгсэхгүй, хэл үггүй ажил тасалсан хэмээн мөн миний акттай байх эзгүй хойгуур нягтлан бодогч Анхцэцэг багш нарын хэрэглэж байсан Леново ай5 маркийн компьютерыг номын санд цуглуулан тооллого хийсэн байсан. Тэр тооллогын үеэр 1 ширхэг нөүтбүүк дутсаныг намайг төл хэмээн захирлын зөвлөлийн хурлаар оруулан цалингийн 20% хасаж сахилгын шийтгэл оногдуулаад зогсохгүй дипломыг минь захирал барьцаанд авч намайг хилс хэргээр гүтгэж байна. Дээрх сахилгын шийтгэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд надад сахилгын шийтгэл давтан гаргасан удаа байхгүй. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халж хилсээр гүтгэж байгаа тул ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинд 416,521 төгрөг болон амралтын цалин 340,490 төгрөг нийт 757,011 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн хүсэж байна.

2018 оны 1 сард намайг байхгүй байхад нөүтбүүкийн тооллого явуулсан байсан, түүнээс хойш надад нөүбүүкүүдийг хариуцуулахаа больсон, дутсан 1 нөүтбүүкийн учрыг олох боломжтой, хэний нэр дээр бүртгэлтэй байсныг тухайн үед мэдээгүй, сая гэрч нарыг асуух үед Баасансүрэн багшийн нэр дээр бүртгэлтэй гэдгийг мэдсэн. Нярвын ажил үүрэгт гаднаас складад бараа оруулах, буцааж гаргаж солих гэх мэт нь байдаг л зүйл, будагны өнгө солих шаардлагаар авч гарч байсныг хувьдаа ашигласан гэж хардаж байгааг зөвшөөрөхгүй. Цэвээн-Очир багшийн ангийн хүүхэд төлбөрөө төлөх гээд манай өрөөнд орж ирэхэд нягтлан байхгүй байсан учраас надад мөнгийг өгсөн нь үнэн, би нягтланд өгөөд дараа нь баримтыг нь бичиж өгсөн, ашиглаагүй. Намайг ажилдаа тэнцэхгүй гэж тогтоосон зүйл байхгүй ...” гэв.

 

Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Хуланг Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс санал болгосноор захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 тоот тушаалаар нярваар түр авч ажиллуулсан болно. Г.Х нь ажиллаж байх хугацаандаа хамт олны итгэлийг дааж, идэвх, санаачлагатай ажиллаж чадаагүй. Энэ нь хамт ажиллаж байсан багш, ажилчидтай харилцаж байсан байдал, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн байдал, удаа дараагийн шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан байдал, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний биелэлт, ажилдаа хэрхэн хандаж байсан байдал зэргээс харж болно. Удирдлагын зүгээс дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Харин ч олон удаа харж үзэж, залуу хүн алдаа л биз, гачигдал зовлон тоочих бүрд нь чөлөө олгож, алдаа дутагдал гаргах бүрд нь заавар зөвлөгөө өгч маш их боломж олгож итгэл хүлээлгэсэн боловч удирдлага, хамт олныхоо итгэлийг даагаагүй. Удаа дараа ажил тасалж, утсаа авдаггүй, ирэхдээ бие өвдсөн, өвчтэй байсан, гэр шатсан гэх мэт зовлон тоочдог байсан. Энэ бүхнийг хүний л амьдрал хойно гээд олон удаа зүгээр өнгөрөөж зөвлөгөө өгсөн боловч даанч хүний үг авдаггүй хүн байна лээ. 2018 оны 01 сарын 08-ний үдээс хойш гараад л алга болсон. Утсаа салгасан байсан. 01 сарын 15-нд ирэхдээ өвчтэй байсан гэж хэлсэн.

Эмнэлгийн магадалгаа аваад ир гэхэд өгөөгүй. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нэхэмжлэлдээ акт өгсөн байхад хэрэгсээгүй гэсэн байна. Учир нь тийм эмнэлгийн магадалгаа буюу акт авч ирээгүй. Мөн эмнэлэгт хэвтсэн хойгуур компьютер тоолсон гэсэн байна. Нярав Г.Х өвчтэй байсан гэдгээ хэнд ч, ямар ч аргаар дамжуулж болон шууд хэлээгүй учраас, өвчтэй байсан гэдгийг хэн ч мэдээгүй. Актаа аваад ир гэхэд авч ирээгүй учраас 01 сарын 15-нд ногдуулсан сахилгын шийтгэлийг 01 сарын 24 хүртэл гаргалгүй харзнасан болно. Харамсалтай нь эмнэлгийн магадалгаа авч ирж өгөөгүй. Тооллого хийх болсон шалтгаан нь 2017 оны 12 сарын 18-ны өдөр нягтлан Б.Анхцэцэг, нярав Г.Х нарын суудаг өрөөнөөс леново ай5 маркийн компьютер алдагдсан. Түлхүүр нь зөвхөн Г.Х, Б.Анхцэцэг нарт байдаг. Энэ асуудал Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа. Иймд захирлын үүрэг даалгаврын дагуу ня-бо Б.Анхцэцэг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр тооллого хийж дуусгасан. Энэ үед Г.Х өөрийн биеэр байсан. Тооллого хийх шийдвэрийг 2018.01.08-нд гаргаж зар гаргаж, нягтлан Б.Анхцэцэг нярав Г.Хд мэдэгдсэний дараагаас буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд ор сураггүй алга болсон байдаг. 01 сарын 15-ны өглөө ирэхдээ 4ш компьютер цүнх, уут саванд хийн гаднаас шууд орж ирэн склад уруу оруулсан байсан. Үүнийг өрөөнд байсан үйлчлэгч тухайн өдрийн жижүүр, нар харсан байдаг. Үүнийг гэрчлэх жижүүр, үйлчлэгч нар байгаа. Энэ тухай нягтлан Б.Анхцэцэг хурал болсноос хойш мэдсэн байсан тул тухайн өдөр мэдээгүй өнгөрсөн. Энэ үеэс буюу гаднаас компьютер оруулж ирсэн гэдгийг сонссоноос хойш Г.Хд итгэх итгэл буурсан. Г.Хг нөүтбүүк дутаасан асуудлаар сахилгын шийтгэл ногдуулаагүй юм. Удаа дараа ажлын хариуцлага алдаж, аудитын шалгалтаар хангалтгүй шалгагдаж, гаргасан зөрчлөө залруулахгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 4 хоногийн ажил тасалж, ажил цалгардуулсан шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулж, үүрэг даалгавар өгсөн болно. 2018 оны 06 сарын 04-ний өдөр Б/26 тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан өмч хөрөнгө болон санхүүгийн ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл /леново нөүтбүүк дутаасан, сурагчийн сургалтын төлбөрийн мөнгийг шамшигдуулахыг оролдсон/. Байгууллагын дотоод журмын 5.3.3 дахь заалтад сургуулийн удирдлага, захиргаа, хариуцсан ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байх гэснийг зөрчсөн болно. 2018 оны 01 дүгээр сарын 15-нд сургуулийн захирлын дэргэдэх удирдах зөвлөлөөс тодорхой үүрэг даалгавар өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Х хариуцагч Х сургуульд холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон амралтын цалинд нийт 757,011 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хариуцагч тал “хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчил удаа дараа гаргасан, удаа дараа ажил тасалсан, леново ай5 маркийн 1 ширхэг нөүтбүүк дутаасан, аудитын шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан, өмч харилцааны газарт актлуулах хөрөнгийн жагсаалтыг үндэслэлгүйгээр илүү тооцож явуулснаас байгууллагыг хохироосон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Г.Х Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын Т.Б 2017 оны 3 сарын 17-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар нярваар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/26 дугаартай нярав Г.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай Т.Б тушаалаар нярвын үүрэгт ажлаас халагджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Г.Хг ажлаас халсан байна.

Г.Х 2018 оны 1 сарын 9-ний өдрөөс 2018 оны 1 сарын 12-ны өдрийг дуусталх ажлын 4 өдөр ажлаа тасалсан болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, Т.Б дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, Т.Б 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/02 дугаартай тушаал зэргээр тогтоогдож байх ба Г.Хгийн ажил тасалсан сахилгын зөрчилд нь тус сургуулийн захирлын тушаалаар цалинг 1 сарын 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулжээ.

Г.Х дээрх хугацаанд өвчтэй байсан баримтаа сургуулийн захиргаанд өгснөө нотлоогүй, хэрэгт өгсөн 2018.01.12-ны эмнэлгийн магадалгааг тухайн үед сургуулийн захиргаанд өгсөн гэж үзэх боломжгүй ба сахилгын шийтгэл ногдуулсан Т.Б 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/02 дугаартай тушаалыг зөвшөөрөхгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлоо 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн дотор шүүхэд гаргаагүй байх тул Г.Хг ажил тасалснаа хүлээн зөвшөөрч зохих шийтгэлээ хүлээсэн, уг тушаалын талаар гомдол гаргах хугацаа нь дууссан гэж үзнэ.

Г.Хгийн ажил тасалсан зөрчилд тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар дахин энэ зөрчлийг хэлэлцэх үндэслэлгүй болно.

Г.Х 2018 оны 05 сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд өвчтэй байсан, үүний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авахаар эмнэлэгийн хуудас авсан болох нь эмнэлгийн магадалгаа, 1044766 дугаартай эмнэлгийн хуудас зэргээр тогтоогдож байх тул түүнийг  ажил тасалсан гэж үзэхээргүй байна.

Г.Хг ажил мэргэжилдээ тэнцэхгүй, ёс зүйн зөрчилтэй талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн төлөөлөгчийн ...ажил албан тушаалдаа тэнцэхгүй, ёс зүйгүй..... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй ба хэргийн 43-р хуудсан дахь Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэхэд 21 дүгээр сурууль хангалттай үнэлгээ авч байсан байна.

2018 оны 3 дугаар сард Т.Б данснаас хасах хөрөнгийн жагсаалтыг нярав Г.Х гаргаж, 2018 оны 3 сарын 20-ны өдрийн 18 дугаартай албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт явуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна” гэж заасны дагуу Г.Хгийн гаргасан “Т.Б данснаас хасах хөрөнгийн жагсаалт”-ад ерөнхий нягтлан бодогч Б.Анхцэцэг хяналт тавих үүргээ биелүүлээгүй, Өмчийн харилцааны газрын даргын 2018.05.18-ны өдрийн А/176 дугаартай тушаал гарсны дараа 2018.06.30-нд уг жагсаалтыг хянаж алдаа илрүүлсэн үйл явдалд нярав Г.Хг дангаар нь буруутгах боломжгүй.

Түүнчлэн Т.Б актлах хөрөнгийн үнийн дүн болон тоо ширхгийг буруу тооцож хүргүүлснээс 6,326,577.80 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдохгүй, уг алдааг нягтлан бодогч Б.Анхцэцэг залруулах боломжтой, залруулга хийх нь түүний үүрэг байх тул хариуцагчийн төлөөлөгчийн ...Өмчийн харилцааны газарт Т.Б актлах хөрөнгийн үнийн дүн болон тоо ширхгийг буруу тооцож хүргүүлснээс 6,326,577.80 төгрөгийн зөрүү гарсан, энэ нь мэргэжилдээ тэнцэхгүй, байгууллагыг хохироосон... гэх тайлбараар Г.Хг буруутгах үндэслэлгүй байна.  

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3-т “эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед” хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг хийхээр хуульчилсан тул 2018 оны 1 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Т.Б үүрэг болгосноор тус сургуулийн хөрөнгөнд бүртгэлтэй нөүтбүүкд тооллого явуулах эрхтэй байна.

Уг тооллогоор 1 ширхэг нөүтбүүк дутсан болох нь зохигчийн тайлбар, нөүтбүүк тоолсон баримтаар тогтоогдож байх боловч яг хэний эзэмшлийн нөүтбүүк дутсаныг илрүүлээгүй, энэ талаар тус сургуулийн өмч хамгаалах байнгын зөвлөл хуралдаагүй, хэнд хариуцуулж төлүүлэх эсэхийг шийдвэрлээгүй байх тул Г.Хгийн эзэмшлийн нөүтбүүк дутсан, түүнд хариуцуулж төлүлэх шийдвэр гаргаагүй зэргээс дүгнэвэл Г.Хг хөрөнгө дутаасан үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хэргийг шийдвэрлэх явцад зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр тус сургуулийн Д.Баасансүрэн багшид эзэмшүүлсэн нөүтбүүк дутсан нь тогтоогдсон ба нярав Г.Хгаас “нөүтбүүк”-ийг багш нарт хүлээлгэж өгсөн баримтуудыг шалгаж, хэн хариуцахыг баримтаар тогтоосны дараа хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эрх нь нээлттэй байна. 

Хариуцагч тал ...сурагчаас төлсөн мөнгийг ашиглан шамшигдуулахыг завдсан.. гэх боловч Г.Х нь сурагчаас төлсөн сургалтын төлбөрийг ажил үүргийнхээ хуваарийн дагуу кассын орлогод бэлнээр авах эрхтэй, Г.Хгийн ... нягтлан бодогч Б.Анхцэцэг сургалтын төлбөрийг бэлнээр хурааж авч баримт бичиж өгдөг байсан, нягтланг эзгүйд Ж.Цэвээн-Очир багш сурагчаа дагуулж төлбөр төлөхөөр манай өрөөнд орж ирсэн учраас баримтыг дараа нь бичиж өгнө гээд мөнгийг нь авсан нь үнэн, ашигласан зүйл байхгүй, тус мөнгийг Б.Анхцэцэгт өгсөн... гэх тайлбар нь гэрч Ж.Цэвээн-Очирын мэдүүлэгтэй таарч байх тул Г.Хг сурагчаас бэлэн мөнгө авсныг буруутгах үндэсгүй ба шамшигдуулахыг оролдсон гэж үзэхгүй юм.

Гэрч Л.Наранхүү, Б.Анхцэцэг нарын ...Г.Х сургуулийн нөүтбүүкийг гадуур ашиглаж байгаад цагаан зүйлд боож сургууль уруу оруулсан... гэх мэдүүлэг нь таамаглалын шинжтэй, баримтаар тогтоогдохгүй байх тул Г.Хг нөүтбүүкийг дутаасан гэж үзэх үндэслэлгүй.

Т.Б нягтлан бодогч, нярав нарын өрөөнөөс н.Энхбаяр багшийн эзэмшлийн 1 ширхэг нөүтбүүкийг А.Отгондаваа багш ашиглах явцдаа алдсаныг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс шалгаж байгааг дурдав.

Хариуцагчийн төлөөлөгч ...Г.Х удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, хамт олны итгэлийг дааж идэвх санаачлагатай ажиллаагүй, удаа дараа ажил тасалсан, хөрөнгө хариуцсан ажилтан итгэл алдсан, ажил мэргэжилдээ тэнцэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй... гэж тайлбарлаж байх боловч Г.Х “хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй нь тодорхойгүй, байгууллагын орлогод авсан дүүжин таазны зам, будгийг хэрхэн ашигласан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдохгүй, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан, эд хөрөнгө дутаасан, ашиглан шамшигдуулахыг завдсан, мэргэжилдээ тэнцэхгүй” болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Хг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх Г.Хг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, 2018.06.04-ний өдрөөс хойших хугацаанд ажилгүй байсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалинд 416,521 төгрөг, 2018 оны амралтын цалинд 340,490 төгрөг, нийт 757,011 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ба уг дүнг нягтлан бодогч Б.Анхцэцэгийн гаргаж өгсөн хэрэгт авагдсан тооцоллоор тооцов.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Хг Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын Т.Б нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны болон амралтын цалин хөлстэй тэнцэх олговорт 757,011 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын Т.Б гаргуулж нэхэмжлэгч Г.Хд олгохоор шийдвэрлэв.

 

Х сургууль нь Г.Хгийн ажилгүй байсан хугацааны болон амралтын цалин хөлстэй тэнцэх олговор 757,011 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу суутгаж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70,200 төгрөг, гаргуулсан цалин 757,011 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 22,718 төгрөг, нийт 92,918 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон        

ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Хг Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын Т.Б нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны болон амралтын цалин хөлстэй тэнцэх олговорт 757,011 төгрөгийг хариуцагч Т.Б гаргуулж нэхэмжлэгч Г.Хд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын Х сургууль Г.Хгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын Т.Б 92,918 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд оруулсугай.  

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

           

 

 

 

            

ДАРГАЛАГЧ                              Д.БАТЦЭЦЭГ