Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/00672

 

 

 

 

 

 

 

                               2022        02         16

                        101/ШШ2022/00672

           

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.С-т холбогдох, 

Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 7 дугаар орц 0 тоот техникийн өрөөг иргэн М.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч М.С , хариуцагчийн өмгөөлөгч Х.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М ” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ш.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М ” Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а болон 14-р байрны оршин суугчдын буюу нийт 500 гаруй сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж ажилладаг. Тус байрнуудын 1 дүгээр давхрын 0 тоот техникийн өрөөнүүд нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна:”, 15.1.1-д "... сууцны бус зориулалттай техникийн өрөө ...” хэмээн заасны дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13 хороолол, 14-р байр, 7-р орц, 0 тоот техникийн өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаардаг болно. Тухайн техникийн өрөө нь 14-р байрны 6 болон 7 дугаар орцны нийт 72 айлын цахилгааныг тэжээлээр хангаж байсан боловч цахилгааны ерөнхий самбарыг холбогдох техникийн нөхцөл, газардуулгагүйгээр, лифтний хажуу талын хонгилд хууль бусаар зөөн шилжүүлж, ямар нэг зөвшөөрөлгүйгээр иргэн М.С  нь хууль бусаар олон жил эзэмшилдээ байлгаж ирсэн. “М ” Сууц өмчлөгчдийн холбоо нь М.С т 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, зохих зөвшөөрөлтэй, гэрээтэй эсхүл эзэмших гэрчилгээтэй тохиолдолд үзүүлж эзэмших эрхтэй болохоо нотлох, зөвшөөрөлгүй тохиолдолд чөлөөлж өгөхийг мэдэгдэж байсан. Гэтэл тус хугацаанаас хойш холбогдох баримтыг үзүүлдэггүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй өдий хүрсэн тул сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн №09 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр арга буюу дахин мэдэгдэл өгсөн боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл 0 тоот техникийн өрөөг сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэж өгөөгүй байна.

Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, оршин суугчдын эрх, ашигт хохирол учруулж буй үйлдлийг таслан зогсоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13 хороолол, 14-р байр, 7-р орц, 0 тоот техникийн өрөөг М.С ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, зориулалт норм дүрмийн дагуу ашиглах боломжоор хангаж өгнө үү.

Золбаяр гэж хүний талаар сая 31-нд мэдлээ. Хууль нь эрхийн бичгээс давуу эрхтэй гэж бодож байна. Оршин суугчдыг төлөөлж байгаагийн хувьд олон жил шаардаад аргаа ядаад шүүхэд өгсөн гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 0 тоот техникийн өрөөг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. СӨХ нь 1999 онд байгуулагдаж эрхийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Холбоо нь маргаж буй 14а байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцдаг. 0 тоот цахилгаан шит байдаг. СӨХ-н хуулийн 15.1.1-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. Энэ өрөө нь оршин суугчдыг цахилгаанаар хангаж байсан өрөө юм. Гэтэл цахилгааны шит-г хууль бусаар зөөгөөд олон жил эзэмшиж байна. Хэрэгт байгаа дүгнэлтээр холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэдэг. Ингэснээр 72 айлын эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Газардуулгагүй зохих зөвшөөрөлгүй зөөсөн тул маш их эрсдэл үүсэж байгаа юм. Хариуцагч нь аюулгүй байдлыг хангаагүй. СӨХ нь оршин суугчдыг төлөөлж эрх ашгийг нь хамгаалж байгаа юм. СӨХ-с хариуцагчид мэдэгдэл өгч эзэмших зөвшөөрөл шаардсан боловч баримт үзүүлээгүй суллаж өгөөгүй. Иймд уг техникийн өрөөг эзэмших түрээслэх эрх нь СӨХ-н хуулийн 10-т СӨХ-д байгаа юм. Бид гэрээгээ байгуулах шаардлага тавьсан боловч гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 106-р гаргаж байгаа юм. Өмчлөгч гэдэг дээр маргаан байхгүй. Хууль бус эзэмшил гэдэг дээр СӨХ-н хуульд оршин суугчид СӨХ байгуулна гэж байдаг. Иймд СӨХ-н зөвшөөрөлгүй байгаа юм. Гэрчилгээ нь СӨХ-н хууль батлахаас өмнө олгогдсон байна гэв.

 

Хариуцагч М.С  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Мөнхжаргал овогтой Сугар нь тус М  СӨХ-д 2000 оноос хойш 2019 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад ОСНААУГ-ын харъяа ХҮТ-4борлуулалтын байцаагчаар ажиллаж байна. Миний нөхөр болох Т.Баатарчулуун нь 2012 оноос тус СӨХ-д өнөөдрийг хүртэл лифтичнээр тасралтгүй 10 жил ажиллаж байгаа билээ. Бид ам бүл 5, тус СӨХ-ын 14 дүгээр байрны 7-р орцны 00 тоотод 2013 оноос хойш амьдарч байна. Гэтэл 2016 оноос М  СӨХ-ын ажлыг хүлээж авсан захирал Ш.Ч нь амьдарч байгаа 0 тоотоос албадан гаргах тухай шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тус СӨХ-ийн захирал нь бага насны хүүхэдтэй айл өрхийг дэмжихгүй байгаагаас гадна хүүхдийн эрхийг зөрчиж , хүйтэн өвлөөр орон байрнаас минь хөөж байгаад бидний гэр бүлийн гишүүд маш их гомдолтой байна. Уг 00 тоот нь 2003 онд иргэн П.Золзаяагийн нэр дээр өмчлөгдөн эзэмшилтэй бөгөөд ОСА 6-р контортой гэрээ байгуулан амьдрах эрхээ авсан байдаг. Засгийн газрын 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 140 дугаар тогтоолоор төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд шилжүүлэх зөвшөөрлийг Төрийн өмчийн хороонд даалгасан ба тус Төрийн өмчийн хороо нь иргэдийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн талаар 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1а/924 албан тоотод тусгагдсан байна. Иймд тус СӨХ-ны 7-р орцны 00 тоот нь хувь хүний өмчлөлд байсаар байхад хувь хүний өмчид бүдүүлгээр халдаж албадан чөлөөлүүлэх нь боломжгүй гэж үзэж байна. М  СӨХ-ын Захирал Чингэрэл нь ашиг сонирхлын хүрээнд өмнө өөр орцонд байгаа 00 тоотыг мөн адил чөлөөлүүлж айлуудад түрээслүүлж байгаа ба бид бусдын адил байрыг чөлөөлөн өгөх боломжгүйгээс гадна Иргэн П.Золзаяагийн зөвшөөрлөөр амьдарч байгаа юм. Бидний гэр бүл нь уг 00 тоотоос өөр орох оронгүй, олон жил тус СӨХ-д үр бүтээлтэй ажиллаж байгаа тул орон байрыг минь бидэнд үлдээж, хувьчилж авах болон цаашид амьдран суухыг минь дэмжиж санал нэг байгаа оршин суугчдын гарын үсэг, санал хүсэлтийг харгалзан үзэж зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

2013 онд Золбаяртай яриад орсон. Энэ үед шит байгаагүй. Хэрэглээний төлбөр төлж засвар үйлчилгээг хариуцна гэсэн. Золбаяр гэрчилгээтэй гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Х.О  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ байгуулагдахаас өмнө тухайн үеийн ТӨХ-ний шийдвэрээр эзэмших эрх шилжсэн байна. 106-г үндэслэж шаардаж байна. Гэтэл Сугар нь хариуцагч биш юм. 2003 оны гэрчилгээний дагуу Золбаяр нь шударга эзэмшигч тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Золбаяртай асуудлаа ярих ёстой байх гэв.

 

            Нэхэмжлэгч тал нь шүүхэд М  СӨХ-ний гэрчилгээний хуулбар /хэргийн 5 дугаар тал/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 02-07-103/259 дүгээр дүгнэлтийн хуулбар /хэргийн 6 дугаар тал/, М  СӨХ-ийн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар тогтоолын хуулбар /хэргийн 7 дугаар тал/, Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаар албан тоотын хуулбар /хэргийн 8 дугаар тал/, 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн мэдэгдэл /хэргийн 9 дүгээр тал/, М  СӨХ-ийн удирдах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолын хуулбар /хэргийн 10 дугаар тал/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0011 дүгээр мэдэгдлийн хуулбар /хэргийн 11 дүгээр тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

            Хариуцагч тал нь шүүхэд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолт /хэргийн 29 дүгээр тал/, П.З-ын орон сууц эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 31 дүгээр тал/, П.З-ын тодорхойлолт /хэргийн 32 дугаар тал/-г тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх дараах үндэслэлээр Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 14 дүгээр байр, 7 дугаар орц, .... тоот техникийн өрөөг хариуцагч М.С ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч М  СӨХ нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 14 дүгээр байр, 7 дугаар орц, .... тоот техникийн өрөөг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан.

 

            Хариуцагч М.С  нь уг 00 тоот өрөө нь П.З-ийн эзэмшилд байдаг бөгөөд түүний зөвшөөрлөөр оршин сууж байгаа гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

            Хариуцагч М.С  нь маргаж буй 00 тоотод оршин суудаг болох нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон. /хэргийн 29 дүгээр тал/

            Энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

            Улаанбаатар хотын АДХ-н гүйцэтгэх захиргаанаас 2003 оны 03 дугаар сарын 15-ны өдөр П.З-д маргаж буй 14 дүгээр байрын 7 дугаар орцны ....тоотыг эзэмшүүлж, ОСА-6 контортой гэрээ байгуулахыг зөвшөөрсөн орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон байна. /хэргийн 31 дүгээр тал/

            Улмаар П.З нь 00 тоотыг хариуцагч М.С т ашиглах зөвшөөрөл олгосон талаарх баримтыг шүүхэд ирүүлжээ. /хэргийн 32 дугаар тал/

 

            Гэвч П.Золзаяа нь дээрх эрхийн бичгийн дагуу эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулсан эсэх нь тогтоогдоогүй бөгөөд хариуцагч тал нь гэрээг шүүхэд гаргах боломжгүй гэж тайлбарласан. Түүнчлэн ....тоотыг өмчлөх эрх аваагүй талаар хариуцагч, түүний өмгөөлөгч тайлбарлаж байна.

 

            Улмаар дээрх эрхийн бичгийг П.З-д олгосны дараа буюу 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагджээ.

           

Маргаж буй .... тоот нь уг 14 дүгээр байрны цахилгааны ерөнхий самбар байрлах зориулалттай байсан ба цахилгааны ерөнхий самбарыг урд нь зөөсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Энэхүү үйл баримт нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 02-07-103/259 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон. /хэргийн 6 дугаар тал/

Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар энэхүү өрөө нь техникийн өрөөнд хамаарч байна.

 

            Техникийн өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна. Улмаар Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар СӨХ нь дундаа өмчлөх эд хөрөнгөний өмчлөх эрхийг хэрэгжүүлнэ.

 

            Өөрөөр хэлбэл, 2003 онд эзэмших эрх олгогдож байсан П.З нь СӨХ-нд хуулиар олгосон өмчлөх эрхийг хязгаарлах боломжгүй.

            Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3, 12 дугаар зүйлийн 12.4.5-д зааснаар СӨХ-ны удирдах зөвлөл нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслэх, ашиглуулах эсэх талаар шийдвэр гаргаж, улмаар гүйцэтгэх захирал нь гэрээний дагуу энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй.

 

            Эдгээр үндэслэлээр СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчдын төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд нэхэмжлэгчээр урьдчилан төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 14 дүгээр байр, 7 дугаар орц, 00 тоот техникийн өрөөг хариуцагч М.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “М ” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.С-аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД