Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2297

 

 

Д.Э М-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01949 дүгээр шийдвэртэй, Д.Э М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О СӨХ-д холбогдох, өөрийн өмчлөлийн зоорийн давхрын агуулах бүхий хоёр өрөөг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 38-2 тоот хаягт байрлах 3782 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд тооцогдох газрыг 1999 онд Төрийн өмчийн хорооны 603 дугаар тогтоол болон 2010 оны Нийслэлийн газрын албаны дуудлага худалдаагаар худалдан авсан. 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Асар-Өргөө ХХК-тай хамтран ажиллах 13/05-БУ тоот гэрээ байгуулж, 595.5 м.кв газарт 110 айлын 12 давхар, 1 дүгээр давхартаа үйлчилгээ бүхий орон сууцны зориулалттай барилга барихаар тохиролцсон. Дээрх гэрээгээ тодотгон 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Үйлчилгээ, орон сууц барих гэрээ болгон өөрчлөлт оруулж, мөн төлбөрийн нөхцлийг тодруулсан. Барилга баригдаж, ашиглалтанд орох үед 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээний хавсралт ёсоор үйлчилгээ бүхий орон сууцны техникийн давхарт агуулах, 1 болон 2-р орцонд 8 м.кв, 5 м.кв өрөөг өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

Барилгын хаяг 2015 оны 1 дүгээр сард ашиглалтад ороход 42А байр болж өөрчлөгдсөн бөгөөд миний бие СӨХ-ны даргаар нь 2015 оны 1 дүгээр сараас мөн оны 5 дугаар сар хүртэл цалингүй ажилласан. Гэтэл О СӨХ нь миний өмчлөлийн агуулах, ажлын байранд дураараа амьдарч, үйл ажиллагаа явуулж, чөлөөлөх хүсэлт гаргахад 2015 оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртэл үл биелүүлж, цоожны голыг сольж, хэл амаар доромжилж,  хоёр өрөөг эзэмшиж ашиглаагүй гэх боловч үйлчлэгч нар хоол цай хийж усаа авч ашигласаар байгаа. Иймд миний өмчлөлийн 42А байрны 1-р орцны зоорийн давхрын 8 м.кв, 2-р орцны 5 м.кв агуулахын өрөөг О СӨХ-ны хууль бус эзэмшлээс чөлөөлж, өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ж.Батмөнхийн гудамжны 42А байр 13 давхар бөгөөд 13 давхарт хүн амьдрах ёсгүй техникийн өрөө байдаг. Дундын өмчлөлийн техникийн зориулалттай тус өрөөнд Д.Эрдэнэчимэг дур мэдэн хүн амьдруулж байсныг 2017 онд нийт оршин суугчдын хүсэлт шахалтаар гаргасан. Гэвч ямар ч бүртгэлгүй, тодорхой ажилгүй Ц.Ганбаатар, Ч.Ичинхорлоо гэх 2 хүн байр ашиглалтанд орсон 2015 оноос хойш одоог хүртэл хууль бусаар амьдарсаар байгаа тул байр чөлөөлөхийг удаа дараа шаардсан. Уг шаардлагыг үл хайхран түрээслүүлж мөнгийг авдаг байх гэж хардлага төрдөг. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 13 дугаар зүйлийн 13.2.7, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасныг тус тус зөрчиж байна.

Тэрээр 42А байрны 1-р орцны 47.8 м.кв талбайтай 6 тоот, 97.61 м.кв талбайтай 7 тоот, 67.3 м.кв талбайтай 9 тоот, 42.63 м.кв талбайтай 10 тоот, 47.08 м.кв талбайтай 11 тоот, 67.3 м.кв талбайтай 14 тоот, 42.63 м.кв талбайтай 15 тоот, 74.47 м.кв талбайтай 16 тоот, 2-р орцны 1 давхарт үйлчилгээний 2 төвийг эзэмшиж, 16 тоотод нь амьдарч, СӨХ-д нэг ч төгрөг төлдөггүй, өр нь хуримтлагдсаар 1 126 400 төгрөг болсон.

Нэхэмжлэлд дурьдсан цоожны гол сольж, хэл амаар доромжлон 2 жил гаруй хугацаа өнгөрлөө гэсэн нь ямар ч нотлох баримтгүй гүтгэлэг. Тус байрны 1, 2-р орцны зоорийн давхрын 5 м.кв, 8 м.кв өрөөний хувьд нэхэмжлэгчийн өмч гэдэгт маргахгүй. Харин уг өрөөг СӨХ-ны зүгээс эзэмшиж ашиглаагүй тул нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй. Үйлчлэгч нар ус авах зэргээр орж гарч байгаа нь СӨХ-г эзэмшиж, ашиглаж байна гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э М-ийнөмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036817, Ү-2203036816 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Батмөнх гудамж, 42а байрны 1-р орц, зоорийн давхрын 18 тоот 8 м.кв, 2-р орц, зоорийн давхрын 19 тоот 5 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай өрөө тус бүрийг чөлөөлөхийг хариуцагч О СӨХ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс “шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тус байрны 1, 2 дугаар орцны зоорийн давхарт нэг нэг буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх агуулахын зориулалтын өрөөнүүд байдаг, өөр тусгаарлагдсан өрөө байхгүй болох нь тогтоогдож байхаас гадна, дээрх хоёр өрөөнд хариуцагч байгууллагын ажилтнууд орж гарч ус авах зэргээр ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна” гэж дүгнээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Уг шийдвэрээс харахад хоёр өрөөнд ус авдаг крант байдаг байхаар харагдах боловч бодит байдалд агуулахын зориулалттай цоожтой өрөөнүүд.

Харин нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт өгөөгүй, шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа хариуцагчид үзүүлсэн зураг нь байрны оршин суугчдын нийтийн эзэмшлийн талбай төдийгүй уг зурагт тайлбар өгсөн О СӨХ-ны шинээр томилогдсон даргын тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Тус СӨХ-ны зүгээс цоожтой, агуулахын зориулалттай өрөөг эзэмшиж ашигласан зүйл байхгүй гэж тайлбарсан байтал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ. Иймд шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо нотлох баримтын хүрээнд үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд  зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Э М-нь хариуцагч О СӨХ-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Батмөнх гудамж, 42а байрны 1, 2 дугаар орцны зоорийн давхрын 18 тоот 8 м.кв, 19 тоот 5 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000613203, 000613202 тоот гэрчилгээ /хх23,24/ тус бүрээр дээрх агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Д.Э М-болох нь тогтоогдох бөгөөд хариуцагч тухайн үйл баримтын хувьд маргаагүй байна.

 

Харин дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд цоожтой байдаг, агуулахын зориулалттай өрөө тул тус байгууллага эзэмшиж ашигладаггүй, үйлчлэгч нар ус авах зэргээр орж гарч байгаа нь СӨХ-г эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэхгүй гэх үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тайлбар гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь тухайн хэргийн үйл баримтыг тогтоох нотолгооны хэрэгсэлд хамаардаг. Хариуцагч талын ...өөрсдөө яагаад цоожлоогүй вэ, үйлчлэгч нар орж хоол ундаа хийж иддэг, ус авдаг... /хх79-80/ гэх тайлбарыг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэх бөгөөд тухайн байгууллагын ажилчид маргааны зүйл болох хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгааг үгүйсгээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн зүйлийг эзэмшихтэй холбоотой эрх зөрчигдсөн талаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж тухайн маргаанд хамаарах эрх зүйн харилцааг зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагчаас энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн “нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд үзүүлж, хэрэгт хавсаргаагүй гэрэл зураг нь нийтийн эзэмшлийн талбайн зураг байсан” гэж хариуцагч давж заалдах гомдолдоо дурдсан байх боловч шүүх хуралдааны тэмдэглэлээс /хх80-81/ үзвэл тухайн гэрэл зургийн үзүүлэлтийг нотлох баримтын хүрээнд шинжлэн судалсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх үүргээ шүүх биелүүлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01949 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Т.ТУЯА