Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2018/01949

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Д.ЭМ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:“О” СӨХ -д холбогдох

Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.ЭМ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, хариуцагч “О” СӨХ-ны захирал Б.Цэвээндулам, хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Д.ЭМ миний бие газар эзэмшигчийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 2203007653 дугаартай, 0021100 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 38-2 тоот хаягт  байрлах 3782 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгөд тооцогдох 3782 мкв  газрыг 1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн өмчийн хорооны 603 дугаар тогтоол болон 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн газрын  албаны дуудлага худалдаагаар худалдан  авсан. 2013 оны  5 дугаар сарын 13-ны өдөр “Асар-Өргөө” ХХК-тай хамтран ажиллах 13/05-БУ тоот гэрээ байгуулж, 595.5 м.кв газарт 110 айлын 12 давхар, 1 дүгээр давхартаа үйлчилгээ  бүхий орон сууцны  зориулалттай барилга  барихаар тохиролцсон. Дараа нь дээрх гэрээгээ тодотгон  2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Үйлчилгээ, орон сууц барих” гэрээ болгон  өөрчлөлт оруулсан. Мөн тухайн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөртөө “Үндсэн гэрээний хавсралт, гэрээний төлбөрийн нөхцлийг тодруулж” гэрээнд өөрчлөлт оруулсан. Хамгийн сүүлд барилга баригдаж, ашиглалтанд орох үед 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Үндсэн гэрээний хавсралт” гэрээгээр миний бие  Д.ЭМ нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Бага тойруу 38-2 хаягт байрлах дээрх баригдсан 110 айлын 12 давхар үйлчилгээ бүхий орон сууцны  техникийн давхарт агуулах, 1 дүгээр  орцонд  8 мкв,  2 дугаар орцонд  5 мкв  бүхий өрөөнүүдийг “Асар өргөө” ХХК-иар бариулж улмаар зоорийн давхарт байрлах дээрх 5 мкв, 8 мкв талбайд өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус авсан. Барилга баригдах үед 110 айлын орон сууц 38-2 тоот хаягтай боловч барилга 2015 оны 1 дүгээр сард ашиглалтанд ороход хаяг нь 42А байр болж өөрчлөгдсөн. Д.ЭМ миний бие 110 айлын орон сууц ашиглалтанд орох үед анхны СӨХ-ны даргаар томилогдон  2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарыг хүртэл цалингүй ажилласан.

Гэтэл “О” СӨХ нь миний өмчлөлийн агуулах, ажлын байранд дураараа амьдарч, үйл ажиллагаа явуулан,  миний  тавьсан агуулах чөлөөлөх хүсэлтийг 2015 оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртэл үл биелүүлж, үл хөдлөх хөрөнгийн цоожны  голыг сольж, хэл амаар доромжлон 2 жил гаруй хугацаа өнгөрлөө. Иймд Д.ЭМ миний өмчлөлийн 42А байрны 1 дүгээр орц, зоорийн давхрын 8 мкв, 2 дугаар орцны 5 мкв  агуулахын байруудыг “О” СӨХ”-ны хууль бус эзэмшлээс чөлөөлж, өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Хариуцагч байгууллага дээрх хоёр өрөөг эзэмшиж ашиглаагүй гэж байгаа боловч тус байгууллагын үйлчлэгч нар өнөөг хүртэл хоол цай хийж усаа авч ашигласаар байгаа. Саяхан хүртэл очиж үзэхэд цоожтой байсан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэв.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ж.Батмөнхийн гудамжны 42А байр нь 13 давхар бөгөөд 13 давхарт нь хүн амьдрах ёсгүй техник, тоног төхөөрөмж байрладаг техникийн өрөө байдаг. Тус байрны  2 дугаар орцны 13 давхарт байдаг дундын өмчлөлийн техникийн  зориулалттай өрөөнд Д.ЭМ нь дур мэдэн хүн амьдруулж байсныг 2017 онд нийт  оршин суугчдын хүсэлт шахалтаар гаргасан боловч 1 дүгээр орцны 13 дугаар  давхарт дүүрэг, хороонд ямар ч бүртгэлгүй, тодорхой ажилгүй Ц.Ганбаатар, Ч.Ичинхорлоо  гэх  2 хүн  2015 онд энэ байр ашиглалтанд орсноос хойш одоог хүртэл хууль бусаар амьдарсаар байгаа бөгөөд  уг байрыг  чөлөөлөхийг удаа дараа шаардсан  боловч  шаардлагыг үл хайхран биелүүлээгүй байна. Энэ 2 хүн 2015 оноос одоог хүртэл амьдрахдаа байр, гэрэл цахилгаан, дулаан цэвэрлэгээний мөнгө огт төлж байгаагүй. Эдгээр хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийг гаргах шаардлага тавихаар иргэн Д.ЭМ миний хүмүүсийг битгий оролдоод  байгаарай гэж өмгөөлөн хамгаалдаг. Иймд Д.ЭМ нь 1 дүгээр орцны 13 давхарын техникийн өрөөг дур мэдэн энэ 2 хүнд түрээслүүлэн түрээсийн мөнгийг нь авдаг байх гэсэн хардлага төрдөг. Энэ мэтээр байр орон сууцны техникийн зориулалттай өрөөг дур мэдэн ашиглаж байгаа болон авч ашиглахыг сонирхож байгаа нь “Сууц өмчлөгчдийн  холбоо”-ны эрх зүйн  байдал, нийтийн  зориулалтай  орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн  15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь заалт ”Орон сууцны тухай” хуулийн  15 дугаар  зүйлийн 15.3 дахь заалт “Барилгын тухай” хуулийн  46 дугаар зүйлийн  46.1.3 дах заалтуудыг тус тус зөрчиж байна. Иргэн Д.ЭМ нь 42А байранд 1 дүгээр орцны 47.8 м.кв  талбай бүхий 6 тоот, 97.61 м.кв талбай бүхий 7 тоот, 67.3 м.кв талбайтай 9 тоот, 42.63 м.кв талбайтай 10 тоот, 47.08 м.кв   талбайтай 11 тоот, 67.3 м.кв   талбайтай 14 тоот, 42.63 м.кв талбайтай 15 тоот, 74.47 м.кв талбайтай 16 тоот болон 2 орцны 1 давхарт үйлчилгээний 2 төвийг эзэмшдэг бөгөөд өөрөө 16 тоотод амьдардаг.

Мөн иргэн Д.ЭМ нь энэ байр ашиглалтанд орсон 2015 оноос одоог хүртэл СӨХ-д нэг ч төгрөг төлж байгаагүй бөгөөд хуримтлагдсан өр 2018 оны 8 дугаар сарын байдлаар 1.126.400 төгрөг болоод байгаа болно.

Мөн нэхэмжлэлд дурьдсан миний  тавьсан  чөлөөлүүлэх хүсэлтийг  2015 оны 6 дугаар сараас  өнөөг хүртэл  үл биелүүлж, үл хөдлөх хөрөнгийн цоожны голыг сольж хэл амаар доромжлон 2 жил гаруй  хугацаа өнгөрлөө гэсэн нь ямар ч нотлох баримтгүй, цэвэр гүтгэлийн шинжтэй байна.

Тус байрны 1, 2 дугаар орцны зоорийн давхарт байх 5 мкв, 8 мкв өрөөний хувьд нэхэмжлэгчийн өмч гэдэгт маргахгүй. Харин уг өрөөг СӨХ-ийн зүгээс эзэмшиж ашиглаагүй тул нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй. Түүнчлэн үйлчлэгч нар ус авах зэргээр орж гарч байгаа нь СӨХ-ийг эзэмшиж, ашиглаж байна гэж үзэх боломжгүй. Уг өрөөг манайхаас цоожилсон, голыг солисон зүйл байхгүй. Өрөө онгорхой байгаа.  Иймд иргэн Д.ЭМийн эрхийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                             

                                                                                                                  

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.ЭМнь “О” СӨХ-д холбогдуулан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Д.ЭМнь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Батмөнх гудамж, 42а байрны 1 дүгээр орцны зоорийн давхрын 18 тоот 8 мкв талбай, мөн байрны 2 дугаар орц, зоорийн давхрын 19 тоот 5 мкв талбай бүхий агуулахын зориулалттай хөрөнгийн өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2203036817, Ү-2203036816 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 23,24/

Хариуцагч маргааны зүйл болсон дээрх хоёр хөрөнгийн өмчлөгч Д.ЭМгэдэгт маргаагүй. Харин хөрөнгийг эзэмшиж, ашиглаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тус байрны 1, 2 дугаар орцны зоорийн давхарт нэг нэг буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх агуулахын зориулалтай өрөөнүүд байдаг, өөр тусгаарлагдсан өрөө байхгүй болох нь тогтоогдож байхаас гадна дээрх хоёр өрөөнд хариуцагч байгууллагын ажилтнууд орж гарах ус авах зэргээр ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.

Хариуцагч ажилтнуудын орж гарч байгаа байдал СӨХ-г эзэмшиж, ашигласан гэж үзэхгүй гэж тайлбарлаж байх боловч дээрх тайлбар үндэслэлгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өрөөг эзэмшиж ашиглаагүй болохоо нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль ёсны өмчлөгч өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн тохиолдолд эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Д.ЭМ махейекийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036817, Ү-2203036816 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Батмөнх гудамж, 42а байрны 1 дүгээр орц, зоорийн давхрын 18 тоот 8 мкв, мөн байрны 2 дугаар орц, зоорийн давхрын 19 тоот 5 мкв талбай бүхий  агуулахын зориулалттай өрөөнүүдийг чөлөөлж өгөхийг хариуцагч “О” СӨХ-д даалгасугай.  

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар   нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ