Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 1271

 

 

 

 

 

                        

  2020           9             29                                           2020/ДШМ/1271

 

Х.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оюунтунгалаг,                         

шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,

хохирогч Б.Батдэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1598 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Э.Оюунтунгалагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 39 дугаартай прокурорын эсэргүүцлээр Х.Эд холбогдох 2009000000378 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хас овгийн Хасбазарын Э, 1978 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Мастер шөүс” гутлын салоны 3, 4 дүгээр салбарын захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух, /РД:.................../

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 641а/322 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаартай талсан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан,

Шүүгдэгч Х.Э нь 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчмын автомашины зам дээр “Замын хөдөлгөөнд зохистой оролцсонгүй” гэх шалтгаанаар иргэн Б.Батдэлгэртэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Эд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар уг хэргийг нэг мөр, эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуулийг чанд сахина” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж тус тус заажээ. Хуулийн эдгээр заалтууд нь мөрдөгч, прокурор нарын Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуулийг чанд сахин ажиллах чиг үүргийг тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчмын авто тээврийн хэрэгслийн зорчих хэсэг дээр иргэн Х.Э, Б.Батдэлгэр нар нь “Замын хөдөлгөөнд зохистой оролцсонгүй” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдсан байна.

Уг асуудалтай холбогдуулан иргэн Б.Батдэлгэр нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж, тэдгээрийн хэн аль нь шүүх эмнэлэгт үзүүлсэн байх бөгөөд хавтас хэргийн 9 дүгээр талд авагдсан Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №3155 тоот актын дүгнэлтээр Б.Батдэлгэрийн биед “хөмсөгний шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны далд хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл,

мөн хавтас хэргийн 56 дугаар талд авагдсан Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №4077 тоот актын дүгнэлтээр Х.Эын биед “4, 5 дугаар хурууны шөрмөсийн суналт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан байна.

Дээрх гомдол мэдээлэлтэй холбогдуулан мөрдөгч Б.Эрдэнэхүү нь хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Батдэлгэр, Х.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал гаргаж хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Гэтэл прокуророос 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “мөрдөгчийн шийдвэр үйл ажиллагааг хүчингүй болгох тухай” №16 дугаар прокурорын тогтоол гаргаж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэхүүгийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр №01 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай” прокурорын тогтоолоор Б.Батдэлгэрийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №4077 тоот актын дүгнэлтээр Х.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байхад уг шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад Б.Батдэлгэрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан нь ойлгомжгүй болжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Оюунтунгалаг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Х.Эын биед хөнгөн гэмтэл учирсан гэх шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4077 дугаартай дүгнэлт хэрэгт авагдсан боловч энэ нь 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Б.Батдэлгэртэй маргалдах үед учраагүй болох нь Х.Эын биед анх үзлэг хийж гэмтлийн байдлыг тодорхойлсон тухай “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсанд 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн лавлагаагаар Х.Э нь 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Сансарт өөрөө мохоо зүйлд цохиж гэмтээсэн гэж хэлж бүртгүүлж 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр үзүүлсэн” гэж тэмдэглэгдсэнээс үзэхэд гэмтэл авсан цаг хугацаа, гэмтлийн шалтгаан нь бодит байдалтай нийцэхгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Х.Э нь хэргийн газар дээрээс Б.Батдэлгэрийн адил мөрдөгчөөс тогтоол авч шүүх эмнэлгийн шинжээчид үзүүлээгүй, хожуу өөрийн хүслээр 2 хоногийн дараа эмчид үзүүлж бүртгүүлсэн. Дээрх эмчийн үзлэг, тэмдэглэлд үндэслэн түүний биед учирсан гэмтлийн зэргийг шүүх эмнэлэг гэмтэл авсан гэх цаг хугацаанаас 32 хоногийн дараа гаргасан байдаг юм.

Х.Э нь бусдыг зодож гэмтэл учруулаад, хохирогчийн биед гэмтлийн хөнгөн зэрэг гарсныг мэдээд “тэгвэл тэр үед би ч гэмтсэн” гэж хэлсэнд нь мөрдөгч хөтлөгдөн шинжээч томилон шинжилгээ хийлгэх тогтоолыг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр буюу тухайн маргаан гарснаас хойш 14 хоногийн дараа нөхөн үйлдэж өгсөн нь хэргийн оролцогчийн нэг талд хэт үйлчилсэн хууль бус ажиллагаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.14-т зааснаар зөвхөн мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон байхад, шүүх Х.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх Шүүх эмнэлгийн шинжээчийн №4077 дугаартай дүгнэлтийг үгүйсгэж прокурор тогтоолоороо хүчингүй болгосон гэж буруу ойлгон дүгнэлт хийжээ.

3. Нэгэнт Х.Эын биед учирсан хөнгөн хохирол нь Б.Батдэлгэрийн санаатай үйлдлийн улмаас учраагүй, харин өөрийнх нь болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан гэдэг нь эмчийн тодорхойлолт, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт хийгдсэн хойшлуулшгүй ажиллагааны явц, үр дүнгээс тодорхой байх тул түүнийг хохирогчоор тогтоож, түүнд зодуулж хохирсон хохирогчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан процесс ажиллагаа хийх шаардлагагүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Х.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг прокурорт буцаах нь зөв гэж үзэж байна” гэв.

 

Шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч Г.Ганбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн дагуу зөв гарсан гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Г.Э тухайн хэрэг болох үед эхнэртэйгээ хамт явж байсан. Хөндлөнгийн гэрч нарын мэдүүлж байгаагаар тухайн нөхцөлд Батдэлгэр гэх хүнтэй маргалдах үед Эын биед гэмтэл учирсан гэдгийг гэрчилдэг. Мөрдөгч зөв шийдвэр гаргаж явж байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхдээ цагдаад нь “юманд цохисон” гэж хэлсэн. “Юманд цохисон” гэж хэлсэнээр Х.Эыг болгоомжгүй өөртөө гэмтэл учруулсан гэж дүгнэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Г.Э 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэгт үзүүлэхдээ “гараа юманд цохиж гэмтээсэн” гэдэг. Өөрөө гэмтээсэн гэмтлээ надад тохох санаатай байна. Шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулаад хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Прокуророос Х.Эыг хохирогч Б.Батдэлгэртэй “Замын хөдөлгөөнд зохистой оролцсонгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, хамар, хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №01 дугаартай прокурорын тогтооолоор Б.Батдэлгэрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №4077 тоот акын дүгнэлтээр Х.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байхад уг шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад Б.Батдэлгэрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Х.Э нь 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4077 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүний биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1598 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 39 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ