Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/405

 

 

 

 

 

 

 

2021          06            07                                   2021/ШЦТ/405

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч М.Отгонбаатар,

          хохирогч Б.Батдэлгэр, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

          шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000000378 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “мастер шөүс” гутлын салоны 3, 4 дүгээр салбарын захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт тоотод оршин суух,

          урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

          Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 641а/322 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, Х.Э /РД:/,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Х.Э нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчмын автомашины зам дээр “Замын хөдөлгөөнд зохистой оролцсонгүй” гэх шалтгаанаар иргэн Б.Батдэлгэртэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…Хохирогч худал мэдүүлэг өгсөн байна. Миний бие мөрдөн байцаалтын шатанд Замын цагдаагийн зохицуулагчийг дуудаж мэдүүлэг авах санал гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Хохирогчийн хувьд өөрөө араас ирээд намайг шахахаар нь тэвчээр алдаад зогсоод цонхоо онгойлгоод яаж яваад байгаа юм бэ гэх хэлэхэд эхнэр бид хоёр руу хөдөөгийн орк гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тэгээд эхнэр надад наад хүнээ зүгээр явуулчих гэж хэлэхээр нь орхиод явж байтал араас ирээд машины урдуур шахаж зогссон. Машинаасаа бууж ирээд миний эрүү рүү цохихоор нь би буцаагаад нэг цохисон. Намайг машинаа орхиод зугтаасан гэж худлаа мэдүүлэг өгсөн байсан. Өөрийнхөө хийсэн гэм бурууг надад тохож байна. Хөндлөнгийн гэрч байгаа, манай эхнэр миний хажууд сууж явсан. Би санаатайгаар энэ хүнийг цохиогүй, өөрийгөө хамгаалж цохисон. Энэ хүн араас хөөж ирээд ийм асуудал болсон. Тухайн үед миний өмсөж явсан куртикний цахилгааныг эвдсэн. Надад гэм буруу байхгүй, санаатай хүн зодсон гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…би порестер машины жолоочийн 2, 3 цохилтод оногдохгүй бултаад 3 дахь цохилтод эрүүндээ цохиулсан. Тэгээд би сандрахдаа порестер машины жолоочийн нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тэгсэн тэр жолоочийн хөмсөг нь сэтрээд цус гарсан. Тэр жолоочийг над руу дайраад байхаар нь боль гээд хэлээд байж байтал зам дээр зогсож байсан замын цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-21-24/,

 

Хохирогч Б.Батдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт “…Би тухайн өдөр барилгын арга хэмжээнд оролцоод явж байтал хажуу талаас приус маркийн авто машин шахаад орж ирэхээр нь яаж яваад байгаа юм бэ машинаасаа буугаад очиход шүлсээ хаяад, нулимсан. Намайг цохих гэхээр нь түлхсэн. Гинж нь гарын аясаар тасарсан, намайг гинж тасаллаа гээд нүүр болон хамар орчим руу цохисон. Би мэдүүлгээ өөрчлөөгүй. Энэ хүний гарынх нь гэмтэл энэ хэрэгт ямар ч холбогдолгүй. Тухайн үед гараа гэмтээсэн талаар ярьж байгаагүй. Өөр газар явж байгаад гараа гэмтээсэн гэж ярьж байсан. Би эмчилгээний төлбөрөө нэхэмжилж байна...” гэв.

түүний хохирогчоор өгсөн: “…2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би ганцаараа машинтайгаа Монгол 3 дугаар сургуулийн урд замаар 2 дугаар эгнээнд явж байтал 1 дүгээр эгнээнд явж байсан машин миний явж байсан эгнээ рүү шахаж орж ирээд миний машины толийг шүргээд явсан. Тэгэхээр нь би цонхоо буулгаад яаж байгаа юм бэ гэсэн, зам тавьж өгсөнгүй гээд намайг хараасан. Тэгээд би машинаасаа буух гээд хаалганд хавчуулагдаад зогсож байхад нөгөө залуу машинаасаа бууж ирээд заамдаж аваад эрүү рүү гараараа 1 удаа цохичхоод хөдлөөд явах гэхээр нь би машинтайгаа хөдлөөд урдуур нь ороод зогссон юм. Нөгөө залуу бууж ирээд намайг зам хааж зогслоо гээд цохих гээд гараараа далайхаар нь би цээж рүү нь түлхсэн чинь хүзүүнд нь байсан гинж нь тасраад унасан. Тэгээд тэр залуу чи миний гинжийг тасаллаа миний баруун хөмсөг рүү гараараа 1 удаа цохисон, ингээд миний хөмсөгнөөс цус гарсан. ...хөмсөгнөөс гарсан цус маань нүд рүү орчхоод юм сайн харахгүй байж байтал дахин баруун нүдний доод хэсэгт гараараа нэг удаа цохисон.,. шүүх эмнэлгийн дүгнэлт дээрх гэмтлүүдийг Энхжаргал намайг цохиж учруулсан. Эмчилгээний зардалд нийт 268.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-3-7/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №3155 тоот актын “…Б.Батдэлгэрийн биед баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. ..гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-9-11/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/, хохирлын баримт /хх-16/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-33-43/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-173-174/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.Э нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчмын автомашины зам дээр “Замын хөдөлгөөнд зохистой оролцсонгүй” гэх шалтгаанаар иргэн Б.Батдэлгэртэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Батдэлгэр, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №3155 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Х.Эын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Э нь хохирогч Б.Батдэлгэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Б.Батдэлгэр нь энэ хэрэгт холбогдуулан эмчилгээний нийт 268.000 төгрөг төгрөгийн нэхэмжлэлийг баримтаар гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Батдэлгэрээс 268.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Эын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Х.Эын эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Х.Эд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Х.Э нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.Э Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Эд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ө.Ням-Өлзий нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Эаас 268.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батдэлгэр (РД:)-д олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.  

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                З.БОЛДБААТАР