Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2344

 

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02419 дүгээр шийдвэртэй, Ө.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “М Ф” ХХК-д холбогдох, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “М Ф”  группын “Урсомон” гэдэг эм, мөн Acidophilus гэдэг ходоодны “сайн бактеруудын” цуглуулгыг хэрэглэснээс хордон 2016 оны 9-10 дугаар сард хийлгэсэн дархлаа сайжруулах 300 000 төгрөгийн зардалтай эм, тариа, бариа заслын эмчилгээ, биоэнергийн төв Дэмчигийн хийд рүү ээжийн хамт 200 000 төгрөгөөр орж биеэ цэнэглэсэн үйл зэрэг нь талаар болж, биеийн эрүүл мэндээр хохирсон. Сүхбаатар дүүргийн 10 хорооны өрхийн эмч н.Эрдэнэчимэг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Солонгосын “Усосэн” эмийн оронд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгогддог хөнгөлттэй эмийн жагсаалтад орсон “Урсомон” гэдэг цөс хөөх, арай хямд эмийг уу гэхэд нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд орших “Ихэр Тана” эмийн сангаас 39 000 төгрөгөөс 21 800 төгрөг болж буурсан 60 ширхэгийг худалдаж авсан. Харамсалтай нь энэ эмийг уусны дараа хоолой, аюулхай хорсон, цөс хавиар хатгаж өвдсөн тул 16-ны өдөр 50 ширхэгийг нь хүчил бууруулагч “Фосфалюгель” эмээр сольсон. Тэгээд үлдсэн эмээс орой нь хүүхдийн тунгаар нэгийг уусан биш буруудаж, урьд нь зүгээр байсан миний бие цочролд орж манарч ухаан алдан унасан. Нэг сэртэл хэл амаа хазсан байдалтай газар хэвтэж байсан, гайхсан би 12 дугаар сарын 17-ны өдөр эмийн жор дээрх 70173007, 70153975 утсанд ажлын цагаар залгатал дохио дуугарсан ч оператор хариулаагүй. Тэр шөнө болон маргааш нь бүх бие өвдөн, өдөржин гүйлгэж, унтахын зэрэгцээ, хүчтэй удаан хөлөрсөнөөс цагаан хэрэглэл нойтон болж, орондоо хөнгөнөөр бие засан, цустай шамбарамтай, хүчтэй хордлогын шинж чанар биед илэрсэн. 12 дугаар сарын 19-ний өдөр цагаан махны цус тогтохгүй хүчтэй өвдөөд байсан тул н.Эрдэнэчимэг эмчид үзүүлэхэд “Релиф” лаагаар эмчил гэсэн. Тус лааны үнэ ханш, үйлчилгээ, мөн “Урсомон” уухад илрэх гаж нөлөөг лавлан асуух гэж Бөмбөгөрийн урд Монос 37 эмийн санд очсон ч очерт зогсохдоо хүчтэй ухаан алдаж, унахдаа тархиа ханандах шовх үзүүртэй төмөрт цохиж хагалснаар тэр оройдоо 3 оёдол тавиулсан.

Би жил бүр Хойд Солонгост үйлдвэрлэсэн “Кунгдам” тарианаас 3 хайрцгийг ходоодны элдэв хортой нянгуудыг устгах, дархлааг сайжруулахын тулд тариулдаг. 2016 оны 9 дугээр сарын 15-ны өдрөөс эхлэн дуусгасэн курс эмчилгээний эрүүл хүн уухад аюулгүй Acidophilus гэдэг ходоодны сайн бактеруудын цуглуулгаас 50 ширхэгийг Моносоос авч, 10-11 сард 49 ширхэгийг уусан ч хелико нянгаар хордсон болохыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цусны шинжилгээ харуулсан. Биеийн байдал суларч, гар хөл салгалан чичирч, уймраа зангаа гээгээгүй тул аргагүйн эрхэнд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 8 хоног хэвтэн эмчлүүлж, тархины хүнд гэмтлийн дараа заавал тарьдаг үнэтэй тариа хийлгээгүй ба богино хугацааны турш сэргээх үйлчилгээ үзүүлдэг хямд үнэтэй пирацетам, алое, витамин В6 хийлгэсэн. “Монос фарм трейд' ХХК-ийн “Шинэ эмийх лавлах” номонд бичигдсэн, гадаадаас импортлон оруулж ирдэг “Урсофальк” эмийг 3 жилийн өмнө ууж байхад зааварт бичигдсэн “Суулгалт, огиудас хүрэх, аюулхай болон баруун хавирганы орчмоор өвдөх зэрэг харшлын урвалуудаар илрэх” гаж нөлөө илрээгүй. Сүүлийн 2 жилийн турш ОХУ-д үйлдвэрлэсэн ижил үйлчилгээтэй “Урсосан”, Солонгос улсын “Усосан” зэрэг цөс хөөх эмийг уухад эерэгээр үйлчилж байсан туп “М”  ХХК-д үйлдвэрлэдэг загварт нь ямар ч сэрэмжлүүлэг байхгүй, гадаадын ижил нэртэй эмнээс юугаар ч дутахгүй гэсэн сурталчилгааны номыг уншсанаар 60 ширхэг нь 30 000 төгрөгийн өндөр үнэтэй “Урсомон” хүчлийг ямар ч эргэлзээгүй худалдан авч хохирсон.

Хуурамч, чанаргүй “Урсомон” эмийг шалгана уу гэж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандахад “улсын бүртгэлд байна, шүүхийн байгууллагад ханд” гэх хариу илгээсэн. Моносын ажилтнуудтай удаа дараа уулзахад “дараа ир, маргааш утасдана” гэж хэлээд холбогдоогүй. Миний эрүүл мэндийн байдал хэрхэн дордсоныг үзээд 2017 оны 01 сард хөдөлмөр, эмнэлгийн магадлах комисс хэлэлцээд урьдынх шиг нэг биш хоёр жилээр тэтгэмжийн тэтгэврийг сунгасан. Гэмтсэн тархиа эдгээхээр 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш  367 762 төгрөгийн эм тарианы зардал гарсан. Монос 37 эмийн санд авсан гэмтлийн хор уршиг цаашид ямар явцтай нь тодорхойгүй тул Сонгдо эмнэлэгт тодосгогч бодистой 480 000 төгрөгийн үнэтэй MRI шинжилгээгээр тархины зураг авахуулах шаардлагатай байна.

1990 онд би хүнд зодуулж тархиндаа гэмтэл авч 2 жилийн дараа архи уугаад ухаан алдсан. Тухайн үед өнчин тархинд хавдартай байсныг эмч нар буруу оношилсон ч би өөрөө эмчилж гайгүй болсон, уг эм уухаас өмнө гаж нөлөө илэрч байгаагүй, энэ талаар өдрийн тэмдэглэлдээ бичсэн байгаа. Шинжээч н.Чандалдулам тодорхой бус дүгнэлт гаргасан. Гэмтлийн эмнэлэг гэдэг номонд хордлогын дараа унадаг өвчтэй хүн ухаан алдаж болно гэж бичсэн байгааг шүүхэд баримтаар өгсөн, эмчийн жорийг эмийн санд хурааж авдаг учир баримт байхгүй. “Урсомон” эмийг үйлдвэрлэх эрх авахын тулд явуулсан туршилтын баримтуудыг гаргуулах хүсэлтээс би татгалзсан. Учир нь ЭМЯ-ыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж, мөн Д.Ганзориг мэргэжилтэн худал ярьж, бүтэн жилийн турш танилцуулах амлалт өгөөд нийт 5 удаагийн шүүх хуралдаанд авчраагүй тул цаг алдахаас болгоомжилсон. Иймд бие махбодийн хохирол 367 762 төгрөг, сэтгэл санааны хохирол 352 600 төгрөг, тархины зураг 480 000 төгрөгөөр авхуулах тул нийт 1 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэм хор учруулсан гэх үндэслэл нь “Урсомон” болон “Акидофилус” гэх эмээс болсон гэх боловч тухайн үйлдэлд хүргэсэн хүчин зүйлс тайлбарт тодорхой байгаа. Уг эм 10 ширхэгээр савлагдсан байдаг. Нэхэмжлэгч уг эмийг уухыг зөвлөсөн эмчийн жор болон худалдан авсан баримтгүй, өвчний түүх дээр бичсэн зүйлгүй тул дээрх эмийг уусан нь нотлогддоггүй. Нэхэмжлэгч 1990 онд тархины хүнд гэмтэл авсан талаар сэтгэцийн шинжээчийн дүгнэлтэд маш сайн тайлбарласан байдаг. Мөн Сүхбаатар дүүргийн эмнэлэгт эплепси өвчтэй, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэж бичсэн байгаа. Эмч нар нь сард 1-2 удаа унадаг гэж бичсэн байсан. Бас 16-ны өдөр фосфолюгель эмээр сольсон гэдэг. Эсвэл Урсомон эмнээс биш фосфолюгель эмнээс болж ухаан алдсан уу гэдэг нь  тайлбараас харагдаж байгаа. Мөн 1 сарын хугацаанд 49 ширхэг витамин уусан гэдгийг гайхаж байна. Ухаан алдсан гэж хэлснээс хойш эмчилгээ хийлгэсэн гэдэг. Хавсарсан өвчтэй хүмүүс олон эм хэрэглэж байх үед гаж нөлөө илэрч болно. Нэхэмжлэгч унаж татдаг өвчтэй учир унаж татахын эсрэг эм байнга хэрэглэдэг хүн байсан. Шинжээчийн дүгнэлт ч Урсомон эмнээс болоогүй гэж гарсан. Нэхэмжлэгч Урсомон эмийг ууж байгаад ухаан алдсан гэх боловч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш эмчид үзүүлсэн талаар баримтгүй, 2017 онд эмчид үзүүлэхдээ эм ууснаас болж гаж нөлөө үзүүлсэн гэж бичигдсэн зүйл картанд нь байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ө.Б-ын хариуцагч “М Ф” ХХК-д холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие “М Ф”  группын импортлон оруулж зардаг Acidophilus гэдэг ходоодны сайн бактеруудын цуглуулгыг 2016 оны намар 49 хоног хэрэглэснээс хэлико бактертай болсныг мөн оны 12 дугаар сард мэдэж, тус группын үйлвэрлэсэн “Урсомон” хүчлийг 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уухад цээж хүчтэй хорсож, хөлөрч маргааш нь дахин бага тунгаар уухад бүтэн өдөржин гүйлгэж, цагаан мах гарч, ухаан алдсан. ... 12 дугаар сарын 19-ний өдөр “М”  орж эмийн санчаас зөвлөгөө авах гээд дахин ухаан алдаж, хаалганы дэргэд төмөр дээр унаж тархиа хагалж эмнэлэгт хэвтсэн. ... 2017 оны эхээр МХЕГ-т хандахад “Урсомон”-ыг лабораторт шалгалгүй, зөвшөөрөлтэй эсэхийг архиваас шүүж “улсын бүртгэлд байна, шүүхэд ханд” гэсэн. .... 2017 оны 04 сард шүүхэд хандсан ч шүүх нотлох баримттай байхад “Урсомон”-ыг уугаагүй болгон гүтгэж, буруу шийдвэр гаргасан.

Шүүх хуралдааны тэмдэглэл 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гарах байтал 19-ний өдөр хэвлэгдээгүй байсан учир 24-нд танилцсан. Нарийн бичгийн дарга эмүүдийн нэрсийг хольж хутгахдаа заримд нь намайг бүр хордсон “Урсомон”-ынхоо байнгын хэрэглэгч болгож, хордлого тайлах эмийг “Урсомон”-ны өмнө оруулж тэднээс хордсон мэт сэтгэгдлийг хэргийг уншиж үзээгүй хүнд төрүүлэхээр байна. ... Шүүх хуралдааны бичлэгийг авч сонсоход олон зөрчил гарсан. Тухайлбал, шүүгч нар миний өргөдөлтэй ерөөсөө танилцаагүй юм шиг загнаж, яг гол чухал юм ярих гэхээр яриа таслан хэлэх гэсэн үг, өгүүлбэрийн утгыг алдуулж, өмнө ярьсан юмнаас шинэ юм лавлахын оронд чи унадаг өвчтэй хүн шүү гэдгээ мартаагүй биз гэсэн аясаар унадаг өвчин хэдэн онд эхэлсэн гэж олон дахин давтан асууж, хэргийн хуудсыг чанга эргүүлснээр зарим үгийг ялгагдахгүй болгожээ. Нэхэмжлэлд хамаагүй гэж “эпилепси” өвчин үүсэхэд тархины гэмтлийн үзүүлэх нөлөө, бие эрхтэнд хожуу учруулах хор уршиг, уг өвчний явц, онцлог, эдгэрэлт “Урсомон”-д хордсон хордлогын шинжийн тухай надаас нэг ч асуулт асуугаагүй. Би 49 хоногийн турш уусан “Ацидофилусын” “М”  үйлдвэрийн шошготой тухайн үеийн хоосон хайрцаг, сурталчилгааны хуудсыг шүүгч болон н.Ганзоригийн нүдний өмнө ил тавьсан. “Acidophilus”-ын хорт бактерын тухай ярих гэхээр асуудлын мөн чанарыг ойлгоогүй гурвуул зэрэг “болно болно” гэж дайран зогсоож хор уршгийг гүйцэт тайлбарлуулаагүй.

Хариуцагч нь нэхэмжлэлд бичсэн зүйлийг санаатай мушгин, худал зүйл ярьсан. Тухайлбал, “Урсомон”-ын баримт хэрэгт байхад байхгүй гэсэн. Үүнийг авсан баримтын үсэг нилээн бүдгэрсэн байсан. Эмийн нэр бичигдсэн баримтыг шүүгчийн туслах хариуцлагагүй хандаж хавтасласан нь “Ихэр Тана” эмийн сангийн “Урсомон” гэсэн нэрийг үзэгдэхгүй болгож, тоон утга бүдэг ч гэсэн харагдаж байсан тул “Урсомон”-ы жижиглэнгээр зарагдах үнэ, даатгалаас хөнгөлөх хэмжээнээс баримт дээрх эмийн нэр “Урсомон” болохыг таахад төвөг учруулаагүй. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Ихэр Тана” эмийн сангаас 50 ширхэг нь 39000 төгрөгөөс 21800 төгрөг болж буурсан “Урсомон”-оос 60 ширхэгийг, нэг хайрцаг “Карбамазепин”-ны хамт худалдан авсан. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Ихэр Тана” орж 2016 оны баримт хадгалаастай эсэхийг асуухад 01 дүгээр сарын өмнөх баримтыг авч болно гэсэн. Энэ нь “Урсомон”-ы үнэ мэдэхгүй, тус эмийн баримтыг урьд нь үзээгүй шүүгч нарт алдаа гаргахад нөлөөлөх ч шүүгчид намайг “Урсомон”-ыг бүр уугаагүй болгохдоо хурал дээр энэ талаар юу ч лавлаагүй. “Урсомон” уусны дараа хоолой, аюулхай хорсон, цөс хавиар хатгаж өвдсөн тул өндөр үнэтэй эмийг хаяхын оронд 18-нд 50 ширхэгийг хүчил бууруулагч “Фосфалюгель” эмээр сольсон нь цээж хорсоход уудаг, ямар ч гаж нөлөөгүй тул хэн ч хэрэглэхэд аюулгүй. Би үлдсэн 8 ширхэг “Урсомон”-оо бага тунгаар уухдаа цээж хорсвол “Фосфалюгель” ууя гэж төлөвлөсөн. Гэтэл 19-ний орой хүүхдийн тунгаар нэг ширхэг “Урсомон” уухад цочролд орж ухаан алдаж хэл амаа хазсан байдалтай газар хэвтэж байсан. ...

Нэхэмжлэлд “18-нд 50 ширхэгийг хүчил бууруулагч Фосфалюгель эмээр сольсон, үлдсэнээс нь хүүхдийн тунгаар нэгийг уусан … гэсэн, Фосфалюгельд нь хүүхдийн, том хүний тун гэж байдаггүй. …Энэ алдааг би хэлсэн ч шүүгч нар анзаараагүй. ... 49 ширхэг витамин уусан гэж н.Ганзориг нэмж гүтгэсэн ч тэр нь “Ацидофилус” болохыг ойлгоогүй. ... шүүгч нар анхааралтай байсан бол 12 дугаар сарын 18-ны өдөр “Урсомоноо” “Фосфалюгел”-ээр сольсон тул 12 дугаар сарын 8-ны өдөр худалдаж аваагүй “Фосфолюгел”-ээ ууж дуусгах боломжгүйг ойлгох байсан. Мөн “Ихэр Тана”-гаас “Урсомон” авсан тасалбар хэргийн материалд байгаа гэж бичлэгт хэлсэн байхад н.Ганзориг баримтгүй, н.Эрдэнэчимэг эмч жор бичээгүй гэж гүтгэсэн. Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр олгогддог эмийг жоргүйгээр авах боломжгүй. “Урсосан” ууж байгаад “Урсомон” уусан гэж мөн л гүжирдсэн. ... “Усосан”-ыг 2016 оны цагаан сарын өөх тос ихтэй бууз идэх үеэс хойш огт хэрэглээгүй. ... Энэ үеийн эмчийн бичиг картанд бичигдсэн. ... Би олон жил хэрэглэсэн эмийнхээ хөнгөлттэй үнийн жорыг өрхийн эмчээр бичүүлэхдээ картанд тэр бүр бичүүлдэггүй. Өрхийн эмч н.Эрдэнэчимэг зав муутай ажилладаг, шүүх хурал байнга хойшлогддог тул би хорооны өвчтэй иргэдээ бодож эмчийг шүүх хуралд гэрчээр оруулахаас татгалзсан. Шүүгч нар утсаар холбогдох эсвэл тавьсан асуултынхаа хариуг бичгээр авахын тулд н.Ганзоригийг гэрч болгон надтай хамт явуулж авчруулах боломжтой байхад н.Эрдэнэчимэг эмчийг энэ хорвоо дээр бүр байхгүй болгож шийдвэрээ гаргасан юм шиг.

1990 онд тархиндаа гэмтэл авснаас болж би унадаг болсон. Тэгвэл 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авсан гэмтлийн шарх үүнээс дутуугүй том тул эмч нар миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар бүр 24 сараар сунгасан. Хэрэв “Урсомон”-д хордож тархиа хагалуулаагүй бол, Хятадад докторантурт сурсныг эмч нар мэдсэн бол миний группыг сунгахгүй байхыг хэн байг гэхэв. Учир нь Юлий Цезарь, Наполеон, Достоевский гэх мэт унадаг өвчтэй олон хүнийн нэрс түүхэнд мөнхөрсөн. Нарийн бичиг нь нэхэмжлэгчийн өөрийн сүүлийн үеийн ололт амжилтын тухай яриаг протоколд гүйцэт бичээгүй юм шиг. Тухайлбал, би өглөө болгон 5 цагт гарч гүйн толгой, нүдний дасгал хийж, хараагаа сайжруулдаг, харамсалтай нь эдгэрэлтийн явц, хурд “Урсомон”-д хордсон гэмтлээс болж нэг хэсэг зогссон. Хөх хотод 5 жил сурах явцад би нэг ч удаа ухаан алдаж унан багш, оюутнуудад “эпилепси” өвчтэй гэж баригдаагүй. Зөвхөн уналтын эсрэг “Карбамазепин” эмээ хүүхдийн тунгаар орой ууж байсан, уусаар ч байна. Хэрэв би энэ тунгаа эмч нарт мэдэгдэх юм бол бүгд намайг том хүний тунгаар хэрэглэ гэж загнана. Гэсэн ч ямар ч эм бол химийн бодис, хор тул би үүнийг зөвшөөрөн мөрддөггүй. 2016 онд “Урсомон”-ы зааварт гүйлгэнэ гэсэн үг байхгүй байсныг н.Ганзориг байсан гэж худлаа хэлсэн. Би хордсоныхоо дараа Монос компанид интернэтээр захидал бичихдээ гаж нөлөөг ажилтнууд нь хэрхэн хэрэглэгчдэд тайлбарлах бол гэж шалгахад 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 08:17 минутад “сайн байна уу би энэ эмийг уугаад 2 хонож байна өглөө 2 орой 2-оор ууж байгаа хоол идэх болгонд гэдэс базалж гүйлгээд байх юм” гэхэд лавлах төвийн эмч Ж.Давааболор “Сайн байна уу, энэ зовиур нь энэ урсомон эмнээс болоогүй байхаа та дотрын эмчид хандаарай”, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 08:11 минутад “Сайн байна уу энэ Урсомон, Урсасан 2 ижил эмүүд үү эсвэл өөр өөр юмуу” гэхэд лавлах төвийн эмч Г.Бадамгарав “яг адилхан эмнүүд” гэсэн. Дээрхээс “Урсомон”-ы зааварт гүйлгэнэ гэсэн үг 2016 онд байхгүй байсныг Моносын тухайн үеийн ажилтнуудын буруу хариулт давхар батлан харуулж байна. Тухайн үеийн сурталчилгааны номуудад “Урсомон”-ы давуу тал бичигдсэнээс биш гаж нөлөө нь байхгүй байгаа. Нэхэмжлэгчийн заргын буянд одоо гаж нөлөөг “М” -ынхон “Урсомон”-ы зааварт оруулдаг болсон нь сайшаалтай, хэрэгт буй шинэ заавараас үүнийг уншиж болно. Бүтэн хайрцаг “Урсомон”-ыг 2016 оны 12 дугаар сарын 16-нд “Фосфалюгелээр” солихдоо зааврыг авч үлдэх эрх надад үлдээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр “Усосан”-ы хэдэн ширхэгийг болгоомжлон уусан. Харийн чанар сайтай хүчил ямар ч гаж нөлөө үзүүлээгүй тул баярлан нэмж авч хэрэглэсэн. Хэрэв түүнтэй ижил найрлагатай гэгдэх “Урсомон” надад таарсан бол юу гэж түүнээс илүү үнээр зарагддаг Солонгосын эмийг 2 долоо хоногийн дараа худалдаж авах билээ. ... н.Ганзориг нь “Урсомон” нь гадаадын нэр нь өөр ч найрлага ижил эмүүдээс юугаараа ч ялгадахгүйг н.Чанцалдулам шинжээчийн дүгнэлтээс үзэж болно гэж худал хэлсэн.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч н.Чанцалдулам 2018 оны хавар миний өгсөн “Усосан”, “Урсомон”-ы 6 ширхэг эмэнд тулгуурлаж шүүхээс үүрэгдсэн ялгааг олох даалгаврыг биелүүлээгүй. Дүгнэлтэнд “Усосан”-ыг огт шинжээгүй тул “Урсомон”-оос юугаар давууг бичээгүйн гадна “Урсомон”-ы химийн найрлагыг томьёоны дагуу нарийн хэмжиж тодорхойлолгүй, хүчлийн шинж танигдаж байна гэсэн. Хэрэв огт ялгагдахгүй юм бол “Усосан”, “Урсофальк”, “Урсосан” уухад миний бие зүгээр “Урсомонд” хордож ухаан алдахгүй. 2017 оны намар шүүх эмнэлгийн эмч нарт би авсан “Урсомон”-оо ууж, хэрхэн хордож буйг бодитой үзүүлэх гэтэл тэд зөвшөөрөөгүй. Эндээс “М” -ынхон “Урсомон” олон тоогоор үйлдвэрлэхдээ сайн бодис нь дутуу орсон хямд түүхий эдээр хийж үйлдвэрлэдэг болох нь илт харагдаж байна. Яагаад “Урсомон”-ы ашиглах хугацаа 2 жил байхад “Урсофальк” 5 жил, “Усосан” 3 жил байгааг н.Ганзориг тайлбарлаагүй. Өнөөдөр ижил тунтай нэг хайрцаг “Урсофальк” 78000, “Урсомон” 40000 төгрөгөөр ганц, хоёр аптекаар ороход зарагдаж байсан. Би 1993 оноос өдрийн тамдэглэл хөтлөх болсон. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийг дуустал эрүүл мэндэд ямар их өөрчлөлт орсныг уг тэмдэглэл, 2016-2017 оны эмчилгээний картнаас үзэж болно. Гар бичмэлээ компьютерт шивж, хуулбарын хамт хэрэгт хавсаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч н.Чанцалдулам “Урсомон” эмийн хэрэглэх үед суулгах, цөсний чулуу кальцжих гаж нөлөө илэрч болзошгүй тухай Эрүүл мэндийн яамны LICEMED дээр бичигдсэн байна. Эмийн гаж нөлөөний мэдээллийн албан ёсны www.drugs.com болон www.medspace.com сайтуудад гүйлгэх, цээж хорсох гаж нөлөө илэрч болзошгүй талаар тэмдэглэсэн байна” гэж шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 18/40 дүгнэлтэд бичжээ. “Урсомон”-ы зааварт гүйлгэнэ гэж бичсэнийг уншсан шүүгч нар “Урсомон” эмийг ууснаас нэхэмжлэгчийн биед гаж нөлөө илэрсэн болох нь нотлогдоогүй”, “Хариуцагчийн хуурамч эмээс болж хордон хохирч тархиа хагалсаныг шалтгаант холбоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШТ2017/03331 дугаар тогтоолоор “Урсомон” эмийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхтэй холбоотой туршилт явуулж байсан баримтуудыг гаргуулахыг шаардсан боловч н.Ганзориг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл бүтэн жилийн хугацаанд үүнийг биелүүлээгүй. ЭМЯ-аас хэдхэн хуудас нууц биш материал хувилан авчирч үзүүлэх боломжтой, нэг хувь нь “Урсомон” үйлдвэрлэгч “М”  компанийн архивт байхгүй байгаа нь хачирхалтай. н.Ганзориг нь “Урсомон”-ны туршилтын тухай баримт интернэт сайтад байгаа гэсэн. ... “Урсомоны” зөвшөөрөл авахын тулд шинжилгээ хийсэн эсэх нь эргэлзээ төрүүлэх ба ЭМЯ-ны мэргэжилтнүүдийг “М” -ыхон худалдан авч, 2020 он хүртэл үйлдвэрлэх эрх олгосон тамгатай цаас гаргуулсан гэхээс өөр юу гэхэв. 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр шүүх хурлаар ийм шинжилгээ хийгдээгүй гэдэгт бүрэн итгэсэн тул 2 жилийн турш удааширсан хурал дахин бүү хойшлоосой гэж яарснаас хүсэлтээс татгалзсан. Эпилепси уналт таталт хэтэрхий их ядран бухимдах, архи уух эсвэл элдэв химийн бодист хордсоноос үүсдэг, би өдөр бүр зоригтой гадуур ганцаараа явдаг. Тийм биш бол гэрээсээ гаралгүй хэзээ унахаа хүлээн айн чичрэн суух байсан. Тэгээд ч олон нүүр өргөдлөө компьютерт бие даан бичихгүй байсан. Биоэнергитэй бариачдаар 2007 оноос эхэлж бариулсны буянд муруй хамар засарч, тархины зүүн хэсгийн хаван бүрэн арилсан. Сүүлийн үед бие эрс сайжирч 2000 оноос хойш эмнэлэгт хэвтээгүйг өвчний түүх харуулна. Харамсалтай нь “Урсомон”-д хордож тархиа хагалснаас 2017 оны эхээр эмнэлэгт хэвтсэн. Хэрэгт мэдрэлийн эмч, эпилепси судлаач Д.Дондовын “Гэмтлийн үүдэлтэй эпилепси” номоос энэ хэлбэрийн уналт таталт ямар нэгэн хордлогын үед үүснэ гэсэн өгүүлбэр бүхий хуудсыг хувилан шүүх хурал дээр  тайлбарласныг шүүгч нар ойлгоогүй. Ийм өгүүлбэр англи, орос ямар ч мэдрэлийн номонд байдаг ч шүүгч нарын гадаад хэлний мэдлэг сул тул түүнийг хувилаагүй, нотариатаар баталгаажуулж илүү зардал гаргаж мэргэжлийн орчуулагчаар орчуулаагүй. Хэдийгээр “Урсомон” нь тархи, мэдрэлийн системд шууд үйлчлэхгүй ч түүнд дотор эрхтэн хүчтэй хордоход тархи мэдрэлийн систем хямардаг. Энэ нь хүн ханиад хүрэхэд халуурч, толгой өвддөгтэй төстэй. Ханиадны бактер тархинд биш уушгинд нөлөөлдөг ч амьсгалын замын эрхтний хямрал, тархи мэдрэлийн системийн ажиллагааг доголдуулдаг. Үүнийг шүүх эмнэлгийн мэргэжилтэн Ө.Сарангэрэл ч мэдэхгүй байгаа нь хачирхалтай.

...Хэрэв 2017 оны хавар сайн эмчилгээ хийлгээгүй бол уналтны өвчнөө улам хүндрүүлж, ааш зангийн улам их өөрчлөлттэй болохыг хэн байг гэхэв. Моносын чанар шалгагч ажилтнуудтай 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр очиж уулзахад тэд захирлынхаа өрөө рүү оруулаагүй, “дарга завгүй байгаа ч хариу өгч утасдана” гэсэн. Үүний дараа ээжтэй маань тус үйлдвэрийн хоёр ажилтан цаг тохирч уулзсан. Тэд “Мэргэжлийн хяналтын газраас шалгалтын баг ирж үйлдвэрийг шалгасан” гэж худал ярьж, хүүдээ тэднийг бүү зовоо, өргөдлөө шүүхэд өгч том компанийн нэр хүндийг унаган тэрсэлдсэнээр юу ч олж долоохгүй гэж сүрдүүлсэн байсан. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 99726222 тоот утсаар нэрээ хэлэхээс татгалзсан “М” -ын ажилтан 2-3 хоног хүлээнэ үү гэсэн нь мөн л худал болж шүүхэд хандсан. ...2017 оны 09 сарын эхээр ЭМЯ-д болсон хуурамч эмийн эсрэг хийх төрөөс баримтлах бодлогын тухай хэвлэлийн бага хуралд сурвалжлагчдад “Урсомон”-д хордсон тухайгаа ярихад, МН25 телевизийн сэтгүүлч надаас ярилцлага авахдаа битгий манай ивээн тэтгэгч “М”  компанийн нэрийг дурьдаарай гэхэд нь зөвшөөрч зөвхөн “Урсомон”-ыг муулсан. Телевизээр гарсны дараа шүүгч намайг үзсэн үү, үгүй юу бүү мэд амь орж, над руу туслах нь утасдаж эхэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хурал дээр миний бие н.Ганзоригийн хүсэлтийг хүндэтгэн үзсэн. Өөр шигээ өвчний оноштой 35 мянган унадаг өвчтэй хүмүүсээ бодож, Шүүх эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудыг ур чадвар муу, сул дорой болохыг мэдээгүйдээ, шүүх хурал түдгэлзэнэ гэж огт бодоогүйгээс саналыг нь зөвшөөрсөн. Тус 2 бодист үнэхээр хордсон тул биеэ золиослон Шүүхийн шинжилгээний хүрээлэн дээр “Урсомон” хорт хүчлийг уун өөрийн биед туршилт хийлгэхдээ цээж хорсох, хүчтэй хөлрөх гэх мэт гаж нөлөө илрэнгүүт эмч нар хоргүйжүүлэх эм, тариа өгнө биз гэж найдсан. Гэтэл шүүх эмнэлгийн эмч нар амьд хүнд туршилт хийдэггүй, зөвхөн хар тамхи шинждэг гэдгээ тайлбарласан. ...Шүүх эмнэлгийн шинжээч эмч гэгдэх Ө.Сарангэрэл надтай нэг ч уулзаагүй мөртлөө “Б нь “эпилепси” өвчтэй хүн юм чинь хаана ч хэзээ ч унах боломжтой тул “Урсомон”-д хордоогүй гэсэн” худал дүгнэлт гаргасныг гайхаж цочирдсон би шүүх эмнэлгийн дарга дээр ороход “тайвширч үз, дараа ирээрэй, ахин судлана” гэж намайг хуурч, үүдний цагдаагаа дуудаж өрөөнөөсөө гаргасан. ...Ө.Сарангэрэл нь картанд бичигдсэн олон жилийн өмнөх хэдэн өгүүлбэрийг уншаад шалган үзэх ёстой хүнээ олж хараагүй байж шинжлэх ухаан, анагаах ухаан өндөр хурдтай хөгжих өнөөгийн 21-р зуунд ийм буруу дүгнэлт гаргаж байгаа нь ичмээр. Шүүх эмнэлгийн эмч нар тархины MRI уншиж чадахгүйгээ надад хэлсэн ба үүнийгээ хүлээн зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 2-ны мягмар гаригын өдрийн цагаар үндэсний телевизээр гарсан. Миний тархины хятад МRI зургийг үзээд өвчний онош зөв хэлчих монгол эмчтэй одоо болтол би дайралдаагүй байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь н.Ганзоригт ямар сэдэвтэй холбоотой, юун тухай асуух гэж буйг шүүгчид бүрэн гүйцэт хэлүүлэлгүй дундуур нь тасалж утгыг алдуулж хохироосон. Даргалагч нь миний тавьсан асуултын эхний хэдэн үгийг давтан хэлж олон удаа шууд тасалсан. Тухайлбал нэхэмжлэл дээр “Фосфолюгель” уусан гэсэн өгүүлбэр байхгүй байгаа биз дээ гэж заан үзүүлэхэд н.Ганзориг хариу хэлэхээс өмнө шүүгч ойлголоо гэсэн мөртлөө шүүхийн шийдвэртээ “Фосфолюгель” ууснаас болж ухаан алдсан болгожээ. Дээр нь н.Ганзоригоос “Урсомон” үйлдвэрлэх эрх авахын тулд хаана ямар шинжилгээ хийлгэсэн тухай баримтыг яагаад бүтэн нэг жилийн турш шүүхэд өгөөгүй юм гэхэд, н.Ганзориг тэр байдлаа өөр газар ярья гээд цааш ярих гэхэд даргалагч шүүгч шууд түүний талд үйлчилж “Урсомон”-той холбоотой юм ярь гэж албаар энэ сэдвээр яриулахыг хорьж, эрэгтэй шүүгч нь “Өөр асуулт байна уу” гэж хариулт авах боломжийг хязгаарлаж байсан. Энэ үед н.Ганзориг нь хэлснээ давтахад даргалагч шүүгч түүний талд үйлчилж “Баа, чамд хариу өгчихсөн байна шүү дээ” гэж бүрэн хариулт авах боломж олгоогүй. Мөн “Урсомон”-ы борлуулалт сүүлийн үед яагаад муудсан юм бол гэж асуухад даргалагч шүүгч өмнөөс нь “За, за өөр асуулт байна уу” гэж н.Ганзоригоос хариулт авхуулаагүй. Хэрэв “Урсомон” чанартай сайн хүчил байсан бол германы “Урсофольк”-аас бүр 2 дахин хямд тэр 2016 оных шигээ хаа сайгүй борлогдох ёстой. Гэтэл энэ асуулт даргалагч шүүгчийн хувьд “Урсомон”-д хамаагүй болж н.Ганзоригоор хариу хэлүүлээгүй. “Урсомон”-ны хадгалах хугацаа яагаад 2 жил болохыг н.Ганзориг тайлбарлаагүй ба Монгол улсын бүрмэл эм үйлдвэрлэх стандарт 2 жил байдаг гэж хариулсан. Гэтэл “Урсомон”-той ижил найрлагатай 5 жил уудаг “Урсофальк” нь капсултай бүрмэл эм ба Моносын “Эзамон”, “Пирацитон” зэрэг бүрмэл эмүүд 3 жилийн хүчинтэй үйлдвэрлэгддэг нь сонин юм. ОХУ-д хятадаас түүхий эд оруулж ирж эм үйлдвэрлэдэг компаниудын бүтээгдэхүүнийг хориглосон байхад яагаад Хятад түүхий эдээр “Урсомон” хийдэг юм гэхэд даргалагч шүүгч н.Ганзоригоор хариу хэлүүлэлгүй түүний өмнөөс “Өөр асуулт байна уу” гэж сэдвийг өөр тийш чиглүүлсэн. “Хуурамч эм үйлдвэрлсэн эмийн компаниуд Монгол улсаас ямар шийтгэл оногдуулдаг вэ”, “Яагаад хэдэн жилийн өмнө “Пирацетамын” жишээн дээр “М”  компани хүмүүст бүтээгдэхүүнээ олноор нь зардаг байсан бол одоо ганц хайрцгаар зардаг болсон юм бэ” гээд цааш асуух гэтэл даргалагч шүүгч “Асуулт чинь юу юм” гэж яриа тасалж өөрөө яриад эхэлсэн. Үүнийг далимдуулж н.Ганзориг асуултын сэдвийг мушгин “Парацетам” ярьж буй тул хариулахгүй гэхэд шүүгч нар бүгд н.Ганзоригын талд орж надаар юм хэлүүлэлгүй таслахдаа “Ганзориг хариулахгүй гэж байна” гэж над руу дайрсан. Шүүгч нар н.Ганзоригын дутуу хариултыг давтан хэлэхдээ тодруулга авах гэснийг болиулан зогсоож байв. Тэд миний тавих хүнд гэмээр чухал асуултуудаас тээршаахдаа “Асуулт чинь дууссан уу, суу” гэж тушаасан. Эрэгтэй шүүгч миний хариултуудыг огт ойлгоогүй байсан. Ингэхдээ бүрэн гүйцэт хариу хэлэх гэснийг үргэлж зогсоохдоо хэлсэн ярьсан зүйлээс энгийн юмыг ахин дахин лавлан асууж байсан. Ө.Сарангэрэлийн буруу шийдвэрийг шүүгч нар бүгд 100 хувь хүлээн зөвшөөрсөн. Үүнээс болж хэлэх гэснээ бүрэн хэлж чадаагүй нэхэмжлэгч хурлын төгсгөлд зарим асуултанд хариулахдаа сар, өдрийн тоо, дугаарыг хольж хутган хэлжээ.

ЭМЯ-д итгэхээ больсон тул “Урсомон” үйлдвэрлэх эрх авахын тулд хүмүүс дээр хийсэн туршилтын үр дүн, мэдээ байхгүй тул туршилтын баримтаас татгалзсан гэсэн тайлбар протоколд ороогүй байсан. Даргалагч шүүгч нь 2016 онд “М”  эмийн санд унасан бичлэгийг шүүх хурлын үеэр шаардсан. 2016 онд бие муу байсан би гадагш гарч чадахгүй байсан ба тухайн үед шүүхэд хандах хүсэл надад төрөөгүй тул бичлэгийг олж авах тухай бодоогүй. Тэгээд ч “М”  ажилтнууд миний хохирсныг бүгд үзсэн, олон гэрч байгаа. 2 жилийн дотор “М” -ыхон тэр бичлэгээ устгах нь ойлгомжтой. Даргалагч шүүгч яагаад энэ бичлэгийг шүүх хурал дээр бүр 5-6 удаа надаас нэхсэнийг ойлгохгүй байна. Уул нь тухайн үеийн “М”  эмийн санд ажиллах гэрчүүдийн мэдүүлэг байхад хангалттай. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр унасан өдрөө мэдрэлийн эмчид үзүүлсэн ба картан дээрээ бичүүлсэн. Гэтэл н.Ганзориг 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр анх эмчид үзүүлсэн тухай баримт картан дээр нь бичээстэй байна гэж худлаа гүжирдсэн. Миний картанд 01 дүгээр сарын 07-ны өдөр үзлэгийн тухай юм огт байхгүй. Худалч тэрбээр сүүлдээ уналтны эсрэг уудаг “Карбамазепин” эмнээс болж хордож ухаан алдсан гэж гүжирдэн ярихад шүүгч нар огт таслаагүй. Сүүлийн хэдэн сар огт унаагүй байсан би даргалагч шүүгчийн буруу шийдвэрт цочирдсондоо тэр шөнө унтаагүй. Сэтгэл санаа хүчтэй хямран явснаас 2018 оны 10 дугаар сарын 9, 13-ны өдрүүдэд ухаан алдсан ч гүйлгэхийн зэрэгцээ шамбарам тусах зэрэг хордлогын шинж амсалгүй мөрөөрөө унаж хэдэн цагийн дараа хэвийн төлөвт орсон. Олсон шархаа шүүгч нарт үзүүлэх гэтэл тэдэнтэй уулзах хориотой тул яаж ч чадаагүй. 10 дугаар сарын 10-ны өдөр шүүгчийн туслахад хазсан хэлээ үзүүлсэн. 10 дугаар сарын 17-ны өдөр гэрч болгон шүүгчийн туслахын гарын үсгийг, оффисыхонтой хамт авах гэхэд бүгд татгалзсан. Тэдний дарга н.Дарьсүрэн дээр орж гарын үсэг зурвал тэдэнд шийтгэгдэх үү гэхэд “надад хамаагүй” гэсэн тул энэ ажил талаар болсон.

Нийслэлийн шүүгч хүсвэл тэднээс энэ тухай асуун лавлаж болно. Даргалагч шүүгч намайг урьд нь сургуульд ажиллаж байгаагүй болгон гүтгэхдээ хөдөлмөрийн дэвтэр нэхсэн. Түүнийг ингэж загнахыг тооцоолоогүй би урьд ажиллаж байсан газруудын захирал, даргын ажлын тодорхойлолтоо авчраагүй. Өвөрмонголд докторантурт суралцахын тулд өндөр боловсролтой байх ёстойг энэ шүүгч хүүхэн ойлгоогүй. Би “Урсомон”-ы хорыг тайлахад зарсан эм, тариа, шинжилгээ, тархины MRI зургийн зардлаа нэхсэнээс биш бүрэн эдгэрэх цаг хугацаа, ажилд орох боломжоо алдан, Өвөрмонголын аж үйлдвэрийн их сургуульд техникийн ухааны докторын 2017 оны хавар хамгаалах ажлаа зогсоож. тэнд зарсан зардал, цаг хугацааны хэдэн арван сая төгрөгөө нэхэмжлээгүй. Би гурван шүүгчид итгэхдээ, “М” -ыг аль болох хурдан мартаж өөр юманд анхаарлаа хандуулахыг хичээж явсан. Шүүх хуралдаанд орохоос өмнө танихгүй хэн нэгэнд өргөдлөө уншин өгч хир ойлгосныг нь лавлан бэлддэг байж. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “М” -ын биш 2 аптекаар орж “Урсомон” авч 3 шүүгч нарт алдаагаа засах боломж олгон өөрийн биеэр ууж үзүүлэх гэтэл аз болж алга байсан. Миний нотлох баримт олон нүүр хуудас болж байхад н.Ганзоригт ЭМЯ-аас олгосон “Урсомон”-ыг 2020 он хүртэл үйлдвэрлэх зөвшөөрлийн тамгатай нэг бичгээс өөр юу ч байхгүй байсан. Хэрэв би “Урсомон”-д хордоогүй бол 2017 оны намар МН25 телевизээр хуурамч эмийн тухай нэвтрүүлгээр өөрт учирсан хохирлоо ярьж бусдыг сэрэмжлүүлэх үү. Иймд үүнийг анхааралдаа авахыг давж заалдах шатны шүүгчдээс хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ө.Б- нь “М Ф” ХХК-д холбогдуулж эрүүл мэндэд учирсан хохирол 367 762 төгрөг, сэтгэл санааны хохиролд 352 600 төгрөг, тархины МRI зураг авахуулах үнийн 480 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ “2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус компанийн “Урсомон” эмийг худалдан авч ууснаар эмийн гаж нөлөө илэрч, хүчтэй цочролд орж, гэдэс гүйлгэн шамбарамтай болсон, эмийн санд үйлчлүүлэх үед ухаан алдаж унахдаа тархиа хагалж 3 оёдол тавиулж хохирсон” гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан “Урсомон эмийн үйлчлэлийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийг хангаснаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1226 дугаартай дүгнэлт гаргасан байна. /хх110-111/ Уг дүгнэлтээр “Урсомон эм нь элэг хамгаалах үйлдэлтэй бэлдмэл, элэгний архаг цочмог үрэвсэл, элэгний анхдагч хатуурал, элэгний дотоод цөсний замын битүүрэлт өвчин, архины гаралтай элэгний эмгэгүүд, цөсний чулуу, улаан хоолой ходоодны сөргөөт үрэвсэл өвчнүүдийн үед эмчийн заалтаар тодорхой тун хэмжээгээр хэдэн хоногоос хэдэн сар, жилээр эмчилгээний зорилгоор хэрэглэдэг бэлдмэл. Мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, Ө.Б-ын ухаан алдаж унаж байгаа нь “Урсомон” эмийг хэрэглэсэнтэй холбоогүй. Ө.Б- нь 1992 оноос толгой манардаг байсан, 1993 онд газар унаад унаж татдаг байсан, уналт таталтын эсрэг карбамазепин эмийг 1 ширхэгээр өдөрт 2 удаа уудаг, 1996 онд шинж тэмдгийн гаралтай уналт таталт өвчний улмаас мэдрэлийн эмчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн хөдөлмөр магадлалын чадвар алдалтыг тогтоолгож байсан” болохыг дүгнэжээ.

 

Түүнчлэн, шүүхээс томилсон Эрүүл мэдийн яам, Эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 18/10 тоот шинжээчийн дүгнэлтээр “Урсомон” эмийг хэрэглэж буй хүнд ухаан алдах гаж нөлөө илрэх талаар судалгааны дүн байхгүй. Уг эмийг хэрэглэх үед суулгах, цөсний чулуу кальцижиж гаж нөлөө илэрч болзошгүй талаар Эрүүл мэндийн яамны LICEMED дээр бичигдсэн байна гээд, эмийн гаж нөлөөний мэдээллийн албан ёсны www.drugs.com болон www.medscape.com сайтууд дээр гүйлгэх, цээж хорсох гаж нөлөө илэрч болзошгүй талаар тэмдэглэсэн байгааг тусгажээ. Мөн уг дүгнэлтээр Урсомон болон Урсосан эмүүд нь Урсдеоксихолын хүчил агуулсан бэлдмэлүүд бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн болохыг тодорхойлсон байна. /хх160/

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын тайлбар, хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Эрүүл мэднийн яам, Эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан шинжлэн судалснаар хариуцагч “М Ф” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Урсомон” эмийг нэхэмжлэгч Ө.Б- эмчийн жорын дагуу ууж хэрэглэсэн эсэх, улмаар түүний бие эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлж гэм хорын хохирол учруулсан эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ө.Б- нь “Ихэр тана” ХХК-иас дээрх эмийг авч хэрэглэсэн гэх баримтыг хэрэгт хавсаргасан байх боловч энэ нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүйн гадна, “Урсомон” эмийг ямар хэмжээгээр хэрхэн хэрэглэх талаарх эмчийн жор болон эрүүл мэндийн дэвтэрт хийгдсэн бичилтгүй байна. /хх42/

 

Иймд Ө.Б-ыг “М Ф” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Урсомон” эмийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр жорын дагуу худалдан авч хэрэглэснээр уг эмэнд хордож, эрүүл мэнд болон сэтгэл санааны хувьд хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн биед тухайн эмийн нөлөөллөөс шалтгаалж гэм хор учирсан гэх нөхцөл байдал нь хариуцагчийн шууд буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн буюу тэдгээрийн хооронд гэм буруугийн шалтгаант холбоо тогтоогдоогүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь “шүүх бүрэлдэхүүн миний тайлбарыг таслан, хэлэх үг, өгүүлбэрийн утгыг алдагдуулсан, ач холбогдолтой асуултыг асуугаагүй, шүүх хуралдааныг олон удаа хойшлуулсан нь өөрийн гаргасан хүсэлтээс татгалзахад хүргэсэн, шүүх хуралдааны тэмдэглэл хугацаандаа гараагүй, алдаатай, эмийн нэр буруу бичсэн, бичлэг болон тэмдэглэлийг харьцуулан сонсоход зөрүүтэй бичигдсэн, нотлох баримтыг шүүх буруу хадгалснаас утга уншигдахгүй болсон, хариуцагч худал ярьж гүтгэсэн, шинжээч нар тодорхой бус дүгнэлт гаргасан” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргаж мэтгэлцэх үүрэгтэй. Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “шүүх хуралдаан даргалагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авах”-аар зохицуулжээ. Шүүх хэргийн оролцогчоос тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тайлбар хийж буй тохиолдолд хуульд нийцүүлэн шаардлага тавьсныг буруутгахгүй бөгөөд талуудын мэтгэлцэх болон бусад эрхийг хангаагүй буюу хязгаарласан гэж үзэхээргүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан “н.Эрдэнэчимэгийг гэрчээр оролцуулах” хүсэлт, “Урсомон эмийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхтэй холбоотой явуулсан туршилтын талаарх баримтыг гаргуулах” хүсэлт тус бүрийн шүүх хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч дээрх хүсэлтээсээ татгалзсан нь хэргийн оролцогчийн эдлэх эрхэд хамаарах тул нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг шүүх зөрчөөгүй гэж дүгнэв. /хх136, 141, 173, 210/

 

Мөн шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн тохиолдолд шүүх хуралдааны оролцогчийн санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар зохицуулсан атал нэхэмжлэгч тухайн хуралдааны тэмдэглэлд засвар оруулах талаар шүүхэд санал болгосон зүйлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар болон гомдолд дурдсан “Их тана” ХХК-ийн эм худалдан авсан тухай баримтыг шүүх буруу хадгалснаас утга уншигдахгүй болсон, эсхүл нэхэмжлэгч ийнхүү уншигдахгүй баримт өгсөн эсэхийг тогтоох боломжгүй юм.

 

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзсэн бол өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэх талаар хэргийн оролцогч шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд ийнхүү хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх санаачилгаараа шинжээч томилох боломжгүй тул энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02419 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШЗ2018/12352 дугаар шүүгчийн захирамжаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА