Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00987

 

 

 

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00987

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: 

нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: С

 

холбогдох,

 

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулах тухай гомдол шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан бол Энхжаргал гэдэг хүн анх 2014 онд Баянзүрх захад өдрийн 10 хувийн хүүтэй зээл гаргадаг байсан, Баянзүрх дүүрэгт олон лангууны хүмүүс зээл гаргаж байна гээд би зээл авч зочид буудал, ресторан, караоке ажиллуулдаг тэрийгээ төлөөд, түрээсээ төлж чадахгүй болохоороо Энхжаргалаас мөнгө авдаг байсан, манай өрөөнд нэг ажил хийж хүмүүсийн мөнгийг хурааж авдаг байсан тэр үед манай 8 жил ажиллуулсан зочид буудал ресотран, караоке маань зарагдахаар болоод нэг л өдөр ажилгүй болсон. 11,000,000 төгрөг авчхаад эргээд төлж байсан, Энхжаргал гарын үсэг зураад би төлөөд өдөр болгон 260,000 төгрөг төлөөд явж байсан чинь ажилгүй болоод төлж чадахааргүй болсон, үлдэгдэл нь 8,710,000 төгрөг үлдсэн, 2015 онд надаас нэхэмжлэл гаргаад 27,000,000 төгрөг нэхсэн би 27,000,000 төгрөг аваагүй, 8,000,000 төгрөгөө төлнө гэхэд манай гэрийн гадаа ирээд зүгээр чи гарын үсэг зурчих айгаад байх юм байхгүй сар бүр 50,000 өгөөд байна гээд хэдэн удаа машинтайгаа ирээд чамайг энэ мөнгийг төлөхгүй бол чамайг шоронд хийнэ, хэдэн хүүхдүүдийг чинь асрамжийн газар өгнө гээд Энхжаргалын энэ мөнгийг төлж чадаагүй шалтгаан бол 5 өнчин дүү, 3 хүүхэд, настай ээжтэйгээ амьдардаг, өвчин гараад 2 жил ажилгүй байсан,шүүхийн шийдвэр гарсан 20,000,000 төгрөгийг 2015 онд гарсан би хуулиа мэдэхгүй тухайн үед эвлэрлийн гэрээн дээр гарын үсэг зурчихсан, хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна миний амьдарч буй 3 өрөө байранд үнэлгээ хийж 143,000,000 төгрөгөөр үнэлж, би барьцаалаагүй тул үнэлгээ хийлгэмээргүй байна, би 4,000,000 төгрөг хийсэн, төлбөрт хөрөнгийг үнэлүүлэхгүй, шинжээчийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн тул шинжээчийн үнэлсэн үнэлгээ нь хэт доогуур байна ойр орчмын байр нь 200,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна, иймд шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна... гэв.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбартаа: ... С.*******гаас 20,000,000 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид 147,350 төгрөгийг гаргуулж Д.Энхжаргал гэх хүнд олгуулахаар 2015 онд шийдсэн шийдвэр гүйцэтгэгч нь өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй байсан тул С.*******гийн өмчлөлийн хөрөнгө болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо 45 дугаар байр, 45 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасны дагуу 3 өрөө орон сууцыг битүүмжлэх ажиллагаа хуулийн дагуу явуулж талуудаас Иргэний хуулийн 177-д заасны дагуу үнийн саналыг авахад харилцан тохиролцон хөндлөнгийн шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж 40мкв талбайг 143,000,000 төгрөг болсон тул 3 өрөө орон сууцыг битүүмжилж хураах үйл ажиллагааг хуулийн хугацаанд явуулсан Сэлэнгэ эстимэйт ХХК үнэлгээний тайланг гаргаж талуудад хуулийн хугацаанд гарган танилцуулсан, 84-р зүйлд заасны дагуу ажиллагааг явуулсан анхны албадан дуудлага худалдаа 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж 143,640,000 төгрөгийн 70 хувиар анхны дуудлага худалдаа явуулсан боловч үнийн санал ирэлгүй худалдан борлуулагдаагүй, 2022 оны 01 сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2 дахь албадан дуудлага худалдаагаар 71.832.020 төгрөгөөр худалдан борлуулахаар болж нийт үнийн дүнгийн 50 хувиар буурч 115 000 000 төгрөгөөр борлуулагдсан. Иймд нэхэмжлэгч ******* гуай хүртэл санал тавьж байсан Д.Энхжаргалын барьцаанд тавиагүй байр дуудлага худалдаа явуулах боломжгүй гэж байсан бид барьцаалагчийн үлдсэн хөрөнгөөс гаргуулах ажиллагаа хуулийн дагуу явагдсан нэхэмжлэгч үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж байна, гардаж авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг. Иймд гардаж авснаас хойш 2,3 сарын дараа гомдол гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгч С.*******гийн шүүхэд ирүүлсэн

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

С.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4 дүгээр тал/

НШШГГ-ын Мэдэгдэл /хэргийн 5, 8 дугаар тал/

2015.4.07-ны өдрийн 102/ШШ2015/00235 дугаар шүүгчийн захирамж /хэргийн 7 дугаар тал/

2022.01.04-ний өдрийн 1/3 дугаар Анхны дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хэргийн 9 дүгээр тал/ баримтууд

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 11 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 17 дугаар тал/

2015.6.23-ны өдрийн 1748 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 17 дугаар тал/

2015.6.23-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хэргийн 19 дүгээр тал/

2015.4.07-ны өдрийн 102/ШШ2015/02235 дугаар захирамж /хэргийн 20-21 дүгээр тал/

2015.6.24-ний өдрийн 15250659 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол /хэргийн 22 дугаар тал/

Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, тэмдэглэл, анхны болон 2 дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоол тэмдэглэлүүд /хэргийн 23-29, 31, 42-54, 62, 65-74,78, 113-123, 126-151 дүгээр тал/

НШШГГ-ын албан бичгүүд /32 дугаар тал/

НШШГГ-ын 2016.02.01-ний өдрийн 1/4251 дугаар Дансны хасалт хийх тухай албан бичиг, тэмдэглэл /хэргийн 33-34 дүгээр тал/

НШШГГ-т ирүүлсэн хариу албан бичгүүд /хэргийн 35-41, 55-60 дугаар тал/

2020.01.17-ны өдрийн 15250659/143 дугаар Арилжааны банкуудад тогтоол /хэргийн 54 дүгээр тал/

С.*******, О.Төмөрмөнх нарын эд хөрөнгийн гэрчилгээ /хэргийн 61 дүгээр тал/

Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хэргийн 63-64 дүгээр тал/

С.*******гийн Санал хүргүүлэх тухай хүсэлт /хэргийн 75 дугаар тал/

Д.Энхжаргалын хүсэлт /хэргийн 76 дугаар тал/

О.Төмөрмөнхийн хүсэлт /хэргийн 77 дугаар тал/

ЭБО Инвест ББСБ-ын хүсэлт /хэргийн 79 дүгээр тал/

2020.11.25-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол /хэргийн 80-85 дугаар тал/

Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 85-112, 124-125 дугаар тал/

НШШГГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 152 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх гомдол шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч гомдол шаардлагын үндэслэлээ ...барьцаалаагүй хөрөнгийг төлбөрт тооцон хураан авсан, хураан авсан хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах хүсэлтэй... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбар нотлогдохгүй байна... гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/02235 дугаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Д.Энхжаргал нэхэмжлэлийн шаардлага болох 27 350 770 төгрөгийн 7 350 770 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.******* үлдэх 20 000 000 төгрөгийг 2015 оны 05 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгасан байхаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 20-21 дүгээр тал/

 

6. 2015 оны 06 сарын 23-ны өдрийн 102/ШЗ2015/17000 дугаар тус шүүхийн шүүгчийн захирамж гарч дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хэргийн 18-19 дүгээр тал/

 

7. 2015 оны 06 сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэх, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг авах, эд хөрөнгө битүүмжлэх, хураах, төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байна. /хэргийн 22-74 дүгээр тал/

 

8. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу битүүмжилж хураан авсан, төлбөр төлөгч С.*******, иргэн О.Төмөрмөнх нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Y-2205006601 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 хороолол, 45 байр, 45 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч 400 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Д.Энхжаргал зөвшөөрөөгүй, үнийн талаар талууд тохиролцоогүй, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хэргийн 75-79 дүгээр тал/

 

9. 2020 оны 11 сарын 25-ны өдөр Сэлэнгэ Эстимэйт ХХК ХХК-ийг шинжээчээр томилж төлбөр төлөгч С.*******, иргэн О.Төмөрмөнх нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохоор томилж, 2021 оны 12 сарын 01-ний өдөр шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 143 664 040 төгрөг гэж тогтоожээ. /хэргийн 80-112 дугаар тал/

 

10. Шинжээчийн дүгнэлт буюу нэр бүхий үл хөдлөх хөрөнгийг 143 664 040 төгрөгөөр үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, тайланг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, энэ тухай мэдэгдлийг 2021 оны 12 сарын 01-ний өдөр төлбөр авагч, төлбөр төлөгч, мөн иргэн О.Төмөрмөнх нарт шуудангаар хүргүүлж, биечлэн танилцуулж тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 113-124 дүгээр тал/

 

11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гаргах эрхтэй гэж заасан ба С.******* хуульд заасан хугацаа хэтрүүлж 2022 оны 01 сарын 06-ны өдөр шүүхэд гомдлоо ирүүлсэн байна. /хэргийн 1 дүгээр хуудас ар тал/

 

12. Нэхэмжлэгч хуульд заасан хугацаа хэтрүүлж гомдлоо гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар ямар нэг баримт ирүүлээгүй.

 

13. Нэхэмжлэгчийн ...барьцаалагдаагүй хөрөнгийг хураан авч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй... гэх гомдлын үндэслэл дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг олж тогтоох зорилгоор хууль тогтоомжийн дагуу бүртгүүлбэл зохих хөрөнгө, тэдгээрийн эрхийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандаж лавлагаа тодорхойлолт гаргуулах, хөрөнгийг битүүмжлэх, хураан авах эрхтэй бөгөөд түүний явуулсан эдгээр ажиллагааны талаар талууд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй байна. Шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй газар үл хөдлөх хөрөнгийг олж тогтоон, эрхийг нь түдгэлзүүлж битүүмжлэн хураан авсан байна. Шийдвэр гүйцэтгэгчийн энэхүү ажиллагаанд талууд гомдол гаргаагүй тогтоол хүчин төгөлдөр байна. /хэргийн 30, 61-64 дүгээр тал/

 

15. Иймд нэхэмжлэгчийн барьцаалагдаагүй хөрөнгө хураан авсан гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

 

16. Нэхэмжлэгчийн ...ойр орчмын байр 200 000 000 төгрөгийн үнэлгээтэй байна, ...манай хажуу орцны хүн 3 өрөө байраа 186 000 000 төгрөгөөр зарсан байна... шинжээч төлбөр хураагдсан хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн... гэх өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй, энэ талаар хэрэгт ямар нэг баримт ирүүлээгүй.

 

17. Сэлэнгэ эстимэйт ХХК хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо үнэлгээний олон улсын стандарт, МУ-ын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу хөрөнгийн мэдээлэл буюу барилгын бүтээц хийц, зориулалт байршил, шугам сүлжээ, ашиглалтад орсон байдал, талбайн хэмжээ, өмчлөл, байршил, хүрээлэн буй орчны байдал, тээврийн үйлчилгээ зэрэг хөрөнгийн шинж байдал, онцлог, зориулалт шинж байдлуудыг бусад хөрөнгүүдтэй харьцуулан жишиж судлан орлогын хандлагын аргаар 59 564 933 төгрөг, жишиг үнийн аргаар 143 664 040 төгрөгөөр тооцон жишиг үнийн аргад 100 хувь ач холбогдол өгөн эцсийн үнэлгээг 143 664 040 төгрөг гэж тооцсон шинжээчийн үнэлгээ баримтаар нэхэмжлэгчийн төлбөр хураагдсан орон сууц хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

18. Нэхэмжлэгч өөрийн шаардлага тайлбартай холбоотой буюу хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбар татгалзлаа нотлоогүй шүүхэд энэ талаар ямар нэг баримт сэлт хүсэлт гаргаагүй болно.

 

19. Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг зөрчиж төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүх С.*******гийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2021 оны 12 сарын 01-ны өдрийн төлбөрт хураагдсан орон сууц үл хөдлөх хөрөнгийг 143 664 040 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн тогтоосон шинжээчийн дүгнэлт үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай С.*******гийн гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ