Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00973

 

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00987 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Б-гийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б-, түүний өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би Д.Э-аас мөнгө зээлсэн бөгөөд Д.Э- нь 2015 онд нэхэмжлэл гаргаж, надаас мөнгөө нэхсэн. Мөнгөө төлнө гэхэд гэрийн гадаа ирээд гарын үсэг зурчих айгаад байх юм байхгүй сар бүр 50,000 төгрөг өг, энэ мөнгийг төлөхгүй бол чамайг шоронд хийнэ, хэдэн хүүхдүүдийг чинь асрамжийн газар өгнө гээд байсан. Д.Э-ын мөнгийг төлж чадаагүй шалтгаан нь 5 өнчин дүү, 3 хүүхэд, настай ээжтэйгээ амьдардаг, өвчин гараад 2 жил ажилгүй байсан. 20,000,000 төгрөгийн тухайд би хуулиа мэдэхгүй, тухайн үед эвлэрлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Би орон сууцаа Д.Э-д барьцаалаагүй байхад миний орон сууцыг 143,000,000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур гарсан. Ойр орчмын байр нь 200,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна, иймд шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: С.Б- нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад түүний өмчлөлийн хөрөнгө болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо 45 дугаар байр, 45 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг битүүмжлэх ажиллагаа явуулсан. Талууд хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр С- ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгосон. Шинжээч нь тус орон сууцыг 143,664,040 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээг талуудад мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай С.Б-гийн гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Миний бие 80 настай ээж, 3 өнчин хүүхэд, өөрийн дүү нараа асардаг өрх толгойлсон эмэгтэй юм. 2020 онд ээж маань хорт хавдар тусч, хавдар нь эд эрхтэнрүүгээ үсэрхийлж 2 нүд нь хараагүй болсон. 2015 оноос ажил бизнес дампуурах үед иргэн Д.Э-д 8,710,000 төгрөгийн өртэй үлдсэн. Ээж, хүүхдүүд, дүү нараа хоолгүй хонуулж яваа би Д.Э-ын мөнгийг өгч чадахгүй явсаар ковид 19 цар тахал гарч бүр хүнд байдалд орсон. Д.Э- нь надаас 20,000,000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Би өмгөөлөгч авах мөнгөгүй тул учраа олохгүй явсаар орон сууцаа дуудлага худалдаанд оруулах болсон. Д.Э-д орон сууцаа барьцаалаагүй гомдолтой байна. Ээжийгээ дагуулаад гудамжинд гарах болж байгаа ч орон сууцаа алдмааргүй байна. Үнэн зөвийг хууль тогтоомжийн дагуу шалгаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хуульд заасны дагуу үнэлгээ хийлгэхээр хөндлөнгийн шинжээч томилж 143,664,040 төгрөгөөр үнэлгээ тогтоож талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. С.Б- нь нэхэмжлэлийн шаардлага болон анхан шатны шүүх хуралдааны явцад үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлахдаа зах зээлийн ханшнаас хэт доогуур гэж тайлбарласан болохоос нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийг нотлох баримтын үндсэн дээр гаргадаг. Ийм учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/02235 дугаар захирамжаар Д.Э- нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,350,770 төгрөгийн 7,350,770 төгрөгөөс татгалзаж, С.Б- нь 20,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 20-21-р тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

 

4.а.Төлбөр төлөгч С.Б- нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Д.Э-ын хүсэлтээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1748 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 18-р тал/

 

4.б.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, төлбөр төлөгч С.Б-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн байна. /хх-ийн 42, 46, 48, 50-51-р тал/.

 

Улмаар хариуцагч байгууллага нь төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийг авч, түүний банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх ажиллагааг гүйцэтгэж, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 45-р байр, 45 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006601 дугаарт бүртгэлтэй, гурван өрөө орон сууцыг битүүмжилжээ. /хх-ийн 30, 54, 58-р тал/. Төлбөр төлөгч С.Б- нь дээрх ажиллагаануудтай холбоотойгоор хуульд заасан хугацаанд гомдол гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

4.в.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, С.Б- нь дээрх 3 өрөө орон сууцыг 400,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Д.Э- эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-75-77-р тал/

 

4.г.Талууд дээрх байдлаар дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллага нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр С- ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 80-р тал/

 

4.д.Хөрөнгийн үнэлгээний С- ХХК нь дээрх 3 өрөө орон сууцыг 143,664,040 төгрөгөөр үнэлснийг хариуцагч байгууллага нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгджээ. /хх-ийн 86-109, 118-123-р тал/. Эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хуулиар тусгайлан зохицуулсан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар талууд үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах журамтай.

 

4.е.Гэвч төлбөр төлөгч С.Б- нь үнэлгээний мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан атлаа 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гомдол гаргаж, дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нөгөө талаар, хөрөнгийн үнэлгээний С- ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэсэн байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч нь орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо Д.Э-д байраа барьцаалаагүй гэх үндэслэлийг заажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 76, 84 дүгээр зүйлд төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх дарааллыг зохицуулсан бөгөөд хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа дээрх хуульд заасан дарааллыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг мөн хангах боломжгүй.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг буруу бичсэн, мөн маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалт баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт нийцээгүй байх тул дээрх алдааг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00987 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн гэж, ... 122 дугаар зүйлийн 122.5,... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ