Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/01113

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 7 хороолол, 100 айл, 22 байр, 20 тоот хаягтай, рд:5811481, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 6 хороо, ЭТӨЧ, 59а байр, 201 тоот хаягтай, рд:ө5320534, ******* ******* ******* энержи ХХК-д холбогдох,

 

2019.8.12-ны өдрийн 08-01 дугаартай Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 99 540 113 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.,

хариуцагчийг төлөөлж У.*******-*******,

хариуцагчийн өмгөөлөгч С. нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ******* энержи ХХК-д холбогдуулан 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 08/01 тоот Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 99 540 113 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...нэхэмжлэгч компани нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ******* ******* ******* ******* ХХК-тай Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх 08-01 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд ажлыг 150,000,000 төгрөгийн өртөгтэйгөөр 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дотор бүрэн дуусган хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба хүлээлгэн өгөх өдрөөс хойш 88 хоногийн хугацаа хэтэрсэн байна. 2019 онд урьдчилгаа төлбөр болох 71,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд явцын төлбөрт 30,000,000 төгрөгийг компанийн ажлыг гүйцэтгэж байгаа Э.*******д төлсөн. Ажил гүйцэтгэгчээс ажлыг гүйцэтгэж байгаад бүрэн дуусгалгүй алга болсон ба гэрээ байгуулсан компанитай холбогдоход бид мэдэхгүй наад хүнтэйгээ учраа ол гэх мэтээр хариу өгдөг. ******* ******* ******* ******* ХХК нь ажлыг удирдан гүйцэтгэх Э.*******ыг төлбөр тооцоо болон гэрээгээр тохиролцсон ажилтай холбоотой асуудлаар бүрэн төлөөлнө гэж итгэмжлэл олгосон байдаг. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажилд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэлийн төсөв гаргуулахад 41,059,887 төгрөгийн үнэлгээ гарсан. Гэрээний дагуу 150,000,000 төгрөгт ажил гүйцэтгэхээс 41,059,887 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа ба нийт төлсөн 101,000,000 төгрөгөөс хасахад үлдэгдэл 59,940,113 төгрөг болж байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.10-т ...тус ажил нь гэрээт ажил гүйцэтгэгчээс шалтгаалж хугацаа хэтэрвэл гэрээний үнийн дүнгийн 0,3%-иар хоног тутамд алданги хүлээнэ... гэж зааснаар алданги хүлээх үүрэгтэй ба хэтэрсэн 88 хоногт харгалзах алданги нь 39,600,000 төгрөг болно. Иймд талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 08-01 дугаартай Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч ******* ******* ******* энержи ХХК-иас 99,540,113 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч ******* ******* ******* энержи ХХК хариу тайлбартаа: ... ******* Констракшн ХХК нь манай компаниас гэрээний дагуу 99,540,113 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарснаас харахад тэд бодит байдлыг нуух замаар манай ******* ******* ******* энержи ХХК-ийг анхнаасаа ямар ч ажил гүйцэтгээгүй гэдгийг мэдсээр байж, ажил гүйцэтгэсэн мэт дүр үзүүлэн хийсэн хэлцлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Бидний хооронд байгуулагдсан гэх гэрээ нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянширээт ХХК-ийн үйлчилгээний барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахад барилгын цахилгааны ажлыг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хийж гүйцэтгэсэн мэт харагдуулахад шаардлагатай бичиг баримтад ашиглах зорилготойгоор байгуулагдсан байсан юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасны дагуу барилгын цахилгааны ажлыг гүйцэтгэсэн мэт дүр үзүүлэн хийсэн 2019 оны 08 дугаар сарын 12- ны өдрийн 08/01 дугаартай Гадна цахилгаан ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. ******* жил эл энержи ХХК барилгын материалын худалдаа, засвар, засал чимэглэл, гадаад худалдаа, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн зуучлал болон 0.4-220 квт цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт, түүнийг турших, тохируулах ажил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны 06 сарын эхээр ******* ******* ******* компанийн хамтрагч Мастер электрик ХХК-ийн захирал нь өөрийн  найз *******тай *******бат нарыг дагуулж ирээд Баянгол дүүрэг, 6 хороо Энхтайвны өргөн чөлөө гудамж 59а-201 тоотод байрлах ******* ******* ******* ******* ХХК-ийн оффис дээр ирж уулзалт хийсэн. Уулзах болсон шалтгаан нь *******, *******бат нар нь Баянширээт ХХК-ийн үйлчилгээний талбайн гадна цахилгаан хангамж 2х630квт-ын дэд станц барих барилгын угсралтын ажлыг ******* ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэж байгаа ба тэдний хамтран ажиллаж байсан өмнөх компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гээд ******* ХХК-ийн зүгээс дахин тусгай эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах хүсэлтийг тавьсан байдаг. Үүний дагуу  ******* ХХК-ийн захирал Батсайхан, ерөнхий инженер Алтаншагай, *******, ******* ******* ******* энержи ХХК-ийн захирал *******-эрдэнэ нар бүгд уулзаад хийсэн ажил болон хийгдэх ажил Өлзийсаруулын өмнө нь барилгатай холбоотой хийсэн ажил, урьдчилгаа хичнээн төлбөр тооцоо авсан талаар тодруулаад цаашдаа энэ барилгыг улсын комисст байнгын ашиглалтад шаардлагатай бичиг баримтуудыг шинжлэн судлуулсан боловч 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 08-01 дугаартай гэрээг энэ он сараар огноолсон боловч 2020 оны 08 сарын 12-ны өдөр гэрээний он сарыг нөхөж гэрээ байгуулсан. Энэ гэрээний гол зорилго юу байсан  гэхээр барилга, байгууламжийг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгөхөд заавал тусгай зөвшөөрөлтэй  бичиг баримт шаардлагатай учраас ийм нөхцөл байдалтай гэрээ байгуулсан. ******* ******* ******* энержи ХХК-ийн зүгээс 2019 онд ч тэр 2020 онд ч тэр компанийн удирдлагаас нэг ч ажилтан, алба хаагчид нэг ч ажил гүйцэтгээгүй гэдгийг захирал Батсайхан, инженер Алтаншагай, гэрч ******* нарын мэдүүлэгээр тогтоогддог. Уг барилгын гадна цахилгааны ажлыг тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 2019 онд Өзлий саруул Конарч ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн  дээр үйл ажиллагаа явуулж байсан. Уг гэрээг байгуулахаас өмнө ******* гэх хүний Хаан банкны 5027589000 дугаартай дансанд нийтдээ  71,000,000 төгрөгийг шилжүүлсэн  гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. ******* ******* ******* ******* ХХК-ийн дансанд нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэлтэй холбоотой нэг ч төгрөг ороогүй. Энэ талаарх санхүүгийн баримтууд хэрэгт авагдаагүй мөн шилжүүлсэн мөнгийг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарладаг боловч энэ гэрээний заалтад 2019 онд иргэн Өлзийсайханд төлсөн ******* ******* ******* ******* ХХК нь хариуцна гэсэн үг, өгүүлбэр байхгүй.  2020 оны 06 сарын 08-ны өдөр ******* ******* ******* ******* ХХК-иас иргэн *******д итгэмжлэл олгосон. Итгэмжлэл олгосны дагуу захиалагч гүйцэтгүүлэгч компанийн зүгээс ажил үүргийн хуваарь ямар нэг доголдолгүй байсан учраас 2020 оны 06 сарын 09-ний өдөр санхүүжилт болгож 30,000,000 төгрөгийг *******д шилжүүлсэн байдаг. Энэ нөхцөл байдалтайгаар холбоотойгоор гэрч *******ын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Гүйцэтгүүлэгч компани өөрөө  трансформатр нийлүүлэх ёстой байсан юм байна. Энэ бол гэрээний 1.4-т заасан байгаа үүнд цахилгаан хангамжийн угсралтын ажлыг бүрэн алдаагүй хийж, хүлээлгэж өгөх нөхцөлтэй 150,000,000 төгрөгт багтаан хийж гүйцэтгэнэ. Энэхүү үнэд хуурай трансформатр бусад материал, цалин хөлс орсон тус үнэд нөат ороогүй болно. Гэрч *******ын мэдүүлэгээр яг энэ компанийн зүгээс нийлүүлэх байсан трансформатраа нийлүүлээгүй маш их хугацаа алдсан. Шаардахаар мөнгө байхгүй та бүхэн өөрсдөөсөө мөнгө гаргаад авцгаа гэсэн ч мөнгө байхгүй байсан учраас хугацаандаа өгч чадалгүй хойшилсон. Энэ хойшилсон нь яаж тогтоогддог вэ гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, шинжээч Энхбаяр нь инженер Алтаншагай нар нэхэмжлэгч талаас хурлын тэмдэглэлд түлхүүрийг аваад ирэхгүй юу? Өндөр тал, нам талыг онгойлгоход хэрэгтэй байна. Гэрээнд гүйцэтгэгч ХХК нь 630квт чадалтай трансформатр авахгүй юм байна тийм үү гэхэд Алтаншагай хариулахдаа: Тийм манай компаниас трансформатораа нийлүүлэх байсан  юм аа гэх тайлбар байгаа. Тэгэхээр энэ трансформатораа хэзээ нийлүүлээд ирээд хэзээ дууссан талаар ямар ч баримт байхгүй, ажиллагааны талаар Үндэсний төв архиваас уг барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан улсын комисст хүлээлгэж өгөхдөө цахилгааны гадна ажлыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаар холбогдох баримтуудыг нотлох баримтаар авхуулсан. Нийлүүлэх байсан трансформаторыг гэрээний хугацаанд нийлүүлсэн гэх нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт байхгүй. Гэрч *******, Алтаншагай нарын мэдүүлэгт трансформатор нийлүүлэхгүй маш их хугацаа алдсан нь харагдаж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Хариуцагч ******* ******* ******* энержи ХХК сөрөг нэхэмжлэлдээ: ... сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 08/01 дугаартай гадна цахилгаан болон тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлтэй агуулгын хувьд адил байгаа. 2020 оны 06 сарын 08-ны өдөр гадна цахилгааны ажил болон тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурж тамга дарсны дараагаар ******* ХХК болон бидний хооронд байгуулсан гэрээнд Баянгол дүүрэг,14 хорооны нутаг дэвсгэрт байрлаг Баянширээт ХХК-ийн үйлчилгээний барилгыг улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулахад барилгын цахилгааны ажлыг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хийж гүйцэтгэсэн мэт харагдуулахад шаардлагатай бичиг баримт ашиглах зорилготойгоор байгуулагдсан гэрээ байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагу барилгын цахилгааны ажлыг гүйцэтгэсэн мэт дүр үзүүлэн хийсэн дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад нэхэмжлэгч хариу тайлбар ирүүлсэн. Тайлбарын агуулга бол энэ байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь талуудыг хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, талууд баталгаажуулж тамга тэмдэг, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл мөн юм. Энэ гэрээн дээр зурж, дарсан тамга тэмдэг, гарын үсэг дээр зурсан, зураагүй гэх маргаан байхгүй. Зөвхөн гэрээ хийхээс гадна, итгэмжлэл өгдөг. Манай талаас энэ ажлыг Э.******* гэх хүн хариуцаж хийнэ. Энэ хүнтэй шууд харьцаж, төлбөр мөнгөө хийгээрэй гээд итгэмжлэлийг нэмж гэрээтэй холбогдуулж хийсэн. Шүүхэд гэрээний үүрэг шаардахтай ажил гүйцэтгэхтэй холбоотой хариуцлагын асуудал ярихаар дүр үзүүлж хийсэн хэлцэл байсан гээд байна. Тусгай зөвшөөрөлтэй компани шаардлагатай байсан учраас дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж ярилаа угаасаа гадна цахилгааны ажлыг тусгай зөвшөөрөлтэй компани хийх ёстой тэрнийхээ дагуу л хийж байгаа.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

6. I хавтаст хэргээс

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ирүүлсэн нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-4 дүгээр тал/

*******т тауэр ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/

Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт /хэргийн 7-11 дүгээр тал/

******* ******* ******* энержи ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, Итгэмжлэл, УБГ, мэдээлэл /хэргийн 12-17 дугаар тал/

Кассын зарлагын ордер, банкны шилжүүлгийн баримт /хэргийн 18-19 дүгээр тал/

Гүйцэтгэлийн төсөв баримт /хэргийн 31-37 дугаар тал/

Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /хэргийн 53 дугаар тал/

Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 61 дүгээр тал/

Ч.Батсайханы Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 103 дугаар тал/

Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 104-106 дугаар тал/

 

7. Хариуцагчийн ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 26 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 27-29 дүгээр тал/

******* ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 30 дугаар тал/

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага /хэргийн 39-41 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж /хэргийн 42 дугаар тал/

Баянгол дүүргийн Прокурорын 2020.11.12-ны өдрийн 5224 дугаар тогтоол, гомдол /хэргийн 45-50 дугаар тал/

Хаан банкны мөнгөн шилжүүлэг /Э.Өлзийсүрэн/ /хэргийн 92 дугаар тал/

 

8. Шүүхээс

зохигчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021.01.27-ны өдрийн 1352 дугаар захирамжийн дагуу ирүүлсэн Баянгол дүүргийн Прокурорын газрын баримтууд, гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 64-79 дүгээр тал/

зохигчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021.03.25-ны өдрийн 4115 дугаар захирамжийн дагуу ирүүлсэн Хаан банк ХХК-ийн баримтууд, орлогын гүйлгээ /хэргийн 96-98 дугаар/ тал

Гэрч Д.Алтаншагай, Э.******* нарт хууль сануулсан баримт /хэргийн 107 дугаар тал/

Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 138-146 дугаар тал/

Тус шүүхийн шүүгчийн 2022.3.09-ний өдрийн 4180 дугаар захирамжийн дагуу ирүүлсэн Үндэсний төв архиваас ирүүлсэн баримтууд

Галт эрчим ХХК-ийн Гүйцэтгэлийн бичиг баримт /хэргийн 154-250 дугаар тал/

II хавтас хэргээс

Галт эрчим ХХК-ийн Гүйцэтгэлийн бичиг баримт /хэргийн 1-13 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх 150.000.000 төгрөгийн хөлстэй гэрээ байгуулсан. Төлбөр тооцоо болон гэрээгээр тохиролцсон ажилтай холбоотой асуудлаар Э.******* компанийг бүрэн төлөөлнө гэсэн итгэмжлэлийн үндсэн дээр ажлаа гүйцэтгүүлэхээр тохирсон ч ажлаа хүлээлгэн өгөлгүй орхиж явсан. Ажлын гүйцэтгэлийн төсөв баримтаар 41 059 887 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нийт төлсөн төлбөрөөс хасахад 59 940 113 төгрөгийг гэрээнд заасан алдангийн хамт 99 540 113 төгрөг нэхэмжилнэ. Талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, тамга тэмдэг гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр хэлцэл мөн. Гэрээ хийхээс гадна итгэмжлэл өгдөг... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ... ******* ******* ХХК нь ******* ******* ******* энержи ХХК-ийг ямар ч ажил гүйцэтгээгүй гэдгийг мэдсээр байж, дүр үзүүлсэн хэлцэл хийж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Уг гадна цахилгааны ажлыг улсын комисс хүлээн авахад тусгай зөвшөөрөлтэй компани хийсэн мэтээр харуулах гэж бичиг баримтыг ашиглах зорилгоор байгуулагдсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч буюу захиалагч *******т тауэр ******* ХХК Баянгол дүүрэг, 17 хороо, Баянширээт ХХК-ийн үйлчилгээний барилгын цахилгааны ажлыг буюу 630ква2-н цахилгаан хангамжийн угсралтын ажил, гадна ажлын материал ажлын хөлс, ХТП 10кВ/04-ийн дэд өртөө материал ажлын хөлс, зураг төсөл боловсруулах болон баталгаажуулах ажил, дэд өртөө болон гадна ажлыг улсын комисст хүлээлгэн өгөх гээд бүх ажлыг иж бүрнээр гүйцэтгэгч буюу хариуцагч ******* ******* ******* энержи ХХК-аар 2019 оны 08 сарын 12-ны өдрөөс 2020 оны 07 сарын 05-ны өдрийн дотор цахилгаан хангамжийн угсралтын ажлыг бүрэн алдаагүй хийж хүлээлгэн өгөх, захиалагч ажлын хөлс 150 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохирч, талууд 2019 оны 08 сарын 12-ны өдөр №08/01 тоот Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 7-13 дугаар тал/

 

6. Зохигч талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг хариуцагч ...барилгын цахилгааны ажлыг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хийж гүйцэтгэсэн мэт харагдуулахад шаардлагатай бичиг баримт ашиглах зорилготойгоор байгуулагдсан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох сөрөг нэхэмжлэл гаргаж... маргасан.

 

7. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гэрээний оролцогч биш, ямар ч ажил гүйцэтгээгүй, дансанд нэг ч ажлын хөлсний тооцоо ороогүй, цахилгааны ажлыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай бичиг баримтаа ашиглуулсан... гэж тайлбарлаж байна.

 

8. Нэхэмжлэгч ******* ******* ХХК Баянгол дүүрэг, 17 хороо, Баянширээт ХХК-ийн үйлчилгээний барилгын цахилгааны ажлыг анх 2019 оны 08 сарын 12-ны өдөр Кон-Арч ХХК-тай гэрээ байгуулж, ажлыг Э.******* гүйцэтгэж байсан ба гэрээний хугацаанд Кон-Арч ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, ажлаа хийхгүй, утсаа авахгүй алга болсон гэх шалтгаанаар гэрээгээ дуусгавар болгож, хариуцагч ******* ******* ******* энержи ХХК-тай гэрээ байгуулан, итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэг буюу ажлыг Э.*******аар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцсон нь гэрээ, итгэмжлэл, зохигчдын тайлбар, гэрч Ч.Батсайханы ...гадна талын цахилгааны ажлыг хийлгэхээр Э.******* гэх хүнтэй холбогдоод түүний хамтарсан компани болох Кон-Арч компанитай гэрээ хийж, гэрээний 10 хувийн гүйцэтгэлтэй өвөл болоод ажил зогссон..., ...Кон-Арч компани ажлаа хийхгүй, утсаа авахгүй, алга болоод байхаар нь *******д хэлсэн. Кон-Арч компаний гэрээ хүчингүй болсон..., ...******* ******* ******* энержи ХХК нь өмнөх Кон-Арч ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлыг бүрэн хариуцна гэж энэ гэрээг байгуулсан...гэх мэдүүлэг, гэрч Э.*******ын ...******* ******* ХХК, Кон-Арч ХХК ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан байсан..., ... Кон-Арч компани гэрээгээ цуцалсан болохоор анх ажилласан өдрөөс эхэлж гэрээгээ байгуулчихая гэж хэлсэн, *******-******* бид 2 зөвшөөрөөд гэрээгээ байгуулсан...гэх мэдүүлэг, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...найз минь гуйсан учраас итгээд итгэмжлэл хийсэн... гэх тайлбар баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 7-14, 68, 71, 110 дугаар тал/

 

9. Баянширээт ХХК-ийн үйлчилгээний барилгын гадна цахилгаан хангамжийн ажлыг өөрийн компанийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэх, төлбөр тооцоо хийх эрхийг хариуцагч ******* ******* ******* энержи ХХК 2020 оны 06 сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр Э.*******д олгосон нь хэрэгт авагдсан Итгэмжлэл баримтаар тогтоогдож байна. /хэргийн 14 дүгээр тал/

 

10. Эдгээр баримтаар хариуцагчийн ...гэрээний оролцогч биш, ямар ч ажил гүйцэтгээгүй, дансанд нэг ч ажлын хөлсний тооцоо ороогүй, цахилгааны ажлыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай бичиг баримтаа ашиглуулсан... гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

11. Түүнчлэн дүр үзүүлэн хийсэн хэлцлийн гол шинж болох тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тул хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон хариуцагчийн хувийн шинж байдал буюу цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт засвар түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг үндэслэн хэлцэл хийгдсэн, мөн тухайн ажил гүйцэтгэх гэрээгээр барилгын гадна цахилгааны ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх тодорхой үр дүнд хүрэх хүсэл зорилготой хийгдсэн хэлцэл болохыг хариуцагч мэдэж хэлцэл хийсэн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ...энэ гэрээний гол зорилго юу байсан  гэхээр барилга, байгууламжийг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгөхөд заавал тусгай зөвшөөрөлтэй  бичиг баримт шаардлагатай учраас ийм нөхцөл байдалтай гэрээ байгуулсан... гэх тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

12. Иймд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 53 дугаар зүйлийн 53.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан шаардлагыг хангасан ажил гүйцэтгэх гэрээ зохигч талуудын хооронд байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 08/01 тоот Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэлд тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

13. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

 

14. Гэрээний хугацаанд ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт ажил гүйцэтгэгч захиалагчаас 101 000 000 төгрөг хүлээн авсан нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...71 000 000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог..., ...30 000 000 төгрөгийг Э.*******д шилжүүлсэн байдаг... гэх тайлбар, гэрч Э.*******ын шүүхэд өгсөн мэдүүлэг, кассын зарлагын ордер, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, гэрээ баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 18-19, 110 дугаар тал/

 

15. Харин хариуцагч гэрээгээр тохирсон ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, ажлыг зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй дутуу орхиж явснаас нэхэмжлэгч гэрээгээ цуцалж, гуравдагч этгээдээр цахилгаан хангамжийн зураг төслийг 8000 000 төгрөгийн хөлсөөр өөрчлүүлэн, цахилгааны ажлыг 90 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлэн улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, барилгын ажлыг улсын комисс хүлээн авсан тухай архивын газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байгаа ба хариуцагч энэ талаар маргаагүй. /хэргийн 155-250, 2 дугаар хавтас хэргийн 1-13 дугаар тал/

 

16. Хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, ажлаа бүрэн гүйцэд зохих ёсоор гүйцэтгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй, харин ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй хариуцагчийн буруутай үйлдэлд нэхэмжлэгчийн хуурай трансформатр нийлүүлэх үүргээ биелүүлээгүй үйлдэл нөлөөлсөн буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар хангалттай нотлоогүй.

 

17. Нэхэмжлэгч хариуцагчид ажлын хөлс 101 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч 41 059 887 төгрөгийн буюу хаалттай дэд өртөөний өндөр талд рубельник угсрах 1000а, 250мм2 хүртэл огтлолтой хөнгөн цагаан дан шин угсрах, шинийн хөндийрүүлэгч угсрах, баригч суулгах, гал хамгаалагч угсрах суурьтайгаа, хайрцаг 2000х900х800, изолятор 1000а угсрах, хаалттай дэд өртөөний нам талд ф12 хөнгөн цагаан шин угсрах, ф5 хөнгөн цагаан шин угсрах, рубельник угсрах 1000а, хайрцаг 2000а900а800, ачаалал таслагч угсрах 400а, 0,4кв талд ПН-250А маркийн гал хамгаалагч угсрах суурьтайгаа, 0,4кв талд ПН-400А-маркийн гал хамгаалагч угсрах суурьтайгаа, гал хамгаалагч угсрах суурьтайгаа, секц холбогч угсрах 1000а ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь мэргэшсэн төсөвчин Г.Золжаргалын гаргасан БГД, 17 хороо, Баянширээт ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн 10/0.4 кв-ын 2х630кВа чадлын хаалттай дэд өртөөний гүйцэтгэлийн төсөв баримтаар тогтоогдож байна. /хэргийн 31-37 дугаар тал/

 

18. Дээрх гүйцэтгэлийн төсөв баримтаар нэхэмжлэгч хариуцагчаас ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 59 940 113 төгрөгийг, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.10-т заасан тус ажил нь гэрээт ажил гүйцэтгэгчээс шалтгаалж хугацаа хэтэрвэл гэрээний үнийн дүнгийн 0.3 хувиар хоног тутамд алданги хүлээнэ гэж тохиролцсон гэрээний хариуцлага 39 600 000 төгрөг нийт 99 540 113 төгрөг нэхэмжилсэн.

 

19. Хариуцагч 41 059 887 төгрөгийн үнэлгээ бүхий ажил гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу ажлын хэмжээний талаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлээ нотолж буй дээр авагдсан гүйцэтгэлийн төсөв баримтыг үгүйсгэж няцаагаагүй.

 

20. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон боловч шинжээч ...тус ХТП бүхий иж бүрдэл дэд өртөөд угсралтын ажил бүрэн дуусаж байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан байх тул гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг гаргах боломжгүй, ...тоноглолын зах зээлд борлуулагдаж буй ханш 36 000 000-44 000 000 төгрөгөөр борлуулагддаг... гэжээ. /хэргийн 138-139 дүгээр тал/

 

21. Зохигчид шинжээчийн дүгнэлтийн талаар шүүхэд ямар нэг тайлбар хүсэлт гаргаагүй, шинжээч тухайн ажлын тоо хэмжээг гаргах боломжгүй гэсэн тул шүүх дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэв.

 

22. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нэхэмжлэгчээс ажлын хөлс 101 000 000 төгрөгийг хүлээлгэн авсан боловч ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байгаа, хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тайлбар татгалзлаа нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй.

 

23. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 1.2, 2.8, 3.1, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлтэй тул зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, хариуцагчаас гэрээний үүрэг нийт 75 764 302 төгрөг гаргуулан үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 775 810 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

24. Хариуцагчаас гаргуулах гэрээний үүргийн хэмжээг дараах байдлаар тооцов.

 

Ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 59 940 113 төгрөг,

Гэрээ дуусах хугацаа 2020 оны 07 сарын 15-ны өдөр.

Гэрээний хугацаа хэтэрсэн 2020 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл 88 хоног

Гэрээний 3.10-т тохирсон алдангийн хэмжээ хоног тутам 0.3 хувь

59 940 113 х 0.3хувь = 179 820 төгрөг /1 хоногийн/

179 820 х 88 = 15 824 189 төгрөг, 59 940 113 + 15 824 189 = 75 764 302 төгрөг.

 

25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 563 700 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 655 651 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 837 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 252 299 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 563 771 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 205 дугаар 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан гадна цахилгаан ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч ******* ******* ******* энержи ХХК-иас 75 764 302 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 775 810 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан гадна цахилгаан ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч ******* ******* ******* энержи ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 563 700 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 655 651 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 837 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 252 299 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 633 971 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ