Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01189

 

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01189

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/01113 дугаар шийдвэртэй

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э ХХК-д холбогдох

2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 08-01 дугаартай Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалж, 99,540,113 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн төлөөлөгч У.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Ч.Батсайхан, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч компани нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Э ХХК-тай Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх 08-01 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд ажлыг 150,000,000 төгрөгийн өртөгтэйгөөр 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дотор бүрэн дуусган хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба хүлээлгэн өгөх өдрөөс хойш 88 хоногийн хугацаа хэтэрсэн байна. 2019 онд урьдчилгаа төлбөр болох 71,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд явцын төлбөрт 30,000,000 төгрөгийг компанийн ажлыг гүйцэтгэж байгаа Э.Өд төлсөн. Ажил гүйцэтгэгчээс ажлыг гүйцэтгэж байгаад бүрэн дуусгалгүй алга болсон ба гэрээ байгуулсан компанитай холбогдоход бид мэдэхгүй наад хүнтэйгээ учраа ол гэх мэтээр хариу өгдөг. Э ХХК нь ажлыг удирдан гүйцэтгэх Э.Өыг төлбөр тооцоо болон гэрээгээр тохиролцсон ажилтай холбоотой асуудлаар бүрэн төлөөлнө гэж итгэмжлэл олгосон байдаг. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажилд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэлийн төсөв гаргуулахад 41,059,887 төгрөгийн үнэлгээ гарсан. Гэрээний дагуу 150,000,000 төгрөгт ажил гүйцэтгэхээс 41,059,887 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа ба нийт төлсөн 101,000,000 төгрөгөөс хасахад үлдэгдэл 59,940,113 төгрөг болж байна. Гэрээний 3.10-т ...тус ажил нь гэрээт ажил гүйцэтгэгчээс шалтгаалж хугацаа хэтэрвэл гэрээний үнийн дүнгийн 0,3%-иар хоног тутамд алданги хүлээнэ... гэж зааснаар алданги хүлээх үүрэгтэй ба хэтэрсэн 88 хоногт харгалзах алданги нь 39,600,000 төгрөг болно. Иймд талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 08-01 дугаартай Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалж, хариуцагч Э ХХК-иас 99,540,113 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч У.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа нарын тайлбар, татгалзлын агуулга: Бидний хооронд байгуулагдсан гэх гэрээ нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б ХХК-ийн үйлчилгээний барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахад барилгын цахилгааны ажлыг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хийж гүйцэтгэсэн мэт харагдуулахад шаардлагатай бичиг баримтад ашиглах зорилготойгоор байгуулагдсан байсан юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасны дагуу барилгын цахилгааны ажлыг гүйцэтгэсэн мэт дүр үзүүлэн хийсэн 2019 оны 08 дугаар сарын 12- ны өдрийн 08/01 дугаартай Гадна цахилгаан ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. 2020 оны 06 сарын эхээр Э ХХК-ийн хамтрагч Мастер электрик ХХК-ийн захирал нь өөрийн найз Э.Өтай Эрдэнэбат нарыг дагуулж ирээд Баянгол дүүрэг, 6 хороо Энхтайвны өргөн чөлөө гудамж 59а-201 тоотод байрлах Э ХХК-ийн оффис дээр ирж уулзалт хийсэн. Уулзах болсон шалтгаан нь Э.Ө, Эрдэнэбат нар нь Б ХХК-ийн үйлчилгээний талбайн гадна цахилгаан хангамж 2х630квт-ын дэд станц барих барилгын угсралтын ажлыг Э ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэж байгаа ба тэдний хамтран ажиллаж байсан өмнөх компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гээд Э ХХК-ийн зүгээс дахин тусгай эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах хүсэлтийг тавьсан байдаг. Үүний дагуу Э ХХК-ийн захирал Батсайхан, ерөнхий инженер Алтаншагай, Э.Ө, Э ХХК-ийн захирал У.Ган-эрдэнэ нар бүгд уулзаад хийсэн ажил болон хийгдэх ажил Э.Өын өмнө нь барилгатай холбоотой хийсэн ажил, урьдчилгаа хичнээн төлбөр тооцоо авсан талаар тодруулсан. 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 08-01 дугаартай гэрээг энэ он сараар огноолсон боловч 2020 оны 08 сарын 12-ны өдөр гэрээний он сарыг нөхөж гэрээ байгуулсан. Энэ гэрээний гол зорилго юу байсан гэхээр барилга, байгууламжийг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгөхөд заавал тусгай зөвшөөрөлтэй бичиг баримт шаардлагатай учраас ийм нөхцөл байдалтай гэрээ байгуулсан. Э ХХК-ийн зүгээс 2019 онд ч тэр 2020 онд ч тэр компанийн удирдлагаас нэг ч ажилтан, алба хаагчид нэг ч ажил гүйцэтгээгүй гэдгийг захирал Батсайхан, инженер Алтаншагай, гэрч Э.Ө нарын мэдүүлэгээр тогтоогддог. Уг барилгын гадна цахилгааны ажлыг тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 2019 онд Өзлий саруул Конарч ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан. Уг гэрээг байгуулахаас өмнө Э.Өын Хаан банкны 5027589000 дугаартай дансанд нийтдээ 71,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Э ХХК-ийн дансанд нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэлтэй холбоотой нэг ч төгрөг ороогүй. Энэ талаарх санхүүгийн баримтууд хэрэгт авагдаагүй мөн шилжүүлсэн мөнгийг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарладаг. Энэ гэрээний заалтад 2019 онд иргэн Өлзийсайханд төлсөн Э ХХК нь хариуцна гэсэн үг, өгүүлбэр байхгүй. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Э ХХК-иас иргэн Э.Өд итгэмжлэл олгосон. Итгэмжлэл олгосны дагуу захиалагч гүйцэтгүүлэгч компанийн зүгээс ажил үүргийн хуваарь ямар нэг доголдолгүй байсан учраас 2020 оны 06 сарын 09-ний өдөр санхүүжилт болгож 30,000,000 төгрөгийг Э.Өд шилжүүлсэн байдаг. Энэ нөхцөл байдалтайгаар холбоотойгоор гэрч Э.Өын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Гүйцэтгүүлэгч компани өөрөө трансформатр нийлүүлэх ёстой байсан юм байна. Энэ бол гэрээний 1.4-т заасан байгаа үүнд цахилгаан хангамжийн угсралтын ажлыг бүрэн алдаагүй хийж, хүлээлгэж өгөх нөхцөлтэй 150,000,000 төгрөгт багтаан хийж гүйцэтгэнэ. Гэрч Э.Өын мэдүүлэгээр яг энэ компанийн зүгээс нийлүүлэх байсан трансформатраа нийлүүлээгүй маш их хугацаа алдсан. Энхбаяр нь инженер Алтаншагай нар нэхэмжлэгч талаас хурлын тэмдэглэлд түлхүүрийг аваад ирэхгүй юу? Өндөр тал, нам талыг онгойлгоход хэрэгтэй байна. Гэрээнд гүйцэтгэгч ХХК нь 630квт чадалтай трансформатр авахгүй юм байна тийм үү гэхэд Алтаншагай хариулахдаа Тийм манай компаниас трансформатораа нийлүүлэх байсан юм аа гэх тайлбар байгаа. Тэгэхээр энэ трансформатораа хэзээ нийлүүлээд ирээд хэзээ дууссан талаар ямар ч баримт байхгүй, ажиллагааны талаар Үндэсний төв архиваас уг барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан улсын комисст хүлээлгэж өгөхдөө цахилгааны гадна ажлыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаар холбогдох баримтуудыг нотлох баримтаар авхуулсан. Нийлүүлэх байсан трансформаторыг гэрээний хугацаанд нийлүүлсэн гэх нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт байхгүй. Гэрч Э.Ө, Алтаншагай нарын мэдүүлэгт трансформатор нийлүүлэхгүй маш их хугацаа алдсан нь харагдаж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч У.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа нарын гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 08/01 дугаартай гадна цахилгаан болон тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлтэй агуулгын хувьд адил байгаа. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гадна цахилгааны ажил болон тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурж тамга дарсны дараагаар Э ХХК болон бидний хооронд байгуулсан гэрээнд Баянгол дүүрэг, 14 хорооны нутаг дэвсгэрт байрлаг Б ХХК-ийн үйлчилгээний барилгыг улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулахад барилгын цахилгааны ажлыг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хийж гүйцэтгэсэн мэт харагдуулахад шаардлагатай бичиг баримт ашиглах зорилготойгоор байгуулагдсан гэрээ байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагу барилгын цахилгааны ажлыг гүйцэтгэсэн мэт дүр үзүүлэн хийсэн дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Ч.Батсайхан, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад нэхэмжлэгч хариу тайлбар ирүүлсэн. Тайлбарын агуулга бол энэ байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь талуудыг хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, талууд баталгаажуулж тамга тэмдэг, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл мөн юм. Энэ гэрээн дээр зурж, дарсан тамга тэмдэг, гарын үсэг дээр зурсан, зураагүй гэх маргаан байхгүй. Зөвхөн гэрээ хийхээс гадна, итгэмжлэл өгдөг. Манай талаас энэ ажлыг Э.Ө гэх хүн хариуцаж хийнэ. Энэ хүнтэй шууд харьцаж, төлбөр мөнгөө хийгээрэй гээд итгэмжлэлийг нэмж гэрээтэй холбогдуулж хийсэн. Шүүхэд гэрээний үүрэг шаардахтай ажил гүйцэтгэхтэй холбоотой хариуцлагын асуудал ярихаар дүр үзүүлж хийсэн хэлцэл байсан гээд байна. Тусгай зөвшөөрөлтэй компани шаардлагатай байсан учраас дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж ярилаа угаасаа гадна цахилгааны ажлыг тусгай зөвшөөрөлтэй компани хийх ёстой тэрнийхээ дагуу л хийж байгаа.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан гадна цахилгаан ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч Э ХХК-иас 75,764,302 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,775,810 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-д холбогдуулан гаргасан гадна цахилгаан ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,563,700 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 655,651 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 837,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 252,299 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 633,971 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн төлөөлөгч У.Ган-Эрдэнийн давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Э ХХК-ийн үйлчилгээний барилгын цахилгааны ажлыг анх 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Кон-Арч ХХК-тай гэрээ байгуулж, ажлыг Э.Ө гүйцэтгэж байсан ба гэрээний хугацаанд Кон-Арч ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Ажлаа утсаа авахгүй алга болсон гэх шалтгаанаар гэрээгээ дуусгавар болгож, хариуцагч Э ХХК-тай гэрээ байгуулан, итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэг буюу ажлыг Э.Өаар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцсон нь гэрээ, итгэмжлэл, зохигчдын тайлбар, гэрч Ч.Батсайханы ....гадна талын цахилгааны ажлыг хийлгэхээр Э.Ө гэх хүнтэй холбогдоод түүний хамтарсан компани болох Кон-Арч компанитай гэрээ хийж, гэрээний 10 хувийн гүйцэтгэлтэй өвөл болоод ажил зогссон..., Кон-Арч компани ажлаа хийхгүй, утсаа авахгүй алга болоод байхаар нь Өд хэлсэн. Кон-Арч компанийн гэрээ хүчингүй болсон.... Э ХХК нь өмнөх /Гон-Арч ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлыг бүрэн хариуцна гэж энэ гэрээг байгуулсан... гэх мэдүүлэг, гэрч Э ХХК, Кон-Арч ХХК ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан байсан..., Кон-Арч компани гэрээгээ цуцалсан болохоор анх ажилласан өдрөөс эхэлж гэрээгээ байгуулчихъя гэж хэлсэн. Ган-Эрдэнэ бид 2 зөвшөөрөөд гэрээгээ байгуулсан...мэдүүлэг, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...найз минь гуйсан учраас итгээд итгэмжлэл хийсэн... гэх тайлбар баримтуудаар тогтоогдож байна гэжээ. Үүнээс харахад хариуцагч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүднээс Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 08/01 тоот Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ-г хэзээ хэрхэн ямар зорилгоор байгуулах болсон талаар мөн Ч.Батсайхан, Э.Ө нарыг бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гомдол гаргасны дагуу эдгээр этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу гэрчийн мэдүүлгүүдийг баримтын шаардлага хангасан хэлбэрээр БГД-ийн Прокуророос гаргуулж, гэрчийн мэдүүлгээр 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дээрх гэрээг байгуулаагүй, харин 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр он, сар, өдрийг нөхөж байгуулсан болохыг, мөн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д Цахилгаан хангамжийн угсралтын ажлын хөлсний урьдчилгаа болох 71,000,000 төгрөгийг ажил эхлэхээс өмнө Хаан банкны 5027589000 тоот иргэн Э.Өын эзэмшлийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогддог. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д Б ХХК-ийн үйлчилгээний барилгын гадна цахилгаан хангамжийн ажлыг өөрийн компанийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэх, төлбөр тооцоо хийх эрхийг хариуцагч Э ХХК 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр Э. Өд олгосон нь хэрэгт авагдсан итгэмжлэл баримтаар тогтоогдож байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-д гэрээ хугацаанд ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт ажил гүйцэтгэгч захиалагчаас 101,000,000 төгрөг хүлээн авсан нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан 77,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хариуцагч компаниас иргэн Э.Өд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр анх удаа итгэмжлэл олгосон. Түүнээс өмнө талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж дүгнэж байгаа бол хариуцагч гүйцэтгэгч компанийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг гүйцэтгэгч компанид нэхэмжлэгч нь төлөх байтал хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш, түүнд компаниас итгэмжлэл олгоогүй байх үед иргэн Э.Өын дансанд шилжүүлсэн мөнгийг хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаанд авсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар кассын орлогын ордер, дугааргүй мөн өдрийн зарлагын ордер гэх санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон. Учир нь энэ өдөр 71,000,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэгч тал хүлээлгэж өгөөгүй. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд ажлын гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн баримт огт байхгүй, учир нь хариуцагч компанийн хувьд зөвхөн тусгай зөвшөөрлөө уг барилгыг улсын комиссын байнгын ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдэл хангуулах зорилгоор гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан болохоо удаа дараа тайлбарладаг ба гэрчүүдийн мэдүүлгээр уг гэрээний ажлыг цахилгааны инженер гэх мэргэжилтэй иргэн Э.Ө гэх этгээд гүйцэтгэж байсан гэдэг нь тогтоогддог. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаас 102/Ш32021/05732 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх санаачилгаараа хэргийн оролцогчоос хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэлдээ ...мэргэжлийн байгууллагаар үнэлгээ гаргуулахад... гэж заасан атал төсвийн баримтад мэргэшсэн төсөвчин гэх хувь хүн тэмдэг дарж гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд төсөв гаргах үнэлгээ тогтоох эрх бүхий хуулийн этгээдийн талаарх мэдээлэл хэрэгт авагдаагүй бөгөөд дээрх төсөв үнэлгээг эрх бүхий этгээд гаргасан хууль ёсны үнэлгээ баримт гэж үнэлэхэд эргэлзээтэй, учир дутагдалтай дахин шинжээч томилох нь зүйтэй гэх үндэслэлээр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлийн нэг нь нэхэмжлэгчээс гаргасан гүйцэтгэсэн хийсэн гэх ажлын талаарх төсөвчин гэх хувь хүний хийсэн үнэлгээ гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлэлгүй болохыг дурдаад нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдаад мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар төсөвчин гэх хувь хүний хийсэн үнэлгээ гэх баримт нь хуульд заасан журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар шүүх хуралдаанд тайлбараа гаргаж мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талд үйлчилж үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг эс зөвшөөрч гомдол гаргаж шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчээс шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэж Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон. Шүүх шинжээчээр Барилга хөгжлийн төвийг томилсон ба уг төвөөс Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн Хяналтын инженер Б.Энхбаяр гэх мэргэшсэн инженерийг томилж, уг инженерийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтээр захирамжид заасан асуулт болох 1,барилгын цахилгааны ажлын тоо хэмжээг тогтоох боломжгүй..., 2. Эрдэнэттауэр ХХК-ийн гаргасан гүйцэтгэлийн төсөв үнэлгээг тогтоох гэх асуултад .... гүйцэтгэсэн ажлын төсөвт дүн шинжилгээ хийв. Шинжээч томилсон боловч шинжээч нь хийсэн ажлын тоо хэмжээг тогтоох боломжгүй гээд хариу ирүүлсэн байхад эргэлзээтэй, учир дутагдалтай нотлох баримтыг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын хооронд гэрээ байгуулагдах болсон нөхцөл байдал нь нэхэмжлэгч нь өөрийн барьж гүйцэтгэсэн барилгын гадна цахилгааны ажлыг анхнаасаа тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр хийж гүйцэтгүүлэх байтал цахилгааны инженер мэргэжилтэй Э.Ө гэх иргэнээр гүйцэтгүүлж, өмнө нь гэрээ байгуулсан гэх Кон-Арч ХХК, Эм Жи Эл инержи ХХК нарын тусгай зөвшөөрлийн бичиг баримтыг ашиглаж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Хариуцагчийн хувьд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 08/01 дугаартай Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ-нд гарын үсэг зурж баталгаажуулсан явдал нь маргаан бүхий ажлыг хийж гүйцэтгээд улсын комисст хүлээлгэн өгөх үр дүнд хүрэх зорилготой бус, уг ажлыг хийж гүйцэтгэх ямар нэгэн хүсэл сонирхол, зориг эрмэлзэл байгаагүй, өөрт олгогдсон тусгай зөвшөөрлийг барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгөхөд ашиглуулах зорилгоор хийгдсэн, бусад этгээд харахад зөвхөн гэрээний дагуу ажил гүйцэтгэгдсэн мэт харагдуулахаар гадаад илэрхийллийг бий болгож хийгдсэн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь буюу төсөвчин гэх этгээдийн тогтоосон үнэлгээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох талаар хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн мөн хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэнгийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Талууд гэрээ байгуулагдсан болон гэрээнд гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарсан талаар маргаагүй. Гэрээ байгуулагдсан нь бусад баримтаар тогтоогдоно мөн хариуцан гүйцэтгэх төлбөрийг авахтай холбогдуулан тухайн хүнд компани итгэмжлэл олгосон. Гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэхгүй байсан учраас шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 08-01 дугаартай Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалж, 99,540,113 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...Э ХХК нь Э ХХК-ийг ямар ч ажил гүйцэтгээгүй, цахилгааны ажлыг улсын комисс хүлээн авахад тусгай зөвшөөрөлтэй компани хийсэн мэтээр харуулах гэж бичиг баримтыг ашиглах зорилгоор байгуулагдсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Эрдэнэт тауэр констракшн ХХК нь Э ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр №08/01 тоот Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүрэг, 17 хороо, Б ХХК-ийн үйлчилгээний барилгын цахилгааны ажлыг буюу 630ква2-н цахилгаан хангамжийн угсралтын ажил, гадна ажлын материал ажлын хөлс, ХТП 10кВ/04-ийн дэд өртөө материал ажлын хөлс, зураг төсөл боловсруулах болон баталгаажуулах ажил, дэд өртөө болон гадна ажлыг улсын комисст хүлээлгэн өгөх гээд бүх ажлыг иж бүрнээр 2019 оны 08 сарын 12-ны өдрөөс 2020 оны 07 сарын 05-ны өдрийн дотор цахилгаан хангамжийн угсралтын ажлыг бүрэн алдаагүй хийж хүлээлгэн өгөх, захиалагч ажлын хөлс 150 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх.7-13/

6. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

7. Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Э ХХК Баянгол дүүрэг, 17 хороо, Б ХХК-ийн үйлчилгээний барилгын цахилгааны ажлыг анх 2019 оны 08 сарын 12-ны өдөр Кон-Арч ХХК-тай гэрээ байгуулсан, ажлыг Э.Ө гүйцэтгэж байсан, Кон-Арч ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, хариуцагч Э ХХК-тай гэрээ байгуулан, итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэг буюу ажлыг Э.Өаар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцсон нь гэрээ, итгэмжлэл, зохигчдын тайлбар, гэрч Ч.Батсайхан, гэрч Э.Ө нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу биш байна. /хх.7-14, 68, 71, 110/

8. Хэргийн 14 дүгээр талд авагдсан Э ХХК 2020 оны 06 сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр Э.Өд Б ХХК-ийн үйлчилгээний барилгын гадна цахилгаан хангамжийн ажлыг өөрийн компанийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэх, төлбөр тооцоо хийх эрхийг олгосон байна. /хх.14/ Мөн гэрч Э.Өын мэдүүлэг, кассын зарлагын ордер, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, гэрээ баримт зэргээр ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч 101,000,000 төгрөг шилжүүлжээ. /хх.18-19, 110/

9. Нэхэмжлэгч хариуцагчид ажлын хөлс 101,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч 41,059,887 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн нь мэргэшсэн төсөвчин Г.Золжаргалын гаргасан БГД, 17 хороо, Б ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн 10/0.4 кв-ын 2х630кВа чадлын хаалттай дэд өртөөний гүйцэтгэлийн төсөв баримтаар тогтоогдож байна. /хх.31-37/

10. Харин хариуцагч гэрээгээр тохирсон ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, ажлыг зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй дутуу орхиж явснаас нэхэмжлэгч гэрээгээ цуцалж, гуравдагч этгээдээр цахилгаан хангамжийн зураг төслийг 8,000,000 төгрөгийн хөлсөөр өөрчлүүлэн, цахилгааны ажлыг 90,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэн улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, барилгын ажлыг улсын комисс хүлээн авсан тухай архивын газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байгаа ба хариуцагч энэ талаар маргаагүй. /1хх.155-250, 2хх.1-13/

11. Хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, ажлаа бүрэн гүйцэд зохих ёсоор гүйцэтгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй, харин ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй хариуцагчийн буруутай үйлдэлд нэхэмжлэгчийн хуурай трансформатр нийлүүлэх үүргээ биелүүлээгүй үйлдэл нөлөөлсөн буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

12. Анхан шатны шүүх гүйцэтгэлийн төсөв баримтаар нэхэмжлэгч хариуцагчид ажлын хөлсөнд 59,940,113 төгрөгийг илүү шилжүүлсэн байна гэж дүгнэж уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

13. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл хугацааны 88 хоногт гэрээний 3.10-т тохирсон алдангийн хэмжээ хоног тутам 0.3 хувиар тооцож цуцлагдсан гэрээнд алданги тооцож 15,824,189 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

14. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэж, хариуцагчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 08/01 тоот Гадна цахилгааны ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ-г дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэлд тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

15. Иймд Иргэний хуулийн 205 дугаар 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан гадна цахилгаан ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч Э ХХК-иас 59,940,113 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/01113 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 205 дугаар 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан гадна цахилгаан ажил ба тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч Э ХХК-иас 59,940,113 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...633,971... гэснийг ...457,650... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 633,971 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО