Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/01579

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ******* тоот хаягт оршин суух, Батхүүгийн С /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ******* тоот хаягт оршин суух, Ариунболдын Ч /рд:*******/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо, Баян монгол хороолол, 401 дүгээр байр ******* тоот хаягт оршин байрлах, “Б*******” ХХК /рд:/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 25 тоотод оршин суух, Цэдэн овогт Э*******ын Б /рд:*******/ нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж 10/01 тоот хаягт оршин байрлах “И*******” ХХК,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Б констракшн” ХХК болон Э.Б нарын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, Э.Бгийн нэр дээр гарсан өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б” ХХК болон Э.Б нарын Б.Сгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагч “Б*******” ХХК болон Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч А.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аривжих, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвнайдан, Д.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 2 дугаар сард Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 айлын орон сууцанд ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн барилгад цахилгаан угсралтын ажлыг хийсэн. Энэ үед тус барилгад барилгын өрлөг, заслын ажлыг хийж байсан А.Ч гэх залуу “...би энэ ажлыг хийж өгөөд ажлын хөлсөнд нь гурван байр авч байгаа. Та 9-р давхрын зүүн талын 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр надаас худалдаж авах уу, дүүд нь мөнгө хэрэгтэй байна дүү нь ажлаа хурдан дуусгамаар байна. Бас хамт ажил хийж байгаа хүмүүсийн цалин мөнгийг ч өгөх хэрэгтэй байна” гээд гуйгаад байхаар нь би тухайн үед “Б” ХХК-ийн захирал Ж болон инженер Бумдүүрэн гэх хүмүүстэй уулзаж энэ байрны 9-р давхрын зүүн талын 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг А.Чд худалдсан эсэх, түүнээс худалдаж авч болох талаар асуухад “...тийм ээ болно. А.Ч нь хийж байгаа ажлынхаа хөлсөнд гурван орон сууц манай компаниас авч байгаа. Нэг нь 9-р давхрын зүүн талын 74.19 м.кв талбай бүхий 3-н өрөө орон сууц мөн, орон сууцны худалдах үнэ бол надад огт хамаагүй миний ажил хурдан дуусч л байвал худалдах үнэ, хөлсөө та хоёр өөрсдөө тохир” гэж Б констракшн ХХК-ийн захирал Б.Ж хэлсэн.

Ингээд миний бие хариуцагч нартай ярилцаж тохиролцсоны дагуу түүнээс худалдаж авахаас 2018 оны 5 сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийг А.Чд төлж, үүний дараа   А.Чтой харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн 15-75 УНМ улсын дугаартай Tоёото приус-30 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцож, түүний хэлсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А.Чтой хамт ажилладаг дүүгийнх нь нэр дээр шилжүүлж өгсөн.  Үүнээс хойш 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг,  2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөг,  2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 6,900,000 төгрөг зэрэг нийт 70,000,000 төгрөгийг Чын хаан банкны дансруу шилжүүлсэн.

Төлбөрөө бүрэн төлж дуусгаад 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А.Чтой гэрээгээ хийж баталгаажуулахаар болж энэ өдөр А.Ч болон “Б” к ХХК нарын хооронд энэ орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, би А.Чтой энэ өдөр мөн тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Миний зүгээс орон сууцны төлбөрөө бүрэн барагдуулж дууссан. Үүнээс хойш удалгүй 2018 оны 12 дугаар сард тухайн байр ашиглалтад орж, манай хүүхэд С.Баасанхүү нь эхнэр хүүхдийн хамтаар тухайн байранд нүүж орсон. Нүүж ороход орон сууцны талаар ямар нэгэн маргаан хэл ам гараагүй өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд миний хүүхдүүд амьдарч, орон сууцныхаа СӨХ, ашиглалт, цахилгаан болон кабелын телевизийн гэх мэт төлбөрүүдийг тогтмол төлж, шударгаар эзэмшиж, ашиглаж амьдарч байна.

Байр ашиглалтад орсноос хойш миний зүгээс орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авах талаар “Б” ХХК-ийн захирал Жаргалан- Энхтэй уулзах болгонд “...би А.Чтой тооцоо нийлж дуусаад өмчлөх эрхийн гэрчилгээг чинь өгнө гэхээс өөр зүйл хэлдэггүй. Харин А.Чтой уулзах болгонд “...би Ж захиралтай ямар нэгэн тооцоо байхгүй танай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх ёстой гэсээр өнөөдрийг хүрсэн. Тухайн үед орон сууц баригдаж дуусаагүй өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй байсан.

Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 92б байрны 42 тоот 74.19 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Энэ маргааны явцад Б констракшн ХХК-ийн захирал Ж нь энэ бүх маргааныг мэдсээр байж өөрийн гэр бүлийн хүн болох Э.Бгийн нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулж тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Б гэх хүний нэр дээр гаргасан байдаг.

Тус компанийн захирал Ж нь мэдсээр байж гэрчилгээ өөрийн гэр бүлийн хүний нэр дээр шилжүүлсэн байх тул тэдгээрийн хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож Э.Бгийн нэр дээрх гарсан Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 92б байрны 42 тоот хаягт байрлалтай, Ү-2204101409 дугаартай 3 өрөө орон сууцны №00721740 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Б*******” ХХК нь иргэн Б.Стай эрх зүйн харилцаанд оролцоогүй гэрээний үүрэг үүсээгүй. А.Чтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хэдий ч хариуцагч А.Ч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй. Орон сууцыг барьж хүлээлгэж өгөөгүй тул манай компани өөр компаниар ажлаа гүйцэтгүүлсэн. М.С нь тухайн үед ажил гүйцэтгэх гэрээгээр манай компанид ажиллаж байсан нь үнэн.

А.Чын ажил гүйцэтгэх гэрээгээр нийт гүйцэтгэх ажлын үнийн дүн 123,302,100 төгрөг байсан. Гэтэл энэ ажилдаа гурван байр авсан нь үнэн, үнэхээр гүйцэтгэсэн юм бол ирээд ажлаа дүгнэх хэрэгтэй. Огт ирж уулздаггүй. Ажлаа дүгнэдэггүй. Маргааны явцад олдоггүй байж байгаад ажиллагааны явцад хоригдож байгааг нь мэдсэн. Шүүхэд төлөөлөгч томилчихоод өөрөө огт ирж энэ маргааныхаа учрыг олдоггүй. Бид нар ажил гүйцэтгэх гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгээгүй байгаа. А.Ч ажил хийсэн гэж байгаа бол хийснээ өөрөө нотлох хэрэгтэй.

Б.Сг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй юм.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу байр авсан Г.Нямдорж нь шүүхэд хандаж Б констракшнаас 53,480,000 төгрөгөө буцааж авсан. Ямар үндэслэлээр 70 сая төгрөгт тооцож орон сууц авах гэж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Э.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хандан гаргасан Э.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Б нь “Б*******” ХХК-ийн захирал Жийн эхнэр нь гэдэгтэй талууд маргадаггүй. Энэ хүн гэрээ болон гэрээний бусаар нэхэмжлэгчтэй ямар ч хамааралгүй.  “Б констракшн” ХХК өөрийн байрыг өөр хэн нэгэнд шилжүүлэх нь байгууллагын эрх. Тухайн үед нь Б.С бүртгэлийн үнэн зөвтэй холбоотой маргаан үүсгэх эрх нь нээлттэй байсан. Б.С төлбөрийг нь төлнө гээд л орон сууцанд орчихсон. Жийн хувьд А.Ч нь авч байгаа байрныхаа мөнгийг нь төлж чадахгүй юм байна, Б.С төлөх юм байна гээд л ойлгоод оруулсан. Э.Бгийн хөрөнгийг бусдын өмнөөс худалдах эрх, түүнээс нэхэх эрх байхгүй.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Чын шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий орон сууц нь н.Жийн эхнэр Э.Бгийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Миний бие Б к ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргээ биелүүлсэн. Тухайн үед надад 3 орон сууц өгөхөөр тохирлцсоны дагуу Жтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээний үндсэн дээр би С гуайд орон сууц худалдсан. Мөнгөө аваад Б констракшн ХХК-ийн байрыг барих ажилчидын цалин хөлс, бараа материалд зарцуулсан.

Энэ ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан үүсээгүй. Намайг дутуу хийж гүйцэтгэсэн эсвэл мөнгө нэхэмжилсэн маргаан нэхэмжлэлийг огт гаргаагүй. Гаргаж чадахгүй. Яагаад гэхээр би ажлаа 100 хувь гүйцэтгэсэн учраас улсын комисс байрыг хүлээж авсан. Хэрэв ийм маргаан үүсвэл би өөрийн биеэр ирж нэхэмжлэлээ гардаж авах болно. М.С гуайг энэ маргаан бүхий байрыг худалдаж авч байсныг хариуцагч “Б констракшн” ХХК, Ж нар мэдэхийн дээдээр мэдэж байсан.

Намайг ажлаа дутуу гүйцэтгэсэн гэж байгаа бол энэ асуудлаа тусад нь гаргаад явах эрх нь нээлттэй. Харин энэ хүнийг хохироож болохгүй. Намайг хоригдсон үед гэрчилгээг өөрийн эхнэр Э.Бгийн нэр дээр гаргаж өгсөн байсан.

Тухайн үед хийсэн ажлынхаа хөлсөнд авсан байраа би зарсан. Зарсан мөнгийг нь буцаагаад л байранд нь зарцуулсан. М.С гуайд тус байрыг зарах үед улсын комисс аваагүй улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа хийх боломжгүй байсан. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн хүүхэд амьдарч байхад хариуцагч нар хэн ч хэл ам гаргаагүй. Огт танихгүй хүнийг 2-3 жилийн хугацаанд барьсан байрандаа 3 жил амьдруулсны дараа ордер гаргаж өгье гэх гэнэн цайлган компани байхгүй. Б.Сд өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөөгүйн үүднээс өнөөдрийн асуудал үүсч байна. 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн н.Ж, А.Ч нарын орон сууц худалдах-худалдан авах гэрээнд н.Ж өөрөө гарын үсэг зурж, тамга дарсан байдаг, үүнийг үгүйсгэсэн баримт гаргахгүйгээр нотлогдоно. Б.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг миний бие дэмжиж байна. “Б*******” ХХК нь анхнаасаа уг орон сууцыг Б.С худалдан авч байгааг мэдэж байсан учраас өнөөдрийг хүртэл орон сууцандаа амьдруулсаар байна. Өнөөгийн зах зээлийн нийгэмд орон сууцны төлбөр төлөөгүй хүнийг 2 жил байтугай 2 сар ч үнэгүй амьдруулаад байх компани байхгүй. А.Ч нь Баянзүрх дүүрэг, 22-р хороо, тоот 75.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг “Б*******” ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэж өгсөний хөлсөнд тооцож худалдан авахаар тохиролцож, уг орон сууцаа цаашаа Б.Сд худалдахаар тохиролцсоныг бүгд мэдэж байгаа. Энэ тохиролцоог “Б*******” ХХК-ийн захирал н.Жийн зөвшөөрлийн үндсэн дээр хийгдсэн. Иймд өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч “Б*******” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа:

Манай “Б*******” ХХК нь иргэн Б.Стай өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан Баянзүрх дүүргийн 22-р хороо, 92б байрны 42 тоот 74.19 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй. Б.С болон “Б*******” ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээний үүрэг хариуцлага үүсээгүй. Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай тохиролцоог манай байгууллага иргэн А.Чтой хийж улмаар орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Гэтэл хариуцагч Б.С нь манай байгууллагатай гэрээ хэлцэл байгуулаагүй, орон сууцны төлбөрт нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй атлаа тухайн хаягт байрлах манай компаний өмчлөлийн орон сууцыг 2018 оны 12 дугаар сараас хойш хууль бусаар хүү С.Баасанхүүгийн хамтаар эзэмшиж оршин сууж байгаа болох нь нэхэмжлэгч Б.Сгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбараар тогтоогдож байгаа болно. Иймд манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндөж буй тул уг орон сууцыг Б.Сгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай байгууллагын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа тул уг орон сууцыг Б.С болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байрны 42 тоот орон сууцыг Б.Сгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Э.Б нь нэхэмжлэгч Б.Стай Баянзүрх дүүргийн 22-р хороо, 92б байрны 42 тоот 74,19 м.кв талбатгай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах , худалдан авах гэрээг байгуулаагүй тэдний хооронд ямар нэгэн үүргийн хариуцлага үүсээгүй бөгеөд харин гуравдагч этгээдийн өмчлөлийн орон сууцанд 2018 оны 12 дугаар сараас хойш нэхэмжлэгч тал хууль бусаар оршин сууж өмчлөгчийн хууль ёсны эрх ашгийг нь хөндөж буй тул уг орон сууцыг Б.Сгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Э.Бгийн хувьд дээрх барилгад хөрөнгө оруулсан бөгөөд шудрага өмчлөгч юм. Энэ хүн өөрийнхөө өмчийг цаашид яах нь энэ хүний асуудал байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.С, түүний өмгөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

“Б” ХХК-ийн хувьд А.Чтой харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тус орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөн орон сууц байшин худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Миний хувьд мөн өдөр А.Чтой гэрээ байгуулж тус орон сууцны эрх, үүргийг шилжүүлж авсан. “Б” ХХК-ийн захирал н.Ж, А.Ч нараас энэ 2018 оны 06 дугаэр сарын 16-ны өдөр байгуулсан “Орон сууцны байшин худалдах худалдан авах гэрээ”-г өөрчилж миний нэр дээр болгох талаар шаардахад н.Ж захирал болон А.Ч нар нь ямар нэгэн асуудал байхгүй барилга орсны дараа орон сууцны гэрчилгээг чинь гаргаж өгнө гэж байсан учир миний бие нээх юм бодоогүй. Учир нь тус орон сууцанд миний бие ажил хийж гүйцэтгэж байсан огт таньж мэдэхгүй, танихгүй хүнээс орон сууц худалдаж авсан бол нэг өөр хэрэг байх. Мөн тэнд байсан хамт ажил хийж байсан хүмүүс бүгд мэдэж байгаа ер нь гадуур баригдаж байгаа барилга ихэнхи нь бартер буюу орон сууц өгч ажлаа хийж гүйцэтгүүлдэг. Гэтэл Б Констракшн” ХХК, А.Ч нарын хооронд үүссэн үл ойлголцлоос болж тус орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүртэл Б.С намайг хохироож байна. Миний хувьд Баянзүрх дүүргийн 22-р хороо, 92 б байрны 42 тоот 74.19 кв.м сууцыг анх орсон цагаас нь эхлэн төлбөрөө бүрэн төлж өнөөдрийг хүртэл тус сууцыг шударгаар эзэмшиж, ашиглаж ирсэн. Иймд Б.С миний бие шударга эзэмшигч тул хариуцагч “Б” ХХК болон Э.Б нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус орон сууцны өмчлөгчөөр Б.С намайг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр улсын комисст хүлээлгэн өгөөгүй болохоос 90 хувь хүртэл нь А.Ч ажилласан. А.Ч “Б*******” ХХК нарын хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй. А.Ч 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийж, Б.Сд шилжүүлэх зөвшөөрлийг н.Жээс авч, түүнтэй гэрээ байгуулсаны үндсэн дээр Б.Сд шилжүүлсэн. “Б” ХХК-тай А.Ч өр төлбөрийн асуудал байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Зээл авах үед барьцаа хөрөнгө нь зээлдэгч Э.Бгийн нэр дээр байсан. Э.Б нь манай байгууллагаас 2020 оны 8 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацааг сунгасан бөгөөд одоо зээлийн үлдэгдэл ... төгрөг үлдсэн байгаа. Энэ зээлийн барьцаа болгож дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Шүүх манай байгууллагын эрх ашгийг хөндөөгүй шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Оршин суугаа газрын тодорхойлолт, гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны депозит дансны хуулга, С.Баасанхүүгийн төрсний гэрчилгээ, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

 

Хариуцагч Б******* ХХЗ, Э.Б нараас: М.Жийн иргэний үнэмлэхний хуулбар, Б******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2018 оны 6 сарын 16-ны өдрийн №06/16 дугаартай орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ, Би Ти Би констракш ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, 2019 оны 7 сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2017 оны 10 сарын 02-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 2 сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, иргэн Б.Дэлгэрсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 03594 дугаартай шийдвэр, Нийслэлий иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал,

 

Хариуцагч А.Чоос: өөрийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нараас: Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2020 оны 8 сарын 25-ны өдрийн №В10020082501 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь,

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр: Улсны бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 1 сарын 08-ны өдрийн 7/101 дугаар албан тоот, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мемориалын баримт, Б******* ХХК-ийн дүүргийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичиг, 2019 оны 3 сарын 15-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, орон сууцны зураг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000721740 дугаар гэрчилгээ, улсын бүртгэлийн мэдүүлэг, худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №В10020082501 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, гэрч Б.Б асуусан тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр гэрч Х.Ганболдыг асуусан тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Б*******” ХХК, иргэн А.Ч, Э.Б нарт холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Б констракшн” ХХК болон Э.Б нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Э.Бгийн нэр дээр гарсан өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч “Б” ХХК болон Э.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж Б.С нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч А.Чын хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд,

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр А.Чтой байгуулсан гэрээний дагуу үнэ төлөх үүргээ биелүүлсэн тул Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байрны 42 тоотын 74,19мкв талбай бүхий 3 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгоно гэж тодорхойлж, “Б*******” ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлаж, Э.Бгийн нэр дээр олгогдсон №000721740 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тодорхойлж байна.  

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдэд өмчлөх эрх үүсэх хоёр үндсэн арга байна.

Нэгд, өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос хамааралгүйгээр буюу  анхдагч аргаар өмчлөх эрх үүсэх. Энэ аргын хувьд өмнөх өмчлөгч байхгүй буюу хуульд заасан журмаар өмчлөх эрхийг анх тутамд олж авах эрх юм. Энэ тохиолдолд хуульд тусгайлан заасан журмыг анхаарах бөгөөд харин тодорхой этгээдүүдийн хүсэл зоригийн илэрхийлэл хамааралгүй байдаг тул хэлцэл, гэрээ байгуулахгүй, түүнд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Хоёрт. Өмчлөх эрхийг олж авахдаа өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос хамааралтай, харилцан илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл буюу хэлцлийн үндсэн дээр, гэрээний дагуу өмчлөх эрх өмнөх өмчлөгчөөс дараагийн өмчлөгчид шилжих арга тул өмчлөх эрх үүссэн эсэхийг тогтоохдоо өмчлөх эрх шилжүүлэх үүрэг хүлээсэн хэлцэл, гэрээг дүгнэх ёстой байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангах буюу нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн гэх үндэслэл нь зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний үндэслэлээр гэж тодорхойлсон байх тул хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх үүссэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.С болон хариуцагч А.Ч нарын хооронд 2018 оны 6 сарын 16-ны өдөр байгуулагдсан “гэрээ” гэсэн бичгийн нотлох баримт авагдсан байна.  Дурдсан баримтаар, гэрээ байгуулсан гэх талуудын эрх, үүрэг, гэрээний агуулга болон зорилго, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд ерөнхийлөн дүгнэлт хийж үзвэл нэг талаас орон сууц шилжүүлэх үүрэг, нөгөө талаас ажлын хөлс төлөх бус харин тухайн орон сууцыг шилжүүлэн авсны төлөө үнэ төлөх үүргийг харилцан хүлээсэн агуулга байх тул тус агуулгыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ бус, харин мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний агуулгад илүү нийцнэ гэж үзэв. /1хх-ийн 6 дугаар тал/

Хэрвээ гэрээний талууд тодорхой эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх, үнэ төлөх тохиролцоо хийсэн гэж үзвэл тус тохиролцооны дагуу шаардах эрх үүсэх эсэхийг дүгнэхдээ гэрээний үндсэн дээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэх, үүссэн гэрээний харилцаа хүчин төгөлдөр эсэх, хүчин төгөлдөр гэрээний үүргийн зөрчил гарсан эсэх энэ үндсэн дээр нөгөө талд шаардах эрх үүссэн эсэх зэрэг тодорхой дарааллаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бариммт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Энэхүү худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч тал буюу орон сууцыг шилжүүлэх үүргийг иргэн А.Ч, үнэ төлөх үүргийг иргэн Б.С хүлээсэн гэж үзэхээр байх бөгөөд гэрээнд төлбөрийг бүрэн төлж дуусгасан талаар тусгасан байна.

Мөн хэрэгт авагдсан Б.Сгийн эзэмшлийн Хаан банкны 5029818950 дугаартай дансны хуулга, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, хариуцагч А.Чын тайлбараар нэхэмжлэгч Б.С нь гэрээгээр тохиролцсон орон сууцны үнэ 70,000,000 төгрөгийг гэргээний нэг тал болох А.Чд төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн талаар хариуцагч А.Ч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. /1хх-ийн 9-19, 107-108 дугаар тал/

Хариуцагч “Б*******” ХХК-ийн зүгээс хариуцагч А.Ч нь дээрх орон сууцыг худалдан борлуулах эрхгүй, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, компанийн зүгээс нэхэмжлэгч Б.Стай гэрээ, хэлцэл байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээний нэг тал болох А.Ч нь маргаан бүхий орон  сууцыг худалдах гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй байсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна.

Хариуцагч А.Ч нь “Би Ти Би констракш” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд гурван байр авахаар тохиролцсон ба нэг байр болох БЗД-ийн 22 дугаар хороон нутаг дэвсгэрт баригдаж байсан 43 айлын орон сууцны 9 давхарын 74,19 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг ажлын хөлсөнд шилжүүлэн авахаар тохиролцон гэрээ байгуулж, нэхэмжлэгч Б.Сд худалдсан гэж тайлбарлаж байна.

Зохигчдын тайлбар, гэрч Б.Бийн мэдүүлэг, хэрэгт авагдсан А.Ч болон “Би Ти Би к” ХХК нарын хооронд 2017 оны 10 сарын 02-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №06/16 дугаартай орон сууцны байшин худалдах, худалдан авах  гэрээнүүдээр “ММОЧ” ХХК /компанийг төлөөлж А.Ч/ нь 43 айлын орон сууцны өрлөг шавар, заслын ажил хийж гүйцэтгэх, “Б*******” ХХК /түүнийг төлөөлж М.Ж/ нь ажлын хөлсийг бартераар буюу орон сууцаар төлөхөөр тохиролцож, 43 айлын орон сууцны 9 давхарын 74,19 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг А.Чд шилжүүлэн өгсөн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. /1хх-ийн 58-62, 233-237, 216-219 дүгээр тал/

Зохигчид хэн аль нь ажил гүйцэтгэгч ММОЧ ХХК-ийг хариуцагч А.Чын эзэмшлийн компани мэн эсэх талаар маргаагүй.

Ингэснээр дээрх орон сууцыг А.Ч нь бусдад худалдах эрх нь үүсэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар А.Ч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.

Хариуцагч “Б*******” ХХК нь А.Чыг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ дутуу гүйцэтгэсэн, гэрээ дүгнэгдээгүй гэж маргаж байх боловч иргэний эрх зүйн харилцааг тусгаарлах зарчмын дагуу энэ хэргийн маргааны зүйл биш байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелэгдсэн эсэх, гэрээ дүгнэгдсэн эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүйг болон хариуцагч нар хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн талаар маргаан үүсгээгүй талаар тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд үүргийн болон өмчийн хэлцэл зэрэг үүсэх хэдий ч талуудын хэлцэл хийх үед тухайн орон сууц баригдаж дуусаагүй шинээр бий болж байсан тул өмчийн хэлцлийн тусгай шаардлага буюу улсын бүртгэл шаардагдахгүй  болно.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд үүргийн хэлцлийн хувьд хариуцагч А.Ч болон нэхэмжлэгч Б.С нарын хооронд худалдах, худалдах авах гэрээ байгуулагдснаар А.Ч нь “Б*******” ХХК-иас авах орон сууцыг нэхэмжлэгч Б.Сд өгөхөөр шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзнэ.

Тодруулбал, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар үнийг төлснөөр өмчлөх эрх үүснэ” гэж заасны дагуу хариуцагч “Б*******” ХХК нь нэхэмжлэгч Б.Сгаас орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 70,000,000 төгрөгийг бодитоор хүлээж аваагүй боловч “ММОЧ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнийхээ үүрэгт өгөхөөр тохиролцсон орон сууцыг нэхэмжлэгчид өгөх замаар ажил гүйцэтгэх гэрээгээр хөлс төлөх үүргийн тодорхой хэсгийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байрны 42 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс “Б*******” ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан хэлцэл буюу 2019 оны 3 сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хариуцагч Э.Бгийн нэр дээр гарсан №000721740 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч “Б*******” ХХК нь 2019 оны 3 сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээний дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 92б байрны 42 тоот хаягт байрлалтай 75.68 кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204101409 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Бд шилжүүлсэн байна. /хх-ийн 83-88 дугаар тал/

Хэрэгт авагдсан орон сууц, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлсөн баримтаар тус орон сууцыг барилга ашиглалтанд орсон үеэс эхлэн нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд болох түүний хүү С.Баасанхүү эзэмшиж, ашиглаж одоог хүртэл амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид хэн аль нь энэ үйл баримтын талаар маргадаггүй. /1хх-ийн 170-184 дүгээр тал/

Хариуцагч “Б*******” ХХК-ийн зүгээс мөнгө төлнө гэдэг болохоор нь Б.С болон түүний хүүг орон сууцнаас чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаагүй гэх тайлбар нь гаргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлсэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж заасан.

“Б*******” ХХК нь дээрх орон сууцны өмчлөх эрхийг 2017 оны 10 сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ болон 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу Б.Сд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ зөрчсөн байна.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүсэл зоригийн шинжийн хувьд хүлээн авахыг хүсэмжлэх, санал болгоогүй шинжийг агуулах бөгөөд энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой.

Орон сууцны захиалгын гэрээний нэг тал болох Э.Б нь гэрээний зүйл болох орон сууцыг эзэмшилдээ авах, бодитоор эзэмшиж, ашиглах талаар санал тавих, гэрээний үүргийн биелэлтийн талаар тодруулах зэрэг хүсэл зоригийн илэрхийлэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд “Б*******” ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хийсэн үеэс хүчин төгөлдөр бус байна.

Дурдсан үндэслэлүүдээр, “Б*******” ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэн Э.Баямраагийн нэр дээрхи үл хөдлөх хөрөнгийн Г-000721740 дугаартай өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгийг Б.Сгийн нэр дээр шилжүүлж, өмчлөх эрхийг сэргээхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.        

Нэхэмжлэгч нь 1 дүгээр хавтас хэргийн 166-169 дүгээр талд авагдсан баримтанд үзлэг хийлгэх хүсэлтээсээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан болно.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд,       

Хариуцагч “Б*******” ХХК, Э.Б нар нь Б.С түүний хамаарал бүхий этгээдүүдийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Б.С болон түүний хүүхдийг маргаан бүхий орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа гэж үзэж  өмчлөгчийн хувьд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан.

Сөрөг нэхэмжлэл гаргасан “Б*******” ХХК-ийн хувьд хэрэгт авагдсан баримтаар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул өмчлөгчийн хувиар шаардах эрхгүй байна.

Иймд “Б*******” ХХК-ийн Б.Сд холбогдуулан гаргасан орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Харин Э.Бгийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Э.Бгийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн нэхэмжлэгч Б.С нь гэрээний үндсэн дээр тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэмшиж, ашиглаж байгаа тул үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр олж авсан этгээд байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан хоёр үндсэн нөхцөл болох нэг талаас “өмчлөгч байх”, нөгөө талаас “хууль бус эзэмшигч” гэсэн хоёр нөхцлийн хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэл нь тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэхүү шийдвэр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Инвескор ХХК-ийн зүгээс өөрт холбогдох нэхэмжлэлээ гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Б*******” ХХК болон Э.Б нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоож, Э.Бгийн нэр дээр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/, 92б байр, 42 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгийг Б.Сгийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Сд холбогдох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 92б байрны 42 тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч “Б*******” ХХК, Э.Б нарын  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,114,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ч, “Би Ти Би консракшн” ХХК, Э.Б нараас гаргуулж, нэхэмжлэгч Б.Сд олгож, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.БАЯРМАА