Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/01579

 

 

 

 

 

 

                       2022           04             07

101/ШШ2022/01579                                

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 26-12 тоот хаягт оршин суух, Батхүүгийн Самдан /рд:ОГ65040511/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 78-89 тоот хаягт оршин суух, Ариунболдын Чойжил /рд:РЛ89051517/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо, Баян монгол хороолол, 401 дүгээр байр 64 тоот хаягт оршин байрлах, “Би Ти Би констракшн” ХХК /рд:5799244/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 25 тоотод оршин суух, Цэдэн овогт Эрдэнэбаатарын Баярмаа /рд:ШГ80111004/ нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж 10/01 тоот хаягт оршин байрлах “Инвескор ББСБ” ХХК,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Би ти би констракшн” ХХК болон Э.Баярмаа нарын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, Э.Баярмаагийн нэр дээр гарсан өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Бид ти би констаркшн” ХХК болон Э.Баярмаа нарын Б.Самдангийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Самдан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК болон Э.Баярмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, тэдгээрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч А.Чойжилын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аривжих, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвнайдан, Д.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Самдан, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 2 дугаар сард Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 айлын орон сууцанд ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн барилгад цахилгаан угсралтын ажлыг хийсэн. Энэ үед тус барилгад барилгын өрлөг, заслын ажлыг хийж байсан А.Чойжил гэх залуу “...би энэ ажлыг хийж өгөөд ажлын хөлсөнд нь гурван байр авч байгаа. Та 9-р давхрын зүүн талын 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр надаас худалдаж авах уу, дүүд нь мөнгө хэрэгтэй байна дүү нь ажлаа хурдан дуусгамаар байна. Бас хамт ажил хийж байгаа хүмүүсийн цалин мөнгийг ч өгөх хэрэгтэй байна” гээд гуйгаад байхаар нь би тухайн үед “Би Ти Би Констракшн” ХХК-ийн захирал Жаргалан-Энх болон инженер Бумдүүрэн гэх хүмүүстэй уулзаж энэ байрны 9-р давхрын зүүн талын 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг А.Чойжилд худалдсан эсэх, түүнээс худалдаж авч болох талаар асуухад “...тийм ээ болно. А.Чойжил нь хийж байгаа ажлынхаа хөлсөнд гурван орон сууц манай компаниас авч байгаа. Нэг нь 9-р давхрын зүүн талын 74.19 м.кв талбай бүхий 3-н өрөө орон сууц мөн, орон сууцны худалдах үнэ бол надад огт хамаагүй миний ажил хурдан дуусч л байвал худалдах үнэ, хөлсөө та хоёр өөрсдөө тохир” гэж Би ти би констракшн ХХК-ийн захирал Б.Жаргалан-Энх хэлсэн.

Ингээд миний бие хариуцагч нартай ярилцаж тохиролцсоны дагуу түүнээс худалдаж авахаас 2018 оны 5 сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийг А.Чойжилд төлж, үүний дараа   А.Чойжилтой харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн 15-75 УНМ улсын дугаартай Tоёото приус-30 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцож, түүний хэлсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А.Чойжилтой хамт ажилладаг дүүгийнх нь нэр дээр шилжүүлж өгсөн.  Үүнээс хойш 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг,  2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөг,  2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 6,900,000 төгрөг зэрэг нийт 70,000,000 төгрөгийг Чойжилын хаан банкны дансруу шилжүүлсэн.

Төлбөрөө бүрэн төлж дуусгаад 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А.Чойжилтой гэрээгээ хийж баталгаажуулахаар болж энэ өдөр А.Чойжил болон “Би ти би” констаркшн ХХК нарын хооронд энэ орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, би А.Чойжилтой энэ өдөр мөн тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Миний зүгээс орон сууцны төлбөрөө бүрэн барагдуулж дууссан. Үүнээс хойш удалгүй 2018 оны 12 дугаар сард тухайн байр ашиглалтад орж, манай хүүхэд С.Баасанхүү нь эхнэр хүүхдийн хамтаар тухайн байранд нүүж орсон. Нүүж ороход орон сууцны талаар ямар нэгэн маргаан хэл ам гараагүй өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд миний хүүхдүүд амьдарч, орон сууцныхаа СӨХ, ашиглалт, цахилгаан болон кабелын телевизийн гэх мэт төлбөрүүдийг тогтмол төлж, шударгаар эзэмшиж, ашиглаж амьдарч байна.

Байр ашиглалтад орсноос хойш миний зүгээс орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авах талаар “Би Ти Би Констракшн” ХХК-ийн захирал Жаргалан- Энхтэй уулзах болгонд “...би А.Чойжилтой тооцоо нийлж дуусаад өмчлөх эрхийн гэрчилгээг чинь өгнө гэхээс өөр зүйл хэлдэггүй. Харин А.Чойжилтой уулзах болгонд “...би Жаргалан-Энх захиралтай ямар нэгэн тооцоо байхгүй танай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх ёстой гэсээр өнөөдрийг хүрсэн. Тухайн үед орон сууц баригдаж дуусаагүй өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй байсан.

Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 92б байрны 42 тоот 74.19 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Энэ маргааны явцад Би ти би констракшн ХХК-ийн захирал Жаргалан-Энх нь энэ бүх маргааныг мэдсээр байж өөрийн гэр бүлийн хүн болох Э.Баярмаагийн нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулж тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Баярмаа гэх хүний нэр дээр гаргасан байдаг.

Тус компанийн захирал Жаргалан-Энх нь мэдсээр байж гэрчилгээ өөрийн гэр бүлийн хүний нэр дээр шилжүүлсэн байх тул тэдгээрийн хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож Э.Баярмаагийн нэр дээрх гарсан Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 92б байрны 42 тоот хаягт байрлалтай, Ү-2204101409 дугаартай 3 өрөө орон сууцны №00721740 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Би Ти Би Констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Би Ти Би констракшн” ХХК нь иргэн Б.Самдантай эрх зүйн харилцаанд оролцоогүй гэрээний үүрэг үүсээгүй. А.Чойжилтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хэдий ч хариуцагч А.Чойжил нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй. Орон сууцыг барьж хүлээлгэж өгөөгүй тул манай компани өөр компаниар ажлаа гүйцэтгүүлсэн. М.Самдан нь тухайн үед ажил гүйцэтгэх гэрээгээр манай компанид ажиллаж байсан нь үнэн.

А.Чойжилын ажил гүйцэтгэх гэрээгээр нийт гүйцэтгэх ажлын үнийн дүн 123,302,100 төгрөг байсан. Гэтэл энэ ажилдаа гурван байр авсан нь үнэн, үнэхээр гүйцэтгэсэн юм бол ирээд ажлаа дүгнэх хэрэгтэй. Огт ирж уулздаггүй. Ажлаа дүгнэдэггүй. Маргааны явцад олдоггүй байж байгаад ажиллагааны явцад хоригдож байгааг нь мэдсэн. Шүүхэд төлөөлөгч томилчихоод өөрөө огт ирж энэ маргааныхаа учрыг олдоггүй. Бид нар ажил гүйцэтгэх гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгээгүй байгаа. А.Чойжил ажил хийсэн гэж байгаа бол хийснээ өөрөө нотлох хэрэгтэй.

Б.Самданг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй юм.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу байр авсан Г.Нямдорж нь шүүхэд хандаж Би ти би констракшнаас 53,480,000 төгрөгөө буцааж авсан. Ямар үндэслэлээр 70 сая төгрөгт тооцож орон сууц авах гэж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Э.Баярмаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хандан гаргасан Э.Баярмаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Баярмаа нь “Би Ти Би констракшн” ХХК-ийн захирал Жаргалан-Энхийн эхнэр нь гэдэгтэй талууд маргадаггүй. Энэ хүн гэрээ болон гэрээний бусаар нэхэмжлэгчтэй ямар ч хамааралгүй.  “Би ти би констракшн” ХХК өөрийн байрыг өөр хэн нэгэнд шилжүүлэх нь байгууллагын эрх. Тухайн үед нь Б.Самдан бүртгэлийн үнэн зөвтэй холбоотой маргаан үүсгэх эрх нь нээлттэй байсан. Б.Самдан төлбөрийг нь төлнө гээд л орон сууцанд орчихсон. Жаргалан-Энхийн хувьд А.Чойжил нь авч байгаа байрныхаа мөнгийг нь төлж чадахгүй юм байна, Б.Самдан төлөх юм байна гээд л ойлгоод оруулсан. Э.Баярмаагийн хөрөнгийг бусдын өмнөөс худалдах эрх, түүнээс нэхэх эрх байхгүй.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Чойжилын шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий орон сууц нь н.Жаргалан-Энхийн эхнэр Э.Баярмаагийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Миний бие Би ти би констаркшн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргээ биелүүлсэн. Тухайн үед надад 3 орон сууц өгөхөөр тохирлцсоны дагуу Жаргалан-Энхтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээний үндсэн дээр би Самдан гуайд орон сууц худалдсан. Мөнгөө аваад Би ти би констракшн ХХК-ийн байрыг барих ажилчидын цалин хөлс, бараа материалд зарцуулсан.

Энэ ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан үүсээгүй. Намайг дутуу хийж гүйцэтгэсэн эсвэл мөнгө нэхэмжилсэн маргаан нэхэмжлэлийг огт гаргаагүй. Гаргаж чадахгүй. Яагаад гэхээр би ажлаа 100 хувь гүйцэтгэсэн учраас улсын комисс байрыг хүлээж авсан. Хэрэв ийм маргаан үүсвэл би өөрийн биеэр ирж нэхэмжлэлээ гардаж авах болно. М.Самдан гуайг энэ маргаан бүхий байрыг худалдаж авч байсныг хариуцагч “Би ти би констракшн” ХХК, Жаргалан-Энх нар мэдэхийн дээдээр мэдэж байсан.

Намайг ажлаа дутуу гүйцэтгэсэн гэж байгаа бол энэ асуудлаа тусад нь гаргаад явах эрх нь нээлттэй. Харин энэ хүнийг хохироож болохгүй. Намайг хоригдсон үед гэрчилгээг өөрийн эхнэр Э.Баярмаагийн нэр дээр гаргаж өгсөн байсан.

Тухайн үед хийсэн ажлынхаа хөлсөнд авсан байраа би зарсан. Зарсан мөнгийг нь буцаагаад л байранд нь зарцуулсан. М.Самдан гуайд тус байрыг зарах үед улсын комисс аваагүй улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа хийх боломжгүй байсан. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн хүүхэд амьдарч байхад хариуцагч нар хэн ч хэл ам гаргаагүй. Огт танихгүй хүнийг 2-3 жилийн хугацаанд барьсан байрандаа 3 жил амьдруулсны дараа ордер гаргаж өгье гэх гэнэн цайлган компани байхгүй. Б.Самданд өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөөгүйн үүднээс өнөөдрийн асуудал үүсч байна. 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн н.Жаргалан-Энх, А.Чойжил нарын орон сууц худалдах-худалдан авах гэрээнд н.Жаргалан-Энх өөрөө гарын үсэг зурж, тамга дарсан байдаг, үүнийг үгүйсгэсэн баримт гаргахгүйгээр нотлогдоно. Б.Самдангийн нэхэмжлэлийн шаардлагыг миний бие дэмжиж байна. “Би Ти Би констракшн” ХХК нь анхнаасаа уг орон сууцыг Б.Самдан худалдан авч байгааг мэдэж байсан учраас өнөөдрийг хүртэл орон сууцандаа амьдруулсаар байна. Өнөөгийн зах зээлийн нийгэмд орон сууцны төлбөр төлөөгүй хүнийг 2 жил байтугай 2 сар ч үнэгүй амьдруулаад байх компани байхгүй. А.Чойжил нь Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 92б байрны 9 давхрын 42 тоот 75.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг “Би Ти Би констракшн” ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэж өгсөний хөлсөнд тооцож худалдан авахаар тохиролцож, уг орон сууцаа цаашаа Б.Самданд худалдахаар тохиролцсоныг бүгд мэдэж байгаа. Энэ тохиролцоог “Би Ти Би констракшн” ХХК-ийн захирал н.Жаргалан-Энхийн зөвшөөрлийн үндсэн дээр хийгдсэн. Иймд өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа:

Манай “Би Ти Би констракшн” ХХК нь иргэн Б.Самдантай өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан Баянзүрх дүүргийн 22-р хороо, 92б байрны 42 тоот 74.19 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй. Б.Самдан болон “Би Ти Би констракшн” ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээний үүрэг хариуцлага үүсээгүй. Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай тохиролцоог манай байгууллага иргэн А.Чойжилтой хийж улмаар орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Гэтэл хариуцагч Б.Самдан нь манай байгууллагатай гэрээ хэлцэл байгуулаагүй, орон сууцны төлбөрт нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй атлаа тухайн хаягт байрлах манай компаний өмчлөлийн орон сууцыг 2018 оны 12 дугаар сараас хойш хууль бусаар хүү С.Баасанхүүгийн хамтаар эзэмшиж оршин сууж байгаа болох нь нэхэмжлэгч Б.Самдангийн шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбараар тогтоогдож байгаа болно. Иймд манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндөж буй тул уг орон сууцыг Б.Самдангийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай байгууллагын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа тул уг орон сууцыг Б.Самдан болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Баярмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байрны 42 тоот орон сууцыг Б.Самдангийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Э.Баярмаа нь нэхэмжлэгч Б.Самдантай Баянзүрх дүүргийн 22-р хороо, 92б байрны 42 тоот 74,19 м.кв талбатгай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах , худалдан авах гэрээг байгуулаагүй тэдний хооронд ямар нэгэн үүргийн хариуцлага үүсээгүй бөгеөд харин гуравдагч этгээдийн өмчлөлийн орон сууцанд 2018 оны 12 дугаар сараас хойш нэхэмжлэгч тал хууль бусаар оршин сууж өмчлөгчийн хууль ёсны эрх ашгийг нь хөндөж буй тул уг орон сууцыг Б.Самдангийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Э.Баярмаагийн хувьд дээрх барилгад хөрөнгө оруулсан бөгөөд шудрага өмчлөгч юм. Энэ хүн өөрийнхөө өмчийг цаашид яах нь энэ хүний асуудал байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Самдан, түүний өмгөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

“Би Ти Би Констракшн” ХХК-ийн хувьд А.Чойжилтой харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тус орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөн орон сууц байшин худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Миний хувьд мөн өдөр А.Чойжилтой гэрээ байгуулж тус орон сууцны эрх, үүргийг шилжүүлж авсан. “Би Ти Би Констракшн” ХХК-ийн захирал н.Жаргалан-Энх, А.Чойжил нараас энэ 2018 оны 06 дугаэр сарын 16-ны өдөр байгуулсан “Орон сууцны байшин худалдах худалдан авах гэрээ”-г өөрчилж миний нэр дээр болгох талаар шаардахад н.Жаргалан-Энх захирал болон А.Чойжил нар нь ямар нэгэн асуудал байхгүй барилга орсны дараа орон сууцны гэрчилгээг чинь гаргаж өгнө гэж байсан учир миний бие нээх юм бодоогүй. Учир нь тус орон сууцанд миний бие ажил хийж гүйцэтгэж байсан огт таньж мэдэхгүй, танихгүй хүнээс орон сууц худалдаж авсан бол нэг өөр хэрэг байх. Мөн тэнд байсан хамт ажил хийж байсан хүмүүс бүгд мэдэж байгаа ер нь гадуур баригдаж байгаа барилга ихэнхи нь бартер буюу орон сууц өгч ажлаа хийж гүйцэтгүүлдэг. Гэтэл Би ти би Констракшн” ХХК, А.Чойжил нарын хооронд үүссэн үл ойлголцлоос болж тус орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүртэл Б.Самдан намайг хохироож байна. Миний хувьд Баянзүрх дүүргийн 22-р хороо, 92 б байрны 42 тоот 74.19 кв.м сууцыг анх орсон цагаас нь эхлэн төлбөрөө бүрэн төлж өнөөдрийг хүртэл тус сууцыг шударгаар эзэмшиж, ашиглаж ирсэн. Иймд Б.Самдан миний бие шударга эзэмшигч тул хариуцагч “Би Ти Би Констракшн” ХХК болон Э.Баярмаа нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус орон сууцны өмчлөгчөөр Б.Самдан намайг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Чойжилын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр улсын комисст хүлээлгэн өгөөгүй болохоос 90 хувь хүртэл нь А.Чойжил ажилласан. А.Чойжил “Би Ти Би констракшн” ХХК нарын хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй. А.Чойжил 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийж, Б.Самданд шилжүүлэх зөвшөөрлийг н.Жаргалан-Энхээс авч, түүнтэй гэрээ байгуулсаны үндсэн дээр Б.Самданд шилжүүлсэн. “Би ти Би констракшн” ХХК-тай А.Чойжил өр төлбөрийн асуудал байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Зээл авах үед барьцаа хөрөнгө нь зээлдэгч Э.Баярмаагийн нэр дээр байсан. Э.Баярмаа нь манай байгууллагаас 2020 оны 8 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацааг сунгасан бөгөөд одоо зээлийн үлдэгдэл ... төгрөг үлдсэн байгаа. Энэ зээлийн барьцаа болгож дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Шүүх манай байгууллагын эрх ашгийг хөндөөгүй шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Оршин суугаа газрын тодорхойлолт, гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны депозит дансны хуулга, С.Баасанхүүгийн төрсний гэрчилгээ, Би Ти Би констакшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

 

Хариуцагч Би Ти Би констракшн ХХЗ, Э.Баярмаа нараас: М.Жаргалан-Энхийн иргэний үнэмлэхний хуулбар, Би Ти Би констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2018 оны 6 сарын 16-ны өдрийн №06/16 дугаартай орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ, Би Ти Би констракш ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, 2019 оны 7 сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2017 оны 10 сарын 02-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 2 сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, иргэн Б.Дэлгэрсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 03594 дугаартай шийдвэр, Нийслэлий иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал,

 

Хариуцагч А.Чойжилоос: өөрийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нараас: Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2020 оны 8 сарын 25-ны өдрийн №В10020082501 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь,

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр: Улсны бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 1 сарын 08-ны өдрийн 7/101 дугаар албан тоот, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мемориалын баримт, Би Ти Би констракшн ХХК-ийн дүүргийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичиг, 2019 оны 3 сарын 15-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, орон сууцны зураг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000721740 дугаар гэрчилгээ, улсын бүртгэлийн мэдүүлэг, худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №В10020082501 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, гэрч Б.Батмагнайг асуусан тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр гэрч Х.Ганболдыг асуусан тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Самдан нь хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК, иргэн А.Чойжил, Э.Баярмаа нарт холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Би ти би констракшн” ХХК болон Э.Баярмаа нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Э.Баярмаагийн нэр дээр гарсан өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч “Бид ти би констаркшн” ХХК болон Э.Баярмаа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж Б.Самдан нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч А.Чойжилын хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд,

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр А.Чойжилтой байгуулсан гэрээний дагуу үнэ төлөх үүргээ биелүүлсэн тул Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байрны 42 тоотын 74,19мкв талбай бүхий 3 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгоно гэж тодорхойлж, “Би Ти Би констракшн” ХХК болон Э.Баярмаа нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлаж, Э.Баярмаагийн нэр дээр олгогдсон №000721740 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тодорхойлж байна.  

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдэд өмчлөх эрх үүсэх хоёр үндсэн арга байна.

Нэгд, өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос хамааралгүйгээр буюу  анхдагч аргаар өмчлөх эрх үүсэх. Энэ аргын хувьд өмнөх өмчлөгч байхгүй буюу хуульд заасан журмаар өмчлөх эрхийг анх тутамд олж авах эрх юм. Энэ тохиолдолд хуульд тусгайлан заасан журмыг анхаарах бөгөөд харин тодорхой этгээдүүдийн хүсэл зоригийн илэрхийлэл хамааралгүй байдаг тул хэлцэл, гэрээ байгуулахгүй, түүнд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Хоёрт. Өмчлөх эрхийг олж авахдаа өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос хамааралтай, харилцан илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл буюу хэлцлийн үндсэн дээр, гэрээний дагуу өмчлөх эрх өмнөх өмчлөгчөөс дараагийн өмчлөгчид шилжих арга тул өмчлөх эрх үүссэн эсэхийг тогтоохдоо өмчлөх эрх шилжүүлэх үүрэг хүлээсэн хэлцэл, гэрээг дүгнэх ёстой байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангах буюу нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн гэх үндэслэл нь зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний үндэслэлээр гэж тодорхойлсон байх тул хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх үүссэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Самдан болон хариуцагч А.Чойжил нарын хооронд 2018 оны 6 сарын 16-ны өдөр байгуулагдсан “гэрээ” гэсэн бичгийн нотлох баримт авагдсан байна.  Дурдсан баримтаар, гэрээ байгуулсан гэх талуудын эрх, үүрэг, гэрээний агуулга болон зорилго, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд ерөнхийлөн дүгнэлт хийж үзвэл нэг талаас орон сууц шилжүүлэх үүрэг, нөгөө талаас ажлын хөлс төлөх бус харин тухайн орон сууцыг шилжүүлэн авсны төлөө үнэ төлөх үүргийг харилцан хүлээсэн агуулга байх тул тус агуулгыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ бус, харин мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний агуулгад илүү нийцнэ гэж үзэв. /1хх-ийн 6 дугаар тал/

Хэрвээ гэрээний талууд тодорхой эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх, үнэ төлөх тохиролцоо хийсэн гэж үзвэл тус тохиролцооны дагуу шаардах эрх үүсэх эсэхийг дүгнэхдээ гэрээний үндсэн дээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэх, үүссэн гэрээний харилцаа хүчин төгөлдөр эсэх, хүчин төгөлдөр гэрээний үүргийн зөрчил гарсан эсэх энэ үндсэн дээр нөгөө талд шаардах эрх үүссэн эсэх зэрэг тодорхой дарааллаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бариммт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Энэхүү худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч тал буюу орон сууцыг шилжүүлэх үүргийг иргэн А.Чойжил, үнэ төлөх үүргийг иргэн Б.Самдан хүлээсэн гэж үзэхээр байх бөгөөд гэрээнд төлбөрийг бүрэн төлж дуусгасан талаар тусгасан байна.

Мөн хэрэгт авагдсан Б.Самдангийн эзэмшлийн Хаан банкны 5029818950 дугаартай дансны хуулга, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, хариуцагч А.Чойжилын тайлбараар нэхэмжлэгч Б.Самдан нь гэрээгээр тохиролцсон орон сууцны үнэ 70,000,000 төгрөгийг гэргээний нэг тал болох А.Чойжилд төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн талаар хариуцагч А.Чойжил маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. /1хх-ийн 9-19, 107-108 дугаар тал/

Хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК-ийн зүгээс хариуцагч А.Чойжил нь дээрх орон сууцыг худалдан борлуулах эрхгүй, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, компанийн зүгээс нэхэмжлэгч Б.Самдантай гэрээ, хэлцэл байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээний нэг тал болох А.Чойжил нь маргаан бүхий орон  сууцыг худалдах гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй байсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна.

Хариуцагч А.Чойжил нь “Би Ти Би констракш” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд гурван байр авахаар тохиролцсон ба нэг байр болох БЗД-ийн 22 дугаар хороон нутаг дэвсгэрт баригдаж байсан 43 айлын орон сууцны 9 давхарын 74,19 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг ажлын хөлсөнд шилжүүлэн авахаар тохиролцон гэрээ байгуулж, нэхэмжлэгч Б.Самданд худалдсан гэж тайлбарлаж байна.

Зохигчдын тайлбар, гэрч Б.Батмагнайгийн мэдүүлэг, хэрэгт авагдсан А.Чойжил болон “Би Ти Би констаркшн” ХХК нарын хооронд 2017 оны 10 сарын 02-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №06/16 дугаартай орон сууцны байшин худалдах, худалдан авах  гэрээнүүдээр “ММОЧ” ХХК /компанийг төлөөлж А.Чойжил/ нь 43 айлын орон сууцны өрлөг шавар, заслын ажил хийж гүйцэтгэх, “Би Ти Би констракшн” ХХК /түүнийг төлөөлж М.Жаргалан-Энх/ нь ажлын хөлсийг бартераар буюу орон сууцаар төлөхөөр тохиролцож, 43 айлын орон сууцны 9 давхарын 74,19 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг А.Чойжилд шилжүүлэн өгсөн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. /1хх-ийн 58-62, 233-237, 216-219 дүгээр тал/

Зохигчид хэн аль нь ажил гүйцэтгэгч ММОЧ ХХК-ийг хариуцагч А.Чойжилын эзэмшлийн компани мэн эсэх талаар маргаагүй.

Ингэснээр дээрх орон сууцыг А.Чойжил нь бусдад худалдах эрх нь үүсэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар А.Чойжил нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.

Хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК нь А.Чойжилыг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ дутуу гүйцэтгэсэн, гэрээ дүгнэгдээгүй гэж маргаж байх боловч иргэний эрх зүйн харилцааг тусгаарлах зарчмын дагуу энэ хэргийн маргааны зүйл биш байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелэгдсэн эсэх, гэрээ дүгнэгдсэн эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүйг болон хариуцагч нар хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн талаар маргаан үүсгээгүй талаар тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд үүргийн болон өмчийн хэлцэл зэрэг үүсэх хэдий ч талуудын хэлцэл хийх үед тухайн орон сууц баригдаж дуусаагүй шинээр бий болж байсан тул өмчийн хэлцлийн тусгай шаардлага буюу улсын бүртгэл шаардагдахгүй  болно.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд үүргийн хэлцлийн хувьд хариуцагч А.Чойжил болон нэхэмжлэгч Б.Самдан нарын хооронд худалдах, худалдах авах гэрээ байгуулагдснаар А.Чойжил нь “Би Ти Би констракшн” ХХК-иас авах орон сууцыг нэхэмжлэгч Б.Самданд өгөхөөр шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзнэ.

Тодруулбал, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар үнийг төлснөөр өмчлөх эрх үүснэ” гэж заасны дагуу хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК нь нэхэмжлэгч Б.Самдангаас орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 70,000,000 төгрөгийг бодитоор хүлээж аваагүй боловч “ММОЧ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнийхээ үүрэгт өгөхөөр тохиролцсон орон сууцыг нэхэмжлэгчид өгөх замаар ажил гүйцэтгэх гэрээгээр хөлс төлөх үүргийн тодорхой хэсгийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Самдангийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байрны 42 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс “Би Ти Би констракшн” ХХК болон Э.Баярмаа нарын хооронд байгуулагдсан хэлцэл буюу 2019 оны 3 сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хариуцагч Э.Баярмаагийн нэр дээр гарсан №000721740 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК нь 2019 оны 3 сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээний дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 92б байрны 42 тоот хаягт байрлалтай 75.68 кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204101409 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Баярмаад шилжүүлсэн байна. /хх-ийн 83-88 дугаар тал/

Хэрэгт авагдсан орон сууц, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлсөн баримтаар тус орон сууцыг барилга ашиглалтанд орсон үеэс эхлэн нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд болох түүний хүү С.Баасанхүү эзэмшиж, ашиглаж одоог хүртэл амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид хэн аль нь энэ үйл баримтын талаар маргадаггүй. /1хх-ийн 170-184 дүгээр тал/

Хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК-ийн зүгээс мөнгө төлнө гэдэг болохоор нь Б.Самдан болон түүний хүүг орон сууцнаас чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаагүй гэх тайлбар нь гаргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлсэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж заасан.

“Би Ти Би констракшн” ХХК нь дээрх орон сууцны өмчлөх эрхийг 2017 оны 10 сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ болон 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу Б.Самданд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ зөрчсөн байна.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүсэл зоригийн шинжийн хувьд хүлээн авахыг хүсэмжлэх, санал болгоогүй шинжийг агуулах бөгөөд энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой.

Орон сууцны захиалгын гэрээний нэг тал болох Э.Баярмаа нь гэрээний зүйл болох орон сууцыг эзэмшилдээ авах, бодитоор эзэмшиж, ашиглах талаар санал тавих, гэрээний үүргийн биелэлтийн талаар тодруулах зэрэг хүсэл зоригийн илэрхийлэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд “Би Ти Би констракшн” ХХК болон Э.Баярмаа нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хийсэн үеэс хүчин төгөлдөр бус байна.

Дурдсан үндэслэлүүдээр, “Би Ти Би констракшн” ХХК болон Э.Баярмаа нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэн Э.Баямраагийн нэр дээрхи үл хөдлөх хөрөнгийн Г-000721740 дугаартай өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгийг Б.Самдангийн нэр дээр шилжүүлж, өмчлөх эрхийг сэргээхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.        

Нэхэмжлэгч нь 1 дүгээр хавтас хэргийн 166-169 дүгээр талд авагдсан баримтанд үзлэг хийлгэх хүсэлтээсээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан болно.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд,       

Хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК, Э.Баярмаа нар нь Б.Самдан түүний хамаарал бүхий этгээдүүдийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Б.Самдан болон түүний хүүхдийг маргаан бүхий орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа гэж үзэж  өмчлөгчийн хувьд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан.

Сөрөг нэхэмжлэл гаргасан “Би Ти Би констракшн” ХХК-ийн хувьд хэрэгт авагдсан баримтаар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул өмчлөгчийн хувиар шаардах эрхгүй байна.

Иймд “Би Ти Би констракшн” ХХК-ийн Б.Самданд холбогдуулан гаргасан орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Харин Э.Баярмаагийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Э.Баярмаагийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн нэхэмжлэгч Б.Самдан нь гэрээний үндсэн дээр тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэмшиж, ашиглаж байгаа тул үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр олж авсан этгээд байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан хоёр үндсэн нөхцөл болох нэг талаас “өмчлөгч байх”, нөгөө талаас “хууль бус эзэмшигч” гэсэн хоёр нөхцлийн хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэл нь тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэхүү шийдвэр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Инвескор ХХК-ийн зүгээс өөрт холбогдох нэхэмжлэлээ гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Би Ти Би констракшн” ХХК болон Э.Баярмаа нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоож, Э.Баярмаагийн нэр дээр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/, 92б байр, 42 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгийг Б.Самдангийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Самданд холбогдох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 92б байрны 42 тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК, Э.Баярмаа нарын  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,114,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Чойжил, “Би Ти Би консракшн” ХХК, Э.Баярмаа нараас гаргуулж, нэхэмжлэгч Б.Самданд олгож, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.БАЯРМАА