Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 133/ШШ2022/00189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: ГАА-Н ХХҮГ, ГАА ПГ нэхэмжлэлтэй 

Хариуцагч: М.М холбогдох

Гэм хорын хохирол 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, прокурор Д.П, иргэдийн төлөөлөгч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагч Э.С-г үндэслэлгүйгээр хууль бус шийдвэр гаргаж, ажлаас халсан албан тушаалтан М.М-с шүүхийн шийдвэрийн дагуу 3,000,000/гурван сая/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан М.Мнь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Э.С-д жирэмсэн амаржсаны чөлөөг олгосон бөгөөд буцааж ажилд аваагүй байна.

Улмаар Э.С  нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 09- ний өдрийн 234 дугаартай шийдвэрээр Э.С-г  ажилд эргүүлэн томилохыг даалгасан, мөн Э.С  нь ажилгүй байсан хугацааны цалин авахаар нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 174 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны 5,467,440 төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт мэдэгдэл хүргүүлж, улмаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн сангийн дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлж, шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Иймд буруутай албан хаагчаас төрд учирсан 3,000,000 төгрөгийг гаргуулах ажиллагаанд хамтарч ажиллах талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хүсэлт ирүүлсэн.

3. Прокурорын тайлбарын үндэслэл: Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ",

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/- ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Э.С-д олгосон нөхөн олговрыг М.М-с гаргуулж, улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: М.М-н хувьд гэм хорын хохирлыг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт учруулаагүй, хууль бус үйлдэл хийгээгүй. Тухайн үед Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн харилцаатай холбоотой шийдвэр гаргах эрхтэй байсан тул Иргэний хуулийн 497.1, 498.5-т заасан гэм буруутай, гэм хор учруулсан үйлдэл биш. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.  

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Э.С-д олгосон 3,000,000 төгрөгийг буруутай этгээд болох М.М-с гаргуулж, улсад өгөх нь зүйтэй. Хуулийн цаг нэвтрүүлгийг үзэж байхад хуульд тодорхой заагаад өгчихсөн байдаг юм байна гэж ойлгосон. Иймд албан газар, төрөөс бус буруутай этгээдээс хохирлыг гаргуулж, улсад оруулах нь зүйтэй.  

6. Нэхэмжлэгч, прокурор цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- ГАА ХХҮГ-н  2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 271 дүгээр албан бичиг

- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 133/ШШ2020/00174 дүгээр шийдвэр

- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШШ2019/00234 дүгээр шийдвэр

- Хариуцагч М.М-н оршин суугаа хаягийн тодорхойлолт

- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар “Ажилд томилох тухай” тушаал

- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал

- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар “Ажилд томилох тухай” тушаал

- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал

- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/08 дугаар “Ажилд томилох тухай” тушаал

- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар “Ажилд томилох тухай” тушаал

- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 дүгээр “Жирэмсэн, амаржсаны чөлөө олгох тухай” тушаал

- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр “Э.С-г  ажилд томилох тухай” тушаал

- Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/32 дугаар “Э.С-г  ажлаас чөлөөлөх тухай” тушаал

- Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20050258/03 дугаар мэдэгдэл

- ГАА ХХҮГ-н  2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9108955 дугаар төлбөрийн хүсэлт

7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.

8. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл” нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл байхаар заажээ.

ГАА ХХҮГ-н  2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 271 дүгээр албан бичиг/хавтаст хэргийн 6 хуудас/-ээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргажээ.

Уг албан хүсэлтийн үндсэн дээр ГАА ПГ нь М.М-д холбогдуулан Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль бус эс үйлдэхүй гаргасны улмаас Э.С-д цалин хөлс олгож, төрд хохирол учруулсан үндэслэлээр 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл/хавтаст хэргийн 1-3 хуудас/ гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцэж байна.

Учир нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл ГАА ПГ нь ГАА ХХҮГ-н  хүсэлтээр төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй.

Энэ талаар Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж тус тус заажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд прокурор нь төрийн төрийн байгууллагыг төлөөлөн, тухайн этгээдээс гаргасан хүсэлтийг үндэслэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд тэрээр хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогчийн эрх үүргийг хэрэгжүүлэхдээ төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, төрийн байгууллагатай хамт оролцох учиртай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ГАА ХХҮГ-н  даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаал/хавтаст хэргийн 54 хуудас/-аар М.М-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус газрын хяналт, шинжилгээ-үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Б, нягтлан бодогч Л.У нарыг томилжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулж, прокурорын хамт шүүх хуралдаанд оролцуулсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй, үүний улмаас хэргийн оролцогчийн эрх хөндөгдөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

3. Хариуцагч М.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ Ж.М-д итгэмжлэн олгожээ./Хавтаст хэргийн 34 хуудас/

Уг итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч “Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гэм хор учруулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгүй”/хавтаст хэргийн 50-51 тал/ гэсэн агуулга бүхий тайлбарыг гарган маргажээ.

4. Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.М-н 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 дүгээр “Жирэмсэн, амаржсаны чөлөө олгох тухай” тушаал/хавтаст хэргийн 24 хуудас/-аар Есөнбулаг сум хариуцсан мэргэжилтэн Э.С-д жирэмсэн болон амаржсаны амралт олгожээ.

Жирэмсэн болон амаржсаны амралт нь дуусгавар болсон байхад Есөнбулаг сум хариуцсан мэргэжилтнээр ажиллуулаагүйн улмаас Э.С  нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 04 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Улмаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШШ2019/00234 дүгээр шийдвэр/хавтаст хэргийн 10-13 хуудас/-ээр Э.С-г  Есөнбулаг сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахыг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгажээ. Уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа талаар хэргийн оролцогч маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрээр нэгэнт тогтоогдсон “Э.С-г  Есөнбулаг сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахыг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгасан” үйл баримтыг дахин нотлохгүй.

ГАА ХХҮГ-н  дарга М.М-н 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр тушаал/хавтаст хэргийн 25 хуудас/-аар хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэж, Э.С-г  мөн өдрөөс эхлэн Есөнбулаг сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

5. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 133/ШШ2020/00174 дүгээр шийдвэр/хавтаст хэргийн 6-9 хуудас/-ээр 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,467,440 төгрөгийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж, Э.С-д олгожээ.

Уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа талаар хэргийн оролцогч харилцан маргаагүй бөгөөд уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль/2012/-ийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэжээ.

Хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20050285/03 дугаар мэдэгдэл/хавтаст хэргийн 27 хуудас/-ийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж, Э.Сувдмаагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,467,440 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний дотор шилжүүлэхийг шаарджээ.

Уг мэдэгдлийн дагуу ГАА ХХҮГ-н  дарга М.Мянганбуу, нягтлан бодогч Л.Удвал нарын гарын үсэг бүхий 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9108955 дугаар төлбөрийн хүсэлт/хавтаст хэргийн 28 хуудас/-ээр 3,000,000 төгрөгийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлжээ.

6. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх заалтаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар”-ыг ажиллуулахаар тогтоожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан нь шүүх хуралдаанд “хариуцагч М.М-г  2016 оны 08 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд ГАА ХХҮГ-н  даргаар ажиллаж байсан” талаар тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан нь үгүйсгээгүй, уг үйл баримтын талаар хэргийн оролцогч харилцан маргаагүй болно.

7. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч М.Мнь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа буюу 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Есөнбулаг сум хариуцсан мэргэжилтэн Э.С-д жирэмсний болон амаржсаны амралт өгч, улмаар ГАА ХХҮГ-н  даргаар ажиллаж байхдаа жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа нь дуусгавар болсон ажилтан Э.С-г  хэвээр хадгалагдаж буй Есөнбулаг сум хариуцсан мэргэжилтний ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй, энэ талаарх хууль зүйн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус, уг хууль бус үйлдэхүйн улмаас Э.С-д 3,000,000 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгогдсон болох нь тогтоогдож байна.

8. Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна”,

7.1.10 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал”,

7.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалыг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэж бүлэглэнэ”,

7.10 дахь хэсэгт “Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл”-д аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын даргыг төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангилал, ТЗ-9 зэрэглэлд хамааруулжээ.

9. Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна”,

12.1.8 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал

10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалтын жагсаалт”-д аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын даргыг төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангилал, ТЗ-10 зэрэглэлд хамааруулжээ.

Дээрх хууль, тогтоолын зохицуулалтаас үзэхэд хариуцагч М.М-н эрхэлж байсан ГАА ХХҮГ-н  дарга нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байна. Төрийн захиргааны албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал юм.

10. Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэжээ.

Уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт “....албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах”-ыг Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд хамааруулснаас өөрөөр төрийн захиргааны албан хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг гаргуулах үндэслэл, журмыг тухайлан зохицуулаагүй байна.

11. Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэжээ.

Уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэснээс өөрөөр төрийн захиргааны албан хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг хэрхэн гаргуулах үндэслэл, журмыг тухайлан зохицуулаагүй байна.

12. Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “...аймаг, нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө”,

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж тус тус заажээ.

Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын үндсэн үйл ажиллагааг зохицуулж буй дээрх хуулиудад уг аймаг, нийслэлийн салбар байгууллагын даргыг томилж, чөлөөлөх талаар тусгаснаас бус уг салбарын төрийн захиргааны албан хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, учруулсан хохирлыг нөхөн талаар зохицуулаагүй байна.

13. Энэ тохиолдолд хууль тогтоогч төрийн захиргааны албан хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг арилгуулах харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан гэж үзэхээр байна.

Учир нь Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж тус тус заажээ.

14. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө тул тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэжээ. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.

15. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.

Хариуцагч М.Мнь ГАА ХХҮГ-н  даргаар ажиллаж байхдаа жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа нь дуусгавар болсон ажилтан Э.С-г  хэвээр хадгалагдаж буй Есөнбулаг сум хариуцсан мэргэжилтний ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан, уг хууль бус үйлдэхүйн улмаас Э.С-д 3,000,000 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгогдсон тул түүнд хуулийн дээрх заалтын дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

16. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 135 дугаар зүйлийн  135.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг ГАА ХХҮГ-н  дарга М.Мнь ажилтан Э.С-тай бус харин томилох эрх бүхий этгээдээс доод шатны албан тушаалтан ГАА ХХҮГ-н  дарга М.М-тай байгуулсан байхыг шаардана.

Энэ тохиолдолд хариуцагч М.М-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүсэх бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан гэх байдал тогтоогдсонгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэжээ.

Энэхүү үндэслэлээр хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан хариуцагч М.М-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх боломжгүй.

17. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагыг хариуцагч М.М-д хүлээлгэж, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт учруулсан хохирлын зарим хэсгийг гаргуулах эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

18. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “...дундаж цалин хөлс тодорхойлох журмыг ... хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ын “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөрдундаж цалин хөлсийг тодорхойлно”, 9-т “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна” гэж тус тус заажээ.

Энэ тохиолдолд хариуцагч М.М-н цалин хөлсний цэс, данс, бүртгэл хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, уг нотлох баримтыг нэхэмжлэгч болон прокуророос иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй.

Иймд хариуцагч М.М-с 3,000,000 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэгч ГАА ХХҮГ-г төлөөлсөн ГАА ПГ-ннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно

19. Иргэдийн төлөөлөгч Ж.Ж нь “Э.С-д олгосон 3,000,000 төгрөгийг буруутай этгээд болох М.М-с гаргуулж, улсад өгөх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

Энэхүү үндэслэлээр хариуцагч М.М-с 3,000,000 төгрөг гаргуулж, улсын орлого болгох тухай иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3 дахь “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.5 дахь хэсэгт “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж мэтгэлцэх зарчмын агуулгыг хуульчилжээ.

Мэтгэлцэх зарчмын дагуу хэргийн оролцогч нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг гаргах үүрэгтэй бөгөөд шүүх нь хөндлөнгийн байгууллагын хувьд мэтгэлцээний тэнцвэртэй байдлыг хангах, хэргийн оролцогчийн диспозитив эрхийг зөрчихгүйн үүднээс хариуцагчийн цалин хөлсний цэсийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Мөн түүнчлэн шүүхээс хэргийн оролцогч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулж, энэ талаар баримтад гарын үсэг зуруулсан болно.

21. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”,

498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагч нь албан үүргээ биелүүлэх явцад гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг.

Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч М.Мнь ГАА ХХҮГ-н даргаар ажиллаж байхдаа ажил олгогч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, ажилтан Э.С холбогдох хүний нөөцийн шийдвэр гаргах/татгалзах/ эрхтэй байжээ.

Хүний нөөцийн шийдвэр гаргахаас татгалзсан нь эрх зүйн алдаатайг шүүхээс тогтоож, ажилтан Э.С ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэх үзэх тохиолдолд тухайн үйлдэл нь хууль бус/тодруулбал хуулиар хориглосон/ байх шаардлагатай. Ажилтны хөдөлмөрийн харилцаатай холбогдох шийдвэр гаргах/татгалзах/ нь ажил олгогчид хуулиар хориглосон үйл ажиллагаа биш юм.  

Энэхүү үндэслэлээр хариуцагч М.М-с гэм хорын хохирол 3,000,000 төгрөг гаргуулах тухай прокурор Д.П-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй.

22. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.1.14 дэх хэсэгт “прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу ГАА ПГ нь нэхэмжлэгч ГАА ХХҮГ-г төлөөлөн хариуцагч М.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.М 3,000,000/гурван сая/ төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэгч ГАА ХХҮГ-г төлөөлсөн ГАА ПГ-ннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ГАА ПГ нь нэхэмжлэгч ГАА ХХҮГ-г төлөөлөн хариуцагч М.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ҮЙТҮМЭН

ШҮҮГЧ                                                         Х.ТАСХЫН