Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 215/МА2022/00017

 

 

Говь-Алтай аймгийн ХХҮГ-ыг төлөөлж,

Говь-Алтай аймгийн П Г-ын гаргасан нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2022/00189 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт байрлах, Говь-Алтай аймгийн ХХҮГ-ыг төлөөлж, Говь-Алтай аймгийн П газрын гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Геологийн байрны ... тоотод оршин суух, ДД............. регистрийн дугаартай, Х овгийн М.М-д холбогдох

Гэм хорын хохирол 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Прокурор Д.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагч Э.С-г үндэслэлгүйгээр хууль бус шийдвэр гаргаж, ажлаас халсан албан тушаалтан М.М-аас шүүхийн шийдвэрийн дагуу 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан М.М нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Э.С жирэмсэн амаржсаны чөлөөг олгосон бөгөөд буцааж ажилд аваагүй байна.

Улмаар Э.С нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 234 дугаартай шийдвэрээр Э.С-г ажилд эргүүлэн томилохыг даалгасан, мөн Э.С нь ажилгүй байсан хугацааны цалин авахаар нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 174 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны 5.467.440 төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт мэдэгдэл хүргүүлж, улмаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн сангийн дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлж, шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Иймд буруутай албан хаагчаас төрд учирсан 3.000.000 төгрөгийг гаргуулах ажиллагаанд хамтарч ажиллах талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хүсэлт ирүүлсэн.

 

3. Прокурорын тайлбарын үндэслэл: Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ",

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/- ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Э.С олгосон нөхөн олговрыг М.М-аас гаргуулж, улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: М.М-ийн хувьд гэм хорын хохирлыг Говь-Алтай аймгийн ХХҮГ үйлчилгээний газарт учруулаагүй, хууль бус үйлдэл хийгээгүй. Тухайн үед Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн харилцаатай холбоотой шийдвэр гаргах эрхтэй байсан тул Иргэний хуулийн 497.1, 498.5-т заасан гэм буруутай, гэм хор учруулсан үйлдэл биш. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х овгийн М.М-аас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ХХҮГ үйлчилгээний газрыг төлөөлсөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ХХҮГ-ыг төлөөлөн хариуцагч М.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж ..... шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.П би, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2022/00189 дугаартай шийдвэрийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 189 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х овгийн М.М-аас 3.000.000 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гомдлын агуулга, үндэслэл: Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан М.М нь Э.С 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот тушаалаар жирэмсэн амаржсаны чөлөөг олгосон бөгөөд буцааж ажилд аваагүй байна. Улмаар Э.С нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 234 дугаартай шийдвэрээр Э.С-г ажилд эргүүлэн томилохыг даалгасан,

Мөн Э.С нь ажилгүй байсан хугацааны цалин авахаар нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 174 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны 5.467.440 төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан байна.

Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт төлбөрийг төлөх мэдэгдэл хүргүүлж, улмаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн сан банкны дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлж шүүхийн шийдвэр биелэгдсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ", Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Э.С олгосон нөхөн олговрыг М.М-аас гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийг хянан хэлэлцээд М.М-ийн үйлдэл нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй. Дээрх маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 133, 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх харилцаанд хамаарч байх боловч нэхэмжлэгч талаас М.М-ийн цалин хөлс түүнтэй холбоотой баримтыг иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хууль нь 2015 онд батлагдаж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн ба уг хуулийн 103.1-д “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж хуульчилснаар буруутай этгээд маргасан тохиолдолд захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх боломжтой болсон.

Хариуцагч М.М нь хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрх буюу захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагч Э.С 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот тушаалаар жирэмсэн амаржсаны чөлөөг олгосон бөгөөд буцааж ажилд аваагүй бөгөөд уг шийдвэр хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийн дагуу бодит байдал дээр ажлаа хийж гүйцэтгээгүй алба хаагч Э.С ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрын зарим хэсэг буюу 3.000.000 төгрөгийг авч, захиргааны байгууллагад хохирол учирсан гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу төрд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх хуулийн шаардлага, үндэслэл бий болж байна. Хариуцагч төрийн захиргааны албан хаагч М.М-ийн албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Э.С-ийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж түүнд хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага нөхөн олговор байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг нэхэмжлэгчээс шаардаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх М.М-ийн алба хаагч Э.С-г ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус буюу гэм буруутай үйлдэл биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Маргааныг шийдвэрлэх цаг хугацаанд 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан ба тус хуулийн 4 дүгээр зүйл “Төрийн албаны зарчим”, 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэжээ.

Төрийн захиргааны алба хаагч М.М нь хууль дээдлэх, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн аль нэгнээр хууль бус шийдвэр гаргасныг гэм буруугүй гэж үзэхгүй ба түүний хууль бус шийдвэрийн улмаас иргэн Э.С-ийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, цалин болон эрүүл мэнд, даатгалын бичилт тасалдсан буюу хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байна.

Түүнчлэн түүний гаргасан шийдвэрийг хууль бус болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон болно. Иймд М.М-ийн үйлдэл нь хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх дээрх маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна.

Үндэслэл: Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн ажлын байрны онцлог ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл байдлаас шалтгаалан ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах бөгөөд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан байна. Мөн зүйлийн 135.3-т бүрэн хариуцлагын гэрээг албан тушаалын жагсаалтын дагуу байгуулах, хуулийн 133 дугаар зүйлд бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх энэ нь ажилтны нэг сарын цалин хөлснөөс хэтэрч болохгүй талаар зохицуулсан байх ба хуулийн эдгээр заалт нь төрийн захиргааны албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд гаргуулах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага нь ажилтан, ажил олгогч хоёрын хоорондох хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай хамааралтай бөгөөд төрд учирсан хохирлыг гаргуулах гэрээний бус үүрэгтэй хамааралгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь төрийн албан тушаалтны учруулсан хохирлыг арилгаж, хохирлыг уг албан тушаалтнаас шаардсан, гэрээний бус үүргийн харилцаа болно.

Тиймээс дээрх маргааны харилцаанд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 болон Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарлан хэрэглэх нь зүйтэй гэж прокуророос үзэж байна.

Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулийн 133, 135 дугаар зүйлд заасан харилцаанд хамаарахгүй тул албан тушаалтан М.М-ийн цалин хөлс түүнтэй холбоотой баримтыг иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2022/00189 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хариуцагч М.М-аас гэм хорын хохирол 3.000.000 төгрөгийг гаргуулахаар гомдол гаргав гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Говь-Алтай аймгийн ХХҮГ-ын даргаар ажиллаж байсан М.М нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот тушаал гаргаж Э.С жирэмсэн амаржсаны чөлөө олгоод, амралтын хугацаа нь дуусгавар болоход ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж буй Есөнбулаг сум хариуцсан мэргэжилтний ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан, уг хууль бус үйлдлийн улмаас Э.С 3.000.000 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгож, төрд хохирол учруулсан тул буруутай этгээдээс хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг аймгийн ХХҮГ-ыг төлөөлж аймгийн П газар гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч М.М-ийн үйлдэл нь шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр төрд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй, уг маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 133, 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх харилцаанд хамаарч байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь төрийн албан тушаалтны учруулсан хохирлыг арилгаж, хохирлыг уг албан тушаалтнаас шаардсан гэрээний бус үүргийн харилцаа болохын хувьд гэм хорын материаллаг хохирлыг төрд учруулсан байна.

 

Энэхүү маргааны харилцаанд 2015 онд батлагдаж, 2016 оны 7 дугаар сарын 01-нээс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан “...Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ...” ,

2017 онд батлагдаж 2019 оноос дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан “...Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар чөлөөлсөн,...халсныг шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ...” гэсэн хуулийн заалтуудыг хэрэглэх нь үндэслэлтэй байх бөгөөд захиргааны байгууллага гэм буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М.М нь Э.С жирэмсэн амаржсаны чөлөө олгоод буцааж ажилд нь аваагүйгээс Э.С шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 234 дугаартай шийдвэрээр түүнийг ажилд нь эргүүлэн томилохыг даалгасан байх бөгөөд шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэх байдлаар ажилд эгүүлэн аваагүй үйлдэл нь хууль зөрчсөн санаатай үйлдэл байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль / 1999 оны /-ийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт “...жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаал нь хэвээр хадгалагдахаар...” хуульд заасан байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчид үүрэг болгосон хуулийн энэ заалтыг хэрэгжүүлээгүй М.М-ийн үйлдэл нь шууд санаатай үйлдэл байна.

 

 Албан тушаалтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс хохирлын хэмжээ нэмэгдсэн үйлдлийг төрд материаллаг хохирол буюу 3.000.000 төгрөгний гэм хор учруулсан шууд санаатай үйлдэл байна гэж үзлээ. М.Мгийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас төрийн байгууллагад 3.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар хариуцагч М.М-аас 3.000.000 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн ХХҮГ-т олгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2022/00189 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар хариуцагч М.М-аас 3.000.000 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн ХХҮГ-т олгосугай...” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

           ШҮҮГЧИД                            Ч.Э

                                                                      Т.Ж