Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2388

 

 

Р.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/02094 дугаар шийдвэртэй, Р.Л-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Н-д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зусланд дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийн 0324095 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 3057\24314\18649324285032 дугаар бүхий 698 м.кв газрыг, харин эхнэр Д.Дагиймаа дүүргийн Засаг даргын мөн өдрийн захирамжаар газар эзэмших эрхийн 0324096 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 3057\24313\18649324279013 дугаар бүхий 700 м.кв газрыг тус тус хуулийн дагуу эзэмшдэг юм. Анх газраа авахад уг газарт эзэмших эрхийн зөвшөөрөлгүй, дутуу баригдсан тоосгон байшин байсан. Бид 2013 оны 6 дугаар сард уг газарт хашаа бариулахаар ажлаа эхлүүлж байтал Л.Н- гэдэг хүн миний эзэмшлийн газарт дураараа халдлаа гэж дүүргийн газрын албанд хандсан. Тус албанаас манайд мэдэгдэх хуудас өгч ажлыг зогсоосон.

Уг газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр дүүргийн Засаг дарга, Газрын албанд удаа дараа хандахад Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 604 тоот албан бичгээр “…таны хүсэлт өмчийн маргаантай холбоотой байгаа тул шүүхэд хандаж шийдвэрлүүл…”, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1559 тоот албан бичгээр “…Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн зусланд байрлах таны мэдээллийн санд бүртгэлтэй газарт Л.Н- байшин барьсан тул маргаан үүссэн, тус маргааныг Иргэний хууль, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар шүүхэд хандаж шийдвэрлүүл…”, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11\763 тоот албан бичгээр “…Танд дүүргийн нутаг дэвсгэр болох 20 дугаар хороо, Бэлхийн зусланд дүүргийн Засаг даргын 2010 оны 370 дугаар захирамжаар 700 м.кв газрыг эзэмшүүлсэн боловч таны эзэмшил газарт иргэн Л.Н- үл хөдлөх хөрөнгө барьсан байна. Иймд газар дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх асуудлаа шүүх, хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүл…” гэсэн хариуг тус тус өгсөн. 2017 оны 6 дугаар сард дахин хашаа бариулж, хаалгыг цоожилсон боловч Л.Н- 5-6 залуугийн хамт очиж хаалга, цоожийг эвдэлж, өөрийн эзэмшлийн газарт хашаа байшин барих эрхэд халдаж, хохирол учруулж, цаг хугацааны асар их алдагдалд оруулсан тул түүний хууль бус үйлдлийг зогсоож, эзэмших эрхийн 0324095 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 3057\24314\18649324285032 дугаар бүхий газрыг албадан чөлөөлөх нэхэмжлэлийг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн зуслан, нэгж талбарын 3057/24324/18649324285032 дугаартай, газар эзэмших эрхийн 0324095 дугаар гэрчилгээтэй, 698 м.кв газрыг хариуцагч Л.Н-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа 1. Хуулиар тогтоосон журам зөрчсөн, 2. Хэрэг хянан хэлэлцэхдээ маргаан бүхий газрыг буруу үндэслэсэн, 3. Маргаантай газар нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо бус 20 дугаар хорооны хутаг дэвсгэрт хамаардаг.

Шүүхэд уг хэрэгт холбогдуулж, өөрийгээ төлөөлүүлж Т.Ууганбаярыг оролцуулсан. Тэрээр 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гардан авч, улмаар нөлөөллийн мэдүүлгийн баримт, зохигчийн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримт, хэрэг танилцуулсан баримтад гарын үсэг зурсан. Хариуцагчаас хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй нь үнэн. Учир нь хариуцагч би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, одоогийн 20 дугаар хороо, Сэлбэ /одоогийн бэлх/ зуслангийн зориулалтаар Б.Энхцэцэгт эзэмшүүлсэн 400 м.кв газрыг 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр худалдан авч, 2005 онд дүүргийн Засаг даргаас газар эзэмших эрхийн 0044273 дугаар гэрчилгээ 5 жилийн хугацаагаар олгогдсон. Дээрх газрыг зориулалтын дагуу ашиглаж амины орон сууцыг 2010 онд барьж эхлүүлсэн үеэс уг газрын маргаан гарсан тул ажил  бүрэн дуусаагүй.

Сүхбаатар дүүргийн Засаг даргаас надад эзэмшүүлсэн 400 м.кв газар дотор баригдаж буй амины орон сууц нь 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 370 тоот захирамжаар олгосон иргэн Д.Дагиймаагийн 700 м.кв нэгж, талбараар эзэмшүүлсэн газар дотор байрладаг учир түүний нөхөр Р.Л- бидний хооронд маргаан үүссэн ба үүнийг дүүрэг, газрын харилцааны албаны эрх бүхий албан тушаалтнууд бүгд мэддэг. Дээрх 370 тоот захирамж нь надад урьд нь эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байхад өөр хүнд эзэмшүүлсэн юм.

Миний бие маргаан бүхий газрын шударга эзэмшигч тул Р.Л-, Д.Дагиймаа нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 370 тоот захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцуулах, Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны газартай Р.Л-, Д.Дагиймаа нарын байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг хүчингүйд тооцуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 8 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүссэн байгаа.

Нэхэмжлэлд дурдаж буй миний өмчлөлийн барилга нь нэхэмжлэгчийн эхнэр Д.Дагиймаад эзэмшүүлсэн 700 м.кв газрын хил хязгаарын дотор байрладаг ба нэхэмжлэгч үүнийг сайн мэддэг. Тэрээр дүүргийн газрын алба, өмч харилцааны газраар уг маргааны талаар хөөцөлдөж явахдаа газар эзэмшигч Д.Дагиймааг сайн дураар төлөөлж өөрийн өмнөөс өргөдөл, гомдол гаргаж байсан баримтууд захиргааны хэргийн шүүхэд цугларсан. Иймд холбогдох байгууллага, албан тушаалтанд хандсан өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн талаарх баримтууд хэрэгт авагдсаныг шүүх үндэслэж маргаан бүхий газар байрлаж буй амины орон сууц нь хариуцагчийн өмчлөлийн зүйл гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж хүсэлт, тайлбар гаргаж, захиргааны шүүхэд уг нэхэмжлэлтэй холбоотой маргаан үүссэн талаар тайлбарлаж, хуульд заасан хугацаанд хариу тайлбар, татгалзлаа нотлох ач холбогдолтой баримтыг гаргах боломжгүй гэсэн атал шүүх хуралдааны тэмдэглэлд үүнийг тусгаагүй тул шүүх хуралдааны бичлэгийг хавсаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгосон итгэмжлэлээс татгалзсан талаар хариуцагч миний бие шүүгчийн туслахад хэлэхэд “хойшилсон шүүх хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон, таны төлөөлөгчид мэдэгдсэн, баримтад гарын үсэг зурсан. Харин та хэрэг танилцуулсан баримт, зохигчид эрх, үүрэг танилцуулсан баримтад гарын үсэг зурах шаардлагатай, хурал товлогдож байгаа нь хурал болно гэж ойлгоорой, шүүхэд гаргаж өгөх нотлох баримт, санал, хүсэлт байвал шүүх хуралдаанаас өмнө өгнө шүү.” гэж эрх, үүрэг тайлбарласан. Тухайн өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж, өмгөөлөгч авах хүсэлттэйг хэлж, шүүх хүлээн авч 2 хоногоор хойшлуулсан. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдаанд хоцорч очсон, шүүгчийн туслахтай уулзахад “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт ирүүлсэн, шүүх хуралдаан хойшлогдсон, хурлын тов тодорхой болоход мэдэгдэнэ” гэсэн. Шүүхэд нотлох баримтууд болох газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг дараагийн шүүх хуралдаанд гаргасан нь дээр юм байна гээд шүүхэд өгөлгүйгээр авч явсан.

Гэтэл шүүх хуралдаан болж, хуралд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Амар, хариуцагч Л.Н- нар хүрэлцэн ирснээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэж, тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр ирсэн байгаагаар тусгагдсан. Мөн өдрийн хойшилсон хурлын товд зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мөн өдөр гарын үсэг зуруулсан ба хойшилсон тов 2018 оны 9 дүгээр сарын 21-ний 9 цагт болохыг утсаар мэдэгдсэн гэж тэмдэглэл үйлджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч миний эрхийг зөрчиж, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй, эрх үүрэг тайлбарласан баримтад хариуцагч Л.Н- нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан боловч огноог бичихгүйгээр орхигдуулсан. Хэргийн материал 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр танилцсанаар огноог зассан. Нэхэмжлэгчээс шинээр мөн өдрийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримттай танилцах хугацааг шүүх олгосон боловч танилцуулаагүй, баримтад гарын үсэг зуруулаагүй.

Шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж гарсан 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдаан албан ёсоор болоогүй байхад шүүх хуралдаан болж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан санал, тайлбар гаргасан мэтээр тэмдэглэл хөтлөн, шүүгчийн захирамж гарсан. Тов мэдэгдэх баримтад 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярт мэдэгдсэнээр тэмдэглэл хөтөлсөн ба хариуцагч өөрийн итгэмжлэл олгосон төлөөлөгчөөс татгалзсан байхад хурлын тов мэдэгдсэнээр тэмдэглэл үйлдэж хуулиар тогтоосон журам зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотлох баримт болдог тул 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч болон төлөөлөгч хэн аль нь оролцоогүй тайлбар гаргаагүй нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн эрх тэгш зарчмыг алдагдуулж, мэтгэлцэх зарчим хангагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийн баримтаас үзвэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гардуулж, мөн өдөр Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагын талаар түүнд тайлбарлан танилцуулжээ. /хх44,46/ Гэтэл хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлээгүйн гадна тухайн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлийн талаар тайлбар гаргаж, нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргах зэрэг хуульд заасан үүргээ шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүйд шүүх буруутай гэж үзэхгүй.

 

Түүнчлэн хариуцагч нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан байхад түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэж давж заалдах гомдолд дурдсан боловч хэрэгт татгалзлын талаар бичгээр гаргасан баримт авагдаагүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхээс тухайн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн гэж баримт үйлдсэн, улмаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна./хх68/

 

Харин шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Р.Л-д 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 15 жилийн хугацаатай олгосон 698 м.кв газрын 0324095 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-нд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 370 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын дугаар 6057/24314/18649324285032 гэсэн бичилт хийгдсэн нь газрын байршлын кадастрын зурагт тэмдэглэгдсэн нэгж талбарын дугаартай тохирч байна. /хх14,17,57/

 

Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас нэхэмжлэгч Р.Л-той байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/493 тоот шийдвэрийг үндэслэн 700 м.кв гэж, Улсын бүртгэлийн дугаар буюу нэгж талбарын дугаарыг 18645322898856/1463002528 гэж тус тус бичигджээ. Энэ нь дээрх “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-нд тусгагдсан эрх бүхий байгууллагын шийдвэрийн огноо, дугаар, эзэмших газрын хэмжээ, нэгж талбарын дугаартай илт зөрүүтэй байгааг шүүх анхаараагүй байна. /хх15,16/

 

Хариуцагч нь “анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ талуудын маргаан бүхий газрын байршлыг буруу тодорхойлсон, миний эзэмшлийн 400 м.кв газар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 370 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн эхнэр Д.Дагиймаад олгосон 700 м.кв газар дотор байрладаг” гэж давж заалдах гомдолдоо дурджээ.

 

Хэрэгт авагдсан иргэн Д.Дагиймаагийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ зэргээс үзвэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд маргааны зүйл болж буй барилга баригдсан газар нь Д.Дагиймаад олгогдсон газартай давхцсан эсэх, эсхүл Р.Л-ийн эзэмшлийн газар мөн эсэх, цаашилбал хариуцагч нь дээрх иргэдэд тухайн газрыг олгохоос өмнө эзэмших эрхтэй байсан эсэхийг тус тус шүүх тодруулах шаардлагатай байжээ. Уг ажиллагааг хийгээгүй, талууд энэ талаар мэтгэлцээгүйн улмаас хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд эргэлзээтэй, хариуцагч хэний эзэмшлийн газарт барилга байшин барьсан нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Л.Н-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/02094 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Л.Н-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ            

            ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                    Т.ТУЯА