Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/01820

 

 

 

 

 

 

 

 

 

      2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/01820

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж УТҮГ /РД:5290082/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б /РД: /,

 

Хариуцагч: З /РД: /  нарт холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 76 132 945 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Жаргалсайхан, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь тус сангаас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2016/317 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийг 60 сарын хугацатай, жилийн 3 хувийн хүүтэй Нийтийн хоолны төслийн үйлдвэрлэл төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Ц.Згийн /Ү-220/ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж ХД 102-р байр 00 тоот 62.01 м.кв талбайтай орон сууцыг барьцуулан зээл авсан. Зээлдэгч нь гэрээний дагуу үндсэн төлбөрт 5 062 817 төгрөг, хүү 4 206 774 төгрөг, нийт 9 269 591 төгрөг төлсөн. Гэтэл Б.Б нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн бөгөөд зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Б.Бтай байгуулсан 2016/03-17 тоот гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр 74 937 183 төгрөг, зээлийн хүү 1 032 430 төгрөг, алданги 143 332 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 76 132 945 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагч төлөөлөгч Ц.З шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.З болон гэр бүлийн хүн Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2016/3-17 тоот зээлийн болон  барьцааны гэрээнд гарын үсэг зурж гэрээ байгуулсан боловч тухайн зээлийг бодитоор авч ашигласан хүн нь миний нагац ах Хөхөө овогт Отгонмөнх юм. Уг зээл нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.Бын дансанд олголт хийгдэж тухайн өдөр нь миний бие тухайн данснаас зарлага гарган нагац ах Х.Отгонмөнхөд хүлээлгэн өгсөн байдаг. Нагац ах маань Налайх дүүрэгт хүнсний бөөний төвийн үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд тухайн зээлийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлж ашигласан. Тухайн бизнест нь эргэлтийн хөрөнгө шаардлагатай боловч өөрийн нэр дээр банкны зээлтэй мөн барьцаа хөрөнгө байхгүй тул намайг гэр бүлийнхээ хүний нэр дээр буюу Б.Бын нэр дээр зээл авч өөрийн нэр дээрх орон сууцаа барьцаалж өгч туслаач гэж хүссэн юм. Нагац ах маань хүнтэй ярилцаж тохиролцсон тиймээс аливаа асуудал үүсэхгүй зээл бүтнэ өөрөө зээлийг цаг тухайд нь төлөөд барагдуулчихна гэсэн тул бид зөвшөөрч ахдаа тусалсан. Ах маань тухайн зээлийг цаг хугацаанд нь төлж барагдуулахаа амласан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр талийгаач болох хүртлээ зээлийн хүүг төлж байсан. Тухайн цаг хугацаанаас хойш талийгаачийн эхнэр Б.Энхманал нь тухайн бизнесийг эрхэлж байгаа боловч тухайн зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа юм. Иймд миний бие болон гэр бүлийн хүн Б.Бын хувьд тухайн зээлийг бодитоор ашиглаагүй байдаг тул төлж барагдуулах боломжгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж УТҮГ нь хариуцагч Б.Б, Ц.З нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 74 937 183 төгрөг, зээлийн хүү 1 032 430 төгрөг, алданги 143 332 төгрөг, нотариатчийн зардалд 20 000 төгрөг, нийт 76 132 945 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр № дугаартай зээлийн гэрээ,  барьцааны гэрээ тус тус байгуулагдсан ба уг гэрээгээр Ж УТҮГ нь 80 000 000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, Нийтийн хоолны үйлдвэрлэл төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж Х байр 00 тоот хаягт байршилтай Ү-220 улсын бүртгэлийн дугаартай, 62.01м.кв талбайтай, орон сууцыг барьцаалж зээлийн гэрээний хавсралтаар зээлийг буцаан төлөхөөр тохиролцсон байна./хх-ийн 4-14, 23/

 

Иймд талуудын хүсэл зоригийн дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэхь хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Б, Ц.З нар зээл болон зээлийн хүү, алданги/нэмэгдүүлсэн хүүнд нийт 9 269 591 төгрөгийг төлсөн байх ба үүнээс хойш уг зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна.

 

Харин хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ц.З “...зээлийг бодитоор авч ашигласан хүн нь миний нагац ах Хөхөө овогт Отгонмөнх юм. Уг зээл нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.Бын дансанд олголт хийгдэж тухайн өдөр нь миний бие тухайн данснаас зарлага гарган нагац ах Х.Отгонмөнхөд хүлээлгэн өгсөн байдаг. Нагац ах маань Налайх дүүрэгт хүнсний бөөний төвийн үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд тухайн зээлийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлж ашигласан. Тухайн бизнест нь эргэлтийн хөрөнгө шаардлагатай боловч өөрийн нэр дээр банкны зээлтэй мөн барьцаа хөрөнгө байхгүй тул намайг гэр бүлийнхээ хүний нэр дээр буюу Б.Бын нэр дээр зээл авч өөрийн нэр дээрх орон сууцаа барьцаалж өгч туслаач гэж хүссэн юм. Нагац ах маань хүнтэй ярилцаж тохиролцсон тиймээс аливаа асуудал үүсэхгүй зээл бүтнэ өөрөө зээлийг цаг тухайд нь төлөөд барагдуулчихна гэсэн тул бид зөвшөөрч ахдаа тусалсан. Ах маань тухайн зээлийг цаг хугацаанд нь төлж барагдуулахаа амласан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр талийгаач болох хүртлээ зээлийн хүүг төлж байсан. Бид бодитоор авч, ашиглаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэх тайлбарыг гаргажээ.

Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар хариуцагч нар нь бусдад зээл авч өгөх зорилгоор болон хэн нэгэн этгээдийн өмнөөс үүрэг хүлээхээр тохиролцож, зээлийн 80 000 000 төгрөгийг бусдад шилжүүлэхээр зээлсэн, түүнчлэн зээлийн болон барьцааны гэрээнд бусдын өмнөөс хариуцлага хүлээхээр гарын үсэг зурсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба хариуцагч нь энэ талаараа нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх гэрээний дагуу зээлийн төлбөр төлөх үүргийг бусдад шилжүүлсэн, түүнчлэн хэн нэгэн этгээд гэрээний үүргийг биелүүлж байсан эсэх нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 8, 9, 10 дугаар зүйлд заасан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болж байх ба энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр өгсөн 80 000 000 төгрөгийг биет байдлаар буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Мөн талуудын байгуулсан гэрээний 3.3-т “...нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. ...” гэж тохиролцсон байх ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байх тул алдангийн 143 331 төгрөг гаргуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэв.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж УТҮГ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсныг  хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр № дугаартай зээлийн гэрээ, №дугаартай барьцааны гэрээг тус тус цуцалж, хариуцагч Б.Б, Ц.З нараас 76 132 945 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж УТҮГ-т олгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ц.З нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж Х байр 00 тоот хаягт байршилтай Ү-220 улсын бүртгэлийн дугаартай, 62.01м.кв талбайтай, иргэн Ц.Згийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Б, Ц.З нараас улсын тэмдэгтийн хураамжинд 538 615 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ                                      Б.МӨНХЖАРГАЛ