Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2022/00987

 

 

                                                                                                           

 

 

 

 

 

                                     2022         04         06

             182/ШШ2022/00987

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.М

 

Хариуцагч: Р.Н

 

зээлийн гэрээний үүрэгт 109,389,989 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээний дагуу өгсөн төлбөр 40,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б,

Хариуцагч Р.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М миний бие Р.Н-тэй олон жилийн өмнөөс найз нөхдийн холбоотой бөгөөд бие биедээ шаардлага гарсан үед мөнгө төгрөг өгч авалцдаг байсан. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл миний зүгээс Р.Н-ийн данс руу нийт 136,481,989 төгрөг шилжүүлсэн. Харин Р.Н миний данс руу нийт 27,092,000 төгрөг хийсэн байна. Тиймээс би үлдэгдэл авлага болох 109,389,989 төгрөгөө шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа болно. Р.Н-д бэлнээр өгсөн мөнгөнүүд тооцоонд ороогүй байгаа. Маргаж буй асуудлаар 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд иргэний хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан боловч 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШЗ2021/00033 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэл нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас нэхэмжлэгч Б.М-д холбогдуулан Р.Н-г залилсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байсан, хамгийн сүүлд Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 141 тоот тогтоолоор Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд Р.Н-ээс 10,389,989 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагчид өгсөн 300,000 төгрөгөөс доош мөнгөө оруулаагүй. Тэдгээрийг оруулбал  Р.Н-д нийтдээ 202,552,709 төгрөг өгсөн байдаг. 300,000 төгрөгөөс дээш мөнгөө тооцоод, нэхэмжлэгч хариуцагчийн данс руу 136,481,989 төгрөг шилжүүлсэн, Р.Н буцааж 27,092,000 төгрөг хийсэн ба үлдэгдэл 109,389,989 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас нэхэмжилж байгаа. Үүний 74,427,995 төгрөг нь машины үлдэгдэл, цалин, бүс, тавилгын төлбөр, хууль, хуулийн зөвлөгөө приусын төлбөр гэх зэргээр шилжсэн тул үндэслэлгүй хөрөнгөжихөөр үндэслэж, бусдыг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үндэслэж байна гэв.

 

3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байх бөгөөд Р.Н-д 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 136,481,989 төгрөг шилжүүлсэн гэж үлдэгдэл 109,389,989 төгрөгөө гаргуулах гэсэн агуулгатай харагдаж байна. Гэтэл Р.Н нь хариуцагч бус хохирогч бөгөөд энэ асуудлаар Эрүүгийн журмаар гомдол гаргасан боловч иргэн хоорондын маргаан байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжилсэн төлбөр нь үндэслэлгүй буюу талууд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээ байгуулж, Р.Н хөрөнгө оруулалт оруулсан, харин Б.М нь Р.Н-д ямар нэгэн байдлаар мөнгө зээлж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбарлахдаа: Б.М-тай найз нөхдийн харилцаатай, 2016 оноос тодорхой хэмжээний мөнгө бие биедээ өгч хүү ашиг хувааж авч байсан ба 40,000,000 төгрөг өгсөн байсан үедээ баримтжуулах нь зүйтэй гэж үзэн түүнтэй 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээ байгуулсан. Гэрээний 1.3-т заасны дагуу 40,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаанд Б.М-д өгч 10,000,000 төгрөг тутамд хоногт 40,000 төгрөгийн ногдол ашиг байхаар тохиролцсон. 45 хоног бүр чатаар тооцоо хийж байсан. 2019 он хүртэл мөнгийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байсан ба буцаан төлөхгүй болсон тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан ба 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаар тогтоолоор Р.Н-ээс нийт 110,000,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэх асуудал нь залилах гэмт хэргийн шинжгүй иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлбэл зохих иргэд хоорондын зээлийн хүү, төлбөр тооцоотой холбоотой маргаан байна гэж прокуророос шийдвэрлэсэн. Иймд хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээний дагуу өгсөн төлбөр 40,000,000 төгрөгийг Б.М-аас иргэний журмаар гаргуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргахдаа: Р.Н нь банкнаас зээл авах нөхцөл шаардлага хангасан орлоготой гэдгээ нотлох зорилгоор хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээн дээр гарын үсэг зуруулж авсан. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээ нь бодитой биш дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Энэхүү гэрээний дагуу Р.Н-ийн зүгээс Б.М-д нэг ч төгрөг өгөөгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Б.М-ын “Голомт банк” ХХК-ийн 1205016598, 1102147053 тоот дансны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дансны хуулга, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн ******* тоот, “Хаан банк” ХХК-ийн ******* тоот дансны 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүнд хавсарган ирүүлсэн “Хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээ”, тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Р.Н-ийн “Голомт банк” ХХК-ийн ******* тоот, “Хаан банк” ХХК-ийн ******* тоот дансны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд фэйсбүүк мессенжер болон утасны мессежид 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2011002360382 дугаартай хэргээс ирүүлсэн баримт,  “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн Р.Н-ийн ******* тоот дансны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дансны хуулга зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Р.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 109,389,989 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээний дагуу өгсөн төлбөр 40,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчээс мөнгө зээлдээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээ байгуулаагүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус эс зөвшөөрч маргаж байна.  

 

2. Талуудын нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдаан дээрх тайлбар, бие биедээ мөнгө шилжүүлсэн дансны хуулгууд, өөр хоорондоо утсаар болон фэйсбүүк мессенжерээр харилцсан захианы агуулга, зураглал, талуудын хооронд хийгдсэн Хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээ, эрүүгийн журмаар асуудал шалгагдаж байсан баримт зэргээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Б.М урьд банкны эдийн засагчаар ажиллаж байсан, Б.М, хариуцагч Р.Н нар найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд 2016 оноос Р.Н мөнгө нийлүүлж, тэд бусдын зээлийг чөлөөлөх байдлаар хамтран ажиллаж, ашгаа хуваахаар тохиролцон ажиллаж байсан байдал харагдаж байна.

Талуудын харилцсан захианд, 2016-10-27-ны өдөр Б.М-ын зүгээс Р.Н-д зургаар авсан бичиглэл илгээж, түүнд нийлж хийвэл гээд 30 сая төгрөгийг 3 тийш сум зааж 10 сая, 10 сая төгрөг гэж заасан, зээлийн хүүг төлнө, зээлийн эдийн засагчид мөнгө өгнө, үлдсэнийг хоёул хувааж авна гэж тэмдэглэсэн, түүнээс хойш бие биеийн данс руу мөнгө шилжүүлэх тухай ярилцсан, тооцоо хийж Р.Н-ийн зүгээс мөнгө /хүү/ болон бусдын мөнгийг шаардсан бичиглэлүүд тусгагджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хөрөнгө оруулж ашиг хуваах гэх гэрээнд хөрөнгө оруулагч Р.Н, хөрөнгө оруулуулагч Б.М бөгөөд хөрөнгө оруулагчаас оруулсан хөрөнгийг бараа бүтээгдэхүүн импортоор татан авч худалдан авагчид нийлүүлэх зорилгоор ашиглаж, тухай бүр харилцан тохиролцсон хугацаанд эргүүлэн төлөх, оруулсан хөрөнгө оруулалтаас олсон ашгаас тодорхой хэмжээний ашгийг хөрөнгө оруулагчид олгох харилцааг зохицуулна, хөрөнгө оруулалтын хэмжээ 40,000,000 төгрөг гэж зааж байжээ. Нэхэмжлэгч уг гэрээг хариуцагч Р.Н банканд ашиглахын тулд байгуулсан гэж, хариуцагч гэрээ байгуулах хүртэл хугацаанд нэхэмжлэгчид ашигтай болгуулах гэж өгсөн мөнгө 40,000,000 төгрөг болсон байсан тул баримтжуулах үүднээс уг гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн тайлбар илүү үнэнд нийцэж байна гэж үзнэ. Тухайн гэрээний дагуу талууд мөнгө өгч авалцаагүй боловч хариуцагчийн хөрөнгө оруулсан гэх 40,000,000 төгрөг нь талуудын нийт тооцоонд орж тооцогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Нэхэмжлэгч нийт тооцоогоор 202,552,789 төгрөгийг хариуцагчид өгсөн гэдэг ба үүнийг хариуцагч эсэргүүцсэн тайлбар гаргадаггүй. Харин хариуцагч нэхэмжлэгчид 134 сая  төгрөг өгсөн гэдэг, нэхэмжлэгчийнхээр хариуцагч нэхэмжлэгчид 90,749,000 төгрөг өгсөн гэдэг ба шилжүүлсэн баримтуудаас бүрэн харагддаггүй.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчаас 109,389,989 төгрөг нэхэмжлэх үндэслэлээ хариуцагч руу 136,481,989 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Р.Н өөрийнх нь данс руу 27,092,000 төгрөг хийсэн гэж үндэслэдэг нь бодит байдалтай нийцдэггүй, нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар 202,552,789 төгрөгийг өөрөө хариуцагчид өгсөн, хариуцагч нэхэмжлэгчид 90,749,000 төгрөг өгсөн гэдэг атлаа яагаад хэсгийг тасалж авч нэхэмжилж буй нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн өгсөн, авсан мөнгөний зөрүү хариуцагчаас нэхэмжилж буй үнийн дүнтэй тохирдоггүй.

 

5.Талуудын өөр хоорондоо мөнгө шилжүүлсэн дансны хуулгаас харахад, мөнгө шилжүүлсэн утга дээр шилжүүлсэн мөнгөний буцаалт, эсхүл ашиг гэж ялгаж зааглаж бичээгүйгээс шүүх хөрөнгө оруулагчийн оруулсан мөнгө хэд болох, түүнээс ашиг хэрхэн авсан зэргийг тооцох боломжгүй болгожээ. Зарим үед мөнгө шилжүүлсэн утгыг бичээгүй, өөр агуулгаар бичсэн байдлууд харагдаж байна.

 

Эндээс Б.М-ын Р.Н-д өгсөн мөнгө Р.Н-ийн хамтран ажиллахад оруулсан гэх мөнгөнөөс илүү байгаа нь түүнийг нэхэмжлэгч хариуцагчид ашигт өгсөн, ашгаа хуваасан байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.

 

6. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн 109,389,989 төгрөгийн нэхэмжлэл, мөн хариуцагчийн 40,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл тус тус хангагдахгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

                 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан Р.Н-ээс 109,389,989 төгрөг гаргуулах тухай Б.М-ын нэхэмжлэл, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 476 дугаар зүйлийн 476.1-ийг баримтлан Б.Маас 40,000,000 төгрөг гаргуулах тухай Р.Н-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.    

 

                 2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 704,900 төгрөгийг, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                         С. БУД