Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01101

 

 

 

 

 

 

 

 

2022 06 10 210/МА2022/01101

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/00987 дугаар шийдвэртэй

Б.Бын нэхэмжлэлтэй Р.Нд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 109,389,989 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээний дагуу өгсөн төлбөр 40,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Батболд, хариуцагч Р.Н, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Батболд нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б.Б Р.Нтэй олон жил найз нөхдийн холбоотой бөгөөд бие биедээ шаардлага гарсан үед мөнгө төгрөг өгч авалцдаг байсан. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл миний зүгээс Р.Нгийн данс руу нийт 136,481,989 төгрөг шилжүүлсэн. Харин Р.Н миний данс руу нийт 27,092,000 төгрөг хийсэн байна. Тиймээс би үлдэгдэл авлага болох 109,389,989 төгрөгөө шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Р.Нд бэлнээр өгсөн мөнгөнүүд тооцоонд ороогүй байгаа. Маргаж буй асуудлаар 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд иргэний хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан боловч 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШЗ2021/00033 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэл нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан Р.Нг залилсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байсан, хамгийн сүүлд Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 141 тоот тогтоолоор Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд Р.Нгээс 109,389,989 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Р.Н, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа нарын хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байх бөгөөд Р.Нд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 136,481,989 төгрөг шилжүүлсэн гэж үлдэгдэл 109,389,989 төгрөгөө гаргуулах гэсэн агуулгатай харагдаж байна. Гэтэл Р.Н нь хариуцагч бус хохирогч бөгөөд энэ асуудлаар эрүүгийн журмаар гомдол гаргасан боловч иргэн хоорондын маргаан байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Б.Бын нэхэмжилсэн төлбөр нь үндэслэлгүй буюу талууд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээ байгуулж, Р.Н хөрөнгө оруулалт хийсэн, харин Б.Б нь Р.Нд ямар нэгэн байдлаар мөнгө зээлж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Р.Н, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа нарын сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б.Бтай найз нөхдийн харилцаатай, 2016 оноос тодорхой хэмжээний мөнгө бие биедээ өгч хүү ашиг хувааж авч байсан ба 40,000,000 төгрөг өгсөн байсан үедээ баримтжуулах нь зүйтэй гэж үзэн түүнтэй 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээ байгуулсан. Гэрээний 1.3-т заасны дагуу 40,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаанд Б.Бд өгч 10,000,000 төгрөг тутамд хоногт 40,000 төгрөгийн ногдол ашиг байхаар тохиролцсон. 45 хоног бүр чатаар тооцоо хийж байсан. 2019 он хүртэл мөнгийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байсан ба буцаан төлөхгүй болсон тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан ба 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаар тогтоолоор Р.Нгээс нийт 110,000,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэх асуудал нь залилах гэмт хэргийн шинжгүй иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлбэл зохих иргэд хоорондын зээлийн хүү, төлбөр тооцоотой холбоотой маргаан байна гэж прокуророос шийдвэрлэсэн. Иймд хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээний дагуу өгсөн төлбөр 40,000,000 төгрөгийг Б.Баас иргэний журмаар гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

4. Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Батболд нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Р.Н нь банкнаас зээл авах нөхцөл шаардлага хангасан орлоготой гэдгээ нотлох зорилгоор хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээн дээр гарын үсэг зуруулж авсан. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээ нь бодитой биш дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Энэхүү гэрээний дагуу Р.Нгийн зүгээс Б.Бд нэг ч төгрөг өгөөгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан Р.Нгээс 109,389,989 төгрөг гаргуулах тухай Б.Бын нэхэмжлэл, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 476 дугаар зүйлийн 476.1-ийг баримтлан Б.Баас 40,000,000 төгрөг гаргуулах тухай Р.Нгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 704,900 төгрөгийг, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батболдын давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүхээс талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоохдоо дангаараа үйл баримтыг нотлох боломжгүй баримт болох утасны мессеж, мөн фэйсбүүк чатаар харилцсан гэх захианы агуулгад юу бичигдсэн эсэхэд өндөр ач холбогдол өгч хэргийг хянан шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдолтой байна. Учир нь гар утасны мэссэж болон фэйсбүүк мессенжэрээр бичсэн чатууд нь бодит байдал дээр Р.Н нь нэхэмжлэгч Б.Бд хөрөнгө оруулалтын гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн эсэх, талууд бусдын зээлийг чөлөөлөх байдлаар хамтран ажиллаж байсан уу, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ашиг гэж мөнгө шилжүүлж байсан уу, эсхүл харилцан бие биедээ мөнгө зээлүүлсэн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоохгүй гэж үзэж байна. Мөн 00978 тоот шийдвэрт дурдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар давхар тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкнуудын дансны хуулгаар Б.Б нь хариуцагч Р.Нгийн данс руу нийт 136,481,989 төгрөгийг шилжүүлсэн, харин Р.Н нь Б.Бын данс руу нийт 27,092,000 төгрөгийг буцаан төлсөн тул одоо 109,389,989 төгрөгийн үлдэгдэл авлагатай болох нь тогтоогддог. Хэргийн бодит байдлыг тодруулах зорилгоор шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хариуцагч Р.Нгээс та Б.Баас тавилга авч байсан уу, барилгын материал авч байсан уу, машин авч байсан уу, мөн хуулийн үйлчилгээ өгч байсан уу зэрэг банкны гүйлгээний агуулгатай холбоотой асуултуудыг асуухад үгүй, аваагүй, мэдэхгүй гэдгээ хэлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Харин хариуцагч талын зүгээс Б.Баас огт мөнгө зээлээгүй, хөрөнгө оруулах гэрээний дагуу мөнгөний буцаалт, ашгаа буцаан авч байсан гэх тайлбарын хувьд энэ талаараа бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Мөн банкны гүйлгээний утга, шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаас харахад талуудын хооронд гэрээний болон гэрээний бус үүргийн эрх зүйн харилцаа аль аль нь үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул машины үлдэгдэл төлбөр, цалин, бүс, тавилгын төлбөр гэх утгатай шилжүүлсэн 74,427,995 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зээл, нааяа зэргээр шилжүүлсэн 34,961,994 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт тус тус хариуцагч Р.Нгээс шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Р.Н, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Нэхэмжлэгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд үүссэн харилцааг анхан шатны шүүх тодорхойлох нь зүйтэй. Зээлийн гэрээ байгуулагдсан, давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсантай холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тайлбарладаг бөгөөд хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй. Талуудын хоорондын харилцааг үнэн тодорхойлох гар утас, фейсбүүкийн зурвас зэрэгт шүүх үзлэг хийж нотлох баримтаар бэхжүүлсний үндсэнд талуудын хоорондын харилцааг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Талуудын хооронд үндэслэлгүй хөрөнгөжсөн харилцаа үүссэн бол Р.Н төлбөр төлөх үүрэг үүсээгүй байхад Б.Баас мөнгө шилжүүлсээр байсан гэж үзнэ. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа талууд зээлийн гэрээ байгуулагдсан гэх шаардлага гаргаж өөрчилсөн. Шүүх хуралдаанд Б.Бтай ашиг хувааж, хамтран ажиллах зорилгоор харилцсан гэх Р.Нгийн тайлбараар нотлогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд Б.Б нь Р.Нд зээл олгосон, хариуцагчаас мөнгө зээлээч гэх агуулгатай зурвас байдаггүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн, зөв дүгнэсэн бөгөөд Р.Н, Б.Бд хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 110,000,000 төгрөг шилжүүлсэн, бусад төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагаас зээл аван бэлнээр Б.Бд өгсөн. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага нотолсон үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүх талуудын хоорондын харилцааг зөв дүгнэж, тодорхойлсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Р.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 109,389,989 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээний дагуу өгсөн төлбөрт 40,000,000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Р.Нгийн данс руу нийт 136,481,989 төгрөг шилжүүлсэн. Харин Р.Н миний данс руу нийт 27,092,000 төгрөг буцаан хийсэн байна. Иймд үлдэгдэл авлага болох 109,389,989 төгрөгөө шаардах эрхтэй гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...2016 оноос тодорхой хэмжээний мөнгө бие биедээ өгч хүү ашиг хувааж авч байсан бөгөөд 40,000,000 төгрөг өгсөн байсан үедээ баримтжуулах нь зүйтэй гэж үзэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээ байгуулсан. Гэрээний 1.3-т заасны дагуу 40,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаанд Б.Бд өгч 10,000,000 төгрөг тутамд хоногт 40,000 төгрөгийн ногдол ашиг байхаар тохиролцсон гэж тус тус тайлбарлаж, уг үндэслэлээрээ сөрөг нэхэмжлэлээр Б.Баас 40,000,000 төгрөг гаргуулна гэжээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б хариуцагч Д.Нд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 32,391,994 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 41,566,985 төгрөг /17,136,995+24,430,000/ шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдсон байна. /1хх.10-162/

6. Мөнгө шилжүүлсэн банкны дансны хуулгуудаас үзэхэд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 17,136,995 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 24,430,000 төгрөг нийт 41,566,985 төгрөгийг Б, Нааяа гэсэн агуулгатай шилжүүлсэн байна. /1хх.10-162/

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээдэг. Иймд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Н нарын хооронд 73,958,989 төгрөгийн /32,391,994+17,136,995+24,430,000/ хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

8. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Д.Нг гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

9. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан бөгөөд талууд зээлийн гэрээний хугацааг тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 32,391,994 төгрөгийг хариуцагч нь түүнийг буцаан шаардсан үеэс төлөх үүрэгтэй тул 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзнэ.

10. Мөн нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 41,951,995 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгын агуулгаас үзэхэд 24,815,000 төгрөгийг сори, тавилгын үнэ, Нааяа ажлын хөлс, Нааяа материал байр гэсэн агуулгаар шилжүүлсэн байх тул дээрх мөнгийг Р.Нд зээлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

11. Түүнчлэн, нэхэмжлэгч хариуцагчид нийт 10,616,000 төгрөгийг хууль гэсэн агуулгаар Р.Нд шилжүүлсэн байна. Иймд нийт 35,431,000 төгрөгийг /24,815,000+10,616,000/ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө байна гэж үзэх боломжгүй юм.

12. Харин хариуцагч Р.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1,600,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,600,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1,374,000 төгрөг, нийт 22,474,000 төгрөгийг Б.Бын данс руу шилжүүлэхдээ зээл, зээл төлөлт гэсэн агуулгаар шилжүүлсэн болох нь Б.Б, Р.Н нарын дансны хуулгаар тогтоогдож байна.

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б хариуцагч Р.Нгээс 27,092,000 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарлаж байх тул талуудын зарчмыг үндэслэн уг үнийн дүнгээс зээлийн мөнгийг буцаан төлөгдсөн гэж үзнэ.

14. Хариуцагч Р.Н нь Б.Баас зээл авч байгаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган маргаж байгаа боловч уг тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

15. Иймд нэхэмжлэгч Б.Б хариуцагч Б.Бд дансаар шилжсэн нийт 73,958,989 төгрөгийг /32,391,994+17,136,995+24,430,000/ зээлсэн байх тул хариуцагчийн буцаан төлсөн 27,092,000 төгрөгийг хасч 46,866,989 төгрөгийг хариуцагч Д.Нгээс гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Харин хариуцагч Д.Надминцэдэн нь ...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээ-ээр нэхэмжлэгчид 40,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн дээрх гэрээний дагуу хамтран ажиллаж байсан гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй болно.

17 . Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/00987 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Нгээс 46,866,989 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62,523,006 төгрөгт холбогдох хэсэг болон Б.Баас 40,000,000 төгрөг гаргуулах тухай Р.Нгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 704,900 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 357,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 392,284 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 704,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.ИЧИНХОРЛОО