Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2416

 

 

Э.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/02259 дугаар шийдвэртэй, Э.М-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 135 017 900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:             Хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны, 278 тоот улсын бүртгэлийн Ү-2201006613 дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын 2-10 тоот улсын бүртгэлийн Ү-2204031262 дугаартай, 75.4 м.кв сууц болон 285.3 м.кв хэмжээтэй гарааж, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204004071 дугаартай, 646 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалан 90 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргээс хүүг төлсөн, үндсэн зээлийг төлөөгүй тул 90 000 000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д заасан алдангийг хуульд нийцүүлэн 45 000 000 төгрөг, нотариатын төлбөр 17 900 төгрөг, нийт 135 017 900 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн төлбөр гаргуулахаар шаардсан. Тус улсын иргэд аливаа эдийн засгийн харилцаанд ороход хуулиар баталгаажин хамгаалагдсан, тодорхой нөхцөлтэй гэрээ байгуулах эрх нь нээлттэй байдаг ба гэрээг байгуулахад тухайлсан урьдач нөхцөл, зүйл заалтыг тусгаж эрсдэлээс хамгаалдаг. Гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал гэрээний зүйл заалтууд бүрэн хэрэгжиж талуудын харилцан ашигтай байх, эрх ашиг нь бүрэн хамгаалагдах зарчмууд тус гэрээнд хэрхэн хангагдсан нь эргэлзээтэй ба гэрээний 1.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, 3.2-т зааснаар зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар гэрээ хүчин төгөлдөр болох заалт хэрэгжээгүй тул буцаан төлөх үүрэггүй. Нэхэмжлэлд намайг зээлийн хүүг төлсөн боловч үндсэн зээлийг төлөөгүй гэх боловч би аваагүй зээлийн төлөө ямар нэгэн үүрэг хүлээж төлбөр огт төлөөгүй.

Нэхэмжлэлд дурдагдсан алдангийн асуудал мөн адил учир 45 000 000 төгрөг өгөх үндэслэлгүй. Би 2016 оны 4, 5 саруудад “Аргун трейд” ХХК-ийн захирал Н.Батзоригийн хүсэлтээр тусалах гэсэн сэтгэлээр төрсөн ах А.Зоригийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах итгэмжлэл хийлгэж, Э.М-тай зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Гэрээ байгуулмагц Э.М- өөрийн танил, хамсаатнууд болох Л.Бат-Эрдэнэ, н.Батка, н.Билгүүн нараар дамжуулан утсаар байнга дарамталж, байрыг чинь авна гэх болсон. Уг асуудал Э.М- “Аргун трейд” ХХК-ийн хооронд мөнгө өгч, авч компанийн балансад 90 000 000 төгрөг зээл хэлбэрээр орсон. Хүү төлсөн асуудал ч компанитай холбогдоно. Нэхэмжлэгч мөнгөө хүлээлгэн өгсөн этгээдээс нэхэмжлэх, залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон бол цагдаагийн байгууллагаар шалгуулан буруутай этгээдийг тогтоолгох бүрэн боломжтой тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний 1.1-д заасан үүргийг зээлдүүлэгч Э.М- биелүүлээгүй тул гэрээний 3.2-т зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдохгүй. Гэрээний дагуу мөнгө авч, буцаан төлөөгүй. Өндөр хөгжилтэй орнуудад ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд электрон хэлбэрээр нэг томьёог гэхэд л задлаад харуулдаг. “Аргун трейд” ХХК-ийн гаргах гэж байсан 4Д ухаалаг карт хүүхдүүдэд хэрэгтэй гэж үзээд захирал Н.Батзоригт тусалахаар төрсөн ах А.Зоригтод хэлэхэд хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн. Н.Батзориг нь эдгээр хүмүүсийг олж зээл авах боллоо гэсэн. Би орон байраа алдах дээрээ тулж, ах маань зүрхний шигдээс болоод гадаадад эмчилгээ хийлгэж байгаа нь энэ нөхцөл байдлаас болсон гэж үзэж байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Э.М- мөнгөө өгсөн хүнээс шаардах хэрэгтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбараа: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281, 282 дугаар зүйлүүдийг үндэслэн А.Э-тэй 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулж 90 000 000 төгрөг зээлдүүлсэн ба сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй. Тухайн зээлийн барьцаа хөрөнгүүдийг А.Зориг нь дүүдээ итгэмжлэл хийж өгсөн. А.Зориг, А.Э- болон “Аргун трейд” ХХК-ийн захирал Н.Батзориг нар “Аргун мультимедиа” ХХК-д хувьцаа эзэмшдэг. Мөнгийг А.Э- өөрөө аваагүй ч бүгдээрээ хамт ажиллаж байсан. Зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар батлуулан Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсний дараа гүйцэтгэх захирал Н.Батзоригт мөнгийг бэлнээр өгчих гэж хэлээд өөрөө түрүүлж явсан. Тухайн мөнгийг өөрөө аваагүй гэх боловч итгэмжлэн үлдээсэн хамтран ажиллагч нь хүлээн авсан бөгөөд мөнгө шилжүүлэх үндсэн үүргээ би биелүүлсэн.

Талууд тэгш эрхийн зарчим дээр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээг байгуулсан. Түүнээс зээл авах сонирхолгүй хүн эд хөрөнгө барьцаалан гэрээ байгуулах шаардлагагүй бөгөөд мөнгө аваагүй юм бол гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэж шүүхэд хандан барьцаанаас чөлөөлүүлэх боломжтой байсан. Энэ хугацаанд аливаа байдлаар шүүхэд хандаагүй нь өөрийн зээлийн гэрээний үүрэг хэвээр үргэлжилж байсан гэдгийг нотолж байна. Мөн А.Э- “зээлийн хүү огт төлж байгаагүй” гэх ба түүний хөрөнгө оруулалт хийсэн, хувьцаа эзэмшдэг компанийн данснаас болон кассаар хүү төлсөн. Энэ нь тухайн компанийн албан бичиг болон тооцоо нийлсэн акт зэргээр нотлогддог. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, зээлийн гэрээний төлбөр, алданги болох 135 017 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, дугаар зүйлийн 232.4, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Э-ээс зээлийн үндсэн төлбөрт 64 100 000 төгрөг, алдангид 32 050 000 төгрөг, нийт 96 150 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.М-д олгох, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201006613 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 278 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204031262 дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарын 2 дугаар гудамж, 10 тоот хаягт байрлах, 75.4 м.кв талбайтай сууц, 285.3 м.кв талбайтай гараж, улсын бүртгэлийн Г-2204004071 дугаартай, тус хаягт байрлах 646 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас хангуулж, үлдэх 38 867 900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 833 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 638 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, мөн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан 537 750 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан. Уг зээлийг аваагүй гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа ба 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Аргун трейд” ХХК-тай тооцоо нийлж гарын үсэг зурсан. Мөн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр “Аргун трейд” ХХК-ийн захирал Н.Батзориг зээлийг манай компани авсан гэж мэдүүлсэн байхад надаас 96 150 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой. Мөн би Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаггүй байхад тухайн харъяаллын шүүх хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч баримталсан хуулийн зүйлийг нь орхигдуулсан байгааг нэмж оруулан зөвтгөх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч А.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 135 017 900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг, хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй тул эргэн төлөх үүрэггүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх1,61-63,20-23/

 

Талууд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 90 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохирсон Зээлийн гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан Барьцааны гэрээг тус тус байгуулсан нь хэрэгт авагдсан байна. /хх3-9/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэж, хэрэгт авагдсан төлбөрийн баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь дээрх гэрээг байгуулсан талаар маргаагүй, харин уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг өөр этгээд буюу “Аргун трейд” ХХК авсан тул төлбөрийг тухайн этгээдээс шаардах эрхтэй гэж тайлбарлаж, нэхэмжлэгч тал гэрээний зүйл болох 90 000 000 төгрөгийг хариуцагчийн зөвшөөрснөөр “Аргун трейд” ХХК буюу Н.Батзоригтод хүлээлгэн өгсөн, зээлийн хүү 44 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж маргасан. /хх111-115/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын тайлбартай холбогдуулан зохигчдын гаргасан хүсэлтээр зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсан гэх “Аргун трейд” ХХК-ийн захирал Н.Батзоригийг шүүх гэрчээр асуусан ба түүний мэдүүлгээр Э.М-, А.Э- нарын байгуулсан гэрээний мөнгөн хөрөнгийг хүлээн авсан нь тогтоогдсон болно. /хх80-81/ Мөн хэрэгт авагдсан “Э.М-д өгөх өглөгийн тооцоо” гэх баримтаас үзвэл зээлийн гэрээний дагуу 90 000 000 төгрөгийг зээлдэгч А.Э-ийн зөвшөөрснөөр зээлдүүлэгч Э.М- нь “Аргун трейд” ХХК-ийн захирал Н.Батзоригт шилжүүлэн өгч, улмаар тэдгээрийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар төлбөрийн тооцоог хийсэн байна. /хх29/

 

Иймээс анхан шатны шүүх зээлийн гэрээний төлбөрийн үүргийг хэн хариуцах буюу маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2. “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцох” гэсэн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хариуцагч А.Э- нь 90 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж, гэрээний зүйлийг нэр бүхий этгээдэд шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн гэж үзэх тул зээлдэгч төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

 

Түүнчлэн шүүх зээлийн төлбөрийн эцсийн тооцоог гаргахдаа хүү тохирсон гэрээний хугацааг сунгасан баримтгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон бол гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүйн улмаас нэхэмжлэгч хүү шаардах эрхээ алдана гээд гэрээгээр тохирсон 4 сарын хугацааны хүү 21 600 000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн гэх 47 500 000 төгрөгөөс хасч тооцон, үлдэх 25 900 000 төгрөгийг зээлийн үүрэгт тооцож, хариуцагчийн төлбөл зохих зээлийн үндсэн төлбөрийн хэмжээг 64 100 000 төгрөг гэж тогтоогоод, үүнээс алдангийг тооцохдоо гэрээний 2.7-д заасныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 32 050 000 төгрөг төлөхөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 96 150 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Зээлдэгч нь барьцааны гэрээг байгуулахдаа барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох А.Зоригоос олгосон итгэмжлэлд үндэслэсэн байх тул шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд тухайн барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулаагүй буюу дээрх гэрээ тус бүрийг байгуулах үед хариуцагч ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн, хүч хэрэглэж хийгдсэн хэлцэл гэх үндэслэлгүй талаар шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Иймээс 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Зээл болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагчийн оршин суух хаягийг нэхэмжлэлд  “Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 12 дугаар байр, 278 тоот” гэж тодорхойлсон нь гэрээнд дурдсан хаяг байна. Мөн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хаягаар нэхэмжлэлийн хувийг гардан авч, сөрөг нэхэмжлэлийг уг хаягаар гаргажээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснийг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж  заалдах гомдол үндэслэлгүй. /хх3,10-12, 27/

 

Үүнээс гадна хариуцагчид хамааралгүй зээлийн үүргийг түүнд ногдуулж шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад алдангийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг орхигдуулсныг нэмж оруулах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/02259 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн нэг дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, гэсний ард 232 гэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 638 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон болон оролцоогүй талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА