Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2018/02259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Э-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 135,017,900 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч А.Э, гэрч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны, 278 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201006613 дугаартай, 30 м.кв квадрат талбайн хэмжээтэй 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарын 2-10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204031262 дугаартай, 75.4 м.кв талбайн хэмжээтэй сууц болон 285.3 м.кв талбайн хэмжээтэй гараж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарын 2-10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204004071 дугаартай, 646 м.кв талбайн хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалан 90,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн. Иргэн А.Э нь зээлийн гэрээний үүргээс зээлийн хүүгээ төлсөн боловч үндсэн зээлийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд үндсэн зээл 90,000,000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д заасан алданги /анз нь үндсэн үүргийн тавин хувиас хэтрэхгүй тул/ 45,000,000 төгрөг, нотариатын төлбөр 17,900 төгрөг, нийт 135,017,900 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт нэхэмжлэгч тал 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээг үндэс болгон хариуцагчаас төлбөр гаргуулахаар хандсан байна. Монгол улсын иргэд хооронд аливаа эдийн засгийн харилцаанд ороход хуулиар баталгаажин хамгаалагдсан, тодорхой нөхцөлтэй гэрээ байгуулах эрх нь нээлттэй байдаг. Мөн тухайлсан төрлийн гэрээг байгуулахад урьдач нөхцөл, зүйл заалтыг тусгаж иргэдийг эрсдэлээс хамгаалдаг. Гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал гэрээний зүйл заалтууд бүрэн хэрэгжиж талуудын харилцан ашигтай байх, эрх ашиг нь бүрэн хамгаалагдах зарчмууд манай гэрээнд хэрхэн хангагдсан гэдэг нь эргэлзээтэй. Иргэн Э.М зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээний ерөнхий зүйлийн 1.1-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үндсэн үүрэгтэй гэсэн боловч Э.М биелүүлээгүй. Мөн гэрээний 3.2-т зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар гэрээ хүчин төгөлдөр болох заалт хэрэгжээгүй юм. Иймээс би мөнгө аваагүй тул буцаан төлөх үүрэггүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлд намайг зээлийн хүүг төлсөн боловч үндсэн зээлийг төлөөгүй гэсэн. Миний бие аваагүй зээлийнхээ төлөө ямар нэгэн үүрэг хүлээж хэн нэгэнд ямар нэгэн төлбөр огт төлөөгүй. Төлөх ч хууль, эрх зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэлд дурдагдсан алдангийн асуудал ч мөн адил утгатай бөгөөд Э.М-д 45,000,000 сая төгрөг өгөх ямар ч үндэслэл байхгүй болно. Би 2016 оны 4,5 дугаар саруудад Аргун трейд ХХК-ийн захирал Н.Б-ийн хүсэлтээр тэдгээр залууст тусалъя гэсэн сэтгэлээр өөрийн төрсөн ах А.З-ийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах итгэмжлэл хийлгэн авч Э.М-тай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулж байсан. Гэтэл гэрээ байгуулагдмагц Э.М надтай харьцахын оронд шууд өөрийнхөө танил, хамсаатнууд болох Л.Б, Б, Б гэгч нараар дамжуулан утсаар байнга дарамталж, байрыг чинь авна гэх зэргээр хүнд дарамтад оруулсаар ирсэн. Уг асуудал нь Э.М Аргун трейд ХХК-ийн хооронд мөнгө өгсөн, авсан зүйл байдаг ба компанийн балансад 90,000,000 төгрөг зээл хэлбэрээр орсон байдаг. Хүү төлсөн гэх асуудал ч компанитай шууд холбогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа гагцхүү үнэн зөв цугларсан нотлох баримт, үйл баримт дээр тулгуурлан явагдаж, бодит байдал, болсон явдлыг эрэмбэлэн тогтоодог явц билээ. Энэ өдрийг хүртэл зээлийн гэрээнд дурдагдсан зээл олгох, хүү төлөх, алданги тооцох зэрэг асуудлаар Э.М өөрөө биечлэн хандаж байгаагүй. Иргэн Э.М өөрт ун хохирлоо 90,000,000 төгрөгөө хүлээлгэн өгсөн этгээдээсээ нэхэмжлэх, залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон бол цагдаагийн байгууллагаар шалгуулан буруутай этгээдийг тогтоолгох бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд иргэн Э.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Иргэн А. Э миний нэр дээр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэн Э.М-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ, мөн өдрийн Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Гол үндэслэл бол Зээлийн гэрээний 1.1-д заасан үүргийг зээлдүүлэгч Э.М биелүүлээгүй тул гэрээний 3.2-т зааснаар байгуулагдсанд тооцогдохгүй. Гэрээний дагуу Э.М-аас нэг ч мөнгө аваагүй, мөн нэг ч мөнгө төлөөгүй. Ийм учраас Зээлийн гэрээ, түүнд үндэслэн байгуулагдсан Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа юм. Ер нь миний бие хүүхдүүдийн боловсролыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг явуулсаар ч байх болно. Өндөр хөгжилтэй орнуудад ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд электрон хэлбэрээр нэг томьёог л гэхэд задлаад харуулдаг. Ингэж заахаар дахиж мартахааргүй болтол сайн ойлгодог. Тэгээд Аргун трейд ХХК-ийн гаргах гэж байсан 4 ди ухаалаг карт хүүхдүүдэд хэрэгтэй гэж үзээд захирал Н.Б-т тусалъя гэж шийдээд энэ байдлаар төрсөн ах А.З-т хэлсэн. Ах маань надад их итгэдэг тул надад хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн. Н.Б эдгээр хүмүүсийг олоод зээл авахаар боллоо гэсэн. Эдгээр залуучууд намайг ийм байдалд орууллаа. Би орон байраа алдах дээрээ тулаад их хэцүү байна. Ах маань ч бас зүрхний шигдээс болоод гадаадад эмчилгээ хийлгэж байгаа. Энэ нөхцөл байдлаас болсон гэж үзэж байгаа. Иймээс гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Э.М мөнгөө өгсөн хүнээс мөнгөө шаардах хэрэгтэй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.М миний бие нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281, 282 дугаар зүйлүүдийг үндэслэн А.Э-тэй 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулж 90,000,000 төгрөг зээлдүүлсэн. Гэтэл иргэн А.Э нь Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Би ээж шиг маань хүн байсан тул энэ хүнд итгэсэн. Тухайн зээлийн барьцаа хөрөнгүүдийг А.З ба тэр дүүдээ итгэмжлэл хийж өгсөн. А.З, А.Э болон Аргун трейд ХХК-ийн захирал Н.Б нар Аргун мультимедиа ХХК-д мөн хувьцааг эзэмшдэг. Мөнгийг А.Э өөрөө аваагүй хэдий ч бүгдээрээ хамт ажиллаж байсан. Энэ нь ч энэ А мультимедиа ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдгээр батлагдана. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нотариатаар батлуулан, Улсын бүртгэлийн газар бүртгүүлсний дараа гүйцэтгэх захирал Н.Б-т мөнгийг бэлнээр өгчих хэмээн хэлээд өөрөө түрүүлээд явсан. Тухайн мөнгийг өөрөө аваагүй гэх боловч өөрийнх нь итгэмжлэн үлдээсэн хамтран ажиллагч нь хүлээн авсан бөгөөд зээлдүүлэгч миний бие нь мөнгө шилжүүлэх үндсэн үүргээ биелүүлсэн. Талууд тэгш эрхийн зарчим дээр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд барьцааны гэрээ байгуулсан. Түүнээс зээл авах сонирхолгүй хүн эд хөрөнгө барьцаалан гэрээ байгуулах шаардлагагүй бөгөөд мөнгө аваагүй юм бол гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэж шүүхэд хандан барьцаанаас чөлөөлүүлж болох байсан. Энэ хугацаанд ийм арга хэмжээ аваагүй үйлдэл нь өөрийн зээлийн гэрээний үүрэг хэвээр үргэлжилж байсан гэдгийг нотолж байна. Мөн А.Э нь зээлийн хүү огт төлж байгаагүй гэх тайлбар өгсөн байх ба өөрийнх нь хөрөнгө оруулалт хийсэн, хувьцаа эзэмшдэг компанийн данснаас болон кассаар хүү төлж байсан байдаг. Үүнийг тухайн компанийн албан бичиг болон тооцоо нийлсэн акт зэргээр нотлогддог. Иймд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, зээлийн гэрээний төлбөр, алданги болох 135,017,900 төгрөгийг А.Э-ээс гаргуулж өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч А.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг, алдангид 45,000,000 төгрөг, нотариатын төлбөрт 17,900 төгрөг, нийт 135,017,900 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201006613 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 278 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204031262 дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарын 2 дугаар гудамж, 10 тоот хаягт байрлах, 75.4 м.кв талбайтай сууц, 285.3 м.кв талбайтай гараж, улсын бүртгэлийн Г-2204004071 дугаартай, тус хаягт байрлах 646 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүйн улмаас гэрээ байгуулагдсан тооцогдохгүй тул эргэн төлөх үүрэггүй гээд улмаар Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 90,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон нөхцөл бүхий Зээлийн гэрээ хийжээ. /хх-3/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006613 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 278 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031262 дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарын 2 дугаар гудамж, 10 тоот хаягт байрлах, 75.4 м.кв талбайтай сууц, 285.3 м.кв талбайтай гараж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204004071 дугаартай, тус хаягт байрлах 646 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалах нөхцөл бүхий Барьцааны гэрээ байгуулсан болох нь улсын бүртгэлийн тэмдэглэгээ бүхий Барьцааны гэрээ, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаа хөрөнгийн өмчлөгч А.З-оос А.Э-т хөрөнгө тус бүрээр олгосон итгэмжлэлээр тогтоогдож байна. /хх-4-12/

Зохигчид Зээлийн гэрээ, Барьцааны гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар батлуулж, барьцааг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтад маргаагүй бөгөөд тогтоогдсон.

Хариуцагч тал Зээлийн гэрээний 1.1-т ...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүрэгтэй гэснийг биелүүлээгүй, 3.2-т Гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитой гардуулснаар хүчин төгөлдөр болно... гэх нөхцөл хангагдаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй гэж маргаж байна.

Талуудын гарын үсэг зурсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тогтоосон хугацаанд буцаан төлөх үүргийг харилцан хүлээх зээлийн гэрээ ба гэрээ мөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Зээлийн гэрээний гол шинж бол гэрээний зүйл болох хөрөнгийн үнэ цэнийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлдэгт оршино. Зээлдэгч хөрөнгийг хүлээн авсан байх нь гэрээ байгуулагдсан гэж үзэх гол үндэслэл мөн ба энэ тохиолдолд зээлдүүлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй болдог.

Гэвч талууд гэрээний зүйлийг өөр этгээдэд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцох, зөвшөөрөл өгөх, түүнчлэн шилжүүлэн авах эрх бүхий этгээд гэж үзсэн нөхцөлд зээлийг хүлээн авснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгснөөр үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцох ба үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү үүрэг гүйцэтгүүлэгчид ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор заажээ.

Гэрээний зүйл болох 90,000,000 төгрөгийг хариуцагч бус Аргун трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б хүлээн авсан гэх үйл баримтад зохигчид маргадаггүй учир хуулийн дээрх зохицуулалтын дагуу Аргун трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б мөнгийг хүлээн авах талаар хууль, гэрээ, шүүх, арбитрын шийдвэрт заасан эсэх, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн, түүнд ашигтай нөхцөл үүссэн эсэхийг тогтооно.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... Аргун трейд ХХК нь хүүхдэд зориулсан ухаалаг 4 ди (4 D) карт гаргах төслийг хэрэгжүүлж байгаа тухай хэлээд хүүхдийн баяраас өмнө санхүүжилт гаргаад картыг гаргах хэрэгтэй гэхээр нь би үйл ажиллагаа хүүхдэд үнэхээр хэрэгтэй гэж үзээд туслахыг зөвшөөрсөн. Өөрийн төрсөн ах А.З-ийн нэр дээр байдаг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалах итгэмжлэл хийлгэн авч гэрээ байгуулсан ... гэх тайлбар, гэрч Н.Б-ийн ... А.Э тухайн үед боловсролын яамнаас манай компанид зөвлөхөөр ажиллахдаа 4D карт хэрэгтэй бүтээгдэхүүн гэдэг ойлголт аваад бидний үйл ажиллагаанд дэм болох үүднээс барьцаа хөрөнгөөр хангаж ажиллахыг хүлээн зөвшөөрч дэмжсэн ... Зээлийн хөрөнгийг намайг хүлээн авсныг А.Э мэдэж байсан гэх мэдүүлэг, гэрч Л.Б-ийн Э.М-ийн найз залуу болох н.Б 90,000,000 төгрөг зээлэх хүн байна, бид өгөх гэтэл 20,000,000 төгрөг дутсан гээд намайг зээлүүлэхийг хүссэн. Э.М, н.Б, А.Э, Н.Б нартай уулзахад хүүхдийн баяраас өмнө ухаалаг карт гаргах шаардлагатай тул мөнгө хэрэгтэй байна гээд Н.Б картын талаар танилцуулж, А.Э барьцаа хөрөнгийг гаргана гэж ярьсан. Тэгээд би н.Б-д 20,000,000 төгрөг зээлүүлэх болж, тэд нийт 90,000,000 төгрөг бүрдүүлэн зээлдүүлэхээр болж нотариат дээр уулзахаар болсон гэх мэдүүлэг, А.М-д өгөх өглөгийн тооцоо гэх Аргун трейд ХХК-ийн захирал Н.Б, нягтлан бодогч Ж.Л, Э.М нарын үсэг зурж, Аргун трейд ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий бичгийн баримтаас үзэхэд Аргун трейд ХХК-ийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хариуцагч А.Э 90,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.М-аас зээлсэн, мөн А.Э гэрээний зүйлийг Аргун трейд ХХК-ийн захирал Н.Б хүлээн авахыг зөвшөөрсөн гэж үзнэ. /хх-20-21, 29, 79-80/

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн ... нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэх нөхцөл хангагдсан тул 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасанчлан Зээлийн гэрээ байгуулагджээ. Иймээс зээлдүүлэгч зээлийн болон барьцааны үүргийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөөгүй, харин хүүг төлсөн хэмээн А.М-д өгөх өглөгийн тооцоо гэх баримтыг үндэслэх ба баримтаар зээлийн хүүд 47,500,000 төгрөг төлсөн болохыг тэмдэглэжээ. Талуудын тохирсон гэрээ ёсоор 90,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн гэж тооцоход төлбөл зохих хүүгийн хэмжээ 21,600,000 (90,000,000*6%*4) төгрөг юм. Хэдийгээр тооцоо нийлсэн баримтад хүү төлсөн дүнг 47,500,000 төгрөг гэж тэмдэглэсэн ч гэрээний хугацааг сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй бол хүү шаардах эрхээ алдана гэснийг үндэслэн хүүд төлсөн гэх 47,500,000 төгрөгөөс төлбөл зохих хүүгийн хэмжээ 21,600,000 төгрөгийг хасан, үлдэх 25,900,000 төгрөгийг үндсэн төлбөрт төлсөнд тооцвол зохино. Эндээс үзвэл хариуцагчийн төлбөл зохих зээлийн үндсэн төлбөрийн хэмжээ 64,100,000 (90,000,000-25,900,000) болно.

Зохигчид гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй үйл баримтад маргаагүй тул хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг зөвхөн гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар заажээ. Зээлийн гэрээний 2.7-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ хэмээн заасан нь дээр дурдсан хуулийн заалттай нийцэж байна.

Хариуцагч гэрээний үүргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 613 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Гүйцэтгээгүй үүрэг болох 64,100,000 төгрөгийн алдангийн хэмжээ түүний 50 хувиас хэтрэх тул (64,100,000*0,5%*613) Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар түүний 50 хувиар хязгаарлан, 32,050,000 (64,100,000/2) төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нотариатын үйлчилгээний төлбөрт 17,900 төгрөг шаардсан ба энэ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж зааснаар шаардах эрх үүссэн. Гэвч нотариатын үйлчилгээний зардалд төлсөн баримт нь хэнээс, хэнд, хэдэн хуудас, ямар баримтыг баталсан болох талаарх мэдээлэл байхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэсгүй тул хангахгүй үндэсгүй байна. /хх-13/

Тэгэхээр хариуцагчийн Зээлийн гэрээ ёсоор хүлээх үүргийн нийт хэмжээ 96,150,000 төгрөг юм.

Нэгэнт үүрэг үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, хугацаандаа биелүүлээгүй тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-д Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй., 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана., Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. гэж зааснаар барьцаалагч нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймээс нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201006613 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 278 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204031262 дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарын 2 дугаар гудамж, 10 тоот хаягт байрлах, 75.4 м.кв талбайтай сууц, 285.3 м.кв талбайтай гараж, улсын бүртгэлийн Г-2204004071 дугаартай, тус хаягт байрлах 646 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас хангуулах тухай шаардлага хангагдах учиртай.

Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй тул гэрээ байгуулсанд тооцохгүй гэх үндэслэлээр Зээлийн гэрээ, түүнийг үндэслэн хийсэн Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэсгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь татгалзлын үндэслэлтэй адил байх тул энэ талаар өмнө дүгнэсэн болохыг дурдав.

Түүнчлэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг хуулийн 58 дугаар зүйлд төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлд хууран мэхэлж хийсэн хэлцэл, 60 дугаар зүйлд хүч хэрэглэн хийсэн хэлцэл хэмээн, тэдгээрийн шинж болоод тогтоогдох нөхцөлийг тодорхойлжээ. Зээлийн гэрээ ёсоор мөнгийг хүлээн аваагүй тул гэрээ хийгдсэнд тооцохгүй гэх үндэслэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн аль ч нөхцөлд хамаарахгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Э-ээс зээлийн үндсэн төлбөрт 64,100,000 төгрөг, алдангид 32,050,000 төгрөг, нийт 96,150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.М-д олгон, үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулж, үлдэх 38,867,900 төгрөгийн шаардлага болон Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 833,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 638,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан 537,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй. Нэхэмжлэлийн үнийн дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.4-т зааснаар тодорхойлсон бөгөөд хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тогтоож, хуваарилалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57, 60 дугаар зүйлд заасны дагуу хийсэн болно.