Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2022/01010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: хаягт оршин суугч Б.Н /регистрийн дугаар ХЖ78100915/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Олгох ёстой цалингийн нэмэгдэлд 5,533,664 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн

Хариуцагчийн төлөөлөгч Х.Наранбаатар, Б.Онон

Иргэдийн төлөөлөгч У.Булган

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ц газарт холбогдуулан, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цалин хөлсний нэмэгдэлд тооцон олгох ёстой байсан 5,533,664 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд

 

1.Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн байгууллагад 27 жил 9 cap 9 хоног ажилласан бөгөөд Чингэлтэй, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн газар, Төмөр зам дах цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага зохион байгуулалтын хэлтсийн ерөнхий жижүүрээр 1998 оноос 2019.05.17-ны өдөр хүртэл ажиллаад тэтгэвэрт гарсан. Цагдаагийн ерөнхий газрын 2019.05.16-ны өдрийн Б/338 дугаар тушаалаар намайг тэтгэвэрт гаргах   болсон  тул    2019.05.17-ны   өдрөөр   тасалбар   болгож  ажлаас   чөлөөлсөн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015.12.30-ны өдрийн А/124 тоот тушаалын хавсралтаар 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно гэж заажээ. Уг тушаалын 3.2-т Нэмэгдэл болон нэмэгдэл цалин тогтоох /код 924/ журам-ын 924.5.4-т заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цалингийн санд багтаах, боломжгүй тохиолдолд төсвийн тодотголоор нэмж тусгуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байдаг. Гэтэл уг тушаал гарснаас хойш миний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тушаалд заасны дагуу 45 хувиар бодож олгоогүй. Би төрийн тусгай албанд 27 жил ажилласан тул журмын 924.5.4-т заасан тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар тооцох эрхтэй бөгөөд энэ тушаалын талаар 2021 оны 01 дүгээр сард надтай ижил, тухайн салбарт ажиллаад тэтгэвэрт гарсан найзаасаа мэдсэн. Хэрэв надад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015.12.30-ны өдрийн А/124 тоот тушаалаар төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлж, 45 хувиар олгосон бол 2016 оноос хойш нийт 5,533,664 төгрөгийн нэмэгдэл авах байсан. Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 9 дүгээр зүйлийн 9.4.4 заасны дагуу учирсан хохирол буюу 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд цалин хөлсний нэмэгдэлд тооцон олгох ёстой байсан 5 533 664 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгч Х.Наранбаатар, Б.Онон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна., Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2.Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.5.3. батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсын төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм. Засгийн газрын 2014 оны Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дугаартай тогтоолын хавсралтын 3 дахь заалтад Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. УИХ-ын 2017 оны 29 дугаартай тогтоолын 4 дэх хэсэгт Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, 2019.01.01-ний өдрөөс дагаж мөрдөх болсноор 99 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цалингийн зардал дутагдаж байгааг тооцон төсвийн тооцоог Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020.04.01-ний өдрөөс эхлэн ахлах бүрэлдэхүүн, 2020.08.01-ний өдрөөс офицерийн бүрэлдэхүүнд дээрх нэмэгдлийг тооцон олгож байгаа. Цагдаагийн байгууллагаас төрийн тусгай алба хасан хугацааны нэмэгдлийг санаатайгаар бууруулсан, олгохгүй байгаа үйлдэл байхгүй, улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалсан тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэв.

3.Иргэдийн төлөөлөгч У.Булган шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Н нь миний дүгнэлтээр улсад 27 жил ажиллаж, хийх ажлаа хийсэн гэж үзэж байгаа тул нэхэмжилсэн мөнгөө авах эрхтэй гэв.

 

4.Нэхэмжлэгч нотлох баримтаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015.12.30-ны өдрийн А/124 тоот тушаал, хавсралт /хх-ийн 4-30 тал/, 020069 тоот тэтгэврийн дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  Ажилласан жилийн тооцоолол, Цалингийн  зөрүүгийн тооцоолол, Цалингийн карт /хх-ийн 22-28 тал/ Архивын лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын 50/1269 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөл 01/682 дугаар албан бичиг зэргийг, Хариуцагчаас хариу тайлбар, Цагдаагийн ерөнхий газрын 2г/6830 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын “Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд”-д  хүргүүлсэн 2016.02.23-ны өдрийн 01/58 дугаар, 2017.02.21-ний өдрийн 01/129 дугаар албан бичгүүд /хх-ийн 89, 92 тал/, Багшийн тэмдэглэл, Ирцийн бүртгэл, Цагдаагийн ерөнхий газрын 5/110, 8/317, 5б/5687 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015.12.30-ны өдрийн А/124 тоот тушаал, хавсралт зэргийг, Нэхэмжлэгчийн хүсэлтээр Засгийн газрын 2014 оны  99 дүгээр тогтоолын дагуу түүнд олгох цалин хөлсний тооцоолол /хх-ийн 69-77, 79-80 тал/,Тээврийн Цагдаагийн албаны14-40/1296 дугаар албан бичиг, Албаны сургалтын ирцийн бүртгэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ц газарт холбогдуулан, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд цалин хөлсний нэмэгдэлд тооцон олгох ёстой байсан 5,533,664 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Засгийн газрын 2014 оны Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дугаартай тогтоол болон түүний дагуу гарсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015.12.30-ны өдрийн А/124 тоот тушаалын хавсралтаар 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор баталсан. Уг тогтоолыг биелүүлэх үүрэгтэй байсан ч биелүүлээгүй тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

2.Хариуцагч Ц газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг цагдаагийн байгууллагаас санаатайгаар бууруулж олгосон зүйлгүй, Засгийн газрын 2014 оны 99 дугаартай тогтоолын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-124 тоот тушаалыг нийт албан хаагчдад танилцуулсан, Засгийн газрын 2014 оны Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дугаартай тогтоолын хавсралтын 3 дах хэсэгт нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. УИХ-ын 2017 оны 29 дугаартай тогтоолын 4 дэх хэсэгт Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дугаартай тогтоолоор хүчингүй болгож 2019.01.01-ний өдрөөс дагаж мөрдөх болсноор 99 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цалингийн зардал дутагдаж байгааг тооцон төсвийн тооцоог Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн гэж тайлбарлан маргасан.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015.12.30-ны өдрийн А/124 тоот тушаал, хавсралт, 020069 тоот тэтгэврийн дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ажилласан жилийн тооцоолол, Цалингийн  зөрүүгийн тооцоолол, Цалингийн карт, Архивын лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын 50/1269 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөл 01/682 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын 2г/6830 албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын 2016.02.23-ны өдрийн 01/58 дугаар, 2017.02.21-ний өдрийн 01/129 дугаар албан бичиг, Багшийн тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын 5/110, 8/317, 5б/5687 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015.12.30-ны өдрийн А/124 тоот тушаал, хавсралт, Тээврийн Цагдаагийн албаны14-40/1296 дугаар албан бичиг, Албаны сургалтын ирцийн бүртгэл,  зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт  тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч Б.Н нь цагдаагийн байгууллагад нийт 27 жил 9 cap ажилласан бөгөөд тэрээр Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газар, Замын цагдаагийн газарт хэрэг бүртгэгч, ахлах хэрэг бүртгэгчээр, 2018.01.02-ны өдрөөс 2019.05.17-ны өдрийг хүртэл Нийслэлийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий жижүүрээр ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон болох нь зохигчдын тайлбар, Цагдаагийн ерөнхий газрын 2020.10.16-ны өдрийн 5а/6671 тоот Архивын лавлагаа, Б.Нийн 020069 тоот тэтгэврийн дэвтрийн хуулбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

Нэхэмжлэгч нь цалин хөлсний нэмэгдлийг дутуу олгосон, олгох ёстой байсан нэмэгдэл 5,533,664 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ Засгийн газрын 2014 оны Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дугаартай тогтоол болон түүний дагуу гарсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015.12.30-ны өдрийн А/124 тоот тушаалын хавсралтаар 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор баталсан бөгөөд Нэмэгдэл болон нэмэгдэл цалин тогтоох /код 924/ журам-ын 924.5.4-т заасан тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар тооцон олгох ёстой байхад 20 хувиар тооцсоноос цалингийн хэмжээ бага тогтоогдож, түүнээс улбаалан цэргийн тэтгэврийн хэмжээ бага тогтоогдсон гэж тайлбарлав.

Хэрэгт авагдсан Б.Намнадоржийн ажилласан жилийн тооцоолол, Цагдаагийн байгууллагуудын санхүүгийн тэмдэг бүхий цалингийн тодорхойлолт /хх-ийн 16-28/, цалингийн карт, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн Б.Нийн 2016.1.1-ны өдрөөс 2019.05.17-ны өдрийг хүртэлх хугацааны Засгийн гарын 2014 оны 99 дүгээр тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015.12.30-ны өдрийн А/124 дугаартай тушаалын дагуу олгогдох байсан цалин болон түүнд олгогдсон цалингийн тооцоолол /хх-ийн 69-71/ зэрэг баримтаар нэхэмжлэгч Б.Нид дээрх хугацаанд төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэлд нийт 10,115,869 төгрөг олгогдох байснаас 4,495,942 төгрөг олгогдож, 5,619,927 төгрөг олгогдоогүй бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

5.Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9.Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ” гэж, 87.10.Цагдаагийн байгууллагын алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 99 дугаартай тогтоолоор цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг баталжээ. Уг тогтоолын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015.12.30-ны өдрийн А/124 дугаартай тушаалын хавсралтаар Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /Код 924/ журмыг баталж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017.12.20-ны өдрийн А/248 дугаар тушаалаар Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /Код 924/ журмыг шинэчлэн баталж, 2015.12.30-ны өдрийн А/124 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.

Дээрх журмуудын 924.5.4-т /аль алинд нь/ Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно. Тайлбар: 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 45 хувийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заасан бөгөөд 2015.12.30-ны өдрийн А/124 дугаартай тушаалыг 2016.01.01-ний өдрөөс, 2017.12.20-ны өдрийн А/248 дугаартай тушаалыг тус өдрөөсөө эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан байна.

6.Хариуцагчийн төлөөлөгч нар Засгийн газрын 2014 оны 99 дугаартай тогтоолын дагуу батлагдсан орон тоонд нэмэгдэл цалинг олгох төсөвт тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн бөгөөд Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг Цагдаагийн байгууллагын зүгээс санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй гэж мэтгэлцэв.

Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.” гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2.батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” гэж, 16.5.3.батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж  зохицуулсан байна.

Хариуцагч Ц газар нь Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдад 2016.02.23-ны өдрийн 01/58 дугаар албан бичгээр Цагдаагийн байгууллагын 2016 оны төсвийн төслийг 260,0 тэрбум төгрөгөөр тооцож хүргүүлснээс 146,2 тэрбум төгрөгөөр батлагдсан төсвөөр тооцоход дараах хүндрэлтэй асуудлыг  тодотголоор шийдвэрлэх шаардлагатай байна. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 99 дугаартай тогтоолын дагуу батлагдсан орон тоонд цалинг олгогдох 9,9 тэрбум төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлд 0,6 сая төгрөг шаардагдаж байна...” гэх, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдад 2017.02.21-ний өдрийн 01/129 дугаар албан бичгээр Цагдаагийн байгууллагын 2017 оны төсвийн төслийг 383,7 тэрбум төгрөгөөр тооцож хүргүүлснээс 157,5 тэрбум төгрөгөөр батлагдсан төсвөөр тооцоход дараах зардал шаардлагатай байна. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 99 дугаартай тогтоолын дагуу батлагдсан орон тоонд цалинд 7,9 тэрбум төгрөг...” гэх /хх-ийн 89,92 тал/ хүсэлтийг тус тус хүргүүлжээ.

Тодруулбал: Хариуцагч нь Засгийн газрын 2014 оны Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дугаартай тогтоолын хавсралтын 3 дах хэсэгт нийт 45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цалингийн санд багтаах, боломжгүй тохиолдолд төсвийн тодотголоор нэмж тусгуулах ажлыг зохион байгуулах үүргээ үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авсан болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.

Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэх зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.

7.Нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч нар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд цалин хөлсний нэмэгдэлд тооцон олгох ёстой байсан 5,533,664 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлан, мэтгэлцэж байгаа боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байжээ.

8.Иргэдийн төлөөлөгчийн гаргасан “Б.Н нь миний дүгнэлтээр улсад 27 жил ажиллаж, хийх ажлаа хийсэн гэж үзэж байгаа тул нэхэмжилсэн мөнгөө авах эрхтэй” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд цалин хөлсний нэмэгдэл олгох хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар мэтгэлцэж маргасан болно.

9.Хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас олгох ёстой цалингийн нэмэгдэлд 5,533, 664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,489 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас олгох ёстой цалингийн нэмэгдэлд 5,533, 664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,489 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ

 

                          ШҮҮГЧИД                                           Н.БАЯРМАА

 

                                                               Х.ДАШДЭЧМАА