Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01643

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01643

 

 

Б.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 182/ШШ2021/01953 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Нийн хариуцагч Ц.Е.Гт холбогдуулан олгох ёстой цалингийн нэмэгдэлд 5 533 664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь Цагдаагийн байгууллагад 27 жил 9 cap 9 хоног ажиллаад 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/338 тоот тушаалаар тэтгэвэрт гарсан. Төрөөс олгож буй цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр хуульд заасан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалын хавсралтаар 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно гэж заажээ. Уг тушаалын 3.2-т Нэмэгдэл болон нэмэгдэл цалин тогтоох /код 924/ журмын 924.5.4-т заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цалингийн санд багтаах, боломжгүй тохиолдолд төсвийн тодотголоор нэмж тусгуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байдаг.

Гэтэл уг тушаал гарснаас хойш миний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тушаалд заасны дагуу 45 хувиар бодож олгоогүй.Төрийн тусгай албанд 27 жил ажилласан тул журмын 924.5.4-т заасан тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар тооцуулах эрхтэй бөгөөд энэ тушаалын талаар 2021 оны 1 дүгээр сард надтай ижил, тухайн салбарт ажиллаад тэтгэвэрт гарсан найзаасаа мэдсэн.

Хэрэв надад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалаар төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлж, 45 хувиар олгосон бол би 2016 оноос хойш нийт 5 533 664 төгрөгийн нэмэгдэл авах байсан. Иймд уг тушаал гарснаас хойш тэтгэвэр тогтоолгох хүртэл буюу 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд миний цалингийн нэмэгдлийг дутуу бодож олгосон нь нотлогдох тул цалин хөлсөө дутуу авснаас гадна тэтгэвэр тогтоолгоход тэтгэвэр буруу, бага тогтоогдож хохирчээ. Хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаал, шийдвэрүүд, Засгийн газрын тогтоол шийдвэрийг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулахдаа заавал албан бичгийн ард гарын үсэг зуруулдаг байсан, ийм баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын А/124 тоот тушаалаар сургалт явуулсан гэдэг, уг сургалтад миний бие оролцоогүй, мэдээгүй. Ер нь сургалтад оролцоогүй байсан ч оролцсон гээд ирсэн гэж бүртгэсэн баримтыг нөхөж гаргасан, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Сургалтыг явуулсан багш С.Баярбатын хичээлийн конспект нь ч байхгүй, сургалт явуулсан гэх цаг хугацаанд С.Баярбат нь хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн даргаар ажиллаж байгаагүй. С.Баярбат нь 2015 оны 1 дүгээр сард биш, 2015 оны 6 дугаар Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн даргаар томилогдсон. Уг хичээлийг 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Засгийн газрын 99 дугаартай тогтоолын дагуу сургалтад суусан гээд С.Баярбат гарын үсэг зурсан байна. 2015 оны 1 дүгээр сард Төмөр замын Цагдаагийн газрын төлөвлөлт, зохион байгуулалтын дарга нь н.Бямбасүрэн гэх дэд хурандаа байсан. Уг бичгийг н.Бямбасүрэн дэд хурандаа гаргаж өгөх ёстой боловч н.Баярбат уг баримтыг гаргасан байна. Иймээс уг баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-д цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2.-т төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.5.3.-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж тус тус зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсын төсвөөс санхүүждэг төрийн тусгай алба юм. Засгийн газрын 2014 оны Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дугаартай тогтоолын хавсралтын 3 дахь заалтад төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. Улсын Их хурлын 2017 оны 29 дугаартай тогтоолын 4 дэх хэсэгт төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дугаартай тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх болсноор 99 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цалингийн зардал дутагдаж байгааг тооцон төсвийн тооцоог Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Улмаар 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ахлах бүрэлдэхүүн, 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс офицерийн бүрэлдэхүүнд дээрх нэмэгдлийг тооцон олгож байгаа.

Цагдаагийн байгууллагаас төрийн тусгай алба хасан хугацааны нэмэгдлийг санаатайгаар бууруулсан, олгохгүй байгаа үйлдэл байхгүй, улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалсан тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.-т Төрийн албан хаагчиин хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дах хэсэгт тус тус зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлсний талаарх гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас олгох ёстой цалингийн нэмэгдэлд 5 533 664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын дотор нэхэмжлэл гаргах байтал 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэжээ. н.Баярбат нь албан хаагчдад танилцуулсан нь 1 сарын 07-ны өдрийн багшийн тэмдэглэл, 2015-2016 оны ирцийн бүртгэл зэрэг баримтуудыг нотлох баримт болгосон байна. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт нь шууд нотлох баримт болохгүй. Өөрөөр хэлбэл гаргаж өгсөн гэх баримтууд буюу оюутны ирц тэмдэглэл нь нэг хүний гараар нэр бүхий хүмүүсийн нэрсийг хуулж бичсэн, хичээлд намайг суусан гэх боловч суусан талаар надад танилцуулсан баримт буюу гарын үсэг байхгүй байгаа бөгөөд эдгээрийг шүүхээс тодруулж нягтлалгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ц.Е.Гт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалаар төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар олгоогүй тул 2016 оноос хойш 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн өдөр хүртэлх хугацаанд цалин хөлсний нэмэгдэлд тооцон олгох ёстой байсан нийт 5 533 664 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг Цагдаагийн байгууллагаас санаатайгаар бууруулж олгосон зүйлгүй, Засгийн газрын 2014 оны 99 дугаартай тогтоолын хэрэгжилт хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар хэрэгжихгүй явсаар 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ахлах бүрэлдэхүүнд, 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс офицерийн бүрэлдэхүүнд дээрх нэмэгдлийг тооцон олгож эхэлсэн, Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ. /хх 1, 42-43/

Нэхэмжлэгч Б.Н нь Цагдаагийн байгууллагад 27 жил 9 cap 9 хоног буюу 1998 оноос 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан үйл баримтад талууд маргаангүй. /хх 1, 42-43/

Б.Нийг Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалын хавсралтаар 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох эрхийн акт гарсанд талууд маргаангүй байна. /хх 4-14/

Уг тушаал, эрхийн актын хэрэгжилт хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар хэрэгжихгүй явсаар 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ахлах бүрэлдэхүүнд, 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс офицерийн бүрэлдэхүүнд дээрх нэмэгдлийг тооцон олгож эхэлсэн гэж хариуцагч тайлбарласан хэдий ч нэхэмжлэгчид нөхөн олгогдоогүй байна. /хх 42-43/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, цалин хөлсний маргаан гэж үзэж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хөдөлмөрийн тухай хууль нь ажил олгогч, ажилтны хоорондын харилцааг зохицуулах юм.

Нэхэмжлэгч нь тэтгэвэрт гарч талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон. Одоо шаардаж буй 5 533 664 төгрөг нь хариуцагч нөхөн олгох үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирлын шинжтэй, эд хөрөнгийн алдагдал, гэм хорын шинжтэй эсэхийг тодруулах нь зүйтэй юм.

Хариуцагч тушаал 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл талуудын хэн алинаас үл хамаарах шалтгаанаар хэрэгжээгүй тухай тайлбарласаар байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар дурдсан нь учир дутагдалтай болжээ. Хариуцагч нь Нэхэмжлэгч офицерийн бүрэлдэхүүнд хамаарч байсан гэх тайлбарыг гаргасан.

Цагдаагийн бие бүрэлдэхүүнд олгох 45 хувийн нэмэгдэл нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр офицерийн бүрэлдэхүүнд олгож эхлэх хүртэлх 5 жилийн хугацаанд хэрэгжээгүй нь хэний буруугаас болсон, уг нэмэгдлийг авч чадаагүй офицерийн цалин хөлсний асуудлыг төсөвт хэн хэрхэн суулгах үүрэгтэй байсан, уг нэмэгдлийг нөхөн олгох үндэслэлтэй эсэх талаар талууд бүрэн мэтгэлцээгүй байна. Нэмэгдэл хөлс дутуу авснаас тэтгэвэр багаар тогтоогдсон талаар нэхэмжлэгч тайлбарлажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн хэмжээ, үндэслэл, тооцоолол зэргээ тодорхойлж нотлох үүрэгтэй юм. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол тодорхойгүй, талуудыг бүрэн мэтгэлцүүлсэн, эвлэрэх боломжит арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 182/ШШ2021/01953 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 489 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД