Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 427

 

Д.А нарын 4 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.А, А.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.З, С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ц.Ц, С.В нарыг оролцуулан хийж, Д.А, А.О, С.С, С.Н нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0525 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч А.О, Д.А нарын гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.3-ын в, 19 дүгээр зүйлийн 19.1, Хот байгуулалтын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0525 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А, А.О, С.С, С.Н нарын Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.А, А.О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч байна.

Нэг. Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд СБД-ийн ЗДТГ-т газар эзэмших эрх олгосон А/933 дугаар захирамжид өөрчлөлт оруулсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 25.4-д “Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэжээ. Гэтэл хэргийн материалд тус маргаан бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар батлагдсан төлөвлөгөө, зураг төслийн баримт бичиг байхгүй, төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар гэж тодорхойлох нотлох баримт байхгүй байсаар байтал шүүх хавтаст хэрэгт авагдаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д “Захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн тусгай зарчмыг баримтална” гэжээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 175 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх барьж байгуулах журам нь иргэд, хуулийн этгээдэд ямар шаардлага, процессын дагуу зөвшөөрөл олгохыг зохицуулсан журам юм. Тус журмын 1.2-т “...оршин суугчдын тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж газар дээрх болон доорх авто зогсоолыг барихад энэ журмын зорилго оршино” хэмээн тодорхойлсон.

Мөн журмын 3.2-т төсөл хэрэгжүүлэх хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг тодорхойлсон боловч тус шаардлагыг огт хангаагүй иргэн Х.Э-т авто зогсоол барих зөвшөөрөл олгосон байна. Хавтас хэрэгт Х.Э шаардлага хангаагүй болох нь шугам сүлжээний байгууллагуудаас ирсэн тодорхойлолт, мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн төсөл хэрэгжүүлэгчийн хувийн хэрэгт хавсаргагдсан баримтуудаас илэрхий харагдаж байна. Цаашлаад Х.Э нь оршин суугчдын саналыг хуурамчаар үйлдсэн эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь илэрхий байсаар байтал Нийслэлийн Засаг даргын А/700 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 40, 42, 44 дүгээр байрны дунд газар доорх авто зогсоол барихаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, зорилгодоо огт нийцээгүй байна.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Нийслэлийн Засаг даргын А/700 дугаар захирамжийг хууль ёсны хэмээн дүгнэсэн нь буруу байна. Иймд, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0525 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасантай нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.А, А.О, С.С, С.Н нар нь Нийслэлийн Засаг даргын  2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...авто зогсоол барьснаар агаарын бохирдол, дуу чимээ ихэсч, өндөр настан, хүүхдийн тав тух алдагдана, мөн орон сууц нурах аюултай. ...оршин суугчдаас санал аваагүй, санал өгөх эрхээр хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, ...Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн” гэж маргажээ. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолыг үндэслэн СБД-ийн ЗДТГ-т тус дүүргийн 4 дүгээр хороо, 40, 41, 42 дугаар байрны хойд талд 2160 м.кв газрыг “тохижилт бүхий газар доорх авто зогсоол”-ын зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжаар газрын байршлыг өөрчилж, “40, 41, 42 дугаар байр” гэснийг “40, 42, 44 дүгээр байр” гэж, “хойд талд” гэснийг “дунд талбайд” гэж өөрчилсөн байна.

Хэдийгээр газар эзэмшүүлэх захирамж нь 2015 онд гарсан ч 2016 оны 10 дугаар сард газрын байршлыг өөрчилсөн учир тухайн газрын хувьд шинэ захирамж гэж үзэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно: ...73.1.6-д зам, талбай, гудамж, усан сан зэрэг нийтийн эзэмшлийн байгууламж, цогцолбор байгуулах, өөрчлөх...”, 74 дүгээр зүйлийн 74.2-т “төлөвлөгөөнд сонсох ажиллагааг явуулахдаа энэ хуулийн 27 дугаар зүйлийг баримтална” гэж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Аймаг, нийслэл, ...Засаг дарга энэ зүйлийн 14.1-д заасан саналыг дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр сонгох талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн дагуу зохион байгуулж, уг төлөвлөгөөнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн саналыг авч тусгана” гэж тус тус  заажээ.  

Эдгээр хуулиудын зохицуулалтаар захиргааны байгууллага нийтийн эзэмшлийн зам, талбайд барилга байгууламжийг барьж байгуулах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэн, тэдний оролцоог ханган санал хүсэлтийг нь авч, сонсох ажиллагаа явуулан шийдвэр гаргахыг хуульчилсан байна. 

Маргаан бүхий дээрх захиргааны актын үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ыг баталсан. 

Уг журмын 1.5-д “Газар барилгажилтийн зөвлөлийн хурлын дүгнэлтийг үндэслэн авто зогсоол барих газрын асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх...”, 3.4-д “...авто зогсоол барихаар санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд ...баталсан загварын дагуу мэдээллийн самбарыг хийж байрлуулах байршлыг тогтоож өгнө”, 3.5-д “...самбарыг барилгажих талбайд оршин суугчдад тод харагдахуйцаар 14 хоног байрлуулна”, 3.9-д “Санал өгвөл зохих иргэдийн 80 хувь дэмжсэн тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс авто зогсоол барихаар ирүүлсэн саналыг Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ” гэж тус тус журамлажээ. 

Анхан шатны шүүх хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь авто зогсоолын зориулалтаар газар эзэмшүүлэх А/700 дугаар захирамжийг гаргахдаа санал өгвөл зохих иргэдийн дэмжсэн санал гараагүй байхад Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, журмын дээрх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль, журамд нийцсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд иргэн Х.Э нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40, 42, 44, 53 дугаар байрны дунд, доороо авто зогсоол бүхий хүүхдийн тоглоомын талбай барих хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасныг Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцэн, зөвлөлийн АДХ/01 дүгээр шийдвэрээр 40, 50 мянгатын дахин төлөвлөлтөнд орсон байршил гэж дүгнэн “байршлын хувьд боломжгүй” гэж шийдвэрлэж байжээ.

Гэвч энэ асуудлыг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар дахин авч хэлэлцэн, газар дээр нь очиж иргэдээс санал авах асуудлыг зохион байгуулахыг зөвлөлийн гишүүнд даалгаж шийдвэрлэсний дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр авто зогсоолын асуудлаар санал асуулгын уулзалт зохион байгуулсан байх ба тус уулзалтад иргэдийн төлөөлөл болсон 29 иргэн оролцож санал өгсөн байна. 

Хариуцагч нь авто зогсоол байгуулах энэхүү асуудлаар тус 40, 42, 44, 53 дугаар байрны нийт 126 өрхийн 80 хувь болох 96 өрхийн төлөөллөөс санал авах байтал уулзалт зохион байгуулж 29 иргэнээс санал авсныг тус журмын 3.9-д заасан иргэдийн дэмжиж ирүүлсэн санал гэж үзэхгүй. Мөн журмын 3.4, 3.5-д зааснаар авто зогсоол барихаар хүсэлт гаргасан Х.Э нь баталсан загварын дагуу мэдээллийн самбарыг тогтоосон байршилд 14 хоног байрлуулан оршин суугчдад танилцуулж, санал авах ажиллагааг огт явуулаагүй нь тогтоогджээ.

Тус журамд зааснаар санал өгвөл зохих иргэд дэмжээгүй тохиолдолд саналыг Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх боломжгүй байтал хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, байршлын хувьд дэмжсэн шийдвэрийг гаргасан нь Захиргааны ерөнхий хууль болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дээрх заалтууд болон журмын заалтуудыг зөрчжээ.

Мөн иргэн Х.Э нь 2015 онд тус байруудын 88 иргэний саналыг авсан тухай баримт хувийн хэргийн материалд авагдсан байх боловч журмын 2.2-т “Төлөвлөсөн байршил дахь авто зогсоолын төлөвлөлтийг оршин суугчдад танилцуулж, санал авах ажлыг Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага зохион байгуулах”-аар заасан тул түүний цуглуулсан саналыг хууль, журмын дагуу авсан санал гэж үзэх боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээд СБД-ийн ЗДТГ-т авто зогсоолын зориулалтаар газар эзэмшүүлэхдээ журмын дээрх заалтуудыг зөрчсөн төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчим болон Захиргааны ерөнхий хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зохих заалтуудыг зөрчжээ.

Ийнхүү  хариуцагчаас маргаан бүхий газарт авто зогсоол барих асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй нэхэмжлэгч иргэдэд мэдэгдэж, тэдний оролцоог нь ханган санал хүсэлтийг нь авч, сонсох ажиллагаа явуулахгүйгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь тэдний эрхийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс “маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх маргааны үйл баримт, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч хэрэглэвэл зохих дээр дурдагдсан хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0525 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.6, 74 дүгээр зүйлийн 74.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А, А.О, С.С, С.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.

 

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       М.БАТСУУРЬ

                                        ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА