Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2022/00993

 

 

 

 

 

 

 

   2022         04         07                                      182/ШШ2022/00993

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                          

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ҮЦТХТ-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2021.07.21-ний өдрөөс 2021.12.08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,640,900 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.О,

Хариуцагчийн төлөөлөгч Ж.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.21-ний өдрийн 1553 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Мийг Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны кастодианы ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсөнд 2,199,963 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Энэхүү шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.10.01-ний өдрийн 1491 дүгээр магадлалаар хэвээр үлдэж, хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ үйл баримтын талаар дахин нотлох шаардлагагүй юм.

Ийнхүү бид шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргаж, шүүхээс захирамж, гүйцэтгэх хуудсыг бичиж өгсөн, үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, хариуцагч нь 2021.12.08-ны өдрийн Б/133 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Мийг шүүхийн шийдвэрт заасан ажилд эгүүлэн авсан. Тиймээс нэхэмжлэгч Б.М нь ажилд эргүүлэн томилогдох хүртэл ямар ч цалин хөлсгүй хохирсон учир анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021.07.21-ний өдрөөс ажилд эгүүлэн авсан 2021.12.08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,640,900 төгрөгийг хуучин Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлж нэхэмжлэгч Б.Мийг 2021.12.08-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/133 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажилд нь томилж, цалин хөлсөнд 2,199,963 төгрөгийг олгосон. Харин нэхэмжилсэн 5,640,900 төгрөг нь ажиллаагүй хугацааны цалингийн зөрүүнээс их байхаас гадна түүнд 1,5 сарын тэтгэмжид 1,650,0000 төгрөгийг өгсөн, үүнийг хасч тооцбол 3,144,765 төгрөг болж байна. Бидний тооцооллоор 4 сар буюу ажлын 85 хоног, шийдвэрт зааснаар 1 сарын цалин 1,100,000 төгрөг, 1 өдрийн цалин 56,409 төгрөгөөр тооцвол 4,794,765 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн тооцоолол үндэслэлгүй байна. Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өгсөн албан даалгаврын хүрээнд ажлын давхардал арилгах, жирэмсний амралттай байгаа хүний оронд ажиллаж байгаа хүнийг цомхтгох зайлшгүй шаардлага үүссэн учир ийм шийдвэр гарахад хүрсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.21-ний өдрийн 1553 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.10.01-ний өдрийн 1491 дүгээр магадлал, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.16-ны өдрийн 10774 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 759 дүгээр гүйцэтгэх хуудас, ҮЦТХТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.08-ны өдрийн Б/133 дугаар ажилд томилох тухай тушаал гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

4.Хариуцагч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ шүүхэд гарган өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч ҮЦТХТ ХХК-нд холбогдуулж 2021.07.21-ний өдрөөс 2021.12.08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,640,900 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдоос гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

                                               

1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Б.Мийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй, тэрээр шүүхэд хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, энэхүү ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.М нь 2021.12.08-ны өдөр ажилдаа эргэн орсон боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл түүнд цалин хөлсийг олгоогүй, хохироож байна, тийм учраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан цаг хугацаанаас эхлэн ажилдаа орсон өдрийг хүртэл нэхэмжлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд бид шүүхийн шийдвэрийг биелүүлж Б.Мийг ажилд нь авч, цалинг нь олгосон, түүнчлэн 1,5 сарын тэтгэмжид 1,650,0000 төгрөг өгснийг нэхэмжлэлээс хасаж тооцох ёстой, нэхэмжлэлийн тооцоолол үндэслэлгүй байна гэж мэтгэлцсэн.

 

2.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.21-ний өдрийн 1553 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Мийг Хадгаламж өмчлөх, эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,199,963 төгрөгийг хариуцагч ҮЦТХТ ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ҮЦТХТ ХХК-нд даалган шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.10.01-ний өдрийн 1491 дүгээр магадлалаар хэвээр үлдсэн байх ба, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Мийг ажилд нь эгүүлэн тогтоосон, 1 сарын дундаж цалин хөлс 1,212,800 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 56,409 төгрөг болохыг тогтоосон үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”,

69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно” гэж заасан.

 

Хариуцагч ҮЦТХТ ХХК нь нэхэмжлэгч Б.Мийг ажилд нь эгүүлэн тогтоосон дээр дурдсан 1553 дугаар шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар биелүүлж, нэхэмжлэгч Б.Мийг ажилд нь эгүүлэн авч, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй.

 

4.Гэтэл хариуцагч ҮЦТХТ ХХК нь дээрх үүргээ биелүүлээгүй, энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, улмаар гүйцэтгэх захирлын 2021.12.08-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар хариуцагч ҮЦТХТ ХХК нь Б.Мийг 2021.12.07-ны өдрөөс эхлэн Хадгаламж өмчлөх, эрх бүртгэл кастодианы албанд кастодиан хариуцсан ажилтнаар томилж, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,199,963 төгрөгийг олгож, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь биелүүлсэн болох нь зохигчдын гаргасан тайлбар, тодорхойлох хэсэгт дурдсан, нэхэмжлэгч талаас гарган өгсөн баримтуудаар тогтоогдсон.  

Тиймээс нэхэмжлэгч Б.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021.07.21-ний өдрөөс эхлэн ажилдаа эргэн орсон 2021.12.08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч ҮЦТХТ ХХК-иас шаардах эрхтэй.  

 

5.Нөгөө талаар хариуцагч ҮЦТХТ ХХК нь анхан шатны шүүхийн 1553 дугаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсон даруйд нэхэмжлэгч Б.Мийг урьд эрхэлж байсан ажилд нь авч, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн байсан бол нэхэмжлэгч Б.М нь ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж, цалин хөлсөөр хохирохгүй байсан гэж үзнэ.  

 

Иймд хариуцагч талын гаргасан “...бид шүүхийн шийдвэрийг биелүүлж Б.Мийг ажилд нь авч, цалинг нь олгосон, түүнчлэн 1,5 сарын тэтгэмжид 1,650,0000 төгрөгийг өгснийг нэхэмжлэлээс хасаж тооцох ёстой...” гэх агуулга бүхий тайлбар хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч ҮЦТХТ ХХК нь нэхэмжлэгч Б.Мт 1,650,000 төгрөгийг хэзээ, хэрхэн, ямар зориулалтаар олгосон болох нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй, уг тайлбараар хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болно.

 

6.Нэхэмжлэгч Б.Мийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлсийг 1553 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоосон, 1 сарын цалин хөлс болох 1,212,800 төгрөг, нэг өдрийн цалин хөлс болох 56,409 төгрөгөөр, 2021.07.21-ний өдрөөс эхлэн ажилдаа эргэн орсон 2021.12.08-ны өдрийг хүртэл тооцвол:

2021.07.21-ний өдрөөс 2021.11.21-ний өдрийг хүртэл 4 сар /1,212,800 төг * 4 сар = 4,851,200 төг/, 2021.11.21-ний өдрөөс 2021.12.08-ны өдрийг хүртэл ажлын 13 өдөр /56,409 төг * 13 өд = 733,317 төг/-ийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нийт олговор нь 5,584,517 /4,851,200 төг + 733,317 төг/ төгрөг болов.

 

Тиймээс нэхэмжлэгч Б.Мийн 4 сар, ажлын 13 өдрийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нийт олговорт 5,584,517 төгрөгийг хариуцагч ҮЦТХТ ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгож, нэхэмжлэлээс үлдэх 56,383 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч тал олговрын тооцооллыг буруу хийсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

7.Дээрх олговроос шимтгэл тооцон нэхэмжлэгч Б.Мийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ҮЦТХТ ХХК-нд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2‑т заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч Б.М нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх байтал тэрээр 105,204 төгрөгийг төлсөн байх тул, энэхүү 105,204 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгох, хариуцагч ҮЦТХТ ХХК-иас 104,302 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцэж байна.

 

8.2021.07.02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх боловч энэхүү маргаан нь 1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад хамаарч, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан тул хуучин хуулийг баримтлан хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ҮЦТХТХХК-иас 5,584,517 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгож, нэхэмжлэлээс үлдэх 56,383 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч Б.Мийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ҮЦТХТХХК-нд үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч ҮЦТХТХХК-иас 104,302 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА