Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01303

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/00993 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ү ХХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,640,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 1553 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.М ийг Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны кастодианы ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсөнд 2,199,963 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Энэхүү шийдвэр нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 1491 дүгээр магадлалаар хэвээр үлдэж, хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ үйл баримтын талаар дахин нотлох шаардлагагүй юм. Хариуцагч нь 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 0/000 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.М ийг шүүхийн шийдвэрт заасан ажилд эгүүлэн авсан. Тиймээс нэхэмжлэгч Б.М нь ажилд эгүүлэн томилогдох хүртэл ямар ч цалин хөлсгүй хохирсон учир анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 07 сарын 21-ний өдрөөс ажилд эгүүлэн авсан 2021 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,640,900 төгрөгийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Манай байгууллага шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлж нэхэмжлэгч Б.М ийг 2021 оны 12 сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирлын 0/000 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажилд нь томилж, цалин хөлсөнд 2,199,963 төгрөгийг олгосон. Харин нэхэмжилсэн 5,640,900 төгрөг нь ажиллаагүй хугацааны цалингийн зөрүүнээс их байхаас гадна түүнд 1,5 сарын тэтгэмжид 1,650,0000 төгрөгийг өгсөн, үүнийг хасч тооцбол 3,144,765 төгрөг болж байна. Бидний тооцооллоор 4 сар буюу ажлын 85 хоног, шийдвэрт зааснаар 1 сарын цалин 1,100,000 төгрөг, 1 өдрийн цалин 56,409 төгрөгөөр тооцвол 4,794,765 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн тооцоолол үндэслэлгүй байна. Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоол, Т аас өгсөн албан даалгаврын хүрээнд ажлын давхардал арилгах, жирэмсний амралттай байгаа хүний оронд ажиллаж байгаа хүнийг цомхтгох зайлшгүй шаардлага үүссэн учир ийм шийдвэр гарахад хүрсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү ХХК-аас 5,584,517 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М т олгож, нэхэмжлэлээс үлдэх 56,383 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч Б.М ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ү ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ү ХХК-аас 104,302 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Нэхэмжлэгч Б.М 2021 оны 05 сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 5 дугаар сарын цалинг бүтэн авсан. 2021 оны 12 сарын 08-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон бөгөөд анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин болох 2,199,963 төгрөгийг гаргуулах шийдвэрээр нэхэмжлэгчид гаргуулан өгсөн. Мөн хариуцагч талаас Б.М т тэтгэмж болгон өгсөн 1,5 сарын тэтгэмж болох 1,650,000 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл цалин 3,144,765 төгрөг байна.

4.б. Засгийн Газрын 2021 оны 43 дугаар тогтоол, Т аас өгсөн албан даалгаврын хүрээнд ажлын давхардлыг арилгах, түүнчлэн жирэмсний амралттай байгаа ажилтны оронд ажиллаж байгаа ажилтныг цомхотгох зайлшгүй шаардлага үүссэн учир ийм шийдвэр гаргахад хүрсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга: Б.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан үндэслэлээр шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,640,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 01-ний өдрийн 182/ШШ2021/01553 дугаар шийдвэрээр Б.М ийг Ү ХХК-ийн Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,199,963 төгрөгийг Ү ХХК-аас гаргуулан Б.М т олгож шийдвэрлэснийг /хх 6-10/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 1491 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 11-17/

 

4.   Улмаар хариуцагч Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 сарын 08-ны өдрийн Ажилд томилох тухай 0/000 дугаар тушаалаар Б.М ийг кастодиан хариуцсан ажилтнаар томилж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.

 

5.   Дээрхээс үзвэл нэхэмжлэгч өмнө нь шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулсан бөгөөд Б.М ийн ажилгүй байсан эрхийн зөрчил 2021 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

6.   Өмнө дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 1 сард 1,212,800 төгрөг, 1 өдөрт 56,409 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.

Иймд 2021 оны 07 сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэлх 4 сар 13 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь (1,212,800 төгрөг х 4 сар) + (56,409 төгрөг х 13 өдөр) = 4,851,200 + 733,317 = 5,584,517 төгрөг болж байна.

Энэ талаар шийдвэрт тодорхой тусгагдсан байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг буруу тооцсон гэх агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.   Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгчид 1,5 сарын тэтгэмж гэж 1,650,000 төгрөг олгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч уг тайлбарыг үгүйсгэж байгаа учир дээрх мөнгөн дүнг хасч тооцох боломжгүй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/00993 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР