Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/00908

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-24-67 тоотод оршин суух,*******-д холбогдох

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг нийт 117 797 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч*******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Бадам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Н.Бадам миний бие*******гаас 2016 оны 04 дүгээр сарын 06-нд 25 000 000 төгрөг, сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан юм. Ингээд энэ зээлээ сар бүр 1 500 000 төгрөг төлөөд явж байтал*******гийн найз Ц.Атарцэцэг гэдэг эмэгтэй хамтарч баар нээе гээд тус бүр 20 000 000 төгрөг гаргая гэсэн санал тавьсан.Тэгээд би надад зээл олдохгүй байхаа гэсэн чинь*******тай уулзаж надтай нийлж баар нээх гэж байгаа тухайгаа яриад 20 000 000 төгрөг зээлээч гэж гуйсан байсан.******* нь түүнд мөнгө зээлэхгүй. Харин барьцаа хөрөнгөтэй бол*******тай гэрээ хийнэ гэсэн байсан. Ингээд би зөвшөөрөөд*******тай зээлийн гэрээ хийх гэсэн чинь өмнөх 25 000 000 төгрөгийг оруулаад 65 000 000 төгрөгөөр гэрээ хийнэ. Ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж мөнгө өгнө гэсэн шаардлага тавьсан. Би тус тусдаа төлөөд явъя гэсэн чинь Ц.Атарцэцэг төлөхгүй бол яах юм бэ гээд Ц.Атарцэцэг нь надаас гуйгаад эцэст нь би 2016 оны 10 дугаар сарын 26-нд 65 000 000 төгрөг зээлж авсан мэтээр гэрээ хийж, үйлчилгээний төвд байрлалтай өөрийн өмчлөлийн 24 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг барьцаалсан. Яагаад 65 000 000 төгрөгийн гэрээ хийсэн бэ? гэхээр нэмж 20 000 000 төгрөг аваад эргэлдүүлж байж өмнөх 25 000 000 төгрөгөө төлөхийг бодсон юм. Уг нь анх авсан 25 000 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 1 500 000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон боловч сүүлийн 65 000 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-нд эргүүлж төлөхөөр болсон тул энэ 6 сарын хугацаанд нөгөө 25 000 000 төгрөг төлөхөд хэцүү байсан тул нэмж аваад эргэлдүүлж өсгөж нийтдээ 45 000 000 төгрөгийг төлье. Атарцэцэг 20 000 000 төгрөгөө төлнө биз гэхэд******* зөвшөөрөөд би дахиж авсан 20 000 000 төгрөг өмнөх 25 000 000 төгрөг, Атарцэцэгийн авсан 20 000 000 төгрөгтэй нийлүүлээд 65 000 000 төгрөгөөр гэрээ хийсэн юм. Үнэн хэрэг дээрээ энэ өдөр 40 000 000 төгрөгийг л Ц.Атарцэцэг бид 2 тэнцүү хувааж авсан. Энэ 65 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийхийн өмнө нөгөө 25 000 000төгрөг зээлийн төлөгдөөгүй хүүний үлдэгдэл гээд 13 570 000 төгрөг дээр зээлийн гэрээ хийнэ гэж******* шаардаад зээлийн гэрээ хийсэн. Тэгээд би зээл, зээлийн хүү гээд шууд их хэмжээгээр мөнгө төлж чадахгүй явсаар бас Ц.Атарцэцэг авсан мөнгөө төлөөгүй байж байгаад гэрээний хугацаа дууссан. Тэгээд******* уурлаад мөнгөө нэхээд бид 3 баахан хэрүүл болсон. Тэгтэл******* надад барьцаалсан объектоо надад худалдсан мэт гэрээ хийе, би тэр объектыг чинь хөрөнгө оруулалтын гэрээний барьцаанд тавьж зээл авч өрийг чинь хаая, чи төлөлтийг нь хийгээд яв, нилээд урт хугацаатай авч өгье гэсэн санал тавьсан. Би зөвшөөрөөд нөгөө барьцаанд өмнө нь тавьсан Үйлчилгээний төвд байрлалтай 24 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөө түүнд 50 000 000 төгрөгөөр худалдсан гэрээ хуурамчаар үйлдэж*******гийн нэр дээр шилжүүлсэн. Тэр миний түүнд төлөх ёстой мөнгийг өөрөө тооцоолоод 110 000 000 төгрөг болсон байна гээд ийм хэмжээний мөнгө зээлэх гээд банкны таньдаг хүмүүсээр нь хамт зөндөө явсан. Банкууд ийм хэмжээний зээл өгөхгүй байна гээд байсан. Хамгийн сүүлд Төрийн банкин дээр очиж захиралтай нь уулзахад Худалдах худалдан авах гэрээ хийхээсээ өмнө хөрөнгө оруулалтын зээл авахаар ирсэн бол болох байсан байна. Одоо бол боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд яах ч аргагүй болж 2017 оны 8 сард би Америк явсан.Тэгээд сая ирсэн чинь миний объектыг түрээслэж байгаа хүмүүсийг албадан гаргуулахаар шүүхэд өгсөн байна. Уг нь би тэр хүмүүстэй түрээсийн гэрээ хийсэн юм. Би анх 25 000 000 төгрөгийн гэрээ хийснээс хойш нийтдээ 24 700 000 төгрөг төлсөн байна. Надад хүнээс мөнгө зээлээд хугацаандаа өгч чадаагүй буруу байгаа боловч энэ хүн арай дэндүү намайг хохироож байна. Одоо бүр ганц байгаа эд хөрөнгийг минь хууль ёсоор өөрийн өмчлөлд шилжүүлж авсан мэтээр авирлаж бусдад зарах гээд зар тавиад байна. Уулзаад мөнгөний тооцоогоо хийе гэхээр дааж давшгүй их мөнгө нэхээд миний төлсөн мөнгийг үгүйсгээд одоо 120 000 000 төгрөгөөр объектыг минь зарах гэж байна. Үнэн хэрэг дээрээ би түүнд энэ объектоо 50 000 000 төгрөгөөр худалдаагүй. Тийм учраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан объектыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн 65 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд тавьсан байгаад төлж чадаагүйгээсээ болж өрөндөө шилжүүлж өгсөн гэсэн байна.******* нь 2016 оны 10 дугаар сарын 26-нд надад 65 000 000 төгрөг өгөөгүй. Өмнө нь зээлсэн 25 000 000 төгрөг дээр нэмээд 40 000 000 төгрөг аваад 65 000 000 төгрөг гэж зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ нь мөнгийг шилжүүлэн өгснөөр хүчин төгөлдөр болох ёстой.******* 2017 оны 10 дугаар сарын 26-нд 20 000 000 төгрөг л өгсөн. Ц.Атарцэцэг 20 000 000 төгрөгийг авсан, энэ 20 000 000 төгрөг дээр тэр хоёр урьд нь тохирсон байсан юм. Тиймээс үнэн хэрэг дээрээ 65 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдээгүй, ийм хэмжээний мөнгийг би аваагүй тул 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр*******,******* нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Бадамтай би эртний сайн танилууд бөгөөд олон жил үйлчилгээний төвд зэргэлдээ худалдаа эрхэлж байсан юм. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр******* надаас сарын 5 хувийн хүүтэй худалдаа наймаандаа хэрэглэх зорилгоор 25 000 000 төгрөг жилийн хугацаатай зээлийн гэрээ хийж авсан. Үүнийгээ зөв бичжээ. Энэ зээлийн гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 06-нд 900 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 7-нд 600 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 7-нд 900 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 8-нд 100 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 7-нд 1 200 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 12-нд З00 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-нд 600 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 7-нд 400 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 5-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-нд 700 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-нд 400 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-нд 400 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-нд 400 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-нд 300 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-нд 300 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-нд 200 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-нд 400 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 17-нд 200 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-нд 200 000 төгрөг, 7-ны тооцоо гэсэн байна. 2016 оны 12 дугаар сарын 29-нд 2 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 4-нд 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 18-нд 200 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-нд 400 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 5-нд 200 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 14-нд 200 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 5-нд 600 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 22-нд 300 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-нд 300 000 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 17-нд 300 000 төгрөг гээд нийт 15 000 000 төгрөгийг гэрээний дагуу өгсөн. Энэ 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ тусдаа урьд нь байгуулагдсан байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Ц.Атарцэцэг надруу ярьж би н.Оюунцэцэг эгчээс 215 000 000 төгрөгөөр баар худалдаж авсан.******* надтай хамтарч ажиллахаар болсон гэтэл хөрөнгө оруулалт хийх гэхээр мөнгөгүй байгаа, чамаас урьд нь мөнгө зээлсэн байгаа болохоор хэлж чадахгүй байгаа юм байна. Тэгээд өөрийнхөө үйлчилгээний төвийн шинэ өргөтгөлөө барьцаалаад зээл авъя гэж байгаагаа чамд хэлж чадахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би******* өөрөө надтай уулзана биз дээ гэсэн. Ингэж ярьсны дараа******* надтай өөрөө ирж уулзаад хамтарч хөрөнгө нийлүүлэн баар ажиллуулах гэж байгаа юм. Шинэ жилийн үеэр их орлоготой байдаг гэнэ. Тиймээс надаас авсан мөнгөө төлөх боломжтой болоод байгаа юм гэж надад ярьсан. Ц.Атарцэцэг баар авсныг сонссон тул би итгэсэн. Учир нь бид олон жил нэг худалдааны төвд худалдаа наймаа эрхэлж байсан. Ингээд би*******д Голомт банкнаас 40 000 000 төгрөгийг хадгаламжаа барьцаалан зээл авч, 23 000000 төгрөгийг харилцах данснаасаа авч, өөрт байсан 2 000 000 төгрөг нэмэн нийт 65 000 000 төгрөгийг Голомт банкин дээр*******ыг дуудаж өгсөн. Учир нь их хэмжээний мөнгө тул*******ыг дуудан теллерээс цуг тоолж авсан. Их хэмжээний мөнгө зээлэх болсон тул тухайн өдрөө зээлийн гэрээгээ хийсэн. Энэ 65 000 000 төгрөгийг авах үед Ц.Атарцэцэг огт байгаагүй. Энэ мөнгө Ц.Атарцэцэгт хамаагүй.*******ыг надаас мөнгө авч явсны дараа Ц.Атарцэцэг утасдаад******* чамаас мөнгөө аваа юу? хаачсан юм бол утас нь холбогдохгүй байна гэж надруу залгасан. Би түүнд мөнгөө аваад явсныг хэлсэн. Ингээд 65 000 000 төгрөг зээлж авснаас хойш би зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардахад******* надад баарны орлого шинэ жилийн үеэр ахицтай болохоор тооцно гэсэн. Ингээд би энэ үгэнд нь итгэж хүлээцтэй хандсан. Ингээд 2017 он гарч мөнгөө төлөх асуудлыг ярихад баарандаа засвар хийлээ, их зардал гарсан тэгээд барилгын материал зээлээр авсан, засварын ажлын хөлс нэхэгдээд орлого маань эдгээрт зарцуулагдаад байна, чи хүлээж л бай, бид хоёр зээл хөөцөлдөнө гэж хэлсэн. Ингэж хэлсний дагуу хүлээж байтал Ц.Атарцэцэг******* хоёр үл хөдлөхийн гэрчилгээг авахдаа******* нь өмчлөгчөөр бүртгэгдээгүй тул энэ хоёрын хооронд зөрчил үүссэн юм. Зээл авах нь бүтээгүй гэж надад******* ярьсан. Ямар ч байсан хүлээж бай,*******гийн зээлийг харъя гэж хүлээлгэсэн. Ингэж байснаа 2017 оны 5 сараас эхлэн АНУ руу явж ажил хийнэ гэж ярих болсон юм. Би дэлгүүрээ зараад чиний мөнгийг өгье, зар тавьсан гэсэн. Нэгэнт******* ийм нөхцөл байдлаа хэлсэн учир дэлгүүрийг нь зарагдахыг хүлээхээс өөр аргагүй болсон юм. Шилэн өргөтөлдөө HUMANA гэдэг хүүхдийн тэжээл болон Солонгосын хуучин хувцас зарж байсан.*******ын үгэнд итгээд түүнийг ойлгон хөрөнгө хурдан зарагдаасай гээд ном уншуулж байсан. Гэвч зарагдаагүй юм. Ингээд******* дэлгүүрээ 100 000 000 төгрөгөөр зарчихмаар байна авах хүн байвал мэдэж байгаарай гэж байсан. Дэлгүүр нь зарагдахгүй байсан учраас би барьцаа хөрөнгөө авъя гэж хэлсэн. Гэтэл*******...надад чи байж бай Баянбай надад зээл авч өгнө гэсэн гэж хэлсэн. Хэд хоногийн дараа эхнэр нь уурласан гэнэ ...гэсэн. Ингээд би одоо хүлээж чадахгүй чи АНУ руу явчих юм бол би хохироод үлдэх үү, өргөтөл чинь барьцаанд байдаг, хүн авах болдог, тэгэхээр яах юм бэ гээд бид хоёр ярилцаад 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр түүний зээлсэн мөнгө хүүг нь тооцож тооцоо нийлсэн. 2016 оны 10 дугаар сарын 26-нд авсан 65 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард өгсөн зээлийн үлдэгдэл 21 800 000 төгрөг 65 000 000 +21 800 000 =86 800 000, 86 800 000 +13 600 000 /хүү/ =104 000 000 төгрөг гэж тогтон энэ өгөх ёстой өрөндөө худалдах худалдан авах гэрээгээр 2017 оны 5 дугаар сарын 17-нд өмчлөх эрхийг надад шилжүүлж өгсөн.******* өндөр үнийн дүнгээс татвар төлөх тул үнийн дүнг багасгаж, 50 000 000 худалдах худалдан авах гэрээг хийж, миний өмчлөлд шилжүүлсэн. Ингэж шилжүүлснийхээ хэд хоногийн дараа АНУ руу явах гэтэл зардал байхгүй тул З сар энэ хүмүүст түрээслэхээр болсон хугацаа дууссаны дараа чи өөрөө мэдээрэй гэж надад хэлсэн юм. Үнэхээр*******ыг гуйсан тул гурван сар би хүлээсэн. Ингээд 2017 оны 11 сард түрээслэж буй хүмүүст нь хэлэхэд түрээслэж буй эмэгтэй Би таныг мэдэхгүй гэсэн. Би энд өч төчнөөн засвар хийсэн, мөн******* эгчид 6 сарын 900 000 төгрөгөөр тооцож түрээс өгсөн гэсэн юм. Ингээд*******тай холбогдож ярих гэтэл АНУ руу яваад фэйсбүүк мэссенжерээ хаасан. Ингээд би яах ч аргагүй шүүхэд хандахаар болсон. Шүүх хурал зарлагдахад*******д түрээсийн мөнгө өгсөн хүмүүс нь*******ын нөхрийг гэрчээр оруулна гэсэн хүсэлт тавин мөн бас өмгөөлөгч авна гэх мэтээр хурлаа хойшлуулж,*******ыг хуралд оролцуулахаар хойшлуулж байсан байдаг. Иймд 50 000 000 төгрөг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл биш. Өөрөө авсан өр зээлээ төлж чадахгүй, үл хөдлөх хөрөнгө болох өргөтгөл нь зарагдахгүй байсан тул надад өөрийнхөө хүсэл зоригийн дагуу өгөх ёстой өрөндөө тооцож өргөтгөлийнхөө өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шилжүүлсэн. Харин******* намайг хохироож өрөндөө өгсөн хөрөнгөө шилжүүлснийг түрээслэж буй хүндээ хэлэхгүйгээр түүнээс их мөнгө авсан нь бусдыг залилж байгаа асуудал биш гэж үү? Харин хохирсны хувьд бол******* биш би хохирч байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй танилцлаа. Ямар ч эрүүл саруул хүмүүс нь нэг нь 65 000 000 төгрөг аваагүй байж 65 000 000 төгрөгийг хүүтэй эргүүлж төлнө, үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж үүргээ гүйцэтгэнэ гээд гэрээ хийгээд уг хүсэл зоригоо илэрхийлсний баталгаа болгож өөрөө гарын үсэг зурж, гэрээний нөхцлөө өөрөө бичээд нотариатаар орж үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлд гэрээг бүртгүүлэх вэ дээ. Мөн гэрээний нөгөө тал ч гэсэн 20 000 000 өгчихөөд 65 000 000 төгрөгний гэрээ хийгээд байх уу, урьд нь авсан зээлийн гэрээ нь тусдаа, тэр гэрээний хугацаа дуусаагүй байхад шинээр 2 тал гэрээ хийх ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч******* нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж аван сар бүр хүүг төлж байсан боловч үндсэн зээлээс 21 800 000 төгрөгийг төлөлгүй үлдээсэн. Зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 65 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлж зээлийн барьцаанд үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 24 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.******* нь энэ хоёр гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас 2017 оны 04 дүгээр сарын 17-нд тооцоо нийлж 109 200 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр нэмэлт үүрэг хүлээсэн. Ингэж тооцоо нийлэхдээ 2 тал гэрээний хүү 5 хувь байсныг 3 хувь болгон өөрчилсөн. Гэвч 2017 оны 05 дугаар сарын 24-нд АНУ явах боллоо гээд үүргийн үнийн дүнг тооцон барьцаа хөрөнгөө худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 24 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэвч уг тохиролцооноосоо буцаж худалдах худалдан авах гэрээ болон 2016 оны 10 дугаар сарын 26-ны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийг гаргасан байна. 2018 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл бүтэн хагас жил гаруй хугацаанд би*******ын байр суурь, санал хүсэлтийг харгалзан шийдье гэсэн боловч******* өөрөө идэвхитэй байр сууриа илэрхийлээгүй Солонгос улс руу явсан тул шийдтэй ярилцах хариу авч чадсангүй. Иймд би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг 21 800 000 төгрөг, алданги 11 497 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг 65 000 000 төгрөг, хүү 19 500 000 төгрөг нийт 117 797 000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Нэхэмжлэгч******* сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа:******* нь надад зээлүүлсэн мөнгөө хүү алдангитай нь 117 797 000 төгрөг гэжээ. Ийм хэмжээний мөнгө төлөх ёсгүй.******* нь надад 25 000000 төгрөг 20 000 000 төгрөг бүгд 45 000 000 төгрөг өгсөн. Түүний найз Ц.Атарцэцэг 20 000 000 төгрөгийг аваад хүүгүйгээр надаар дамжуулж өгсөн. Ц.Атарцэцэг*******д 20 000 000 төгрөг өгөх гэхээр аваагүй. Тэр мөнгө нь надад байгаа. Ингээд би*******гаас нийт 65 000 000 төгрөг л авсан. Нийтдээ 24 700 000 төгрөгийг төлсөн. Эхний 25 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай 5 хувийн хүүтэйгээр гэрээнд тохирсон байгаа. Би гэрээний дагуу 2 725 000 төгрөг төлөх ёстой. Хоёр дахь 65 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн ч өмнөх 25 000 000 төгрөг дээрээ 40 000 000 төгрөгийг Ц.Атарцэцэг бид хоёрт 20 000 000 төгрөг , 20 000 000 төгрөгөөр зээлж нийт 65 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Үнэн хэрэг дээрээ би 20 000 000 төгрөг авсан надад бэлнээр өгсөн. Энэ зээлийн гэрээг би хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Ц.Атарцэцэг өөрийн авсан 20 000 000 төгрөгөө*******д өгөх гэтэл авахгүй*******д өг гэсээр байгаад Ц.Атарцэцэг нь миний данс руу хийсэн байсан. Энэ 20 000 000 төгрөгийг би*******д өгнө. Би Ц.Атарцэцэгийн өмнөөс хүү төлж чадахгүй. Ингээд нийтдээ би*******д 67 250 000 төгрөг төлөх ёстой. Би*******д 24 700 000 төгрөг төлсөн. Үүнийг хасаад 42 550 000 төгрөг болж байгаа. Мөн миний дэлгүүрийн түрээс болох сарын 900 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сараас эхлэн******* авч байгаа. 2018 оны 04 дүгээр сараас эхлэн одоо болтол 6 сарын түрээс 5 400 000 төгрөгийг би хасуулна. Ингээд нийт 37 150 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Би*******д 24 700 000 төгрөг төлсөн гэдгийг Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно. Мөн*******гийн өөрийн гараар өгөв гэж бичсэн тооцоо нийлсэн баримт нотолно. Бэлнээр мөнгө өгснийг******* өөрөө мэдэж байгаа охинд нь 1 000 000 төгрөг өгсөн гэжээ.

Нэхэмжлэгч******* шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Би үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 зээлийн гэрээний үндсэн төлбөрт 65 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 25 000 000 төгрөг эхлээд аваад сар бүр 1 500 000 төгрөгөөр увуулан цувуулж төлж байсан. Сүүлд 20 000 000 төгрөг авсан. Ц.Атарцэцэгийн 20 000 000 төгрөг, өмнөх 25 000 000 төгрөгтэй нийлээд 65 000 000 төгрөг болсон тул барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Би нийт 21 400 000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Үүнээс дансаар 15 000 000 төгрөг болсон. Бусад мөнгийг бэлнээр өгч байсан. Үл хөдлөх хөрөнгө худалдсан татварын мөнгө гээд 1 000 000 төгрөгийг өгсөн. Миний дэлгүүрийн түрээсийн орлогыг авч байсан тул өгөх ёстой мөнгөн дүнгээс хасч тооцуулна гэв.

Хариуцагч******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 25 000 000 төгрөг болон 65 000 000 төгрөгийг өгсөн. Их хэмжээний мөнгө өгсөн тул 65 000 000 төгрөгийн гэрээ байгуулахдаа барьцаа авсан.******* энэ хоёр бар нээж ажиллуулж байгаа, орлого шинэ жилээр орохоор өгнө гээд хойшлуулсаар удсан тул би мөнгөө нэхсэн.*******гийн баранд сууж тооцоо нийлэхэд хүүний мөнгийг оруулахгүй гэсэн болохоор үндсэн мөнгөний 86 800 000 төгрөгийн, хүүний 13 570 000 төгрөгийн гэсэн 2 гэрээ байгуулж, хүүний төлбөрт төлөх мөнгөнд хүү тооцолгүй, үндсэн мөнгөний 86 800 000 төгрөгийн хүүг 3 хувь болгон бууруулсан. Хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгосон. Би дээрхи 65 000 000 төгрөгийг өөрт байсан хадгаламж, харилцахаасаа авч өгсөн болох нь хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогдоно.*******аас эхний 25 000 000 төгрөгийн хүүний төлбөрт нийт 15 000 000 төгрөг авсан. Үүнээс хүүг хасаад үндсэн зээлээс 3 200 000 төгрөг хасагдаад 21 800 000 төгрөг үлдсэн байсан, түрээсийн орлогод 10 853 000 төгрөг, татварт төлсөн 1 000 000 төгрөгийг авсан гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******д холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, зохигчдын хооронд 2016 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 21 800 000 төгрөг, алданги 11 497 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 65 000 000 төгрөг, хүүний төлбөрт 19 500 000 төгрөг, нийт 117 797 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцэж байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор тохиролцож нэхэмжлэгч******* нь хариуцагч*******гаас мөнгө зээлж авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ*******гийн Хаан банкны 5094100248 дугаарын дансаар шилжүүлэн гүйцэтгэж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 85, 9-45/

Талууд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэж огноолсон зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч******* нь 65 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сарын 5 хувийн хүүтэй, нийт хүүнд 19 500 000 төгрөг төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээний барьцаанд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Үйлчилгээний төвийн 1 давхарт голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /хх 6-7, 136/

Нэхэмжлэгч******* 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр*******гаас 65 000 000 төгрөг аваагүй. 40 000 000 төгрөг бэлнээр тоолж хүлээж авсан, өмнөх 25 000 000 төгрөгийн зээл дээр 40 000 000 төгрөг нэмж барьцаат зээлийн гэрээ байгуулсан. 40 000 000 төгрөгийн 20 000 000 төгрөгийг Ц.Атарцэцэг авсан гэж тайлбарладаг.

Хариуцагч******* 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 65 000 000 төгрөгийн зээлийн гэрээ тус тусдаа үүрэг хүлээсэн гэрээнүүд. 65 000 000 төгрөгийг бүрдүүлэхдээ өөрийн хадгаламж барьцаалж 40 000 000 төгрөгийг, харилцах данснаас 23 000 000 төгрөгийг авч, өөрт бэлэн байсан 2 000 000 төгрөгийг нэмж бэлнээр*******д өгсөн гэж тайлбарлаж байна. Түүний тайлбар Голомт банкны зээлийн дансны хуулга, 4005004184 тоот дансны хуулга, хадгаламж барьцаалсан зээл олгох тухай Голомт банкны зээлийн гүйлгээ хийх шийдвэр, зарлагын мэдүүлгийн баримтуудаар нотлогдож байна./хх 57-61/

Н.Бадам,******* нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Зохигчдын хооронд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан объект худалдах, худалдан авах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул объект худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Гэтэл уг гэрээнд заасан 50 000 000 төгрөгийг******* нь*******д төлөөгүй, банкнаас хөрөнгө оруулалтын зээл авахын тулд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байх тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын Үйлчилгээний төвийн 1 давхарын голын байрлал дунд хэсэгт байх 24 м.кв объектын өмчлөх эрхийг нэхэмжлэгч*******д шилжүүлэх нь зүйтэй.

Хоёр.Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч******* 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр*******тай байгуулсан гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 21 800 000 төгрөг, алданги 11 497 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 65 000 000 төгрөг, хүүний төлбөр 19 500 000 төгрөг, нийт 117 797 000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч******* 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 65 000 000 төгрөг бэлнээр аваагүй, 40 000 000 төгрөг авсан. Хүүний төлбөрөө төлсөн тул үндсэн зээлийн төлбөр болох 65 000 000 төгрөгөөс түрээсийн төлбөрийг хасаад үлдэх мөнгийг төлнө гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч******* нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авсан зээл болон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчиж байсан тул зохигчдын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13 570 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүү, алданги тооцохгүй нөхцөлтэйгөөр, мөн 86 800 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар, 3 хувийн хүүтэй байхаар тохирч зээлийн гэрээ байгуулжээ. /хх 84, 87/

Талууд шүүхийн хэлэлцүүлэгт нийт 4 зээлийн гэрээ байгуулсан, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 86 800 000 төгрөгийн зээлийн гэрээ болон 13 570 000 төгрөгийн зээлийн гэрээнд мөнгө шилжүүлээгүй. Энэ нь зээлийн гэрээгээр төлбөл зохих үндсэн мөнгө 86 800 000 төгрөг /21 800 000+65 000 000/, хүүний төлбөрт төлөх ёстой мөнгө 13 570 000 төгрөг /19 500 000 төгрөгийг багасгаж тооцсон мөнгө/ гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч*******, хариуцагч*******,******* нар 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр*******, Ц.Атарцэцэг нарын баранд уулзаж,*******гаас авсан зээлийн талаар ярилцаж, тэр өдөртөө 2 гэрээ хийсэн болох нь зохигчдын тайлбар,*******ийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан зээлийг гэрээгээр тогтоогдож байна. /хх 84, 87/

Энэ өдөр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр гэрээнд заасан мөнгийг зээлдүүлээгүй болох нь хэн алины тайлбараар болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд зөвхөн өмнө байгуулсан зээлийн гэрээний хүүг бууруулж, хугацааг сунгажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд хуульд нийцээгүй байна.

Талууд зээлийн гэрээг дүгнэж тооцоо нийлэхдээ 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг 21 800 000 төгрөг гэж тооцсон бөгөөд энэ гэрээнд заасан алдангийг огт тооцож байгаагүй болох нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээнүүд,*******ийн ...хүүний төлбөрийг үндсэн мөнгөнд оруулан тооцохгүй гэсэн мэдүүлэг, үүрэг дуусгавар болсон тухай хэлцлээр тогтоогдож байх тул хариуцагч*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардсан 11 497 000 төгрөгийн алдангийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /хх 137/

Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж тооцсон учраас гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн төлбөрт 65 000 000 төгрөг, хүүний төлбөрт 19 500 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 800 000 төгрөгийг тус тус*******аас гаргуулж, Ж.Дунгармаад олгох нь зүйтэй байна.

Хариуцагч******* үйлчилгээний төвийн объектыг түрээслэн олсон орлого 10 853 000 төгрөгийг*******ын төлөх ёстой мөнгөнөөс тооцон хасахад татгалзах зүйлгүй гэсэн ба 1 000 000 төгрөгийн татварт төлсөн мөнгийг хасч тооцохыг зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч******* хариуцагч*******д 21 400 000 төгрөгийн хүү төлсөн гэж тайлбарлаж байх боловч дансны тооцооноос гадна төлсөн бэлэн мөнгөний талаар холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

Хариуцагч******* нэхэмжлэгч*******ын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт төлсөн мөнгийг тооцон, хүүний төлбөр дуусаж үндсэн зээлээс 3 200 000 төгрөг төлөгдсөн гэж тайлбарладаг боловч*******аас*******гийн дансаар 15 720 000 төгрөг шилжүүлсэн байгаа ч үлдэгдэл төлбөрийг 21 800 000 төгрөг гэж тооцсон болно.

Иймд нэхэмжлэгч*******аас нийт 94 447 000 төгрөг /21 800 000+65 000 000+19 500 000-10 853 000-1 000 000/ гаргуулж хариуцагч*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 23 350 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжинд*******аас урьдчилан төлсөн 961 150 төгрөг,*******гаас урьдчилан төлсөн 746 935 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******д, нэхэмжлэгч*******аас 630 185 төгрөг гаргуулан хариуцагч*******д олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.5.-д заасныг баримтлан*******,******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Үйлчилгээний төвийн 1 давхарт голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч*******ын өмчлөлд шилжүүлж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-д заасныг баримтлан нэхэмжлэгч*******аас 94 447 000 /ерэн дөрвөн сая дөрвөн зуун дөчин долоо мянга/ төгрөг гаргуулан хариуцагч*******д олгож, 23 350 000 /хорин гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 961 150 төгрөг, хариуцагч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 746 935 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,*******гаас 407 950 /дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан*******д, нэхэмжлэгч*******аас 630 185 /зургаан зуун гучин мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулан хариуцагч*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ