Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

 

 

 

2019        09          12                                   134

 

 

Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Д-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00908 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д-д холбогдох,

“2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг нийт 117.797.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д-, хариуцагчийн өмгөөлөгч С, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б- миний бие Д-гаас 2016 оны 04 дүгээр сарын 06-нд 25.000.000 төгрөг, сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан юм. Ингээд энэ зээлээ сар бүр 1.500.000 төгрөг төлөөд явж байтал Д-гийн найз А- гэдэг эмэгтэй хамтарч баар нээе гээд тус бүр 20.000.000 төгрөг гаргая гэсэн санал тавьсан. Тэгээд би надад зээл олдохгүй байхаа гэсэн чинь Д-тай уулзаж надтай нийлж баар нээх гэж байгаа тухайгаа яриад 20.000.000 төгрөг зээлээч гэж гуйсан байсан. Д- нь түүнд мөнгө зээлэхгүй. Харин барьцаа хөрөнгөтэй бол Б-тай гэрээ хийнэ гэсэн байсан. Ингээд би зөвшөөрөөд Д-тай зээлийн гэрээ хийх гэсэн чинь өмнөх 25.000.000 төгрөгийг оруулаад 65.000.000 төгрөгөөр гэрээ хийнэ. Ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж мөнгө өгнө гэсэн шаардлага тавьсан. Би тус тусдаа төлөөд явъя гэсэн чинь А- төлөхгүй бол яах юм бэ гээд А- нь надаас гуйгаад эцэст нь би 2016 оны 10 дугаар сарын 26-нд 65.000.000 төгрөг зээлж авсан мэтээр гэрээ хийж, үйлчилгээний төвд байрлалтай өөрийн өмчлөлийн 24 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг барьцаалсан. Яагаад 65.000.000 төгрөгийн гэрээ хийсэн бэ? гэхээр нэмж 20.000.000 төгрөг аваад эргэлдүүлж байж өмнөх 25.000.000 төгрөгөө төлөхийг бодсон юм. Уг нь анх авсан 25.000.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 1.500.000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон боловч сүүлийн 65.000.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-нд эргүүлж төлөхөөр болсон тул энэ 6 сарын хугацаанд нөгөө 25.000.000 төгрөг төлөхөд хэцүү байсан тул нэмж аваад эргэлдүүлж өсгөж нийтдээ 45.000.000 төгрөгийг төлье. А- 20.000.000 төгрөгөө төлнө биз гэхэд Д- зөвшөөрөөд би дахиж авсан 20.000.000 төгрөг өмнөх 25.000.000 төгрөг, А-ийн авсан 20.000.000 төгрөгтэй нийлүүлээд 65.000.000 төгрөгөөр гэрээ хийсэн юм. Үнэн хэрэг дээрээ энэ өдөр 40.000.000 төгрөгийг л А- бид 2 тэнцүү хувааж авсан. Энэ 65.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийхийн өмнө нөгөө 25.000.000 төгрөг зээлийн төлөгдөөгүй хүүний үлдэгдэл гээд 13.570.000 төгрөг дээр зээлийн гэрээ хийнэ гэж Д- шаардаад зээлийн гэрээ хийсэн. Тэгээд би зээл, зээлийн хүү гээд шууд их хэмжээгээр мөнгө төлж чадахгүй явсаар бас А- авсан мөнгөө төлөөгүй байж байгаад гэрээний хугацаа дууссан. Тэгээд Д- уурлаад мөнгөө нэхээд бид 3 баахан хэрүүл болсон. Тэгтэл Д- надад барьцаалсан объектоо надад худалдсан мэт гэрээ хийе, би тэр объектыг чинь хөрөнгө оруулалтын гэрээний барьцаанд тавьж зээл авч өрийг чинь хаая, чи төлөлтийг нь хийгээд яв, нилээд урт хугацаатай авч өгье гэсэн санал тавьсан. Би зөвшөөрөөд нөгөө барьцаанд өмнө нь тавьсан Үйлчилгээний төвд байрлалтай 24 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөө түүнд 50.000.000 төгрөгөөр худалдсан гэрээ хуурамчаар үйлдэж Д-гийн нэр дээр шилжүүлсэн. Тэр миний түүнд төлөх ёстой мөнгийг өөрөө тооцоолоод 110.000.000 төгрөг болсон байна гээд ийм хэмжээний мөнгө зээлэх гээд банкны таньдаг хүмүүсээр нь хамт зөндөө явсан. Банкууд ийм хэмжээний зээл өгөхгүй байна гээд байсан. Хамгийн сүүлд Төрийн банкин дээр очиж захиралтай нь уулзахад Худалдах худалдан авах гэрээ хийхээсээ өмнө хөрөнгө оруулалтын зээл авахаар ирсэн бол болох байсан байна. Одоо бол боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд яах ч аргагүй болж 2017 оны 8 сард би Америк явсан.Тэгээд сая ирсэн чинь миний объектыг түрээсэлж байгаа хүмүүсийг албадан гаргуулахаар шүүхэд өгсөн байна. Уг нь би тэр хүмүүстэй түрээсийн гэрээ хийсэн юм. Би анх 25.000.000 төгрөгийн гэрээ хийснээс хойш нийтдээ 24.700.000 төгрөг төлсөн байна. Надад хүнээс мөнгө зээлээд хугацаандаа өгч чадаагүй буруу байгаа боловч энэ хүн арай дэндүү намайг хохироож байна. Одоо бүр ганц байгаа эд хөрөнгийг минь хууль ёсоор өөрийн өмчлөлд шилжүүлж авсан мэтээр авирлаж бусдад зарах гээд зар тавиад байна. Уулзаад мөнгөний тооцоогоо хийе гэхээр дааж давшгүй их мөнгө нэхээд миний төлсөн мөнгийг үгүйсгээд одоо 120.000.000 төгрөгөөр объектыг минь зарах гэж байна. Үнэн хэрэг дээрээ би түүнд энэ объектоо 50.000.000 төгрөгөөр худалдаагүй. Тийм учраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан объектыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн 65.000.000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд тавьсан байгаад төлж чадаагүйгээсээ болж өрөндөө шилжүүлж өгсөн гэсэн байна. Д- нь 2016 оны 10 дугаар сарын 26-нд надад 65 000 000 төгрөг өгөөгүй. Өмнө нь зээлсэн 25.000.000 төгрөг дээр нэмээд 40 000 000 төгрөг аваад 65.000.000 төгрөг гэж зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ нь мөнгийг шилжүүлэн өгснөөр хүчин төгөлдөр болох ёстой. Д- 2017 оны 10 дугаар сарын 26-нд 20.000.000 төгрөг л өгсөн. А- 20.000.000 төгрөгийг авсан, энэ 20.000.000 төгрөг дээр тэр хоёр урьд нь тохирсон байсан юм. Тиймээс үнэн хэрэг дээрээ 65.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдээгүй, ийм хэмжээний мөнгийг би аваагүй тул 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б-, Д- нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б-тай би эртний сайн танилууд бөгөөд олон жил үйлчилгээний төвд зэргэлдээ худалдаа эрхэлж байсан юм. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б- надаас сарын 5 хувийн хүүтэй худалдаа наймаандаа хэрэглэх зорилгоор 25.000.000 төгрөг жилийн хугацаатай зээлийн гэрээ хийж авсан. Үүнийгээ зөв бичжээ. Энэ зээлийн гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 06-нд 900.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 7-нд 600.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 7-нд 900.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 8-нд 100.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 7-нд 1.200.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 12-нд З00.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-нд 600.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 7-нд 400.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 5-нд 1.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-нд 700.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-нд 400.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-нд 400.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-нд 400.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-нд 300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-нд 200.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-нд 400.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 17-нд 200.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-нд 200.000 төгрөг, 7-ны тооцоо гэсэн байна. 2016 оны 12 дугаар сарын 29-нд 2.500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 4-нд 500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 18-нд 200.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-нд 400.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 5-нд 200.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-нд 200.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 5-нд 600.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 22-нд 300.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-нд 300.000 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 17-нд 300.000 төгрөг гээд нийт 15.000.000 төгрөгийг гэрээний дагуу өгсөн. Энэ 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ тусдаа урьд нь байгуулагдсан байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 20-ны үеэр А- надруу ярьж би н.Оюунцэцэг эгчээс 215.000.000 төгрөгөөр баар худалдаж авсан. Б- надтай хамтарч ажиллахаар болсон гэтэл хөрөнгө оруулалт хийх гэхээр мөнгөгүй байгаа, чамаас урьд нь мөнгө зээлсэн байгаа болохоор хэлж чадахгүй байгаа юм байна. Тэгээд өөрийнхөө үйлчилгээний төвийн шинэ өргөтгөлөө барьцаалаад зээл авъя гэж байгаагаа чамд хэлж чадахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Б- өөрөө надтай уулзана биз дээ гэсэн. Ингэж ярьсны дараа Б- надтай өөрөө ирж уулзаад хамтарч хөрөнгө нийлүүлэн баар ажиллуулах гэж байгаа юм. Шинэ жилийн үеэр их орлоготой байдаг гэнэ. Тиймээс надаас авсан мөнгөө төлөх боломжтой болоод байгаа юм гэж надад ярьсан. А- баар авсныг сонссон тул би итгэсэн. Учир нь бид олон жил нэг худалдааны төвд худалдаа наймаа эрхэлж байсан. Ингээд би Б-д Голомт банкнаас 40.000.000 төгрөгийг хадгаламжаа барьцаалан зээл авч, 23.000.000 төгрөгийг харилцах данснаасаа авч, өөрт байсан 2.000.000 төгрөг нэмэн нийт 65.000.000 төгрөгийг Голомт банкин дээр Б-ыг дуудаж өгсөн. Учир нь их хэмжээний мөнгө тул Б-ыг дуудан теллерээс цуг тоолж авсан. Их хэмжээний мөнгө зээлэх болсон тул тухайн өдрөө зээлийн гэрээгээ хийсэн. Энэ 65.000.000 төгрөгийг авах үед А- огт байгаагүй. Энэ мөнгө А-т хамаагүй. Б-ыг надаас мөнгө авч явсны дараа А- утасдаад Б- чамаас мөнгөө аваа юу? хаачсан юм бол утас нь холбогдохгүй байна гэж надруу залгасан. Би түүнд мөнгөө аваад явсныг хэлсэн. Ингээд 65.000.000 төгрөг зээлж авснаас хойш би зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардахад Б- надад баарны орлого шинэ жилийн үеэр ахицтай болохоор тооцно гэсэн. Ингээд би энэ үгэнд нь итгэж хүлээцтэй хандсан. Ингээд 2017 он гарч мөнгөө төлөх асуудлыг ярихад баарандаа засвар хийлээ, их зардал гарсан тэгээд барилгын материал зээлээр авсан, засварын ажлын хөлс нэхэгдээд орлого маань эдгээрт зарцуулагдаад байна, чи хүлээж л бай, бид хоёр зээл хөөцөлдөнө гэж хэлсэн. Ингэж хэлсний дагуу хүлээж байтал А- Б- хоёр үл хөдлөхийн гэрчилгээг авахдаа Б- нь өмчлөгчөөр бүртгэгдээгүй тул энэ хоёрын хооронд зөрчил үүссэн юм. Зээл авах нь бүтээгүй гэж надад Б- ярьсан. Ямар ч байсан хүлээж бай, Атараагийн зээлийг харъя гэж хүлээлгэсэн. Ингэж байснаа 2017 оны 5 сараас эхлэн АНУ руу явж ажил хийнэ гэж ярих болсон юм. Би дэлгүүрээ зараад чиний мөнгийг өгье, зар тавьсан гэсэн. Нэгэнт Б- ийм нөхцөл байдлаа хэлсэн учир дэлгүүрийг нь зарагдахыг хүлээхээс өөр аргагүй болсон юм. Шилэн өргөтөлдөө HUMANA гэдэг хүүхдийн тэжээл болон Солонгосын хуучин хувцас зарж байсан. Б-ын үгэнд итгээд түүнийг ойлгон хөрөнгө хурдан зарагдаасай гээд ном уншуулж байсан. Гэвч зарагдаагүй юм. Ингээд Б- дэлгүүрээ 100.000.000 төгрөгөөр зарчихмаар байна авах хүн байвал мэдэж байгаарай гэж байсан. Дэлгүүр нь зарагдахгүй байсан учраас би барьцаа хөрөнгөө авъя гэж хэлсэн. Гэтэл Б- надад чи байж бай Баянбай надад зээл авч өгнө гэсэн гэж хэлсэн. Хэд хоногийн дараа эхнэр нь уурласан гэнэ ...гэсэн. Ингээд би одоо хүлээж чадахгүй чи АНУ руу явчих юм бол би хохироод үлдэх үү, өргөтөл чинь барьцаанд байдаг, хүн авах болдог, тэгэхээр яах юм бэ гээд бид хоёр ярилцаад 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр түүний зээлсэн мөнгө хүүг нь тооцож тооцоо нийлсэн. 2016 оны 10 дугаар сарын 26-нд авсан 65.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард өгсөн зээлийн үлдэгдэл 21.800.000 төгрөг 65.000.000+21.800.000 =86.800.000, 86.800.000 +13.600.000 /хүү/ =104.000.000 төгрөг гэж тогтон энэ өгөх ёстой өрөндөө худалдах худалдан авах гэрээгээр 2017 оны 5 дугаар сарын 17-нд өмчлөх эрхийг надад шилжүүлж өгсөн. Б- өндөр үнийн дүнгээс татвар төлөх тул үнийн дүнг багасгаж, 50.000.000 худалдах худалдан авах гэрээг хийж, миний өмчлөлд шилжүүлсэн. Ингэж шилжүүлснийхээ хэд хоногийн дараа АНУ руу явах гэтэл зардал байхгүй тул З сар энэ хүмүүст түрээслэхээр болсон хугацаа дууссаны дараа чи өөрөө мэдээрэй гэж надад хэлсэн юм. Үнэхээр Б-ыг гуйсан тул гурван сар би хүлээсэн. Ингээд 2017 оны 11 сард түрээсэлж буй хүмүүст нь хэлэхэд түрээсэлж буй эмэгтэй Би таныг мэдэхгүй гэсэн. Би энд өч төчнөөн засвар хийсэн, мөн Б- эгчид 6 сарын 900 000 төгрөгөөр тооцож түрээс өгсөн гэсэн юм. Ингээд Б-тай холбогдож ярих гэтэл АНУ руу яваад фэйсбүүк мэссенжерээ хаасан. Ингээд би яах ч аргагүй шүүхэд хандахаар болсон. Шүүх хурал зарлагдахад Б-д түрээсийн мөнгө өгсөн хүмүүс нь Б-ын нөхрийг гэрчээр оруулна гэсэн хүсэлт тавин мөн бас өмгөөлөгч авна гэх мэтээр хурлаа хойшлуулж, Б-ыг хуралд оролцуулахаар хойшлуулж байсан байдаг. Иймд 50.000.000 төгрөг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл биш. Өөрөө авсан өр зээлээ төлж чадахгүй, үл хөдлөх хөрөнгө болох өргөтгөл нь зарагдахгүй байсан тул надад өөрийнхөө хүсэл зоригийн дагуу өгөх ёстой өрөндөө тооцож өргөтгөлийнхөө өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шилжүүлсэн. Харин Б- намайг хохироож өрөндөө өгсөн хөрөнгөө шилжүүлснийг түрээсэлж буй хүндээ хэлэхгүйгээр түүнээс их мөнгө авсан нь бусдыг залилж байгаа асуудал биш гэж үү? Харин хохирсны хувьд бол Б- биш би хохирч байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй танилцлаа. Ямар ч эрүүл саруул хүмүүс нь нэг нь 65.000.000 төгрөг аваагүй байж 65.000.000 төгрөгийг хүүтэй эргүүлж төлнө, үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж үүргээ гүйцэтгэнэ гээд гэрээ хийгээд уг хүсэл зоригоо илэрхийлсний баталгаа болгож өөрөө гарын үсэг зурж, гэрээний нөхцөлөө өөрөө бичээд нотариатаар орж үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлд гэрээг бүртгүүлэх вэ дээ. Мөн гэрээний нөгөө тал ч гэсэн 20.000.000 өгчхөөд 65.000.000 төгрөгийн гэрээ хийгээд байх уу, урьд нь авсан зээлийн гэрээ нь тусдаа, тэр гэрээний хугацаа дуусаагүй байхад шинээр 2 тал гэрээ хийх ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Д- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б- нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 25.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж аван сар бүр хүүг төлж байсан боловч үндсэн зээлээс 21.800.000 төгрөгийг төлөлгүй үлдээсэн. Зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 65.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлж зээлийн барьцаанд үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 24 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Б- нь энэ хоёр гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас 2017 оны 04 дүгээр сарын 17-нд тооцоо нийлж 109.200.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр нэмэлт үүрэг хүлээсэн. Ингэж тооцоо нийлэхдээ 2 тал гэрээний хүү 5 хувь байсныг 3 хувь болгон өөрчилсөн. Гэвч 2017 оны 05 дугаар сарын 24-нд АНУ явах боллоо гээд үүргийн үнийн дүнг тооцон барьцаа хөрөнгөө худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 24 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэвч уг тохиролцооноосоо буцаж худалдах худалдан авах гэрээ болон 2016 оны 10 дугаар сарын 26-ны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийг гаргасан байна. 2018 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл бүтэн хагас жил гаруй хугацаанд би Б-ын байр суурь, санал хүсэлтийг харгалзан шийдье гэсэн боловч Б- өөрөө идэвхитэй байр сууриа илэрхийлээгүй Солонгос улс руу явсан тул шийдтэй ярилцах хариу авч чадсангүй. Иймд би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг 21.800.000 төгрөг, алданги 11.497.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг 65.000.000 төгрөг, хүү 19.500.000 төгрөг нийт 117.797.000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Нэхэмжлэгч Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Д- нь надад зээлүүлсэн мөнгөө хүү алдангитай нь 117.797.000 төгрөг гэжээ. Ийм хэмжээний мөнгө төлөх ёсгүй. Д- нь надад 25.000.000 төгрөг 20.000.000 төгрөг бүгд 45.000.000 төгрөг өгсөн. Түүний найз А- 20.000.000 төгрөгийг аваад хүүгүйгээр надаар дамжуулж өгсөн. А- Д-д 20.000.000 төгрөг өгөх гэхээр аваагүй. Тэр мөнгө нь надад байгаа. Ингээд би Д-гаас нийт 65.000.000 төгрөг л авсан. Нийтдээ 24.700.000 төгрөгийг төлсөн. Эхний 25.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаатай 5 хувийн хүүтэйгээр гэрээнд тохирсон байгаа. Би гэрээний дагуу 2.725.000 төгрөг төлөх ёстой. Хоёр дахь 65.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн ч өмнөх 25.000.000 төгрөг дээрээ 40.000.000 төгрөгийг А- бид хоёрт 20.000.000 төгрөг, 20.000.000 төгрөгөөр зээлж нийт 65.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Үнэн хэрэг дээрээ би 20.000.000 төгрөг авсан надад бэлнээр өгсөн. Энэ зээлийн гэрээг би хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. А- өөрийн авсан 20.000.000 төгрөгөө Д-д өгөх гэтэл авахгүй Б-д өг гэсээр байгаад А- нь миний данс руу хийсэн байсан. Энэ 20.000.000 төгрөгийг би Д-д өгнө. Би А-ийн өмнөөс хүү төлж чадахгүй. Ингээд нийтдээ би Д-д 67.250.000 төгрөг төлөх ёстой. Би Д-д 24.700.000 төгрөг төлсөн. Үүнийг хасаад 42.550.000 төгрөг болж байгаа. Мөн миний дэлгүүрийн түрээс болох сарын 900.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сараас эхлэн Д- авч байгаа. 2018 оны 04 дүгээр сараас эхлэн одоо болтол 6 сарын түрээс 5.400.000 төгрөгийг би хасуулна. Ингээд нийт 37.150.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Би Д-д 24.700.000 төгрөг төлсөн гэдгийг Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно. Мөн Д-гийн өөрийн гараар өгөв гэж бичсэн тооцоо нийлсэн баримт нотолно. Бэлнээр мөнгө өгснийг Д- өөрөө мэдэж байгаа охинд нь 1.000.000 төгрөг өгсөн гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00908 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.5.-д заасныг баримтлан Б-, Д- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Үйлчилгээний төвийн 1 давхарт голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Б-ын өмчлөлд шилжүүлж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б-аас 94.447.000 /ерэн дөрвөн сая дөрвөн зуун дөчин долоо мянга/ төгрөг гаргуулан хариуцагч Д-д олгож, 23.350.000 /хорин гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 961.150 төгрөг, хариуцагч Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 746.935 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Д-гаас 407.950 /дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан Б-д, нэхэмжлэгч Б-аас 630.185 /зургаан зуун гучин мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулан хариуцагч Д-д олгож, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б- давж заалдсан гомдолдоо:

Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж тооцон гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 65.000.000 төгрөгийн хүүний төлбөрт 19.500.000 төгрөг, 2016 оын 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг мөн хүчин төгөлдөр гэж үзэж үүргийн гүйцэтгэлд 21.800.000 төгрөгийг тус тус Б- надаас гаргуулж Д-д олгохоор шийдвэрлэжээ. Үүний 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 65.000.000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээний 40.000.000 төгрөгийг би хүлээн зөвшөөрнө. Харин хүүний 19.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны 25.000.000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрөх ч зээлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцон үүргийн гүйцэтгэлд төлөх 21.800.000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь: Нэхэмжлэгч Б- би Д-гаас 2016 оны 04 дүгээр сарын 06-нд 25.000.000 төгрөгийг барьцаа тавилгүй зээлж авсан нь үнэн боловч 2016 оны 10 дугаар сарын 26-нд Д-гаас өөрийн өмч болох дэлгүүрээ барьцаанд тавьж дахин 40.000 000 төгрөг авахдаа өмнө барьцаагүй зээлж авсан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 25.000.000 төгрөгөө барьцаатай болгон нэгтгэж 65.000.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ хийсэн. Одоо нэгтгэсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 21.800.000 төгрөгийг нэмж дахин нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оын 10 дугаар сарын 26-ны өдөр Д- нь 40.000.000 төгрөгийг надад өгсөн нь үнэн. Тэр 40.000.000 төгрөгийг Хаан банкны өөрийн 5120005846 данс руу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр АТМ дээрээс хийснийг миний ХААН банкны өөрийн 5120005846 дансны хуулга нотолно. Харин Д- нь харилцах данснаасаа өөрөө авсан 23.000.000 төгрөг авсан байхад надад зээлдүүлсэн гэж дүгнээд байгаа нь хэтэрхий өрөөсгөл байна. Хэрэв надад зээлдүүлсэн бол би дансандаа хийсэн баримт байх ёстой. Иймд би хүлээн зөвшөөрөхгүй. Мөн гэрч А- нь намайг Д-гаас 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 25.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 40.000.000 төгрөг зээлж авахад огт байгаагүй атлаа миний зээлийн дүгнэсэн дүгнэлт, хүү бууруулах хугацаа зэргийг гэрчлээд байгаа нь огт утгагүй, үндэслэлгүй юм. Харин ч 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д-гаас авсан 40.000.000 төгрөгийн 20.000.000 төгрөгийг авч баарандаа хэрэглэсэн атлаа тэрээр огт хүү төлөөгүй. Харин Д- нь надаас хүүг нь нэхэмжилж би хохироод явж байна. Д-, А- хоёрын хооронд одоо ч зээлийн харилцаа байхад үнэн зөвөөр гэрчилж байгаа гэхэд эргэлзээтэй байна. Анхан шатны шүүх хуралд А-ийг манай талаас хоёр ч удаа гэрчээр дуудахад ирээгүй атлаа Д-гийн талаас дуудахад гэрчээр орж үзэж хараагүй зүйлээ гэрчилж байгаа нь үнэнд нийцэхгүй гэж үзэж байна. А- нь удахгүй зээл гараад Д-гийн мөнгийг төлчихнө, гарын үсгээ зурчих гэж ятгадаг байсан. Д- нь загнаж орилж, чарладаг байсан. Би үнэхээр А-т итгэж зээлээ гарахаар Д-гийн мөнгийг өгчих юм байна гэж итгэж 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 86.800.000 төгрөгийн зээлийн гэрээ, 13.570.000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж байсан. Ингээд А- бид 2 хамтарч ажиллахаа больж зээл төлөгдөөгүй Д- бид хоёрын зээлийн асуудал шүүхээр шийдүүлэх хэмжээнд хүрсэн болно. Иймд миний тооцоогоор 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 40.000.000 төгрөгийн зээлтэй нэгтгэх хүртэл 2016 оны 04 дүгээр сарын 05 –10 дугаар сарын 26-ныг хүртэлх 6 сарын хүүнд 7.100.000 төгрөг төлсөн, хүүний үлдэгдэл болох 400.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-нд дараа нь нөхөн өгсөн байгаа. Д- нь дансруу нь орсон уг мөнгийг нэхэмжлэлдээ он сартай нь бичсэн байгаа. Мөн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 65.000.000 төгрөгийн зээлийн хүү болох төгрөг төлсөн байгаа. Энэ өгсөн хүү мөнгөний тооцоог ч Д- нь сөрөг нэхэмжлэлдээ зөвшөөрч тус тус төлж барагдуулж байсан. Харин бэлнээр өгсөн мөнгийг Д- нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэрийнх нь гадаа охинд нь өгсөн 1.000.000 төгрөгийг татварын 2%-д суутгана гэж хэлж байснаа санах ёстой. Харин А-ийн авсан 20.000.000 төгрөгийг хүү болох 6.000.000 төгрөгийг гэрчээр орсон А- нь өөрөө төлж Д-г хохиролгүй болгох ёстой. Д- нь мөнгө зээлдүүлсэн давуу эрхээ ашиглан өөрийн дураар хүү алданги бодон төлж барамгүй тооцоо гаргаж нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Иймд би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээл болох 25.000.000 төгрөг /хүүг төлсөн/,2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 40.000.000 төгрөг /6 сарын хүү төлсөн/ нийт 65.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс миний дэлгүүрийн түрээсэнд 10.853.000 төгрөгийг хасан тооцож 54.147.000 төгрөгийг Д-д төлөхийг зөвшөөрч байна. Мөн шүүх хурлын явцад миний дэлгүүрийн 2 сарын түрээс болох 1.600.000 төгрөгийг бас хасах ёстой гэж үзэж байна. Иймд Б- надаас 52.547.000 төгрөг гаргуулж Д-д олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Д-д холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д- нь нэхэмжлэгч Б-д холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 21.800 .000 төгрөг, алданги 11.497.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 65.000.000 төгрөг, хүүний төлбөрт 19.500.000 төгрөг  нийт 117.797.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.5.-д заасныг баримтлан Б-, Д- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Үйлчилгээний төвийн 1 давхарт голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Б-ын өмчлөлд шилжүүлж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б-аас 94.447 000 төгрөг гаргуулан хариуцагч Д-д олгож, 23.350.000  төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Д-тай 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцож, 25 сая төгрөгийг Д-гийн Хаан банкны 5094100248 дугаар дансаар шилжүүлжээ. 

Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б- нь 65.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нийт хүүнд 19.500.000 төгрөг төлөхөөр тохиролцож, барьцаанд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Үйлчилгээний төвийн 1 давхарт голын хэсэгт байрлах 24 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ.

Зохигчдын хооронд 65.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б-, хариуцагч Д- нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр объект худалдах, худалдан авах тухай гэрээ тус тус байгуулагджээ.

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр объект худалдах, худалдан авах тухай гэрээнд заасан 50.000.000 төгрөгийг Д- нь Б-д өгөөгүй, банкнаас хөрөнгө оруулалтын зээл авахын тулд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байх тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын Үйлчилгээний төвийн 1 давхарын голын байрлал дунд хэсэгт байх 24 м.кв объектын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б-д шилжүүлэх нь зүйтэй”... гэж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Б-,  хариуцагч Д- нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн энэ гэрээтэй холбогдон гарсан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б- нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авсан зээл,  2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авсан  зээлүүдээ төлөхгүй гэрээгээр хүлээсэн  үүргээ зөрчиж байсан тул  13.570 .000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүү, алданги тооцохгүй нөхцөлтэйгөөр, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар 86.800.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй байхаар тохирч зохигчдын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулагджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж “...нэхэмжлэгч Б-аас нийт 94.447.000 төгрөг гаргуулж хариуцагч Д-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 23.350.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн холбогдох заалтуудад нийцжээ.

Нэхэмжлэгч нь Б- надаас 52.547.000 төгрөг гаргуулж Д-д олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй  байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “ өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ нэхэмжлэгч  биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Б-ын давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00908 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б-ын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                             С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Б.БАТТӨР