Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р баг, ... тоотод оршин суух, Ө овогт Б.С-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ДСТӨҮГ-т холбогдох

2020 оны 04-р сарын 14-ний өдрөөс 2022 оны 01-р сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 9,451,411 төгрөг, 2019 оны 1,2,3 дугаарын сарын цалин болох 574,296 төгрөгийг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Э.У, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.С нь 2018 оны 07 дугаар 27-ны өдөр ЧБ ХХК-ний кассын няравын ажилд томилогдон ажиллаж байсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас халсан тухай тушаалыг гаргасан байсан. Уг тушаалыг 2019 оны 04-р сарын 06-ний өдөр хүний нөөц Э.Х мэдэгдэж 2019 оны 04-р сарын 08-ний өдөр уг тушаалыг хүлээн авсан болно. Ажлаас халахдаа Монгол улсын компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.6, 47, 4.9, 9 дүгээр зүйлийн 9.5.4.11 дэх заалтууд, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Дорноговь аймаг дахь төрийн Аудитын газрын санхүүгийн тайлангийн дүгнэлт, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэр гэх мэт зүйл заалтыг үндэслэл болгож ажлаас халсан байдаг. Миний хувьд тухайн байгууллагад ажиллаж байх хэсэг хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал огт гаргаж байгаагүй хичээнгүйлэн ажиллаж, даалгасан ажлыг шуурхай хийж гүйцэтгэж байсан ба дутаасан эд хөрөнгө огт байхгүй юм. Ажлаас халсан энэхүү хууль бус байдлаас болж сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацаа, нэр хүнд гэх мэт олон байдлаар хохирсон билээ. Гэсэн хэдий ч миний бие өөрийн үнэний төлөө буруугүй болохоо нотлох гэж /эрүү, захиргааны шүүх, иргэний шүүх/ гэх мэт олон шатны шүүх, цагдаагийн байгууллагаар 2019 оны 5-р сараас өнөөдрийн өдрийг хүртэл явж хуулийн дагуу шийдвэрлүүлж буруугүй болохоо нотолсоор байгаа. Тухайн байгууллагын дарга удирдлагуудын буруу шийдвэрээс болж ажлаас шалтгаангүйгээр халаагүй байсан бол иргэн би ямар нэгэн асуудалгүй хууль ёсны дагуу ээлжийн амралт, жирэмсний амралтаа авч ажил хөдөлмөрөө эрхэлж явах байсан. 2021 оны 04 сарын 04-ны өдөр миний бие амаржиж одоо нярай хүүхэдтэй мөн л энэ хууль бус асуудлаас болж төрөхийн өмнөх болон төрсний дараах тэтгэмжүүдээ хүртэл авч чадаагүй хохирсон байгаа. Мөн тухайн байгууллага нь 2019 оны 1,2,3-р сарын ажилласан цалин болох 574,296 төгрөгийг өр дутагдалтай гэх шалтгаанаар олгоогүй байгааг олгуулж өгнө үү. Ажлаас халсан шалтгаан нь үндэслэлгүй гэж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05-р сарын 27-ны өдрийн 001/XT2021/00544 тогтоол гарсан билээ. ДС нь шүүхийн шийдвэрлэсэн цалин хөлсийг олгож 2022 оны 01-р сарын 05-ны өдөр ажилд эгүүлэн томилсон. Тушаал гарсан өдрөөс хүүхэд харах чөлөө болгосон. Иймээс 2020 оны 04-р сарын 14-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийг дуустал цалин хөлс 9,451, 411.43 /есөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг дөчин гурван мөнгө/мөн тухайн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлөлтийг нөхөн гаргуулан хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч С нь 2019 оны 03 сард ЧБ компаниас үндэслэлгүйгээр халагдаж тус шүүхээс 2020 оны 04 сарын 14-ний өдөр 123 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохоор шийдвэрлэсэн байгаа. Энэ шийдвэрт хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаж Дорноговь аймгийн Эрүү иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 17 дугаартай магадлал гарсан байдаг. Мөн магадлалд хариуцагч талаас хяналтын журмаар гомдол гаргаж Хяналтын шүүхээс 2021 оны 05 сарын 27-ны өдрийн 544 дугаартай тогтоолоор анхан шат болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр баталж С-г ажилд авсан байдаг. Тухайн хэрэг анхан шатны шүүх дээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд 2021 оны 06 сарын 25-ны өдөр ирж, дээд шүүхийн тогтоолыг хэргийн зохигч нарт гардуулсан. С-н хувьд 2021 оны 07 сарын 18-ны өдөр Дээд шүүхийн тогтоолыг гардаж авсан. Үүнээс хойш Дээд шүүхийн тогтоол хэрэгжихгүй байж байгаад С тус шүүхэд 2021 оны 08 сарын 12-ны өдөр тухайн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт өгч шүүхээс 2021 оны 08 сарын 25-ны өдрийн 193 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж үүний дагуу ажиллагаа хийгдсэн. Ингээд 2022 оны 01 сарын 05-ны өдөр Замын-Үүдийн ДС-д ажилд нь эгүүлэн томилсон. Энэ тушаал гарах хооронд буюу хэрэг хяналтын шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд С нь 2021 оны 04 сарын 04-ний өдөр төрсөн байдаг. Жирэмсний ба амаржсаны амралтын тэтгэмжийг авахын тулд нийгмийн даатгалыг сүүлийн 12 сар төлсөн байх үүнээс сүүлийн 6 сарыг тасралтгүй төлсөн байхаар хуульд заасан байдаг. Гэтэл жирэмсний тэтгэмжээ авах хугацаа нь хэрэг шүүхийн шатанд явж байхад өнгөрсөн байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191-р зүйлийн 1-т “тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” мөн хуулийн 24-р зүйлийн 4 дэх хэсгийн 1-т “..Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор” хүсэлтээ гаргаж тэтгэмжээ авахаар хуульчилсан. Энэ талаарх Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор Нийгмийн даатгалын тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж байгаа. Үүнээс харахаар шүүхийн шатанд хэрэг явж байхад тэтгэмж авах хүсэлтээ өгөх 6 сар өнгөрчихөөд байгаа юм. Тэгэхээр нийгмийн даатгалын сангаас төрсний өмнөх болон дараагийн цалинг хуулиараа нөхөж олгохгүй юм байна лээ. Иймд 3 шатны шүүхээс С-г ажилд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн учир нийгмийн даатгалын сангаас олгох байсан цалинг байгууллагаас нь нэхэмжилж байгаа юм. Мөн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат гэж хүнд нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2022 оны 02 сарын 16-ны өдөр гардуулан өгсөн байдаг. Хариуцагч  нэхэмжлэлийг өөрөө гардаж авсан бол 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлэх, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зөвшөөрөхгүй байгаа бол ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаарх баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл энэ хүн хариу тайлбар өгөх 14 хоногийн хоногоо хэтрүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугар зүйлийн 72.2-т зааснаар хариу тайлбараа 2022 оны 03 сарын 02-ны өдөр ирүүлэх үүрэгтэй байсан. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Мөн хариуцагчийн талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байгаа талаараа хариу тайлбарыг шүүхэд ердөөсөө ирүүлээгүй. Зөвхөн нийгмийн даатгалын сангаас мөнгө олгосон уу? С төрсөн үү? хэзээ төрсөн? Жирэмсний амралтад орсон уу гэх мэт баримтууд л бүрдүүлснээс ийм учраас манайх цалин олгохгүй, эсхүл энэ хүнд нийгмийн даатгалын сангаас олгочихсон байна. Ийм учраас энэ хүн илүү мөнгө нэхэмжлээд байна гэдэг ч юм уу ийм нотлох баримт хэрэгт ганц ч байхгүй. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ууганбаяр гэж хүн нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад хариу тайлбарыг ирүүлсэн байдаг. Хариу тайлбар дээрээ 2021 оны 02 сар хүртэлх цалинг олгоно. Үлдсэн хугацаанд энэ хүн төрсөн учир олгохгүй гэдэг. Мөн тайлбар дээрээ 2019 оны 1, 2, 3 дугаар сарын цалин болох 574,296 төгрөгийг өр авлагад суутгаж авсан гэж хариу тайлбар өгдөг. Гэтэл энэ талаарх баримт нь хэрэгт байхгүй. У-н өгсөн тайлбараас харахад энэ хүнд олгох ёстой цалинг олгоогүй байдал харагдаж байгаа. Тэгэхээр дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдээр С-г ажилд нь эгүүлэн тогтоосон учир энэ хүний нэг өдрийн цалин, сарын цалин дээр маргахгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол гэж байгаа. Мөн ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны цалинг урьд авч байсан цалингийн дундажтай тэнцэхүйгээр олгоно гээд заасан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч С-д 2020 оны 04 сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 сарын 05-ны өдөр буюу ажилд авсан өдөр хүртэлх цалин болох 9,451,411 төгрөг, мөн 2019 оны 1, 2, 3 сарын цалин болох 574,296 төгрөгийг Замын-Үүдийн ДС-с гаргуулж өгнө үү. Мөн энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгсдэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайхаас тухай бүр шаардлагыг биелүүлж явсан. Манай өмнөх захирал байсан С-н нэр дээр ирсэн байдаг. Дараа нь итгэмжлэл авч байж ирж нэхэмжлэлтэй танилцсан. Манай хүний нөөцөөс С-г дуудсан байдаг. Гэхдээ С-н хувьд ажил дээр ирчихээд ажилдаа оръё гэж албан ёсоор хүсэлт өгөөгүй байдаг. 04 сарын 04-ний өдөр төрсөн гэж байгаа боловч 2022 оны 01 сард хүсэлт өгч тушаал гаргуулсан. С захирал хүнийг ингэж олон жил явуулаад яах вэ? ажилд нь авъя гэсэн байдлаар авсан. Орон нутгийн өмчөөс төрийн өмчит болсон байгаа манай компани. Манай орон нутгийн өмчит байгууллагын маань бүх зүйл хураагдаад дансандаа ч мөнгөгүй үлдсэн. Бүх хүмүүсээ тушаалаар шилжүүлсэн. Удирдах албан тушаалтнуудаа төрийн өмчийн хорооноос тушаал гаргаж шилжүүлсэн. Ер нь бол орон нутгийн өмчит байхад гүйцэтгэх захирал тушаал гаргадаг байсан бол төрийн өмчит болсноос хойш тусгай албан тушаалаар нэгээс нөгөө рүү шилждэг байх ёстой болсон. Үүнийг С ажиглаж байсан. Ердөөсөө хугацаа өнгөрөөж цалингаа авъя гэж харсан. Үүнийг мэдэж байсан хүн тухайн үед нь мэдэгдэж мэдээлж явсан байх ёстой. Гэтэл энэ хүн өөрийнхөө төрснийг ор тас нуусан. 05 сарын 27-ны өдөр Дээд шүүхийн тогтоол гарсныг гардаж авахаасаа өмнө өөрөө мэдсэн байдаг. Энэ талаараа ч ажлынхандаа ярьж байсан юм шиг байгаа юм. Хүний нөөц рүү утсаар ярьж байсан байна лээ. Тухайн үед хүний нөөц авахгүй гэх нь зөв шүү дээ. Тодорхой шийдвэр манай дээр ирээгүй юм чинь яаж би авах вэ?, ярихад нь бичгээ аваад ирвэл ажилд нь авна гэж хэлсэн байдаг. Тухайн үед гүйцэтгэх захирал байсан У-тай уулзсан байдаг юм байна лээ. У-с асуухад манайхыг шилжих гэж байхад ирсэн. Үүгээр ирээд хүмүүстэй уулзаад явснаас биш ажилдаа орох гээд явж байна гэж хэлээгүй гэсэн байдаг. Орон нутгийн өмчөөс төрийн өмч рүү шилжихэд 1 сарын хугацаатай нээлттэйгээр ажлын байр улс орон даяар зарласан байдаг. Ингэж хуулийн хугацаа өгөөд байхад энэ хугацаанд өргөдөл гомдлоо өгөх байсан. С өөрөө нотлох баримт гэж юу байдгийг мэдэж л байгаа байлгүй. Энэ 1 сарын хугацаанаас хойш мөн 2, 3 сарын хугацаа байсан. Гэтэл энэ хугацаанд хандаагүй. Дөнгөж манайх үүсгэж байгуулагдаад цалингаа ч тавьж чадахгүй хэмжээнд байхад шүүхийн шийдвэрээс гүйцэтгэх ажиллагаа явуулаад данс хаана гэж хааж боож байж С-н өмнөх цалин нийгмийн даатгалын мөнгийг авсан. Тэгэхээр энэ маягаар хувь хүний зүгээс С маш хэнэггүй хандсан. Тэртээ тэргүй би мөнгө авна аль болохоор их хугацаа авна гэсэн байдлаар хандсан байдаг. Энэ нь итгэл далимдуулж байгаа юм. Би төрсөн байгаа шүү гээд яагаад хэлж болоогүй юм. Тушаал гаргаад ажлаа хүлээж ав гэхэд ирээд би 04 сарын 04-ний өдөр төрсөн нялх хүүхэдтэй 3 жилээр хүүхдээ хармаар байна гээд ажлаа хүлээлгэж өгсөн ч зүйлгүй алга болсон. Баахан материалууд өөр дээр нь явдаг. Өөр дээр нь зарим падаанууд хүртэл явж байгаа. Тойрох хуудсаа ч авсан зүйл байхгүй алга болсон. Нэгэнт өчнөөн олон дарга солигдчихсон. Дээд шатны шүүхүүд нь энэ хүний зөв байна гэсэн шийдвэр гарсан учир бид нар хуулийг дагах нь зөв хэрэг л дээ. Гэхдээ ажлын хувьд шударга бус үйл ажиллагаанууд зөндөө явуулаад алга болсон. Шаардлагын дагуу хуулийн дагуу өгөх ёстойг нь өгсөн. Энэ нь дээр төрсөн төрөөгүй нь харагддаггүй. Ажлын цаг нь 7,000,000 төгрөгийг авах хүртэл хугацаанд сард хэдхэн хоног ажиллаад явсан байдаг. Тухайн үед нь манайхаас 2, 3 удаа сахилгын шийтгэл авах гэж үзсэн боловч танил талууд нь орж ирж энэ хүнийг өчнөөн авч үлдсэн. Төрөхөөс өмнө 2 сар төрсний дараах 2 сарын хугацааг хасна. Энэ жил хэмнэлтийн горимд шилж гээд маш чанга дүрэм журам ирж байна. Төрснөөсөө хойш хүүхэд харах амралтаа авъя гэж энэ хүн өөрөө хүсэлт өгсөн байдаг. Анхнаасаа би ингээд төрж байна ийм шүү тийм шүү гээд хэлсэн бол бас өөр шүү дээ. Манайхаас нийгмийн даатгалыг өгөхгүй гээгүй. Харин төрөхийн өмнөх, хойдох тэтгэмжийг нийгмийн даатгал өгөх ёстой учир манайхаас өгөхгүй. Үлдсэн барааг бид нар Эрээнээс хэзээ авах уу? өөр дээр нь байгаа баримтуудыг манайх хэзээ авах уу. Ийм л хариуцлагагүй байна” гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгсдэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С-н нэхэмжлэлтэй холбоотой хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Би тухайн үед материал хариуцсан нягтлан байсан. С-г ажиллаж байхад би ажиллаж байсан. 2, 3 ерөнхий нягтлан дамжсан манайх. Намайг ажлаа сайн хийж байхад халчихлаа гэж С хэлж байсан. Байгууллагын хувьд шинэ нягтлан олон солигдсон учир бичиг баримт дээр жаахан зөрчил байсан боловч С хариуцсан ажлынхаа хүрээнд үүргээ биелүүлж байсан бол ийм нөхцөл байдал гарахгүй байсан шүү дээ. Хэдийгээр 3 шатны шүүхээр явсан. Гэхдээ миний хувьд энэ хүн дутагдал гаргаагүй юмаа гэсэн шийдвэр гараагүй шүү. Хугацаандаа хариу тайлбар өгөөгүй гэсэн үндэслэлээр С дээр нааштай хариу гарч Дээд шүүх хүртэл явсан байдаг. Удаа дараагийн шалгалтуудаар энэ хүн яалт ч үгүй ажлаа дутуу хийсэн байна гэдэг нь нотлогддог. Ийм учраас миний зүгээс энэ хүнийг ажлаа хариуцлагатай бүрэн дүүрэн хийгээд явсан гэж үздэггүй. 2-т хамгийн сүүлд 5 сард Дээд шүүхийн шийдвэр гарсан. С хэлэхдээ би ямар чадахгүй юм биш, сураагүй юм биш шүүхээр нэхэмжилж байгаад авчих юм чинь гэж чөлөө авахдаа хэлчихээд явсан байдаг. Хуулийг сайн мэддэг юм байна гэж ойлгож байгаа. 5 сард Дээд шүүхийн шийдвэрийг сонсчихоод бид нарт өргөдөлтэйгөө ядаж зурган хэлбэрээр хавсаргаад ийм шийдвэр гарсан шүү би ингээд ажилдаа ормоор байна гэж хэлээгүй байдаг. Сүүлд 8 сарын эхээр ЧБ-н захиралтай уулзсан. Уулзахдаа ажилдаа орох үгүй нь мэдэгдэхгүй зүгээр дэмий байж байгаад яваад өгсөн байдаг. Захирал одоо манайх өөр байгууллага болох гэж байна гэж хэлээд байхад хүсэлтээ өгөөгүй. Захирал өргөдлийг нь хүлээж авахгүй байлаа гэхэд төлөөлөн удирдах зөвлөл дээр ирээд хүсэлтээ өгч болох байсан. Гэтэл 1 сард гэнэт ирснээ би ажилгүй байсан хугацааныхаа цалинг бодуулмаар байна гэж байгаа юм. Хэрэв зээ 1 сард ирээгүй 3, 4 сард ирсэн бол бас энэ хүртэлх хугацааныхаа цалинг байгууллагаас нэхэх байсан юм уу. Энэ шударга биш байна. Тогтоол гарсан бол тогтоолоо бариад ирэх байсан. Ажлаа хийж байгаад төрсөн ч энэ хүн цалин авахгүй шүү дээ. Бүх газар л ийм байдаг. Төрөхөөс 2 сарын өмнө амаржсаны амралтыг аваад цалин зогсдог. Тэр хүртэл хугацааны цалинг харин манай байгууллагаас өгөх боломжтой” гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ДСТӨҮГ-т холбогдуулан 2020 оны 04-р сарын 14-ний өдрөөс 2022 оны 01-р сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 9,451,411 төгрөг, 2019 оны 1,2,3 дугаарын сарын цалин болох 574,296 төгрөг, нийт 10,025,707 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

ЧБ ХХК-ийн захирлын 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн  Б/29 дугаартай тушаалаар Б.С-г кассын няравын ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Нэхэмжлэгч Б.С нь энэ талаар тус шүүхэд “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн 2020 оны 04-р сарын 14-ны өдрийн 123 дугаартай шийдвэрээр “Б.С-г ЧБ” ХХК-ийн кассын няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн, Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05-р сарын 28-ны өдрийн 17 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр,  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2021 оны 05-р сарын 27-ны өдрийн 544 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг тус тус хэвээр үлдээсэн буюу 3 шатны шүүхээр урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.С-г 2022 оны 01-р сарын 05-ны өдрийн Замын-Үүд ДСТӨҮГ-н Б/04 тоот “ажилд томилох тухай” тушаалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ДС төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд томилогдсон байна. 

Иймд нэхэмжлэгч Б.С нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ДСТӨҮГ-т холбогдуулан 2020 оны 04-р сарын 14-ний өдрөөс 2022 оны 01-р сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 9,451,411.63 төгрөг, 2019 оны 1,2,3 дугаарын сарын цалин болох 574,296 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Өмнөх шийдвэр буюу тус шүүхийн 2020 оны 04-р сарын 14-ны өдрийн 123 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.С-н нэг сарын дундаж цалинг 557,700 төгрөгөөр тогтоосон бөгөөд нэхэмжлэгч Б.С нь ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхдээ нэг сарын дундаж цалинг 557,700 төгрөгөөр тооцож, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг хасч нэг сарын дундаж цалинг 457,188.75 төгрөгөөр тооцож 9,451,411.63 төгрөг  нэхэмжилжээ.

Нэрэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 04 сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 сарын 05-ны өдрийг дуустал нэхэмжилсэн бөгөөд  өмнөх шүүхийн шийдвэрээр Б.С-н ажилгүй байсан хугацааны цалинг бодохдоо 2020 оны 04 сарын 14-ний өдрийг оруулаад тооцсон байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 04-р сарыг ажлын 22 хоногтой байснаар тооцож /557,700:22=25,350/ ажлын нэг өдрийн цалинг 25,350 төгрөгөөр тогтоож 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 04 сарын 14-ний өдрийг дуустал 10 хоногийн цалин бодож олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 557,700 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын талбан татвар төлсөн дүнгээр 4 сарыг ажлын 13 хоногоор тооцсон 277,520.63 төгрөгнөөс /277,520.63:10=21,347/ нэг өдрийн буюу 2020 оны 04 сарын 14-ний өдрийн цалин 21,347 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох, мөн 2022 оны 01 сарын 05-ны өдрийг дуустал нэхэмжилсэн боловч Замын-Үүд ДСТӨҮГ-н захирлын 2022 оны 01 сарын 05-ны өдрийн Б/04 тоот тушаалаар Б.С-г 2022 оны 01 сарын 05-ны өдрөөс эхлэн ажилд томилсон болох нь дээрх тушаалаар нотлогдож байна. Иймд ажилгүй байсан хугацааны өдрийг 2022 оны 01 сарын 04-ний өдрөөр тооцож олгох нь зүйтэй байна. 2022 оны 01 сар ажлын 21 хоногтой байх тул /457,188.75:21=26,557/ 01 сарын 04-ний өдрөөр тооцож нэг хоногийн цалин 26,557 төгрөгийг хасч,нэхэмжлэлийн шаардлагаас нийт 47,904 төгрөгийг хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн 2019 оны 1,2,3 дугаар сарын цалин 574,296 төгрөгийг гаргуулах талаар хариуцагч байгууллагын төлөөлөгч нар маргаж, мэтгэлцээгүй тул уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд “Манай хүний нөөцөөс С-г дуудсан байдаг. С-н хувьд ажил дээр ирчихээд ажилдаа оръё гэж албан ёсоор хүсэлт өгөөгүй байдаг. 04 сарын 04-ний өдөр төрсөн гэж байгаа боловч 2022 оны 01 сард хүсэлт өгч тушаал гаргуулсан. Гэтэл энэ хүн өөрийнхөө төрснийг ор тас нуусан Төрөхөөс өмнө 2 сар төрсний дараах 2 сарын хугацааг хасна.  Анхнаасаа би ингээд төрж байна ийм шүү, тийм шүү гээд хэлсэн бол бас өөр шүү дээ. Манайхаас нийгмийн даатгалыг өгөхгүй гээгүй. Харин төрөхийн өмнөх, дараах тэтгэмжийг нийгмийн даатгал өгөх ёстой учир манайхаас өгөхгүй” гэж татгалзав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан.

Гэтэл хариуцагчийн төлөлөгч нь “нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалингаас нэхэмжлэгчийн төрөхийн өмнөх 2 сарын, төрсний дараах 2 сарын тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага төлөх ёстой тул манай байгууллага төлөх үндэслэлгүй” гэх татгалзалаа ямар хуулийн заалтаар, ямар нотлох баримтаар татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл татгалзсан үндэслэлээ  нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч Б.С нь 2021 оны  04 сарын 04-ний өдөр төрөхдөө жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авч байгаагүй болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нийгмийн даатгалын тасгийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн шүүхэд ирүүлсэн албан тоотоор нотлогдож байна.

Хэрэв нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр халаагүй бол нэхэмжлэгч нь хууль, тогтоомжинд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ аваад явах ёстой байсан боловч хариуцагч байгууллагын ажлаас үндэслэлгүйгээр халсан буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй тул энэ хугацааг ажилгүй байсан хугацаанд тооцож  цалинг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч нар нь нэхэмжлэгч Б.С-г ажилд орох талаар хүсэлтээ өгөөгүй, ажилдаа орох талаар ямар ч санаачлага гаргаагүй гэсэн тайлбар гаргав.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон талаар 3 шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад шүүхийн шийдвэрийг  биелүүлэх талаар ямар ч санаачлага гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэх үүргээ  биелүүлээгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлага ажилгүй байсан хугацааны цалин 9,451,411.63 төгрөгнөөс илүү нэхэмжилсэн 47,904 төгрөгийг хасч 9,403,507.63 төгрөг, 2019 оны 1,2,3 дугаар сарын цалин 574,296 төгрөг нийт 9,977,803.63 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Б.С-н ажилгүй байсан хугацааны цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн бичилт хийхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ДСТӨҮГ-т даалгах нь  үндэслэлтэй гэж үзлээ.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.С-н гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 174,595 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 1-т зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ДСТӨҮГ-с ажилгүй байсан хугацааны цалин 2020 оны 04-р сарын 13-ны өдрөөс 2022 оны 01-р сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 9,403,507.63 төгрөг, 2019 оны 1,2,3 дугаарын сарын цалин 574,296 төгрөг нийт 9,977,803.63 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47,904 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Б.С-н ажилгүй байсан хугацааны цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн бичилт хийхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ДСТӨҮГ-т даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 174,595 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.Ц