Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 202/МА2022/00008

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 137/ШШ2022/00132 дугаар шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Ө овогт Б-ны С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “З” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох,  

 

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 9451411 төгрөг, 2019 оны 1, 2, 3 дугаар сарын цалин болох 574296 төгрөгийг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай иргэний хэргийг;

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Б.С нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ч ХХК-ийн кассын няравын ажилд томилогдон ажиллаж байсан. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас халсан тухай тушаалыг гаргасан байсан.

Уг тушаалыг 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүний нөөц Э.Х мэдэгдэж 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр уг тушаалыг хүлээн авсан болно. Ажлаас халахдаа Монгол Улсын компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.6, 4.7, 4.9, 9 дүгээр зүйлийн 9.5.4.11 дэх заалтууд, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Дорноговь аймаг дахь төрийн аудитын газрын санхүүгийн тайлангийн дүгнэлт, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэр гэх мэт зүйл заалтыг үндэслэл болгож ажлаас халсан байдаг.

Миний хувьд тухайн байгууллагад ажиллаж байх хэсэг хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал огт гаргаж байгаагүй хичээнгүйлэн ажиллаж, даалгасан ажлыг шуурхай хийж гүйцэтгэж байсан ба дутаасан эд хөрөнгө огт байхгүй юм. Ажлаас халсан энэхүү хууль бус байдлаас болж сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацаа, нэр хүнд гэх мэт олон байдлаар хохирсон билээ. Гэсэн хэдий ч миний бие өөрийн үнэн мөнийн төлөө буруугүй болохоо нотлох гэж /эрүү, иргэн, захиргааны шүүх/ гэх мэт олон шатны шүүх, цагдаагийн байгууллагаар 2019 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл явж хуулийн дагуу шийдвэрлүүлж буруугүй болохоо нотолсоор байгаа.

Тухайн байгууллагын дарга удирдлагуудын буруу шийдвэрээс болж ажлаас шалтгаангүйгээр халаагүй байсан бол иргэн би ямар нэгэн асуудалгүй хууль ёсны дагуу ээлжийн амралт, жирэмсний амралтаа авч ажил хөдөлмөрөө эрхэлж явах байсан. 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр миний бие амаржиж одоо нярай хүүхэдтэй мөн л энэ хууль бус асуудлаас болж төрөхийн өмнөх болон төрсний дараах тэтгэмжүүдээ хүртэл авч чадаагүй хохирсон. Мөн тухайн байгууллага нь 2019 оны 1, 2, 3 дугаар сарын ажилласан цалин болох 574296 төгрөгийг өр дутагдалтай шалтгаанаар олгоогүй байгааг олгуулж өгнө үү. Ажлаас халсан шалтгаан нь үндэслэлгүй гэж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №001/ХТ2021/00544 тогтоол гарсан билээ. Дулааны станц нь шүүхийн шийдвэрлэсэн цалин хөлсийг олгож 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилд эгүүлэн томилсон. Тушаал гарсан өдрөөс хүүхэд харах чөлөө болгосон.

Иймээс 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал цалин хөлс 9451411.43 мөн тухайн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлөлтийг нөхөн гаргуулан хохирлыг минь барагдуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “...Замын-Үүдийн Дулааны станц ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У миний бие С-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 9451411 төгрөгийн, 2019 оны 1, 2, 3 дугаар сарын цалин болох 574296 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүүхэд төрөхөөс өмнөх 60 хоногийг хасаж 2021 оны 02 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацааны цалин зөвшөөрч байна. Энэ 4494756.8 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 1, 2, 3 дугаар сарын цалин болох 574296 төгрөгийг дараа тайлангийн зөрүүнээс суутгаж үлдсэн тул энэхүү төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрсөн цалин болох 4494756.8 төгрөгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг зөвшөөрч байна.

 ...Удаа дараагийн шалгалтуудаар энэ хүн яалт ч үгүй ажлаа дутуу хийсэн байна гэдэг нь нотлогддог. Сүүлд 8 сарын эхээр Ч-ын захиралтай уулзсан. Уулзахдаа ажилдаа орох үгүй нь мэдэгдэхгүй зүгээр дэмий байж байгаад яваад өгсөн байдаг. Захирал одоо манай өөр байгууллага болох гэж байна гэж хэлээд байхад хүсэлтээ өгөөгүй. Захирал өргөдлийг нь хүлээж авахгүй байлаа гэхэд төлөөлөн удирдах зөвлөл дээр ирээд хүсэлтээ өгч болох байсан. Гэтэл 1 сард гэнэт ирснээ би ажилгүй байсан хугацааныхаа цалинг бодуулмаар байна гэж байгаа юм. Хэрэв 1 сард ирээгүй 3, 4 сард ирсэн бол бас энэ хүртэлх хугацааныхаа цалинг байгууллагаас нэхэх байсан юм уу. энэ шударга биш байна. Тогтоол гарсан бол тогтоолоо бариад ирэх байсан. Ажлаа хийж байгаад төрсөн ч энэ хүн цалин авахгүй шүү дээ. Бүх газар л ийм байдаг. Төрөхөөс 2 сарын өмнө амаржсаны амралтыг аваад цалин зогсдог. Тэр хүртэл хугацааны цалинг харин манай байгууллагаас өгөх боломжтой.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Орон нутгийн өмчөөс төрийн өмч рүү шилжихэд 1 сарын хугацаатай нээлттэйгээр ажлын байр улс орон даяар зарласан байдаг. Ингэж хуулийн хугацаа өгөөд байхад энэ хугацаанд өргөдөл гомдлоо өгөх байсан. Дөнгөж манайх үүсгэн байгуулагдаад цалингаа ч тавьж чадахгүй хэмжээнд байхад шүүхийн шийдвэрээс гүйцэтгэх ажиллагаа явуулаад данс хаана гэж хааж боож байж С-ийн өмнөх цалин нийгмийн даатгалын мөнгийг авсан. Тэгэхээр энэ маягаар хувь хүний зүгээс Сарангоо маш хэнэггүй хандсан. Тэртээ тэргүй би мөнгө авна аль болохоор их хугацаа авна гэсэн байдлаар хандсан байдаг. Энэ нь итгэл далимдуулж байгаа юм. Би төрсөн байгаа шүү гэж яагаад хэлж болоогүй юм. Тушаал гаргаад ажлаа хүлээж ав гэхэд ирээд би 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн нялх хүүхэдтэй 3 жилээр хүүхдээ хармаар байна гээд ажлаа хүлээлгэж өгсөн ч зүйлгүй алга болсон. Баахан материалууд өөр дээр нь явдаг. Өөр дээр нь зарим падаанууд хүртэл явж байгаа. Тойрох хуудсаа ч авсан зүйл байхгүй алга болсон. Нэгэнт өчнөөн олон дарга солигдчихсон.

Дээд шатны шүүхүүд нь энэ хүний зөв гэсэн шийдвэр гарсан учир бид нар хуулийг дагах нь зөв хэрэг л дээ. Гэхдээ ажлын хувьд шударга бус үйл ажиллагаанууд зөндөө явуулаад алга болсон. Шаардлагын дагуу хуулийн дагуу өгөх ёстойг нь өгсөн. Энэ нь дээр төрсөн, төрөөгүй нь харагддаггүй. Ажлын цаг нь 7,000,000 төгрөгийг авах хүртэл хугацаанд сард хэдхэн хоног ажиллаад явсан байдаг. Тухайн үед нь манайхаас 2, 3 удаа сахилгын шийтгэл авах гэж үзсэн боловч танил талууд нь орж ирж энэ хүнийг өчнөөн авч үлдсэн. Төрөхөөс өмнө 2 сар төрсний дараах 2 сарын хугацааг хасна. Энэ жил хэмнэлтийн горимд шилж гээд маш чанга дүрэм журам ирж байна. Төрснөөсөө хойших хүүхэд харах амралтаа авъя гэж энэ хүн өөрөө хүсэлт өгсөн байдаг. Манайхаас нийгмийн даатгалыг өгөхгүй гээгүй. Харин төрөхийн өмнөх, дараах тэтгэмжийг нийгмийн даатгал өгөх ёстой учир манайхаас өгөхгүй.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 1-т зааснаар хариуцагч Дорноговь аймгийн З төрийн өмчит үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалин 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны цалин 9,403,507.63 төгрөг, 2019 оны 1,2,3 дугаар сарын цалин 574,296 төгрөг, нийт 9,977,803.63 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б-ны С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47,904 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

 

Б.С-ийн ажилгүй байсан хугацааны цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн бичилт хийхийг Дорноговь аймгийн З төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгаж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 174,595 төгрөгийг гаргуулж улсын орлогод болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г давж заалдсан гомдолдоо: “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилд томилж тушаал гарган дуудсан боловч Б.С өөрөө ажил хүлээн авахаа татгалзаж: Би 2021 оны 04 дүгээр сарын 04-нд төрж хүүхэдтэй болсон. Иймд би хүүхдээ 3 нас буюу 2024 оны 04 дүгээр сар хүртэл хүүхэд асрах чөлөө болгож өгөөч гэж хүсэлт гаргаад хүсэлтийг нь хангаж шийдвэрлэж өгсөн байдаг. Гэвч Б.С нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргаж 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 05 хүртэл цалин нэхэмжилсэн байдаг.

Анхан шатны шүүхээс хүүхэд харах чөлөө болгуулах хүсэлт, хүсэлтийг хангасан тушаал нотлох баримтаар байсаар байхад авч хэрэгсээгүй. Б.С нь хүүхэд харах чөлөөтэй байгаа учир манай зүгээс цалингийн доод хэмжээгээр нийгмийн даатгалыг нь төлөөд явна. Шүүх 2021 оны 04 дүгээр сарын 04-нд төрөөд ажил хийх боломжгүй, ажил хийхгүй байсан үеийн цалинг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар 137/ШШ2022/00132 тоот шийдвэрээр бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу шийдвэр гэж үзэж байгаа юм.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан цалингаас нэхэмжлэгчийн төрөхийн өмнөх 2 сарын, төрсний дараах 2 сарын тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага төлөх ёстой тул манай байгууллага төлөх үндэслэлгүй” гэх татгалзлаа ямар хуулийн заалтаар, ямар нотлох баримтуудаар татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадаагүй байна” гэсэн. Уг зохицуулалт нь нийгмийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалт тул хуулийн зүйл заалтыг манай талаас тайлбарлаж нотлох үүрэг хүлээхгүй юм. Шүүхээс танай байгууллага энэ хүн сул цалин аваад яваад байхад ямар нэг тодорхой арга хэмжээ аваагүй байна гэж буруутгасан. 2021 оны 03 дугаар сард “Ч” ХК-ийн гүйцэтгэх захирал, улмаар 2021 оны 08 дугаар сарын 27-нд “З ТӨҮГ” болж мөн 2022 оны 03 дугаар сарын 01-нд тус тус ТӨҮГ-ийн захирал өөрчлөгдсөн. Удаа дараагийн өөрчлөлт нь удирдах албан тушаалтны албан үүргээ жигд тогтвортой явуулахад нөлөөлсөн байдаг.

“З ТӨҮГ” болж өөрчлөгдсөн улсын бүртгэлийн гэрчилгээгээ оны өмнөхөн аваад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа бичиг баримт сайн жигдрээгүй л явж байна. Энэ мэтчилэн аливаа асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхэд хүндрэл учраад байгаа юм. ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу шүүгч зөв үнэлэлт дүгнэлт өгсөнгүй гэж үзэж байна. Учир нь Б.С-г Улсын Дээд шүүхийн тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоож захирлын тушаал гарсан боловч өөрөө хүсэлт гарган 3 жилийн хугацаатай хүүхэд харах чөлөө болгуулснаар хүүхэд харах чөлөөний хүсэлт нь хангагдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 60-р зүйлийн 60.1.3-т зааснаар ажил албан тушаал нь хадгалагдаж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон манай байгууллага төлөөд явах болно.

 Манай талаас 2020 оны 04 дүгээр сарын 14-нөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ныг хүртэлх цалин 4,494,756.80 төгрөг болон 2019 оны 1,2,3-р сарын 574,296 төгрөг, нийт 5,069,052.80 төгрөгийг төлөх тооцоолол гарч байгаа тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 137/ШШ2022/00132 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

            Нэхэмжлэгч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийгмийн даатгалын завсардсан байгаа хугацааны мөнгийг л нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэл гаргасан. ...Энэ хүмүүсийн хэлээд байгаагаар шийдэгдчих юм бол би дахиад хохирчих вий л гэж бодоод нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал энэ мөнгийг чинь бид нар төлөхгүй нийгмийн даатгалын байгууллага л төлж өгнө гээд байгаа. ... Тухайн үед “Ч” ХХК-ийн хуулийн зөвлөх рүү нь яриад ийм шийдвэр гарсан одоо яах вэ? гэхэд намайг мөнгөө нэхсэн гэдэг. Тэр үед би ажилдаа орох тухай л ярьсан миний утсан дээр бичлэг нь байгаа.

Тэгээд намайг хэлэхээр “Дээд шүүхийн шийдвэр манайд эх хувиараа ирээгүй байна, ирээгүй байхад нь шийдэх юм бол бөөн асуудал болдог, эх хувиараа ирэхээр нь тань руу эргэж холбогдож ажилд чинь авна” гэж хэлсэн. Тэгээд дараа нь 8 дугаар сарын эхээр “Ч” ХХК дээр очиж Ундрал гээд захиралтай очиж уулзсан. Тэгэхэд “манайх татан буугдах гэж байгаа, өнөөдөр хамаагүй таныг ажилд чинь авахад бэлэн байна” гэхээр нь “хамаагүй оръё” гэсэн чинь “буцаад л татан буугдчихна шүү дээ, би таныг авахгүй гэж хэлээгүй” гэдэг. Би 8 дугаар сарын эхний долоо хоногт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн. ... Би тэр үед нь асуусан чинь “манай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга нь амарчихсан байгаа, тэгэхээр бид нар ажиллагаа явуулж болдоггүй юм аа” гэсэн. Дарга нь амраад сар гаран болсон. Тэгээд би дахиад асуусан чинь “манай дарга эмчилгээ сувилалд явсан” гэсэн.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г эс зөвшөөрч “...Манай талаас 2020-04-14-нөөс 2021-02-03-ныг хүртэлх цалин 4,494,756.80 төгрөг болон 2019 оны 1,2,3-р сарын 574,296 төгрөг, нийт 5,069,052.80 төгрөгийг төлөх тооцоолол гарч байгаа тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022-04-18-ны өдрийн 137/ШШ2022/00132 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “З” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хугацааны ажлаас буруу халсан үеийн олговорт нийт 9451411,43 төгрөг гаргуулах, 2019 оны 1, 2, 3 дугаар сарын олгогдоогүй цалин хөлс нийт 574296 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2020/00123 дугаартай шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 202/МА2020/00017 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00544 дугаартай тогтоол зэрэгт үндэслэжээ.

 

            Хариуцагч “Замын-Үүдийн дулааны станц” төрийн өмчит үйлдвэрийн газар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У “...төрөхөөс өмнөх 60 хоногийг хасч 2021 оны 02 дугаар сарын 4 хүртэлх хугацааны цалинг зөвшөөрч бусад төлбөрийг зөвшөөрөхгүй, ...2019 оны 1, 2, 3 дугаар сарын цалин болох 574296 төгрөгийг дараа тайлангийн зөрүүнээс суутгаж үлдсэн тул зөвшөөрөхгүй .. “ гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г “... төрөхийн өмнөх, хойдох тэтгэмжийг нийгмийн даатгал өгөх ёстой учир манайхааас өгөхгүй ...” гэж тус тус маргаж нэхэмжлэгч Б.С-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 4 хүртэлх хугацааны цалингийн тооцоолол, “З” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дугаартай “Б.С-г ажилд томилох тухай” тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай “Б.С-д хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаалыг тус тус шүүхэд ирүүлжээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.С нь:

  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2020/00123 дугаартай шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 202/МА2020/00017 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00544 дугаартай тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Ч” ХХК-д кассын няравын ажилд эгүүлэн тогтоогдож,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 137/ШЗ2021/00659 дугаартай шүүгчийн захирамжаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2020/00123 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж,
  • 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь ШГХ-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 21090259 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/07 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон,
  • “З” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар Б.С-г няраваар томилж,
  • “З” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар Б.С-д 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгосон,
  • Нэхэмжлэгч Б.С нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү С.Ө-ийг төрүүлсэн,
  • Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолоор “З” ТӨҮГ-т “Ч” ОНӨХХК-ийг цогцолбороор нь шилжүүлж, хуулийн этгээдийг нэгтгэн шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.

 

Эндээс үзвэл нэхэмжлэгч Б.С-г ажлаас буруу халсан тухай шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т зааснаар 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч буюу ажил олгогч нь түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эгүүлэн томилсон тул нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эргүүлэн тогтоогдох хүртэл хугацааны буюу ажилгүй байсан ажлаас буруу халсан үеийн цалин олговрыг нэхэмжлэх эрхтэй болно.

 

Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт нь үндэслэл бүхий болсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Энэ нь тухайн маргааны үйл баримт цаг хугацааны хувьд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхэлж 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилсэн тул анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн шинэ Хөдөлмөрийн хуулийг хэрэглэсэн нь иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д нийцсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгох тул нэхэмжлэгч Б.С-г ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажлыг нь гүйцэтгүүлж  эхлүүлсэн хугацааны олговрыг хариуцагч “З” ТӨҮГ төлөх үндэслэлтэй.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.С-г хүүхэд төрүүлснээс хойшхи хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг төлөх үндэслэлгүй, нийгмийн даатгалын байгууллага хариуцна гэсэн агуулга бүхий тайлбар татгалзал гаргасан нь хуульд нийцээгүй болно.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгох бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-т  зааснаар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэйн гадна хуулийн 192 дугаар зүйлийн 1-т зааснаар тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох ёстой.

 

Гэтэл хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажлаас буруу халсны улмаас нэхэмжлэгч Б.С нь хүүхэд төрүүлэх үедээ ажил эрхэлж байгаагүй тул жирэмсний болон амаржсаны амралтыг хуульд заасан журмын дагуу эдэлж чадаагүй, улмаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж аваагүй болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нийгмийн даатгалын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаартай албан бичгээр /хх117/ тогтоогджээ.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 106 дугаар зүйлийн 106.1-д  зааснаар ... гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох бөгөөд мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар энэ хугацаанд тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар тусгагдсан байна.

 

Эндээс үзвэл ажилтан өөрөө хүүхэд асрах чөлөө хүссэн тохиолдолд ажил олгогч чөлөө олгох ба нэхэмжлэгч Б.С хүсэлт гаргаснаар хариуцагч буюу ажил олгогч нь  2022 оны  01 дүгээр сарын 05-ны өдөр хүүхэд асрах чөлөө олгосноос өөрөөр түүнд өмнө нь хүүхэд асрах чөлөө олгосон тухай үйл баримт тогтоогдсонгүй.

 

Улмаар нийгмийн даатгалын тухай хуульд заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй боловч хариуцагч буюу “З” ТӨҮГ нь нэхэмжлэгч буюу ажилтныг ажлаас буруу халсны улмаас түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх учиртай.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч буюу ажил олгогч нь ажилтанд жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөг хуульд заасан журмын дагуу олгоогүйгээс нэхэмжлэгч Б.С-г хариуцагч талын тайлбар татгалзалд дурдсан хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойшхи хугацаанд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт эдэлсэн, мөн хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж үзэх нөхцөл, үндэслэл тогтоогдоогүй тул түүнд энэ хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгох үүрэгтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчээс гаргасан 2019 оны 1, 2, 3 дугаар сарын цалин болох 574296 төгрөг гаргуулах шаардлагын хувьд хариуцагч тал “... дараа тайлангийн зөрүүнээс суутгаж үлдсэн ...” гэсэн татгалзал тайлбар гаргаснаас үзэхэд нэхэмжлэгчид дээрх цалинг гарт нь олгоогүй гэж үзэх байх ба энэхүү  тайлбар татгалзлаа шүүхэд нотлоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 137/ШШ2022/00132 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ыг давж заалдах гомдол гаргахад хариуцагч З-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

 

                                                 ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ