Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2022/00760

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Хамб тоотод оршин суух, Х овогт Э Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах, “Г” Төрийн өмчит ААТҮГ-т холбогдох

 

“ГТЛ” Төрийн өмчит ААТҮГ-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/221 тоот тушаалыг хүчингүй болгуулж, “бололцооны дагуу өөр ажил олж өгөх”-ийг ажил олгогч байгууллагад даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал  нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Т 2005 оноос ГТЛ ТӨААТҮГ-т дагалдан инженер, стандартчилсан загвар боловсруулалтын инженер, стандартчилсан загвар хэмжилзүйн тасгийн дарга, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 467 тоот Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор ГТЛ ТӨААТҮГ-ын захирлаар томилогдон ажилласан. Гэтэл Э.Т намайг жирэмсэн, ээлжийн амралттай байхад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоол гарган ГТЛ ТӨААТҮГ-ын захирлын ажлаас намайг чөлөөлсөн. 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолын 3 дахь заалтад “Захирлын ажлаас  чөлөөлөгдөж буй Э.Тд бололцооны дагуу өөр ажил санал болгохыг ГТЛ ТӨҮГ-ын захиралд даалгасугай” гэж заасан боловч өнөөдрийг хүртэл надад ажил санал болгоогүй. Өөрөөр хэлбэл тус заалтын дагуу би өнөөдрийг хүртэл ажил санал болгохыг хүлээсэн боловч 11 дүгээр сарын 02-ны өдөр 2020 оны Б/221 тоот Э.Тыг “Ажилд томилох тухай” тушаал гаргаж, надтай зөвшилцөж санал тавилгүйгээр дур мэдэн инженерээр томилсон нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон Төрийн өчийн бодлого, зохицуулалтын газрын 417 тоот тогтоолыг зөрчсөн байна. Уг Б/221 дүгээр тушаал гаргахдаа, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил олгогч, ажилтан хоорондын санал, зөвшилцөл, тохиролцоо явагдаагүй, ажилтанд огт мэдэгдэлгүйгээр шууд хүчлэн тушаах аргаар ажлын байрыг нь шийдвэрлэсний хувь амьжиргааны эх үүсвэрийг нь барьцаалан албадан хөдөлмөрлүүлэх шинжийг агуулсан. Урьдын албан тушаалд сар тутмын цалин хөлс 1,800,000 төгрөг байсныг хоёр дахин бууруулж 900,000 төгрөг болгосон, албаны хангамж, ажилтны хөдөлмөрийн нөхцөл, эрх зүйн байдлыг дордуулсан. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсэгт “Ажлаас бруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолын 3 дахь заалтаар ГТЛд хүлээлгэсэн “бололцооны дагуу өөр ажил олж өгөх” үүргийг дээрх Б/221 дүгээр хууль бус тушаал нь биелүүлэн хэрэгжүүлсэн мэт хэлбэрийн төдий, буруу шийдлийг бий болгосон байгаа нь илэрхий ойлгомжтой байна. Өөрөөр хэлбэл цалин хөлсийг даруй хоёр дахин бууруулсан инженеийн албан тушаал нь тухайн ажил олгогч байгууллагын бололцоо нөөцийг бүрэн илэрхийлж буй шийдэл нь гэдэг үлэмж маргаантай бөгөөд үүнийг зохист хэмжээнд нийцсэн бололцооны өөр ажил хэмээн адилтан үзэх боломжгүй байна. Иймд ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан хэлбэрээр өөр ажилд хууль бусаар томилсон дээрх Б/221 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолын 3 дахь заалтад “Захирлын ажлаас чөлөөлөгдөж буй Э.Тд бололцооны дагуу өөр ажил санал болгохыг ГТЛ ТӨҮГ-ын захиралд даалгасугай” гэж заасан боловч өнөөдрийг хүртэл надад ажил санал болгоогүй, ажилгүй өнөөдрийг хүрлээ. Иймд ажилгүй байх хугацааны цалин хөлсийг зохих хуулийн дагуу гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Миний бие энэ байгууллагад хар багаасаа л ажиллаж, ажил амьдралаа холбосон байдаг. Байгууллагын удирдлага маань намайг дуудаад биечлэн уулзаад ийм байна, тийм байна гэвэл би ойлгож хүндэтгэлтэй хандана. Гэтэл намайг дуудаж уулзаагүй, ийм тушаал шийдвэр гарснаа ч хэлээгүй, инженерийн албан тушаал дээр очих тухай тушаалыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 417 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхдээ байгууллагаас ирүүлсэн баримтыг харж байж мэдсэн. Энэхүү тушаалыг гарахад би жирэмсний амралттай байсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Төрснөөс хойш миний бие төрсний дараах 60 хоногийн чөлөөтэй байсан ч хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг албан ёсоор байгууллагадаа гаргаагүй байж байгаад 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа орох хүсэлтийг гаргасан. Гэвч энэ хугацаанаас хойш намайг дуудаж уулзаагүй, намайг ажилдаа орьё гэхэд та АТГ-т шалгагдаж байгаа  гэж хэлсэн. Оюунбаатар захирлын өргөдлийн хариуд намайг шалгагдаж байгаа учир энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар ажиллуулахаас түдгэлзүүлж байгаа тухай мэдэж байна гэсэн агуулгатай хариу ирүүлсэн. Надад бололцооны дагуу өөр ажил санал болгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай ярилцаж, мэдэгдээгүй. Мөн миний өмнө авч байсан цалингаас маш бага санал болгосон. Миний бие өмнө авч байсан ажил албан тушаал дээрээ очьё гэхгүйгээр эрх зүйн байдлыг минь дордуулалгүйгээр цалин, ажил санал болгох ёстой. Инженерийн албан тушаал дээр 900,000 төгрөгний цалинтай ажил хийхийг би зөвшөөрөхгүй. Миний бие Геологийн төв лабраторид бүүр хамгийн бага албан тушаалаас эхлээд захирал үйлдвэрчний эвлэлийн даргын ажил албан тушаалыг хүртэл хашиж нийтдээ байгууллагадаа 17 жил ажиллаж ирсэн. Би энэ мэргэжил, эрхэлж байгаа ажил, энэ байгууллагадаа хайртай.  Би өөрийгөө хэлтсийн даргаас дээш ажил албан тушаалд, өмнө авч байсан цалингаасаа багагүй цалин хөлстэй ажил сонгож ажиллах эрхтэй, аль ч хэлтэс тасагт орж ажиллах мэдлэг чадвартай гэж боддог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд надаас ажил үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх байхгүй. Миний бие хүүхдээ төрүүлснээс хойш 60 хоноод ажилдаа орох боломжтой байхад намайг ажилд аваагүй, чөлөө олгосон тушаал ч байхгүй. Би энэ үеэс эхлэн ажилдаа орох боломжтой байсан учир төрснөөс хойш 60 хоногийн чөлөөний хугацаагаа дууссанаас хойш ажилгүй байсан хугацааны цалингаа өнөөдрийг хүртэл тооцон гаргуулах хүсэлтэй байна гэв.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан тул Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолын 3 дахь хэсэгт “...бололцооны дагуу өөр ажил санал болгохыг даалгасан”. Үүний хүрээнд захирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/221 тоот тушаалаар Э.Тыг Стандарт загвар боловсруулалтын инженер албан тушаалд томилсон. Э.Тын зүгээс хууль зөрчсөн болон хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх хүсэл зоригоо ГТЛ ТӨҮГ-ын захиргаанд илэрхийлээгүй байна. 2020 оны 11 сарын 02-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах талаар гомдол гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Нэхэмжлэгч Э.Т нь манай байгууллагын Стандарчилсан загвар хэмжилзүйн тасагт инженерийн албан тушаалтайгаар ажлын байр нь хадгалагдаж, хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр байгууллагаас төлж байгаа учир ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөхгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд: -Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар,  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШЗ2021/09063 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2007 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нээлгэсэн Э.Тын №А0085572 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, ГТЛ ТӨААТҮГ-ын 000017691 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гарган ирүүлжээ.

 

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ГТЛйн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/221 дугаартай Э.Тыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, ГТЛйн захирлын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/67 дугаартай Ажил албан тушаалын нэрийн жагсаалт, орон тоо, бүтэц зохион байгуулалт, цалингийн санг шинэчлэн батлах тухай тушаал, тушаалын 1 дүгээр хавсралтын хамт ирүүлжээ.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаартай “Э.Тыг ажлаас чөлөөлөх тухай” тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 467 дугаартай Э.Тыг ажилд томилох тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ГТЛ Төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах 05/2015/21/к дугаартай контракт, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ГТЛйн захирлын Б/221 дугаартай Э.Тыг ажилд томилох тухай тушаал, ГТЛ –н Худалдаа хөгжлийн банк ХХК-д гаргасан тодорхойлолт, ГТЛ ТӨҮГ-н 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 363 дугаартай Энэбиш овогтой Т –д өгсөн өргөдлийн хариу, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ГТЛйн захирал Ө.Оюунбаатарт гаргасан Э.Тын өргөдөл, 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Үйлдвэр худалдааны яамны харьяа ГТЛйн захирлын “Дагалдан инженер жинхлүүлэх тухай” 72 дугаар тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ГТЛ Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын “Э.Тыг Стандартчилсан загвар хэмжилзүйн тасгийн даргаар томилох тухай” 168 дугаар тушаал, ГТЛ Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Э.Тын үндсэн цалинг шинэчлэн тогтоох тухай” 258 дугаар тушаал, ГТЛ Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 он 1 дүгээр сарын 20-ны өдрийн Э.Тыг албан тушаалаас чөлөөлөх 19 дүгээр тушаал, ГТЛ Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Э.Тыг албан тушаалд томилох тухай захирын 21 дүгээр тушаал, тус газрын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Э.Тыг ажилд томилох тухай 96 дугаар тушаал, ГТЛйн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Э.Тыг ажилд томилох тухай Б/221 дугаар тушаал зэрэг бичгийн баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч ГТЛ ТӨҮГ-т холбогдуулан “ГТЛ” Төрийн өмчит ААТҮГ-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/221 тоот тушаалыг хүчингүй болгуулж, “бололцооны дагуу өөр ажил олж өгөх”-ийг ажил олгогч байгууллагад даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 05/2019/21/к дугаартай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай, “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контракт байгуулан улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 467 дугаартай тогтоолоор “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын  захирлаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан байна. Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаартай тогтоолоор “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын  захирлын үүрэгт ажлаас 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж контрактыг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч Э.Тыг 417 дугаартай тогтоолоор ажлаас чөлөөлөхдөө Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг удирдлага болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00883 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1284 дугаартай магадлал гарсантай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн тогтоолын 3 дахь заалтаар захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж буй Э.Тд бололцооны дагуу өөр ажил санал болгохыг  “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралд даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Э.Т дээрх түүнийг захирлын ажлаас чөлөөлсөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаартай тогтоолтой холбогдуулан Баянзүрх шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан, уг гомдлыг хэлэлцээд 417 дугаартай тогтоолыг хууль зөрчөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж тайлбарласныг талууд хэн аль нь хүлээн зөвшөөрч энэ талаар маргадаггүй.

Харин энэхүү 417 дугаартай тогтоолыг 3 дахь заалтыг хариуцагч ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас биелүүлж,  Э.Тыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Стандартчилсан загвар ур чадварын сорилтын тасаг /СЗУЧСТ/-т Стандарт загвар боловсруулалтын инженерээр томилж, сард 900,000 төгрөгөөр цалинжуулан, түүнийг жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалахыг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст үүрэг болгож шийдвэрлэсэн “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б/221 дугаартай “Э.Тыг ажилд томилох тухай” тушаалыг эс зөвшөөрч, уг тушаалын өөрт холбогдох заалтыг хүчингүй болгуулж, өөр ажил албан тушаал санал болгохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бололцооны дагуу өөр ажил санал болгохыг даалгасан ч надад ямар нэгэн ажил санад болгоогүй..., ... намайг ажилд томилсон Б/221 дугаартай тогтоол нь миний эрх зүйн байдлыг дордуулсан, албан тушаал, цалинг илт бууруулж Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-г зөрчсөн. Надтай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн ажил албан тушаалыг санал болголгүй уг тушаалыг гаргасан..., ...би төрөхийн өмнөх 60 хоног, төрсний дараах 60 хоногийн чөлөөг авсан боловч үргэжлүүлэн хүүхэд асрах чөлөө албан ёсоор аваагүй, ажилгүй байсан тул энэ хугацаанаас хойшхи өнөөдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна...”  гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгчид ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б/221 дугаартай тушаалаар томилсон Стандартчилсан загвар ур чадварын сорилтын тасаг /СЗУЧСТ/-т Стандарт загвар боловсруулалтын инженерийн ажил албан тушаал, ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа, нийгмийн даатгалын шимтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөгдөж байгаа, .... бололцооны дагуу өөр ажил санал болгосон, өөрөө хүүхэд асрах чөлөөтэй байгаа, уг тушаалыг хүчингүй болгуулах талаар гомдол гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэсэн үндэслэлээр татгалзсан тайлбарыг гаргадаг.

 Хариуцагч “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б/221 дугаартай “Э.Тыг ажилд томилох тухай” тушаалыг нэхэмжлэгч Э.Тд танилцуулан улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулахыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байдаг. Нэхэмжлэгч уг тушаалыг гардаж аваагүй, уг тушаалыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч Баянзүрх шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган, улмаар шүүх хуралдаанд хариуцагч талаас Б/221 тоот тушаалыг гарган ирснээр энэ талаар анх мэдсэн. Уг тушаалыг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5029 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр энэхүү нэхэмжлэлийг гаргах эрх үүссэн гэж тайлбарлаж байна. Хариуцагч энэ талаарх тайлбарыг үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Улмаар нэхэмжлэгч Э.Т “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ө.Оюунбаатарт хандан 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хандан дээрх Б/221 тоот тушаалыг эс зөвшөөрч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт заасны дагуу өөр ажил санал болгож ажиллах боломжоор хангуулах тухай агуулга бүхий хүсэлтийг гаргасныг “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал хүлээн авч 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 363 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Э.Тд хариу хүргүүлсэн байна. Уг албан бичигт “...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолын 3 дахь хэсэгт бололцооны дагуу өөр ажил санал болгохыг даалгасан. Үүний хүрээнд захирлын 2021.11.03-ны өдрийн Б/221 тоот тушаалаар Э.Т таныг ажилд томилсон..., ...таныг ...Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа бөгөөд энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар ажиллуулахаас түдгэлзэж байгааг үүргээр мэдэгдье.” гэжээ.

Түүнчлэн “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/67 дугаартай “Ажил албан тушаалын нэрийн жагсаалт, орон тоо, бүтэц зохион байгуулалт, цалингийн санг шинэчлэн батлах тухай” тушаал, түүний 1-р хавсралтад Стандартчилсан загвар ур чадварын сорилтын тасаг /СЗУЧСТ/-т Стандарт загвар боловсруулалтын инженерийн орон тоог 2, цалингийн доод хязгаарыг 620,000 төгрөгөөр, дээд хязгаарыг 900,000 төгрөгөөр шинэчилэн тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасан байна.

Ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажлын байр буюу албан тушаал, гүйцэтгэх ажил үүрэг, үндсэн буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцлийн талаар тухайлан ярилцаж тохирсон байх ёстой.

Нэхэмжлэгч Э.Тыг ажилд томилсон Б/221 тоот тушаалыг гаргахдаа хариуцагч буюу ажил олгогчоос түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээний гол нөхцлийн талаар ярилцаж тохиролцоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаартай тогтоолд дурдсан шүүхийн шийдвэрээр өмнө нь “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар Ө.Оюунбаатар ажилдаа эгүүлэн тогтоогдсон гэж талууд тайлбарладаг. Э.Т түүний оронд уг ажил албан тушаалыг эрхэлж байх хугацаандаа сарын үндсэн цалин 1,800,000 төгрөгөөр тогтоогдон, үндсэн цалин, нэмэгдэл цалингийн хамт сарын дундаж цалин 2,325,600 төгрөг байсан болох нь хэрэгт авагдсан “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/67 дугаартай “Ажил албан тушаалын нэрийн жагсаалт, орон тоо, бүтэц зохион байгуулалт, цалингийн санг шинэчлэн батлах тухай” тушаал, түүний 1-р хавсралт болон Э.Тын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

Дээрх “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б/221 дугаартай “Э.Тыг ажилд томилох тухай” тушаалаар түүнийг Стандартчилсан загвар ур чадварын сорилтын тасаг /СЗУЧСТ/-т Стандарт загвар боловсруулалтын инженерийн ажил албан тушаалд томилж, сард 900,000 төгрөгөөр цалинжуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн агуулгатай зөрчилдөж байна. Учир нь ажил олгогчоос өөр ажил санал болгохдоо ажилтантай тохиролцсоны үндсэн дээр, түүний урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил, эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгох бөгөөд ажилтны эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүрэгтэй. Мөн энэ талаар ажилтантай урьдчилан тохиролцсон байх ёстой.

Иймд нэхэмжлэгч Э.Тын “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б/221 дугаартай “Э.Тыг ажилд томилох тухай” тушаалын 2, 4 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэн тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газарт  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаартай тогтоолын 3 дахь заалтыг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхийг даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.Тын ажилгүй байсан хугацааны  цалин гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Э.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.Хангалыг төрүүлсэн болох нь хүүхдийн 11161090182 дугаарт бүртгэгдсэн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Э.Т нь хөдөлмөрийн хуульд заасны дагуу жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралтаа 2020 оны 10 сараас тооцон эдэлсэн болох нь түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно.” гэж заасан байдаг.

Нэхэмжлэгчээс амаржсаны дараах 60 хоногийн хугацаа дууссанаас хойш хүүхэд асрах чөлөө хүссэн болон ажилдаа эргэж орохыг хүссэн хүсэлтийг ажил олгогчид хандан гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч “би хүүхэд асрах чөлөөг албан ёсоор бичгээр хүсэлт гаргаж аваагүй, ажилдаа орох хүсэлтээ гаргасан” гэх боловч энэ нь нотлогдохгүй байна. Ажил олгогчоос уг тайлбарыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаарх тайлбарыг гаргадаггүй боловч өнөөг хүртэл хугацаанд ажил олгогчоос түүний нийгмийн даатгалын шимтгэлийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байсан үйл баримт тогтоогдож байна. Иймд түүнийг бага насны хүүхдээ асрах чөлөөтэй байсан гэж үзэх үндэслэлтэй тул энэ хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б/221 дугаартай “Э.Тыг ажилд томилох тухай” тушаалын 2, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаартай тогтоолын 3 дахь заалтыг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч Э.Тын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГТЛ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.НЯМСҮРЭН