Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01281

 

Э.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2022/00760 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Т-ын хариуцагч Г- ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан Г- ТӨААТҮГ-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ажилд томилох тухай Б/221 тоот тушаалыг хүчингүй болгуулах, бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагч байгууллагад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Э.Т- нь 2005 оноос Г- ТӨААТҮГ-т дагалдан инженер, стандартчилсан загвар боловсруулалтын инженер, стандартчилсан загвар хэмжилзүйн тасгийн дарга, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Г- ТӨААТҮГ-ын захирлаар томилогдон ажилласан. Гэтэл Э.Т- намайг жирэмсэн, ээлжийн амралттай байхад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоол гарган Г- ТӨААТҮГ-ын захирлын ажлаас намайг чөлөөлсөн. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолын 3 дахь заалтад захирлын ажлаас чөлөөлөгдөж буй Э.Т-д бололцооны дагуу өөр ажил санал болгохыг Г- ТӨҮГ-ын захиралд даалгасугай гэж заасан боловч өнөөдрийг хүртэл надад ажил санал болгоогүй. Өөрөөр хэлбэл тус заалтын дагуу би өнөөдрийг хүртэл ажил санал болгохыг хүлээсэн боловч 11 дүгээр сарын 02-ны өдөр 2020 оны Б/221 тоот Э.Т-ыг ажилд томилох тухай тушаал гаргаж, надтай зөвшилцөж санал тавилгүйгээр дур мэдэн инженерээр томилсон нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 417 тоот тогтоолыг зөрчсөн байна. Уг Б/221 дүгээр тушаал гаргахдаа, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил олгогч, ажилтан хоорондын санал, зөвшилцөл, тохиролцоо явагдаагүй, ажилтанд огт мэдэгдэлгүйгээр шууд хүчлэн тушаах аргаар ажлын байрыг нь шийдвэрлэсний хувь амьжиргааны эх үүсвэрийг нь барьцаалан албадан хөдөлмөрлүүлэх шинжийг агуулсан. Урьдын албан тушаалд сар тутмын цалин хөлс 1,800,000 төгрөг байсныг хоёр дахин бууруулж 900,000 төгрөг болгосон, албаны хангамж, ажилтны хөдөлмөрийн нөхцөл, эрх зүйн байдлыг дордуулсан. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсэгт ажлаас бруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолын 3 дахь заалтаар Г--д хүлээлгэсэн бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүргийг дээрх Б/221 дүгээр хууль бус тушаал нь биелүүлэн хэрэгжүүлсэн мэт хэлбэрийн төдий, буруу шийдлийг бий болгосон байгаа нь илэрхий ойлгомжтой байна. Иймд ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан хэлбэрээр өөр ажилд хууль бусаар томилсон дээрх Б/221 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, улмаар бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Мөн ажилгүй байх хугацааны цалин хөлсийг зохих хуулийн дагуу гаргуулах нэхэмжлэлийг гаргана. Инженерийн албан тушаал дээр очих тухай тушаалыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 417 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхдээ байгууллагаас ирүүлсэн баримтыг харж байж мэдсэн. Энэхүү тушаалыг гарахад би жирэмсний амралттай байсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Төрснөөс хойш миний бие төрсний дараах 60 хоногийн чөлөөтэй байсан ч хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг албан ёсоор байгууллагадаа гаргаагүй байж байгаад 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа орох хүсэлтийг гаргасан. Гэвч энэ хугацаанаас хойш намайг дуудаж уулзаагүй, намайг ажилдаа оръё гэхэд та АТГ-т шалгагдаж байгаа гэж хэлсэн. Би өөрийгөө хэлтсийн даргаас дээш ажил албан тушаалд, өмнө авч байсан цалингаасаа багагүй цалин хөлстэй ажил сонгож ажиллах эрхтэй, аль ч хэлтэс тасагт орж ажиллах мэдлэг чадвартай гэж боддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд надаас ажил үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх байхгүй. Миний бие хүүхдээ төрүүлснээс хойш 60 хоноод ажилдаа орох боломжтой байхад намайг ажилд аваагүй, чөлөө олгосон тушаал ч байхгүй. Би энэ үеэс эхлэн ажилдаа орох боломжтой байсан учир төрснөөс хойш 60 хоногийн чөлөөний хугацаагаа дууссанаас хойш ажилгүй байсан хугацааны цалингаа өнөөдрийг хүртэл тооцон гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан тул Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолын 3 дахь хэсэгт ... бололцооны дагуу өөр ажил санал болгохыг даалгасан. Үүний хүрээнд захирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/221 тоот тушаалаар Э.Т-ыг стандарт загвар боловсруулалтын инженер албан тушаалд томилсон. Э.Т-ын зүгээс хууль зөрчсөн болон хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх хүсэл зоригоо Г- ТӨҮГ-ын захиргаанд илэрхийлээгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах талаар гомдол гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Нэхэмжлэгч Э.Т- нь манай байгууллагын стандарчилсан загвар хэмжилзүйн тасагт инженерийн албан тушаалтайгаар ажлын байр нь хадгалагдаж, хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр байгууллагаас төлж байгаа учир ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөхгүй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г- төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б/221 дугаартай Э.Т-ыг ажилд томилох тухай тушаалын 2, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаартай тогтоолын 3 дахь заалтыг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч Э.Т-ын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г- Төрийн өмчит үйлдвэрийн газраас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4.а.Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байх ба дээрх хуулийн заалтын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээг үндэслэн тушаал гарч албаждаг. Өөрөөр хэлбэл ажилтантай тохиролцоогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна. Мөн тушаал нь байгууллагын дотоод мөрдүүлэх бичиг баримт бөгөөд хөдөлмөрийн харилцааг тушаалаар шууд зохицуулах боломжгүй. Иймд Г- ТӨҮГ-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/221 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

4.б.Ажлаас чөлөөлөгдөөд 1 сар гаруй хугацааны дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 02 ны өдөр 09 дүгээр сараас 11 сар хүртэлх хугацааг орхигдуулан тушаал гаргасан ба өнөөдрийг хүртэл миний бие хөдөлмөр эрхлэхгүй байж байна. Миний бие ажлаа өгөхдөө 8 сартай жирэмсэн байсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 20-нд төрж Нийгмийн даатгалын хуулийн дагуу даатгалаа тасралтгүй 2 жил төлсөн тул эмнэлгийн магадалгааг үндэслэн тэтгэмжээ авсан. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлд зааснаар төрөөд 60 хоногийн орох боломжтой байсан ч хөдөлмөрийн гэрээ хийж, ажлын байр тодорхойгүй байсан тул чөлөө хүсэх эрх зүйн үндэсгүй бөгөөд ажил санал болгооч ажиллах боломжоор хангаач гэж тухайн үеийн удирдлага болох Ө.Оюунбаатартай удаа дараа очиж уулзсан ба 8 сард өргөдөл өгсөн. Миний бие хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул Г- ТӨҮГ миний нийгмийн даатгалыг төлж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил, эрх зүйн байдлыг дордуулахгүй эсвэл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг олгосон бол ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах байсан ба өнөөдрийг хүртэл миний хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдсөөр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Б/221 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Э.Т-ын Г- ТӨААТҮГ-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ажилд томилох тухай Б/221 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч санал нэг байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай шаардлага гаргасан. Э.Т-тай манай зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхээс ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тушаал гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл тухайн тушаалын 2 болон 4-т заасан хэсгүүдийг хүчингүй болгосон учраас тухайн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох зүйтэй гэж үзэж Г- Төрийн өмчит ААТҮГ-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ажилд томилох тухай Б/221 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2.Нэхэмжлэгч Э.Т- нь хариуцагч Г- ТӨААТҮГ-т холбогдуулан тус газрын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.а.Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 467 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Э.Т- нь хариуцагч байгууллагын захирлаар томилогдон ажиллаж байгаад тус газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд тогтоолын 3 дах заалтад Захирлын ажлаас чөлөөлөгдөж буй Э.Т-д бололцооны дагуу өөр ажил санал болгохыг Г- ТӨААТҮГ-ын захиралд даалгасан болох нь ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай тогтоолуудаар тогтоогджээ. /хх-ийн 25-26-р тал/.

3.б.Хариуцагч Г- ТӨААТҮГ-ын өмнөх захирал шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдсонтой холбоотойгоор нэхэмжлэгч Э.Т-ыг ажлаас чөлөөлж, бололцооны дагуу өөр ажил санал болгохыг дээрх байдлаар хариуцагч байгууллагад даалгасан байна. Нэхэмжлэгч Э.Т- нь ажлаас чөлөөлсөн тогтоолыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5029 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан. /хх-ийн 95-р тал/

3.в.Хариуцагч байгууллага нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тогтоолын хэрэгжилтийг хангаж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б/221 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Т-ыг стандартчилсан загвар, ур чадварын сорилтын тасагт стандарт загвар боловсруулалтын инженерээр томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999.05.14/ 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсгийг зөрчөөгүй байна. /хх-ийн 35-р тал/

3.г.Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999.05.14/ 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заажээ. Анхан шатны шүүх хуулийн уг зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу дээрх хуульд адил чанарын өөр ажил, албан тушаал гэж заагаагүй харин ажил олгогч өөрт байгаа бололцооны дагуу өөр ажил олж, ажилтанд санал болгохыг ойлгох юм.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасан адил чанарын өөр ажил, албан тушаал гэдэгт цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгох бол хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой байдаг тул дээрх тохиолдолд хариуцагч байгууллага нь адил чанарын ажил, албан тушаал олж өгөх үүрэг хүлээхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

3.д.Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999.05.14/ 129 дүгээр зүйлд маргааны талаар гомдол гаргах хугацааг зохицуулсан бөгөөд 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.

3.е.Хариуцагч байгууллага нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Э.Т-ыг ажилд томилох тухай тушаалыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэх байдал тогтоогдоогүй хэдий ч нэхэмжлэгч нь дээрх тушаалыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын ажлаас чөлөөлөх тухай 417 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байхдаа мэдсэн гэж тайлбарласан. /хх-ийн 94-р тал/.

3.ё.Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 1 сарын дотор Б/221 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар холбогдох байгууллагад гомдлоо гаргасан гэх байдал тогтоогдоогүй тул гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Г- ТӨААТҮГ-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2022/00760 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Г- ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан Г- ТӨААТҮГ-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцааж олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Г.ДАВААДОРЖ