Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2473

 

“Д Д”- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03330 дугаар шийдвэртэй,”Д Д”- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ч-д холбогдох, зээлийн гэрээний үүрэг 15 936 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ”Д Д”- ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Ч.Ч-тэй зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгосон. Бид харилцан тохиролцож 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 6 сар сунгаж хариуцагч зээлийг хүүгийн хамт 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төлж дуусгах болсон. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүү 9 200 000 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 1 840 000 төгрөг, нийт 17 040 000 төгрөг нэхэмжилсэн боловч уг шаардлагаа багасгаж, үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүү 8 280 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 656 000 төгрөг, нийт 15 936 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа зээлийн хүү төлж байсан ба хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 400 000 төгрөг төлснөөс хойш үүргээ биелүүлээгүй, хэргийн баримтаар нийт 4 277 400 төгрөг төлсөн гэж байгаа ч 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 562 000 төгрөгийг хариуцагчийн данснаас түүний нөхөр Г.Саяболдын зээл төлөгдсөн юм. Худалдаа хөгжлийн банк ХХК-иас ирүүлсэн дансны хуулгад Г.Саяболд гэгч хүнээс олон удаагийн үйлдлээр зээл төлсөн байгаа ч энэ нь тусдаа зээлийн асуудал, тэрээр хариуцагч Ч.Чулуун-Эрдэнийн өмнөөс 2-3 удаа зээл төлсөн, мөн талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний зүйл болох 04-22 УНМ улсын дугаартай автомашиныг хариуцагчийн хүсэлтээр нөхрийнх нь нэр дээр буцаан шилжүүлж, хүлээлгэн өгсөн тул гэрээ дуусгавар болоогүй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зохигчид гэрээг байгуулахдаа өөрийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлсэн тул суутгасан шимтгэл 30 000 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо хүчин төгөлдөр байх ёстой. Манай компанийн зүгээс зээлийн хүүг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тооцож, нийт 15 936 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 5 970 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх хэлцлээр авсан автомашиныг нэхэмжлэгч бодитоор өөртөө авсан тул зээлийн гэрээ дуусгавар болсон гэж үзнэ. 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ бол Иргэний хуулийн хоёрдугаар дэд бүлэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох үйл ажиллагааны хүрээнд байгуулагдсан гэрээ биш, харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг этгээдтэй байгуулсан гэрээний харилцаа учраас нэхэмжлэгч мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

Хэргийн баримтаар хариуцагч Ч.Ч- өнгөрсөн хугацаанд 4 277 400 төгрөгийг төлсөн ба 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс дахин зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул зээлийн хүүг 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дээр дурдсан өдөр хүртэл тооцох ёстой. Нэхэмжлэгч гэрээнд зааснаар 6 000 000 төгрөгийг өгөх байтал 5 970 000 төгрөг өгч, үүнээс хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний тооцоолсон дүнгээр хариуцагчийн төлбөл зохих зээлийн дүн 4 916 400 төгрөг болж байна. Гэвч талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний зүйлийг нэхэмжлэгч шилжүүлэн авсан тул үүрэг бүрэн дуусгавар болсон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Ч.Ч-эс 4 863 406.03 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ”Д Д”- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 072 593.97 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 92 764 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагчаас 15 936 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг гэж шаардсан. Шүүх үндэслэлгүйгээр 4 863 406 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч өөрийн эзэмшлийн 04-22 УНМ улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч компанид эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байхад нэхэмжлэгч автомашины эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний нөхөр Г.Саяболдод шилжүүлсэн.

Хариуцагч болон Г.Саяболд нар эхнэр, нөхөр хэдий ч иргэний эрх зүйн хувьд бие даасан субъект байх тул тэдгээртэй холбоотой өмчлөх, эзэмших эрхийг хэн нэгэн этгээд дураараа шилжүүлэх нь хуульд нийцэхгүй. Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж, Ч.Ч-эс түүний 04-22 УНМ улсын дугаартай автомашиныг Г.Саяболдын өмчлөлд шилжүүл гэсэн бичгээр олгосон зөвшөөрөлгүй байхад олгосон хэмээн дүгнэсэнд гомдолтой. Иймд хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг Фидуцийн гэрээний дагуу 04-22 УНМ улсын дугаартай автомашинаар хангасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ”Д Д”- ХХК нь хариуцагч Ч.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 15 936 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1,15/

Хэрэгт талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ авагдсан ба уг гэрээнд зааснаар хариуцагч Ч.Ч- нь нэхэмжлэгч”Д Д”- ХХК-иас 6 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, мөн өдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, 04-22 УНМ улсын дугаар бүхий автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг байгуулсан байна. /хх 5-6, 48-51/

Талууд дээрх гэрээний хугацааны талаар дахин гэрээ байгуулж 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 6 сараар сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг баталсан нь хэргийн 51-53 дугаар талд авагджээ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн талаар тохиролцож, уг тохиролцоонд үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчид 5 970 000 төгрөгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. /хх7/ Мөн хариуцагч нь өөрийн өмчлөлийн буюу фидуцийн гэрээний зүйл болох эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ. /хх34/ Энэ талаар зохигчид маргаагүй, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Ч.Ч- нь зээлийн гэрээний хугацаанд төлсөн болон төлбөл зохих төлбөрийн үүргийг шүүх зөв тооцжээ. Худалдаа хөгжлийн банк дахь”Д Д”- ХХК-ийн харилцах дансны гүйлгээний хуулгаар тогтоогдож буй хариуцагчийн төлсөн 4 277 400 төгрөгийн төлбөрөөс, зээлийн гэрээгээр тогтоосон нийт хугацаанд төлбөл зохих хүүгийн төлбөр 3 170 806 төгрөгийг хасч, 1 106 593 төгрөгийг үндсэн зээлд төлсөн. Улмаар үндсэн зээлийн үлдэгдэл 4 863 406 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж, үлдэх 11 072 593 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйл болох эд хөрөнгийг хариуцагч Ч.Чулуун-Эрдэнийн нөхөр Г.Саяболдын нэр дээр 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлснээр талуудын хоорондын фидуцийн харилцаа дуусгавар болсон байна. Учир нь хариуцагч тал 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны явцад “ ... Г.Саяболдын нэр дээр автомашин шилжүүлсэнтэй маргахгүй. Үүгээр төлбөрийг 100 хувь төлж дуусгасны үндсэн дээр биш, автомашин фидуцийн гэрээний үүрэг хангуулах боломжгүй болсон тул тохиролцож машинаа авсан, энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй...” гэж тайлбарлаж байжээ. /хх58/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул шүүх хариуцагч талын дээрх тайлбарт үндэслэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт зааснаар фидуцийн гэрээний зүйлийг нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ч.Чулуун-Эрдэнийн зөвшөөрөлгүйгээр түүний нөхөр Г.Саяболдод автомашины эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх нь хуульд нийцэхгүй гэх үндэслэл зааж давж заалдах гомдол гаргасан. Гэтэл анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад маргаагүй үйл баримтын талаар хариуцагч гомдол гаргасан байх тул шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03330 дугаар шийдвэр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Чулуун-Эрдэнийн давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 92 770 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                       ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА