Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2022/00117

 

 

 

                        

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, Сэлэнгэ сум, 2-р багт оршин суух, *******,*******/,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, *******,*******,*******/

Нэхэмжлэлийн шаардлага: “8,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.       

   Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Долгорсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхбаяр,

Гэрч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн махны ченж ******* нь 40 хонь, 26 ямаа, нийт 66 тооны малыг 13,500,000 төгрөгөөр үнэлэн авч явсан бөгөөд 5,500,000 төгрөгийг өгсөн. Уг малыг худалдаж авахад ченж ******* нь өөрийн төрсөн ах болон мал туулгах тууварчны хамт явсан. Тухай үед малчин *******нд ямаа самнаж байсан дүү , нар авах малыг ялгаж тасалж өгсөн тул манай талын гэрч болно. Иймд нэхэмжлэлийг барагдуулж өгнө үү. Гэрийнх нь хаягаар очиж утсаар нь залгаж удаа дараа уулзахад өгнө гэдэг боловч үлдэгдэл 8,000,000 төгрөгийг өгөөгүй тул *******оос гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь махны ченжээр 2006 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд *******тай малын наймаа хийж танилцаад олон жил болж байна. Түүнээс 2021онд хонь ямаа авсан нь үнэн, 8,000,000 төгрөгний өглөг байгаа нь үнэн юм. Миний бие 2021 оны 5 сард бие муудаад улмаар ходоодны хорт хавдар болж хагалгаанд орж ходоодоо авхуулсан үүнээс хойш химийн эмчилгээ хийлгэж явж байгаад ковид халдвар тусч байнга эмчилгээтэй явсаар *******д мөнгийг төлж чадалгүй өдий хүрлээ. Би эднийд 2018 онд хонь ямаа нийлсэн 80 тооны бог мал тавьсан. Үүнээсээ 2019 онд төл үлдээгээд бусдыг нь авсан. Яг ачиж байхад ******* нь за чамд 20 төл өгнөө гэхээр нь за гээд үлдээсэн. Үүнээс хойш 20 төлөө авах гэж өөрөө ч очсон, хүн ч явуулсан өгөөгүй 2 жил болсон. 2019 оны намар ******* нь эхнэр ирээд мөнгө байна уу гэхээр нь 1 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг нэхэхээр бас өгөхгүй өдий хүрсэн. Иймд би дээрх 8 сая төгрөгнөөс тэдэнд бэлэн өгөөд буцааж авч чадаагүй 1 сая төгрөг, надад өгнө гэж амлаад өгөлгүй 2 жил болгосон 20 төлөө хязаалан хониор тооцож нэг бүрийг 240,000 аар үнэлж 4,800,000 бүгд 5,800,000 төгрөгийг хасуулж үлдэх 2,200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 142,950 төгрөг төлсөн баримт /хх-2/, *******гийн гаргасан өргөдөл /хх-3/, ын шүүхэд гаргасан өргөдөл /хх-4/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-6/, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б.Долгорсүрэн өмгөөлөгч авсан хүсэлт /хх-20/, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-22-23/, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан хүсэлт /хх-25/, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 69 дугаартай *******д олгосон итгэмжлэл /хх-31/

Хариуцагчаас: шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-13-14/, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн БОЭТ-ийн эмчийн тэмдэглэл /хх-15/, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 698 дугаартай Д.Энхбаярт олгосон итгэмжлэл /хх-16/, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 34 дугаартай БОЭТ-ийн дэргэдэх эмнэлэг комиссын эмчийн тэмдэглэл /хх-24/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

ҮНДЭСЛЭХ нь:

            *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******оос 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 20 төлөгний үнэ 4,800,000 төгрөгийг хасуулж тооцуулна гэж байна.

Хариуцагч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч *******гаас 40 хонь, 26 ямаа, нийт 66 тооны малыг 13,500,000 төгрөгөөр үнэлж худалдан авсан байх бөгөөд 5,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 8,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь батлагдаж байна. Нэхэмжлэгч хариуцагч нар нь худалдсан малын тоо нийт үнийн дүн, үлдэгдэл мөнгөний талаар маргахгүй байна.

Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгчийнд 2018 онд хонь ямаа нийлсэн 80 тооны бог мал тавьсан, 2019 онд төл үлдээгээд бусдыг нь авсан, ******* 20 төл өгнө гэхээр нь за гээд үлдээсэн, үүнийг өгөлгүй 2 жил болсон, 2019 оны намар нэхэмжлэгчид 1 сая төгрөг өгсөн. Иймд дээрх 8 сая төгрөгнөөс буцааж авч чадаагүй 1 сая төгрөг, 20 төлөө хязаалан хониор тооцож нэг бүрийг 240,000 төгрөгөөр үнэлж 4,800,000 төгрөг, бүгд 5,800,000 төгрөгийг хасуулж үлдэх 2,200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн малыг маллана гэж амлаагүй өөрөө авчирч тавьсан, 2 жилийн хугацаанд мал малласны хөлс гэж нэг ч төгрөгний цалин мөнгө нэхээгүй, 11 хонь хургалаад, 3 ямаа ишиглэсэн. ******* гэж хүн очиж аваарай гэсэн гэж ирэхээр нь 20 төлгийг тооцож өгсөн, нэг сая төгрөгийг хадлан тэжээл болон бусад зардалдаа хэрэглэ гэж өгсөн гэж хариуцагчийн тайлбарын хариуд тайлбарлаж байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч *******гийн мэдүүлгээр хариуцагч нь түүнээс адуу худалдаж аваад төлөөгүй байсан үлдэгдэл төлбөртөө нэхэмжлэгчээс авах ёстой 20 төлөгийг тооцож ав гэсэн байх бөгөөд тэрээр нэхэмжлэгч *******гаас 20 төлгийг тооцож авснаар нэхэмжлэгчийн хариуцагчид өгнө гэж амласан 20 төлөгний тооцоо дуусгавар болсон байна. Харин нэг сая төгрөгийн тухайд хариуцагч нь нэхэмжлэгчид өвс тэжээл авах болон бусад зардалдаа хэрэглэ гэж өгсөн байх ба зээлж өгсөн болох нь тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь батлагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Хариуцагч нь түүнчлэн нэхэж байгаа үнийн дүнтэй харилцан тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотолж, няцаагаагүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан *******оос 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН