Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2022/00032

 

Д...........гийн нэхэмжлэлтэй

хариуцагч Л...........од холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/00117 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д...........гийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Л...........од холбогдох,

 

 “Мал худалдсаны үлдэгдэл төлбөр 8.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр цахимаар,нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д........... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн махны ченж Л........... нь 40 хонь, 26 ямаа, нийт 66 тооны малыг 13,500,000 төгрөгөөр үнэлэн авч явсан бөгөөд 5.500.000 төгрөгийг өгсөн. Гэрийнх нь хаягаар очиж утсаар нь залгаж удаа дараа уулзахад өгнө гэдэг боловч үлдэгдэл 8.000.000 төгрөгийг өгөөгүй тул Л...........оос гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л........... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д...........тай малын наймаа хийж танилцаад олон жил болж байна. Түүнээс 2021онд хонь ямаа авсан нь үнэн, 8.000.000 төгрөгний өглөг байгаа нь үнэн юм. Миний бие 2021 оны 5 сард бие муудаад улмаар ходоодны хорт хавдар болж хагалгаанд орж ходоодоо авхуулсан үүнээс хойш химийн эмчилгээ хийлгэж явж байгаад ковид халдвар тусч байнга эмчилгээтэй явсаар Д...........д мөнгийг төлж чадалгүй өдий хүрлээ. Би эднийд 2018 онд хонь ямаа нийлсэн 80 тооны бог мал тавьсан. Үүнээсээ 2019 онд төл үлдээгээд бусдыг нь авсан. Яг ачиж байхад Д........... нь за чамд 20 төл өгнөө гэхээр нь за гээд үлдээсэн. Үүнээс хойш 20 төлөө авах гэж өөрөө ч очсон, хүн ч явуулсан өгөөгүй 2 жил болсон. 2019 оны намар Д........... нь эхнэр Энхтуяатайгаа ирээд мөнгө байна уу гэхээр нь 1 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг нэхэхээр бас өгөхгүй өдий хүрсэн. Иймд би дээрх 8 сая төгрөгнөөс тэдэнд бэлэн өгөөд буцааж авч чадаагүй 1 сая төгрөг, надад өгнө гэж амлаад өгөлгүй 2 жил болгосон 20 төлөө хязаалан хониор тооцож нэг бүрийг 240.000 аар үнэлж 4.800.000 бүгд 5.800.000 төгрөгийг хасуулж үлдэх 2.200.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний  өдрийн 142/ШШ2022/00117 дугаар шийдвэрээр:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Л...........оос 8.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д...........д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д...........гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л...........оос 142.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д...........д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Л........... нь нэхэмжлэлийн шаардлага болох 8 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ төлбөрөөс 20 төлөг үлдээгээд 2 жил болсныг хязаалан насны хониор тооцон /240.000*20/ 4.800.000 төгрөгийг хасуулах, мөн нэхэмжлэгчид 1 сая төгрөг өгөөд аваагүй байсныг тус тус хасуулж үлдсэн 2.200.000 төгрөгийг төлөх боломжтой талаар тайлбарласан. Нэхэмжлэгч тал ..........ын 20 төлөг тэднийд үлдсэн болон 1 сая төгрөг түүнээс авсан зэрэг дээр маргаагүй болно. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Өвгөнхүү нь ..........оос 1 сая төгрөгний авлагатай байсандаа түүний зөвшөөрлөөр Д...........гаас 1 сая төгрөгөндөө хурга авч тооцоо дууссан гэж мэдүүлсээр байтал шүүх үүнийг .......... .......... нарын 20 төлөгний тооцоо дууссан байна гэсэн дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна. Өвгөнхүү 1 сая төгрөгөндөө тохирсон мал авсан ба энэ нь дээрх 1 сая төгрөгний авлагад тооцогдож хаагдаж болох юм. Харин 20 төлөгний асуудал үлдсэн хэвээр бөгөөд 2 жил болоход 2 нас нэмэгдсэн хязаалан хонь болох учраас тооцоо өөр бодогдох болно. Талууд өгцөө авцаагаа тохирч чадаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад 20 төлөг болон 1 сая төгрөгний асуудлыг жичид нь нэхэмжлэх эрхтэйгээр нээлтэй орхиж 8 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байтал 20 төлөгний тооцоо дууссан гэсэн дүгнэлт хийсэн нь жичид нь шийдвэрлэх боломжгүй хохиролтой боллоо. Иймд Шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Гомдолдоо: “... Нэхэмжлэгч тал ..........ын 20 төлөг тэднийд үлдсэн болон 1 сая төгрөг түүнээс авсан зэрэг дээр маргаагүй ... шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Өвгөнхүү нь ..........оос 1 сая төгрөгний авлагатай байсандаа түүний зөвшөөрлөөр Д...........гаас 1 сая төгрөгөндөө хурга авч тооцоо дууссан гэж мэдүүлсээр байтал...” гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа. Тодруулбал: Д........... нь .......... санаачилгаараа авчирч, хүүхдүүдэд нь үлдээгээд явсан малыг төлтэй нь буцаан өгөх үүрэг байхгүй.Тэдний дунд гэрээ, хэлцэл огт хийгдээгүй.Сайн санааны үүднээс .......... малыг нь бүрэн бүтэн өгч, 13 тооны төлийг нь 20 төл өгье гэсэндээ хүрч, Өвгөнхүүд 20 төл буюу ногооноор хязаалан болох 20 тооны хонь өгсөн. .......... малдаа хадлан, тэжээл огт авч өгөөгүй бөгөөд тэрээр өвс, тэжээл аваарай гэж өгсөн 1000.000 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй.Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байгаа. Малаа авахдаа үлдээсэн 13 тооны төлийг ирээдүйд бий болох үр шимээр нь тооцож, нэхэмжлэлээс хасуулна гэх тайлбар үндэслэлгүй юм. Шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” Шаардлагыг хангасан үндэслэлтэй шийдвэр гэж үздэг. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн 00117 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгч Д........... худалдсан малны үлдэгдэл үнэ-8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Л........... “...үлдэгдэл 8.000.000 төгрөг өгөөгүй нь үнэн,  хариуцагч 20 төлөг өгнө гэсэн боловч өгөөгүй 2 жил болсон тул 4.800.000 төгрөг, бэлнээр 1.000.000 төгрөг  өгсөн буцааж аваагүй тул хасч үлдэх 2.200.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас малны үлдэгдэл төлбөр-8.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаярын шүүхэд гаргасан “...шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Д..........., Л........... нарын 20 төлөгний тооцоо дууссан байна гэсэн дүгнэлт хийсэн нь дээрх  маргааны талаар шүүхээр жич шийдвэрлүүлэх боломжгүй болж хохиролтой боллоо, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү”  гэх давж заалдах гомдлын зарим хэсгийн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож   байна.

           1. Хариуцагч Л........... нэхэмжлэгч Д...........гаас 66 тооны мал худалдан авсан, малын үнийн дүнгээс үлдэгдэл 8.000.000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

            2. Хариуцагч Л........... нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэж “...20 тооны төлөг өгнө гэж амласан боловч өгөлгүй 2 жил болсон тул  хязаалан насны хониор үнэлж  нийт 4.800.000 төгрөгийг малны төлбөр-8.000.000 төгрөгнөөс хасч тооцно” гэж тайлбар гаргаж, маргасан ба тэрээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

           3. Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаярын  гаргасан “гэрч оролцуулах тухай” хүсэлтийг  шүүх хүлээн авч хангасан ба шүүх хуралдаанд  гэрч н.Өвгөнхүү “...2021 оны 11 сард ..........гаас 20 төлөг авсан, .......... надад 1.000.000 төгрөг өгөхгүй 3 жил болсон” гэх мэдүүлэг өгсөн байна.

           4. Хариуцагч Л........... нь нэхэмжлэгч Д...........гаас худалдаж авсан малны үнийг бүрэн гүйцэт төлж барагдуулаагүй болох нь  хэрэгт авагдсан зохигчдын тайлбар бусад баримтаар тогтоогдсон байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байна.

           5. Шүүх “...нэхэмжлэгчийн  амласан 20 төлөгний тооцоо дуусгавар болсон” гэж дүгнэлт хийсэн  нь учир дутагдалтай болжээ. Тухайлбал талуудын хооронд 20 төлөг өгч, авалцахаар тохирсон нь зохигчдын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний харилцаатай хамааралгүй, хариуцагчийн төлөх ёстой төлбөрөөс хасч тооцох боломжгүй нь гэрч болон зохигчдын гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч малын үнийг нас дэвшүүлж тооцож улмаар өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болох ёсгүй.

            6. Иймд хариуцагч уг иргэний эрх зүйн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

          7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “... 20 төлөгний тооцоо дуусгавар болсон” гэж хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлд огт хамааралгүй,  хэргийн оролцогчийн  хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлд хамаарахгүй байна.     

           8. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаярын шүүхэд гаргасан “...шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/00117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР    

                                                ШҮҮГЧ                                               Б.ОЮУНЦЭЦЭГ