Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2022/00144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: , БФ ХХК

Хариуцагч:  Г Б 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг нийт 23 160 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч БФ ХХК нь хариуцагч Г.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 23 160 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч БФ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Г.Б , М.Н нар нь тус компанитай 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №*** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 13 000 000 төгрөгийг 1 сарын 3.9 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд иргэн Г.Б ийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сумын **** тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-123 дугаартай №456 гэрчилгээтэй хувийн сууц болон **** тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Г-*** дугаартай №1 гэрчилгээтэй газар буюу үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ба барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн хүчин төгөлдөр болгуулж баталгаажуулсан байна. Зээлдэгч Г.Б нь зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийг эхний төлөлтөөс эхлэн зээлийн төлөлтөө хийлгүй хугацаа хэтэрсэн. Зээлдэгч Г.Б ийг зээлээ төлөхийг шаардан зээл авах үед бүртгүүлсэн *** утас руу нь залгах буюу биечлэн гэрээр очиход тэрээр: Жирэмсний амралтаа аваад ажилдаа ороогүй байгаа удахгүй ажилдаа орно тэгээд мөнгөө хийнэ, хот руу аав дээрээ очихоор явж байна аавынхаа тэтгэврийн зээлийг авахуулаад зээлээ хийнэ, Улаантолгойгоос төмс ачиж байна төмсөө худалдан борлуулаад зээлээ хийх гэж байна, арилжааны банкнаас зээл авах гэж байна зээлээ аваад танай төлбөрийг хийе гэх зэргээр хэлсэн ч зээлээ төлөөгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 14-нд өөрийн биеэр манай салбар дээр ирж:-Зээлээ төлөх гэхээр ажилгүй гэртээ жирэмсний амралттай байгаа тул үнэхээр орлогогүй болоод байна, 2021 оны 02 дугаар сарын 01-ээс ажилдаа орж байгаа тул миний байгаа байдлыг харж хүлээж өгөөч, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гокийн цалин буухаар би үлдсэн зээлийн хүүг төлөх боломжтой байна гэсэн өөрийн гар өргөдөл бичиж өгсөн. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь уудаа өөрийн биеэр салбар дээр ирж мөн гараар хүсэлт өгсөн. Мөн шинээр төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Түүний дараа тамхины худалдаа эрхлэх гэж байгаа. Тамхины худалдаагаа эрхлээд ажил жигдэрвэл би асуудалгүй хийнэ гэх зэрэг шалтгаанууд хэлсээр 2020 оны 06 дугаар сарын 26-аас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зээлээ хийгээгүй байна. Зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч Г.Б ийн бүртгэлтэй *** дугаарын утас руу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр залгахад тэрээр:-Голомт банкнаас зээл авах гэж байна зээлээ аваад танай зээлийг хийнэ гэж хэлээд утасаа салгаад араас нь: шүүхдээ өгөө би чадахгүй ээ гэж мессеж бичээд зээл төлөхөөс татгалзсан, зээлээ төлөхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Салбарын зүгээс түүнд зээлээ төлөхийг сануулж 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1 дэх мэдэгдэх хуудсыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг Эрдэнэ эрдэнэ *** гудамж 3 тоотод зээлдэгчийн ээж болох Д-д очиж гардуулж өгсөн, дараа нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 дахь мэдэгдэх хуудсыг мөн хаягт ээж болох Д-д очиж гардуулаад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3 дахь удаагийн мэдэгдэх хуудсыг өөрийн биеэр ажил дээр хүрч ирэн мэдэгдэх хуудас гардан авсан. Түүний дараа мөн л 2021 оны 08 дугаар сарын 02-нд мэдэгдэх хуудсыг утсаар холбогдон Орхон аймаг Баян-Өндөр сум Спорт комплексийн өмнө өөрт нь гардуулж өгсөн. Зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг эрдэнэ *** гудамж За тоотод зээддэгч Г.Б т удаа дараалан мэдэгдэх хуудсыг нийт 7 удаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээл төлөх оролдлого хийлгүй байсаар 501 хоног хугацаа хэтрээд байна. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 13 000 000 төгрөг, үндсэн хүү 8 466 900 нэмэгдүүлсэн хүү 1 693 380 төгрөг, нийт 23 160 280 төгрөгийг зээлдэгч Г.Б Зээлийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1-р заалтын дагуу төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн бүгд дүн 23 160 280 төгрөгийг зээлдэгч Г.Б ээс гаргуулж, БФ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: БФ  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 13 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 10 160 280 төгрөгийг зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Зээлдэгч Г.Б би зээл авсан цагаасаа хойш 2 200 000 төгрөгийн төлөлт хийсэн. Ажлаа хийхгүй хүүхдээ асрах чөлөөтэй байгаа байдлыг маань харгалзан үзнэ үү. Зээл авсан цагаас хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчин гарч бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон болон уг өвчнөөр өвчилсөн зэрэг шалтгаант нөхцөл байдлуудыг маань харгалзан үзэж зээлийн хүүгийн төлөлтөөс чөлөөлж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10/, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 123456 -1 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-11-12/, *** дугаартай зээлийн дансны эргэн төлөлтийн хуваарь /хх-13/, 1 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14/,456 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-15/, БФ  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-16/, БФ  ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-17/, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17/681 дугаартай итгэмжлэл, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэх хуудас /хх-19/, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдэх хуудас /хх-20/, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэх хуудас /хх-21/, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудас /хх-22/, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэх хуудас /хх-23/, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэх хуудас /хх-24/, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдэх хуудас /хх-26/, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-26/, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Г.Б ийн БФ  ХХК-д гаргасан тайлбар /хх-42/, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Г.Б ийн БФ  ХХК-д гаргасан тайлбар /хх-43/, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн эргэн төлөлтийн хуваарь тохиролцсон тухай Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-44/-ийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн интернэт банкаар 500 000 төгрөгийн шилжүүлэг хийсэн тухай баримтын хуулбар /хх-36/, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-37/, 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртлэх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-38/, 2021 оны 04 дүгээр сары 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртлэх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-39/, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртлэх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-40/, ковид-19 шинжилгээний хариу /хх-45/, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 54 дугаартай итгэмжлэл, Эрдэнэ багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой талаарх тодорхойлолт /хх-53/, 1093 дугаартай А.П-гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-54/, 106980 /24/ дугаартай Н.Г-гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-55/, 6101001555 дугаартай Н.Маралмаагийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-56/, 6101000515 дугаартай Н.Г-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-57/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч БФ ХХК-ний нэхэмжлэлээс 19 246 900 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3 913 380 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Зээлдэгч Г.Б , хамтран зээлдэгч М.Н нартай 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр №*** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 13 000 000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээлийн барьцаанд иргэн Г.Б ийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ *** гудамж ЗА тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-123 дугаартай хувийн сууц болон улсын бүртгэлийн Г-*** дугаартай газар барьцаалж, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлдэгч Г.Б нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн төлөлтөө хийлгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд мэдэгдэх хуудсыг 7 удаа хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй 501 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд үндсэн зээл 13 000 000 төгрөг, зээлийн хүү 8 466 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 693 380 төгрөг нийт 23 160 280 төгрөгийг зээлдэгч Г.Б ээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг.

3. Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. БФ  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр болох 13 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 10 160 280 төгрөгийг зөвшөөрөхгүй. Зээл авсан цагаасаа хойш 2 200 000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ мөнгийг хүүний төлбөрт суутган тооцсон эсэх нь тодорхойгүй байна. Ажлаа хийхгүй хүүхэд асрах чөлөөтэй байгаа байдлыг маань харгалзан үзнэ үү. Зээл авсан цагаас хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчин гарч бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон болон уг өвчнөөр 2 удаа өвчилсөн зэрэг шалтгаан нөхцөл байснаас зээлээ хугацаанд нь төлж амжаагүй. Иймд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зээлийн хүүгийн төлөлтөөс чөлөөлж өгнө үү гэсэн тайлбарыг хэлдэг.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 123456 -1 дугаартай барьцааны гэрээ, мэдэгдэх хуудас хүлээн авсан тэмдэглэлүүд, Г.Б ийн Хаан банкны дипозит дансны хуулга, Багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

БФ  ХХК, зээлдэгч Г.Б , хамтран зээлдэгч М.Н нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр *** дугаартай зээлийн гэрээ байгуулагдан 13 000 000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, мөн өдөр 123456 -1 дугаартай барьцааны гэрээ байгуулагдан Г.Б ийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 17 дугаар баг, Эрдэнэ 159 тоотод байрлах 63 м.кв талбайтай, Ү-123 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах 887 м.кв талбайтай Г-*** улсын бүртгэлийн дугаартай газрыг барьцаалсан барьцаат зээлийн гэрээ байгуулсан байна.

Талууд барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд, 13 000 000 төгрөг авсан эсэх, мэдэгдэлийг хүлээн авч байсан эсэх, цар тахал гарч бизнесийн үйл ажиллагаа доголдсон, жирэмсний амралттай байсан талаар маргаагүй, хариуцагч коведоор 2 удаа өвчилсөн, бага насны хүүхэдтэй, хүүхэд асрах чөлөөтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтэй, өмнө нь зээлд төлсөн 2 200 000 төгрөгийг хэрхэн тооцсон эсэх тодорхойгүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн талаар маргаж байгаа.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу БФ  ХХК нь зээлдэгч Г.Б т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч БФ  ХХК-аас хариуцагч Г.Б т мэдэгдлийг 5 удаа өөрт нь, 2 удаа түүний ээжид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэлээр нотлогддог тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэв.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, мөн хуулийн 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус хуульчилсан байдаг.

Үндсэн хүү гэдэг нь зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. Нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг ойлгох бөгөөд үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний байх ба авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зээлийн хүүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр зээлийн үүргээ гүйцэтгээгүй хугацаанд тохирсон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг шаардах эрхтэй боловч нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо үндсэн хүүний нэгэн адил хоногоор тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Г.Б ээс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 500 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 120 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 400 000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 185 000 төгрөг, 15 000 төгрөг нийт 2 220 000 төгрөгийг зээлийн хүүнд тооцсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байх тул нийт хүүний төлбөрөөс хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч тооцох нь зүйтэй.

Иймд хариуцагч Г.Б ээс 19 246 900 / зээлийн үндсэн төлбөрт 13 000 000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 6 246 900 / төгрөг гаргуулан нэхэмжлэгч БФ  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 913 380 /нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1 693 380+2 220 000 төлсөн төлбөр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 273 752 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б ээс 254 185 төгрөг, гаргуулан нэхэмжлэгч БФ  ХХК-д олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1., 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг баримтлан хариуцагч Г.Б ээс 19 246 900 /арван есөн сая хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч БФ  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 913 380 /гурван сая есөн зуун арван гурван мянга гурван зуун ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273 752 /хоёр зуун далан гурван мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б ээс 254 185 /хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч БФ  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ