Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2022/00037

 

“................... ................... ...................

 байгууллага” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г....................т холбогдох  

иргэний хэргийн тухай

 

 

................... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

................... дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны  өдрийн 142/ШШ2022/00144 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ................... ................... ................... байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г....................т холбогдох,  

 

 “Зээлийн гэрээний үүрэг нийт 23.160.280 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж....................гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж...................., нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ................... ................... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Иргэн Г...................., М.................... нар нь тус компанитай 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №................... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 13.000.000 төгрөгийг 1 сарын 3.9 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд иргэн Г....................ийн өмчлөлийн ................... байрлалтай, улсын бүртгэлийн Ү-................... дугаартай №000733268 гэрчилгээтэй хувийн сууц болон ..................., ................... сумын ...................-р баг ................... 24 гудамж ЗА тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Г-................... дугаартай №000614801 гэрчилгээтэй газар буюу үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ба барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн хүчин төгөлдөр болгуулж баталгаажуулсан байна. Зээлдэгч Г.................... нь зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийг эхний төлөлтөөс эхлэн зээлийн төлөлтөө хийлгүй хугацаа хэтэрсэн. Зээлдэгч Г....................ийг зээлээ төлөхийг шаардан зээл авах үед бүртгүүлсэн ................... утас руу нь залгах буюу биечлэн гэрээр очиход тэрээр: Жирэмсний амралтаа аваад ажилдаа ороогүй байгаа удахгүй ажилдаа орно тэгээд мөнгөө хийнэ, хот руу аав дээрээ очихоор явж байна аавынхаа тэтгэврийн зээлийг авхуулаад зээлээ хийнэ, Улаантолгойгоос төмс ачиж байна төмсөө худалдан борлуулаад зээлээ хийх гэж байна, арилжааны банкнаас зээл авах гэж байна зээлээ аваад танай төлбөрийг хийе гэх зэргээр хэлсэн ч зээлээ төлөөгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 14-нд өөрийн биеэр манай салбар дээр ирж:-Зээлээ төлөх гэхээр ажилгүй гэртээ жирэмсний амралттай байгаа тул үнэхээр орлогогүй болоод байна, 2021 оны 02 дугаар сарын 01-ээс ажилдаа орж байгаа тул миний байгаа байдлыг харж хүлээж өгөөч, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гокийн цалин буухаар би үлдсэн зээлийн хүүг төлөх боломжтой байна гэсэн өөрийн гар өргөдөл бичиж өгсөн. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь удаа өөрийн биеэр салбар дээр ирж мөн гараар хүсэлт өгсөн. Мөн шинээр төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Түүний дараа тамхины худалдаа эрхлэх гэж байгаа. Тамхины худалдаагаа эрхлээд ажил жигдэрвэл би асуудалгүй хийнэ гэх зэрэг шалтгаанууд хэлсээр 2020 оны 06 дугаар сарын 26-аас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зээлээ хийгээгүй байна. Зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч Г....................ийн бүртгэлтэй ................... дугаарын утас руу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр залгахад тэрээр:-Голомт банкнаас зээл авах гэж байна зээлээ аваад танай зээлийг хийнэ гэж хэлээд утсаа салгаад араас нь: шүүхдээ өгөө би чадахгүй ээ гэж мессеж бичээд зээл төлөхөөс татгалзсан, зээлээ төлөхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Салбарын зүгээс түүнд зээлээ төлөхийг сануулж 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1 дэх мэдэгдэх хуудсыг ................... аймгийн ................... сумын ...................-р баг ................... ................... 24а гудамж 3 тоотод зээлдэгчийн ээж болох ...................т очиж гардуулж өгсөн, дараа нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 дахь мэдэгдэх хуудсыг мөн хаягт ээж болох ...................т очиж гардуулаад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3 дахь удаагийн мэдэгдэх хуудсыг өөрийн биеэр ажил дээр хүрч ирэн мэдэгдэх хуудас гардан авсан. Түүний дараа мөн л 2021 оны 08 дугаар сарын 02-нд мэдэгдэх хуудсыг утсаар холбогдон ................... ................... сум Спорт комплексын өмнө өөрт нь гардуулж өгсөн. Зээлийн барьцаа хөрөнгө болох ................... аймгийн ................... сумын ...................-р баг ................... 24 гудамж За тоотод зээлдэгч Г....................т удаа дараалан мэдэгдэх хуудсыг нийт 7 удаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээл төлөх оролдлого хийлгүй байсаар 501 хоног хугацаа хэтрээд байна. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 13.000.000 төгрөг, үндсэн хүү 8.466.900 нэмэгдүүлсэн хүү 1.693.380 төгрөг, нийт 23.160.280 төгрөгийг зээлдэгч Г.................... Зээлийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1-р заалтын дагуу төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн бүгд дүн 23.160.280 төгрөгийг зээлдэгч Г....................ээс гаргуулж, ................... ................... ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Г.................... шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.................... шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

................... ................... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 13.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 10.160.280 төгрөгийг зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Зээлдэгч Г.................... би зээл авсан цагаасаа хойш 2.200.000 төгрөгийн төлөлт хийсэн. Ажлаа хийхгүй хүүхдээ асрах чөлөөтэй байгаа байдлыг маань харгалзан үзнэ үү. Зээл авсан цагаас хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчин гарч бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон болон уг өвчнөөр өвчилсөн зэрэг шалтгаант нөхцөл байдлуудыг маань харгалзан үзэж зээлийн хүүгийн төлөлтөөс чөлөөлж өгнө үү гэв.

................... дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр  сарын 25-ны өдрийн 142/ШШ2022/00144 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1., 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг баримтлан хариуцагч Г....................ээс 19.246.900 /арван есөн сая хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................... ................... ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.913.380 /гурван сая есөн зуун арван гурван мянга гурван зуун ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273.752 /хоёр зуун далан гурван мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г....................ээс 254.185 /хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................... ................... ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.................... давж заалдсан гомдолдоо:

................... дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-01-24-ний өдрийн 142/ШШ2022/00144 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргах нь: Тус шүүх 2022-01-24-ний өдрийн хурлаараа “................... ................... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г....................т холбогдох зээлийн төлбөрт 23.160.280 төгрөг гаргуулан авах шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүүг бүрэн хэмжээгээр хангасан явдал нь хоёр талын зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.5-д:Аль нэг талд үүссэн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэсэн <заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Хариуцагч зээлийг 2020-05-05-ны өдөр авсан байх бөгөөд зээл авсан цагаасаа хойш зээлийн хүүд 2.220.000 төгрөг төлсөн бөгөөд Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хувь хүн болон хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаа ерөнхийдөө бүрэн зогсонги байдалтай болсон.Энэ Ковид-19 буюу цар тахал нь Иргэний хууль болон хоёр талын гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйл бөгөөд Монгол улсын засгийн газрын зүгээс банк болон ББСБ-уудад хандаж зээлийн хүүг бууруулах болон аль болох зээлдэгч нарт эергээр хандах тухай уриалга,саналыг гаргаж байхад нэхэмжлэгч ББСБ нь зээлдэгчийн төлсөн 2.220.000 төгрөгийг төлөөгүй мэт байдлыг гаргаж байсан. Хариуцагч Г.................... 2020-07-15-ны өдөр төрөөд одоогоор хүүхдээ асрах чөлөөтэй байгаа зэрэг байдлуудыг ч харгалзан үзсэнгүй. Иймд ................... дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-01-24-ний өдрийн 142/ШШ2022/00144 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 6.246.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

................... дахь дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Г....................ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж....................гийн 2022.02.25-ны өдөр гаргасан анхан шатны шүүхийн 2022.01.24-ны өдрийн 142/ШШ2022/00144 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдолтой танилцаад гомдлыг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагчийн гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч буй үндэслэл нь: ..................., ................... нар нь “................... ................... ББСБ” ХХК-иас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 13.000.000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн. Зээл гэрээ, зээлийг хүлээн авсан эсэх тал дээр талууд огт маргаагүй. Зээлдүүлэгчээс мөнгийг зээлдэгчийн данс руу бүрэн шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 451.1-д заасан гэрээ байгуулж мөнгөө шилжүүлсэн, зээлдэгч зээл төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний нөхцөл шаардлага эрх үүрэгтэй танилцаад нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан тул үндсэн зээл, хүү. гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. МУ-ын Иргэний хуулийн 453.1-д зааснаар зээлдэгч Г.................... зээлээ хугацаандаа төлөөгүй учраас хугацаа хэтрүүлсэн хоногтоо хүү төлнө, мөн талуудын хоорондын гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцох заалттай учраас энэ заалтаараа хүүгийн 20 хувиас хэтрэхгүйгээр нэмэгдүүлсэн хүүг гэрээр төлөхөөр байгаа юм. Тэрээр давж заалдах гомдолдоо .. Ковидын үед МУ-ын Засгийн газраас банк болон ББСБ-уудад хандаж зээлийн хүүг бууруулах болон аль болох зээлдэгч нарт эергээр хандах тухай уриалга санал гаргасан гэх зүйл дурдсан байна. Засгийн газрын шийдвэрээр зөвхөн ипотекийн зээл буюу монгол банкнаас болон засгийн газраас санхүүжсэн зээлийг бүхэлд нь хойшлуулж болно гэсэн шийдвэр байсан. Бусад хэрэглээний зээлийн хувьд гэвэл зөвхөн үндсэн зээлийг хойшлуулж хүү болон нэмэгдүүлсэн хүүг авахаар тусгасан гэхдээ зөвхөн зээлдэгчид өөрийн гараар бичсэн хүсэлтийн дагуу хойшлуулж байсан. Г.................... нь манай байгууллага зээл хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлт өгөөгүй. Тийм баримт байхгүй. Гэрээг талууд сайн дурын үндсэн дээр. гэрээний чөлөөг байдлын зарчмыг үндэслэн хийсэн. Зээлдэгч Г.................... нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн. Талууд гэрээ хэлцлийн хуулиар тогтоосон хэлбэр агуулгыг зөрчилгүйгээр хийсэн байна. Хариуцагч Г....................ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул гомдлыг хангахгүй орхиж анхан анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд би өөрийн биеэр оролцох бодомжгүй байгаа бөгөөд миний энэхүү хариуцагчийн  гомдол гаргасан хариу тайлбарыг шүүх бүрэлдэхүүн уншиж танилцахыг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч ................... ................... ................... байгууллага ХХК нь хариуцагч Г...................., М.................... нараас зээлийн гэрээний үүрэг 23.160.280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлээс үндсэн зээл 13.000.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч хүү, нэмэгдсэн хүү төлөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч ................... ................... ................... байгууллага ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нартай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч Г.................... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ хүүхэд асрах чөлөөтэй ажлаа хийхгүй байгаа, дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчний улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон, уг өвчнөөр 2 удаа өвчилсөн зэрэг шалтгааны улмаас зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн гэсэн тайлбар гарган маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд хариуцагч Г.................... хамтран зээлдэгч М.................... нар 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ................... ................... ................... байгууллага ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 13.000.000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцааны гэрээгээр Г....................ийн өмчлөлийн ................... ................... сум ................... дугаар баг ................... багийн 24 дүгээр гудамж 3А тоотод байрлах амины сууц, газрыг барьцаалсан зээлийн гэрээнд М.................... хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, зээл авснаас хойш 2.200.000 төгрөг төлсөн, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэгч байгууллагаас зээлээ төлөхийг шаардаж удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан зэрэг нь тогтоогдсон байна.

Хариуцагч Г...................., М.................... нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар ...гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч ................... ................... ................... байгууллага ХХК шаарах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Г....................ээс үндсэн зээл 13.000.000 төгрөг хүү 6.246.900 төгрөг нийт 19.246.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас түүний төлсөн 2.200.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.693.980 төгрөг нийт 3.913.380 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь зээлийн үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр зээлийн үүргээ гүйцэтгээгүй хугацаанд тохирсон нэмэгдүүлсэн хүү шаардах боловч нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүний 1 адил хоногоор тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй гэж үзэв.

Энэ нь дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор ................... байгууллагуудаас олгосон зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс чөлөөлөх гэх мэтээр зээлдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх тухай засгийн газрын шийдвэр гарсантай уялдуулан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Хүүхэд асрах чөлөөтэй байсан байдлыг харгалзан зээлийн хүү төлөхөөс чөлөөлүүлэх гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж....................гийн гаргасан гомдол үндэслэлгүй байх тул давж заалдсан гомдлыг хангах боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.................... дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2022/00144 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж....................гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж....................гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 115.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., ...................2 дугаар зүйлийн ...................2.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭГ