Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2493

 

 

Ч Л С М-нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02354 дүгээр шийдвэртэй, Ч Л С М-нэхэмжлэлтэй, хариуцагч “Ч” ХХК-д холбогдох, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эзэмшиж, ашиглаж буй газрыг чөлөөлөхийг даалгах,

Хариуцагчаас нэхэмжлэгч Ч Л С М-дхолбогдуулж засвар тохижилтийн зардалд 110 133 436 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч Л С М-нь XIX зууны сүүлч XX зууны эхэн үед баригдсан Монголын уран барилга, уран баримал, уран зургийн бүтээл, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Ч Л С --ийг хадгалан хамгаалах, судлан сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага юм. Иймд Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоол, 2008 оны 175 дугаар тогтоолуудаар Хамгаалалтын түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд уг хамгаалалтын бүсийг 2 га газар гэж тогтоосон, үүний үндэслэл нь түүх соёлын үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд тэдгээрт ямар нэгэн хохирол учруулах үйл ажиллагаа явуулахгүй байх үүднээс хамгаалалтын бүс тогтоодог.

Ийнхүү хамгаалалтын бүс тогтоосон газраас 800 м.кв талбайг автомашины зогсоол болгон ашиглуулахаар тухайн үеийн удирдлагаас “Ч” ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан байдаг. Энэ нь хамгаалалтын бүсэд үндсэн зориулалтаас өөрөөр автомашины зогсоол хэлбэрээр ашиглуулах эрх хэмжээ олгогдоогүй байхад гэрээ байгуулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.7-д заасан Хамгаалалтын бүсэд байшин барих, түүх соёлын дурсгалт зүйлд хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газар чөлөөлөхийг “Ч” ХХК-д даалгана уу. Уг хэлцлийг хүчинтөгөлдөр бусад тооцуулснаар түүхийн соёлын үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдал сэргээгдэж хэвийн байдалд орох юм гэжээ.

 

Хариуцагч “Ч” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Ч Л С М-хойд талын 800 м.кв талбайг “Ч” ХХК өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар сайжруулж тохижуулсан. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээ нийт 110 133 436 төгрөг болсныг зам, талбайн төсөв гаргах эрх бүхий мэргэшсэн төсөвчин нараар баталгаажуулсан. Иймд “Ч” ХХК-аас Ч Л С М-хойд талын талбайг тохижуулсан 110 133 436 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. ... “Ч” ХХК-аас талбай тохижуулсан төгрөгийг гаргуулахаар энэ нэхэмжлэлийг гаргаж байна гэсэн байдаг. Энэ нь 110 113 336 төгрөгийг “Ч” ХХК-аас гаргуулахаар юм шиг харагдаж байна. Мөн үндэслэл тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Учир нь гэрээг байгуулаад тухайн талбайг тохижуулахдаа гаргасан бодит зардал хэд болох нь тодорхойгүй. Зөвхөн 2 төсөвчин гэх хүнээр төсвөө гаргуулсан, төсөв нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх, газар чөлөөлүүлэхтэй холбоотой, тэр газрыг тохижуулсан гэх бодит зардал мөн эсэх нь эргэлзээтэй. Гэрээний дагуу “Ч” ХХК нь өнөөдрийг хүртэл дур зоргоороо ашиглаж байгаа. Иймд энэ мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй, гаргасан зардал нь баримтаар тогтоогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч Л С М-нь “Ч” ХХК-д холбогдуулж 2007 оны 2 сарын 15-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эзэмшиж, ашиглаж буй газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “Ч” ХХК нь засвар тохижилтын зардалд 110 133 436 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Ч” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “...талуудын хүсэл зоригийн дагуу дээрх гэрээ байгуулагдснаас хойш газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан нь дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн гэдэг нь байгуулагдсан цагаасаа хууль зөрчсөн эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаардаг ба хэн нэг этгээдийн тушаал шийдвэр гаргаснаар дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Ч Л С М-нь 1904-1908 онуудад байгуулагдсан, Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтсан. Улмаар энэхүү жагсаалтыг Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор шинэчилж Ч Л С М-цогцолбор хэмээн улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалд хамаарагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, тус музей 1998 оноос улсын хамгаалалтад байгаа ба Соёлын өвийн тухай хуульд зааснаар унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны өв юм. 

Түүх соёлын дурсгалт газрын унаган төрх, соёлын үнэт зүйлийн язгуур шинжийг хамгаалах зорилгоор Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг 2,0 га газар байхаар тогтоосон ба уг бүсэд онцгой дэглэм үйлчилдэг. Соёлын өвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.3, 43.1.6-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 180 дугаар тогтоолоор түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах зорилгоор бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын жагсаалтад Ч Л С М-орчны талбай буюу хамгаалалтын бүс болох 2,0 га газрыг хамруулсан байдаг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дугаар захирамжаар Ч Л С М-хамгаалалтын бүсийг музейн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ч Л С М-захирал н.Пүрэвтогтох, хариуцагч компанийн ерөнхийлөгч Т.Энхболдсодон нар 02 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, хариуцагч нь тус музейн хойд талын 800 м.кв талбайг өөрийн хөрөнгөөр засварлан тохижуулж автомашины зогсооолын зориулалтаар ашиглах, музейн хойд талын хашааны будгийг сэргээн засварлахаар харилцан тохиролцсон байдаг. Уг гэрээг байгуулахдаа 2001 оны Соёлын өвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Ч Л С М-хэрмэн хашаанаас үргэлжлүүлэн автомашины зогсоолыг барьж, төрөл бүрийн тээврийн хэрэгсэл зогсох боломжийг олгож байгаа нь музейн хэрмэн хашаанд бодитой хохирол учруулах нөхцлийг бүрэн хангаж байна. Энэ тухай шүүгчийн захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Соёлын хяналтын улсын байцаагч Б.Болормаа, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын байцаагч Ш.Ганхүү нарын гаргасан дүгнэлтэд тодорхой тусгагдсан. /1хх68-73/.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн ба тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй атлаа эзэмшиж, ашиглахаар гэрээ байгуулж байгаа нь хуулийн хориглосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн өмчит барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт харшлах, өөр зориулалтаар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрээ байгуулагдснаас хойш газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэр гарсан нь ...” гэж дүгнэсэн боловч ямар тушаал, шийдвэр гэдэг нь тодорхойгүй, энэ нь хэрэгт байгаа эсэх тодорхойгүй буюу эргэлзээтэй дүгнэлт хийснээр Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөн Ш.Сайнзаяа миний бие оролцож байгаа. Гэтэл шүүх 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр болох шүүх хуралдааны товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч надад мэдэгдэлгүйгээр хуралдааныг явуулсан байна.

“Ч” ХХК-иас надад олгосон итгэмжлэлийн дагуу би 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр болсон шүүх хуралдаанд оролцсон бөгөөд уг шүүх хуралдаанаар хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШТ2018/00351 дугаар тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ тогтоолтой холбогдуулан би хэрэг харьяаллын дагуу Баянгол дүүргийн шүүхэд шилжсэн гэж ойлгож байсан бөгөөд шүүхээс тогтоолын талаар мэдэгдснээс хойш аль нэг шүүхээс надтай холбогдоогүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т “шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дахь хэсэгт “зохигч түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ” гэжээ.

2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр болсон шүүх хуралдаанд оролцоход миний оршин суугаа хаягийг шүүхээс тодруулсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Гэтэл шүүх надад хаягаар мэдэгдэх ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй хууль зөрчсөн байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Ч” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эзэмшиж, ашиглаж буй газрыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч засвар тохижилтийн зардалд 110 133 436 төгрөгийг шаардаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1хх1-2,191/

 

Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх хангагдаагүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс уг хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийн харьяаллыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтоосон байна. Үүнээс хойш хариуцагч талд шүүх хуралдаан болох өдрийн товыг зохих журмын дагуу мэдэгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй./2хх17-18,34,37-39/ Тухайлбал, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхээс хариуцагч “Ч” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товын талаар мэдэгдэх хуудас авагдсан боловч үүнийг хэнд хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, хүлээн авсан хүний гарын үсэггүй баримт байна. /2хх43/ Мөн өдөр шүүгчийн туслах Х.Хишигсүрэн гэх гарын үсэг зурагдсан утсаар мэдэгдсэн тухай баримт байх бөгөөд үүнд, “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Рэгзэндоржид 99117450 дугаарын утас руу залгаж шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр /цагийг 13.30, 14.30 аль нь мэдэгдэхгүй засвартай/ зарлагдсан болохыг мэдэгдэв,...за ойлголоо гэв” гэж бичигдсэн байна. /2хх44/

 

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутад шүүх хуралдаан эхэлж, мөн өдрийн 12 цаг 20 минутад дууссан гэж тэмдэглэгдсэн. Шүүхийн шийдвэрийн огнооноос үзвэл шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн гэж үзэхээр байгаа боловч шүүх хуралдааны тов мэдэгдэх болон шүүхэд дуудан ирүүлэх тухай хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс шүүх хуралдааныг хэзээ хийхээр товлосон хугацаа нь илт зөрүүтэй байна. /2хх41-48/

 

Дээрх байдлаас дүгнэвэл анхан шатны шүүхээс зохигч болон шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэхгүй бөгөөд  мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй байна.  

 

Иймд дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02354 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сайнзаяа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 618 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА