Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2018/02354

 

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2018/02354

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

           

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гэндэнгийн гудамж, өөрийн байранд байрлах, Ч РД:1706845/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороо 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазар, 41-127 тоот байрлах, Чо  ХХК /РД:2069881/-д холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эзэмшиж, ашиглаж буй газрыг чөлөөлөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Талбайг засварлаж тохижуулсан зардалд 110 133 436 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э  , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

Нэхэмжлэлийг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч нь XIX зууны сүүлч XX зууны эхэн үед баригдсан Монголын уран барилга, уран баримал, уран зургийн бүтээл, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Ч  -ийг хадгалан хамгаалах, судлан сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага. Иймд түүх соёлын үнэ цэнийхээ хувьд Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоол, 2008 оны 175 дугаар тогтоолуудаар Хамгаалалтын түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд уг хамгаалалтын бүсийг 2 га газар гэж тогтоосон. Хамгаалалтын бүсийг тогтоож байгаа гол үндэслэл нь түүхийн соёлын үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлын хадгалахын тулд тэдгээрт ямар нэгэн хохирол учруулах үйл ажиллагаа явуулахгүй байхын тулд хамгаалалтын бүсийг тогтоодог. Ч хамгаалалтын бүс тогтоосон хамгаалалтын газраас 800 м.кв талбайг автомашины зогсоол болгон ашиглуулахаар Чо  ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2007 оны 2 сарын 15-ны өдөр байгуулсан байдаг. Гэтэл уг гэрээг байгуулсан тухайн үеийн удирдлага нь тухайн газрын хамгаалалтын бүсэд үндсэн зориулалтаасаа өөр зориулалтаар буюу автомашины зогсоолын хэлбэрээр эзэмшүүлж, ашиглуулах эрх хэмжээ олгогдоогүй байхад тухайн гэрээг байгуулсан. Мөн гэрээний агуулга нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон соёлын өвийг хамгаалах тухай хуулиудыг зөрчсөн байдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.7-д Хамгаалалтын бүсэд байшин барих, түүх соёлын дурсгалт зүйлд хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж байдаг. Иймд уг гэрээ нь эдгээр хууль тогтоомжуудыг зөрчиж байгуулагдсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газар чөлөөлүүлэх Чо  ХХК-д даалгуулахаар шаардсан нэхэмжлэл гаргасан. Уг хэлцлийг хүчинтөгөлдөр бусад тооцуулснаар түүхийн соёлын үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдал сэргээгдэх, хэвийн байдалдаа орох юм гэв.

 

Хариуцагч Чо  ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч хойд талын 800 м.кв талбайг Чо  ХХК өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар сайжруулж тохижуулсан юм. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээ нь нийт 110 133 436 төгрөг болсныг зам, талбайн төсөв гаргах эрх бүхий мэргэшсэн төсөвчин нараар баталгаажуулсан. Иймд Чо  ХХК-аас Ч хойд талын талбайг тохижуулсан 110 133 436 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Сөрөг нэхэмжлэлдээ ... Иймд Чо  ХХК-аас талбай тохижуулсан төгрөгийг гаргуулахаар энэ нэхэмжлэлийг гаргаж байна гэсэн байдаг. 110 113 336 төгрөгийг Чо  ХХК-аас гаргуулахаар юм шиг харагдаж байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа. Учир нь энэ гэрээг байгуулаад Чо  ХХК нь тухайн талбайг тохижуулахдаа гаргасан бодит зардал хэд болох нь тодорхойгүй. Зөвхөн 2 төсөвчин гэх хүнээр төсвөө гаргуулчихсан, тухайн төсөв нь өөрөө өнөөдрийн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх, газар чөлөөлүүлэхтэй холбоотой, тэр газрыг тохижуулсан гэх бодит зардал мөн эсэх нь эргэлзээтэй. Гэрээний дагуу Чо  ХХК нь өнөөдрийг хүртэл дур зоргоороо ашиглаж байгаа. Иймд бид энэ мөнгийг хууль зүйн үндэслэлгүй мөн нотлох баримт хангалтгүй, гаргасан зардал нь тогтоогдохгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч хариуцагч Чо  ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ талуудын хооронд 2007 оны 2 сарын 15-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг дуусгавар болсонд тооцож, газрыг чөлөөлж өгөхийг Чо  ХХК-д даалгуулахаар шаардсан шаардлагаа өөрчилж, 2007 оны 2 сарын 15-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эзэмшиж, ашиглаж буй газрыг чөлөөлөхийг Чо  ХХК-д даалгуулахаар шаардсан байна.

Хариуцагч Чо  ХХК нь талбайг засварлаж тохижуулсан зардалд 110 133 436 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Ч цогцолборыг Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэж, 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор шинэчлэн бүртгэгдсэн байна. /хх-ийн 9-16/

Түүнчлэн Засгийн газрын 2001 оны 4 сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор ...Ч  ийн хамгаалалтын бүсийг 2,0 га газар байхаар тогтоожээ./хх-ийн 18-19/

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 11 сарын 17-ны өдрийн 180 дугаар Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоол гарч уг газарт Ч  ийн орчны 2,0 га газар орсон байна./хх-ийн 20-22/

 

Дээрх тогтоолууд гарсан хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 сарын 30-ны өдрийн 781 дугаар захирамжаар Ч   музейд уг 2,0 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшлүүлэхээр олгосон байна./хх-ийн 24-28/

Уг газар эзэмших эрхийн хугацаа 2015 оны 12 сард дуусч дахин сунгагдаагүй байх ба нэхэмжлэгч Ч нь Нийсэлийн Засаг даргад холбогдуулан Ч эзэмших эрх бүхий 2,0 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2017/5714 дугаар захирамжаар Захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан захирамжуудаар тогтоогдсон байна./хх-ийн 245/

 

Талуудын хооронд 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Ч хамгаалалтын бүс тогтоосон хамгаалалтын газраас 800 м.кв талбайг автомашины зогсоол болгон ашиглуулах хамтран ажиллах гэрээг 2007 оны 2 сарын 15-ны өдөр байгуулж, Чо  ХХК нь уг газрыг автомашины зогсоолын зориулалтаар засварлаж, талууд одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдож байх ба зохигчид уг асуудлаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... уг гэрээг байгуулсан тухайн үеийн удирдлага нь тухайн газрын хамгаалалтын бүсэд үндсэн зориулалтаасаа өөр зориулалтаар буюу автомашины зогсоолын хэлбэрээр эзэмшүүлж, ашиглуулах эрх хэмжээ олгогдоогүй байхад тухайн гэрээг байгуулсан, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласныг дараах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарахаар заасан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээрх үндэслэлд хамаарахгүй байна.

Тодруулбал, талуудын хүсэл зоригийн дагуу дээрх гэрээ байгуулагдснаас хойш газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэр гарсан нь дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэдэг нь байгуулагдсан цагаасаа хууль зөрчсөн эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаардаг ба хэн нэг этгээдийн тушаал шийдвэр гаргаснаар дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний 1-р зүйлд зааснаар Чо  ХХК нь өөрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар Ч хойд талын 800 м.кв талбайг автомашины ил зогсоолыг зориулалтаар засварлаж тохижуулахаар тохиролцсон байх ба гэрээнд заасны дагуу уг талбайг засварлаж, автомашины зориулалтаар одоог хүртэл ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Чо  ХХК нь автомашины ил зогсоолыг одоог хүртэл ашиглаж байх тул уг талбайг тохижуулахад гарсан зардлын 110 133 436 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Тус шүүх хуралдааны товыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Чо  ХХК-д Баянгол дүүргийн 17-р хороо Жалханцхутагт Дамдинбазарын гудамж 41-р байр 127 тоот хаягаар шуудангаар хүргүүлснийг Батболд гэдэг хүнд хүргүүлж, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэндоржид 2018 оны 10 сарын 16-ны өдөр хурлын товыг утсаар мэдэгдсэн/хариуцагчийн төлөөлөгчийн хаяг хэрэгт байхгүй/ байх ба хариуцагч тал хурлын тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч хариуцагч Чо  ХХК-д холбогдох 2007 оны 2 сарын 15-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эзэмшиж, ашиглаж буй газрыг чөлөөлөхийг Чо  ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Чо  ХХК-ийн талбайг засварлаж тохижуулсан зардалд 110 133 436 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Чо  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

 

 



 

                                  ДАРГАЛАГЧ           Б.МӨНХЖАРГАЛ