Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 202/МА2018/00033

 

Шунхлай говь ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

        Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 136/ШШ2018/00334 дүгээр шийдвэртэй,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 48/1, Капитал хауз, 3 давхарт байрлах, Шунхлай говь ХХК /РД:5506255/-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сумын 3 дугаар  баг, Гурван баян төвийн 4 давхарт байрлах, АНын Дорноговь аймгийн хороонд /улс төрийн нам/ холбогдох,

        Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэбаатар, М.Цэнд-Очир,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Ш говь ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: АНын Дорноговь аймгийн хороо нь тус компанитай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр СА/39 тоот “Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба худалдан авагч талын хэрэгцээт, захиалгат шатахууныг цаг тухайд нь нийлүүлсэн. Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт “худалдан авагч нь худалдан авсан талоны үнийг бэлнээр буюу дансаар энэхүү гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу төлөх үүрэгтэй”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “худалдан авагч нь талоныг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор бүрэн төлж барагдуулна”, гэсэн боловч АНын Дорноговь аймгийн хороо нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироож байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “худалдагч нь худалдан авагчаас талоны үнийг шаардах эрхтэй”, мөн 3.4-т “худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд алдангийг шаардах эрхтэй” гэж заасан. Түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.12-т “Худалдан авагч нь үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй”, 5 дугаар зүйлийн 5.1-т “худалдан авагч тал талоны төлбөрийг энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө” гэж заасан. Иймд шатахуун худалдах, худалдан авах гэрээний үндсэн үнэ 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндорж шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан 5 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууны талоныг аймгийн АНын данс бүртгэлд орлогодож аваагүй, зарцуулсан баримт байхгүй байгаа юм. Энэхүү 5 000 000 төгрөгийн талоныг хүлээн авсан гэх Б.Баянмөнх нь тухайн үед ч, одоо ч аймгийн АНын нягтлан бодогчоор ажиллаагүй болно. АНыг төлөөлж, гарын үсэг зурж, гэрээ байгуулсан Б.Батбаяр нь ажлаа хүлээлгэж өгөхдөө энэ өр авлагын тухай ямар нэгэн баримт мэдээллийг намын шинэ дарга Ц.Гантулгад хүлээлгэн өгөөгүй. Иймд энэ асуудлыг талон хүлээж авсан болон гэрээ байгуулсан дээрх нэр бүхий хүмүүсээс тодруулах нь зүйтэй. Дорноговь аймгийн АНын шинэ удирдлагын хувьд намын байгууллагын данс бүртгэлд тусгагдаагүй тул хүлээн зөвшөөрч төлөх боломжгүй гэжээ.

         Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ш говь ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч АНын Дорноговь аймгийн хорооноос шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5000000 төгрөг, алданги 2500000 төгрөг, нийт 7500000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилсан төлсөн 134950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэбаатар давж заалдсан гомдолдоо: Нэгдүгээрт: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байна” гэж шүүх дүгнэсэн мөртлөө мөн хэсэгт зохигчдын хооронд шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэсэн нь тус шийдвэрийн дүгнэлтүүд хоорондоо зөрчилдөөнтэй байна. Угтаа бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, түүний үндсэн дээр гэрээний талууд харилцан үүрэг хүлээх ёстой ба улмаар мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй болдог.

         Хоёрдугаарт: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон мөртлөө Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг үндэслэл болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

           Гуравдугаарт: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг болон 62.3 дахь хэсэгт заасан хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийх хуулиар тогтоосон журмыг зөрчиж хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан байдаг ба энд заавал бичгээр олгосон итгэмжлэл, эсвэл төлөөлөгч нь төлөөлүүлэгчтэй шүүхийн шийдвэрт дурдсан шиг хөдөлмөрийн болон бусад гэрээ байгуулагдсан байхыг шаардах ёсгүй. АНын Дорноговь аймгийн хорооны тухайн үеийн дарга Батбаяр нь тус гэрээний эхний нүүрэн дээр мөн гэрээний төгсгөл хэсэгт тус гэрээнд, АНын Дорноговь аймгийн хороог төлөөлж Б.Баянмөнх гэдэг этгээд орж байгааг мэдэж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, эцсийн  байдлаар баталж байгаа буюу Ш говь ХХК-иас шатахуун худалдаж авах хувийн эрх зүйн энэхүү харилцаанд АНын Дорноговь аймгийн хороог Б.Баянмөнх гэдэг хүн төлөөлнө гэдгийг баталгаажуулж байгаа юм. Цаашлаад Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлгон өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхтэй байсныг ашиглаж болохгүй зэрэг Иргэний хуулийн 7 дугаар бүлэг буюу төлөөллийн талаарх бусад хуулийн зохицуулалтын талаар бүрэн авч үзэж, холбогдох хуулийн заалтуудыг зөвөөр тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна.

           Дөрөвдүгээрт: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, үйл баримтуудыг тал бүрээс бодитойгоор, бүрэн үнэлж шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд анхан шатны санхүүгийн баримтууд болох тооцоо нийлсэн акт дээр тухайн намын хорооны нягтлан бодогч Ц.Болортуяа нь Ш говь ХХК болон АНын Дорноговь аймгийн хороо хоёрын хооронд шатахууны төлбөр 5000000 төгрөгийн тооцооны үлдэгдэл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт, мөн АНын Дорноговь аймгийн хороо дотроо Сайншанд сумын АНын дарга А.Энхжаргал Ш говь ХХК-иас 600000 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууны мөнгөн талон хүлээн авсан тухай зарлагын баримт зэргийн талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь буруу юм. ... Өр авлагаа барагдуулах талаар харилцан солилцож байсан, хэрэгт нотлох баримтаар авагдсан албан бичиг зэргээс харвал талуудын хооронд шатахуун худалдах, худалдан авах иргэний эрх зүйн гэрээний харилцаа бүрэн дүүрэн үүссэн гэдгийг харж болно. Гэтэл шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн Баянмөнх гэдэг хүний нэрийг дурдах замаар хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж ойлгогдож байна. Түүнчлэн хариуцагч тал өмнөх дарга Б.Батбаяр нь шинэ даргад ажлаа хүлээлгэж өгөхдөө өр авлагын талаар ямар нэгэн баримт, мэдээлэл өгөөгүй, тус өр авлага нь намын данс бүртгэлд бүртгэгдээгүй гэж маргадаг боловч үнэндээ энэ  бүх асуудал нь тухайн намын цэвэр дотоод асуудал бөгөөд нэхэмжлэгч талд ямар ч хамаагүй болно. АНын Дорноговь аймгийн хорооны дотоод зохион байгуулалт байхгүй, удирдлагын харилцан залгамж холбоо, ажлын сахилга бат, санхүүгийн тайлан бүртгэл хөтөлдөггүй, хариуцлагагүй байдал нь тус намын хороо гэрээний үндсэн иргэний эрх зүйн харилцаанд оролцож, бусад аж ахуйн этгээдийн өмнө гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болох учиргүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс Ш ХХК нь Дорноговь аймгийн АНын хорооноос Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хохирлоо шаардах эрхтэй байна. Энэ хоёрын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба худалдагч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн хохирлоо Ш ХХК нь арилгуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн мөртлөө тус дүгнэлтийн араас нь залгуулаад гэрээ байгуулагдаагүй байна гэсэн нь шүүхийн шийдвэр нь нэгнийгээ үгүйсгэсэн шийдвэр болсон гэж үзэж байна.

           Дараагийн үндэслэл нь төлөөллийн тухай асуудал хөндөгдөж байгаа. 2018.09.18-ны өдрийн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч тал буюу Ш ХХК нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дэх хэсэгт заасан хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийх, хуулиар тогтоосон журмыг зөрчиж хэлцэл хийсэн гэж үзсэн байгаа. Гэхдээ энэ журмыг яаж зөрчсөн талаар дүгнэлтийг хийгээгүй байдаг. Шүүхийн шийдвэрээс харахад итгэмжлэл байхгүй байна уу гэсэн асуудлыг сөхөж тавьсан юм болов уу гэж ойлгогдож байгаа. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл нь амаар болон бичгээр аль ч хэлбэрээр идэвхижих боломжтой, зөвхөн хуульд зааснаар бичгээр байх ёстой. Дорноговь аймгийн АНын хэрэг эрхлэх газрын дарга гэх үү, Тамгын дарга Төмөрхуяг гэдэг эрх бүхий этгээдээс Баянмөнх гэдэг нь манай сонгуулийн үеэр сонгуулийн санхүүг хариуцна, сонгуультай холбоотой шатахууныг хариуцна, энэ гэрээг хариуцна гээд эрхийг олгосон байдаг. Баянмөнх нь ч бай Төмөрхуяг нь ч бай аль аль нь шүүх хуралдаан дээр гэрчээр дуудагдаад бүрэн эрхийг олгосон байдаг гэдгийг мэдүүлсэн байдаг. Энэ гэрээнээс харахад АНын дарга Батбаяр нь 2017.06.05-ны өдрийн шатахууныг зээлээр худалдах худалдан авах гэрээнд Дорноговь аймгийн АНыг төлөөлж Баянмөнх гэдэг хүн оролцох юм байна гээд гэрээний нүүрэн хэсэг болон арын хуудсан дээр бичигдсэн байна. Баянмөнх гэдэг хүн худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, шатахууны талоноо сонгуулийн сурталчилгааны тээврийн хэрэгслийн шатахуунд зарцуулах юм байна шүү гэдгийг бүрэн ойлгож танилцсаны үндсэн дээр эцсийн байдлаар баталгаажуулаад гарын үсэг зурагдаад  хүчин төгөлдөр болж байгаа. Баянмөнхийг төлөөлж байгаа гэдгийг энэ гэрээнээс харж байгаа юм. Талуудын хооронд тооцоо нийлсэн акт байгаа. Тушаалаар томилогдсон нягтлан бодогч Болортуяа 5 сая төгрөгийн үлдэгдэл байна гээд 4-5 удаа нийлсэн тухай санхүүгийн анхан шатны баримтууд байдаг. Баянмөнхийн хүлээж авсан санхүүгийн баримтууд нь байгаад байдаг. Талуудын хооронд гэрээний харилцаа үүсэхээс эхлүүлээд өрөө өгөөч ээ, ингэх гээд байна, тэгэх гээд байна гээд хоорондоо өгөлцөж, авалцаж байсан баримт бичгүүд байгаад байна. Эдгээр анхан шатны санхүүгийн баримтуудыг харахад талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэдэг нь харагдаж байгаа юм. Хариуцагч тал гэрээ байгуулагдаагүй гэж маргадаггүй. Гэрээ бол байгуулсан юм байна, гэхдээ гэрээ байгуулсан хүн чинь сонгуулийн сурталчилгааны ажил биш өөр хувийн зорилгоор ашигласан юм биш үү гэсэн байдлаар харддаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчээр дуудагдсан Батбаяр, Баянмөнх нар нь яалт ч үгүй тухайн үед АНын бүтэц батлагдаад Баянмөнх нь санхүүгээ хариуцахаар болоод Ш ХХК-тай гэрээ байгуулаад, хэрэг эрхлэх газрын дарга Төмөрхуяг нь зөвшөөрлийг нь өгөөд ингэж гэрээний харилцаа явагдаж байсан юм. Ш ХХК-иас авсан шатахуунаараа сонгуулийн сурталчилгаа болон самбар байрлуулахад ашигласан гэдгээ бүрэн мэдүүлсэн байдаг. Нөгөө талаас юу гэж хэлдэг вэ гэхээр манай санхүүгийн тайлан блансад бүртгэгдээгүй байна. Өмнөх Батбаяр дарга нь шинэ даргадаа ажлаа өгөхдөө энэ өр авлагын талаар мэдэгдээгүй байна гэсэн асуудлыг тавьдаг. Энэ асуудал нь  Ш говь ХХК-тай ямар ч хамааралгүй асуудал. Тухайн байгууллага шатахуунаа аваад дотооддоо яаж бүртгэх үү, яаж тайлагнах уу гэдэг нь цэвэр намын дотоодын асуудал. 2 дарга нь ажлаа хүлээлцэхдээ ажлаа хүлээлгэж өгдөггүй энэ хариуцлагагүй байдал нь гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, тэрийг зөвтгөх асуудал болох ёсгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч талаас эвлэрэх саналыг тавьсан. Сонгуулийн сурталчилгаанд ашигласан юм байна, нэгэнт авчихсан юм байна, эвлэрье гэсэн асуудал яригдсан. Гол нь алдангийн асуудал, хэзээ төлөх үү гэдэг дээр талууд эвлэрч чадахгүй байсан. Нөгөө тал хүлээн зөвшөөрөөд эвлэрэх саналыг тавьсаар байхад гэрээ байгуулагдаагүй байна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Дорноговь аймгийн АНыг хариуцагчаар татаад нэхэмжлэлээ гаргасан байтал шүүх Баянмөнх, Батбаяр гэдэг хүмүүсийг гэрчээр дуудаад, гэрчээр дуудагдсан хүмүүсээ шийдвэрийнхээ хамгийн сүүлд нь гэм буруутай байдлаар дүгнээд шийдвэр гаргасан нь мөн энэ шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан ийм дүгнэлт болсон гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, шатахууны мөнгөний талон 5 сая төгрөг, гэрээний дагуу алданги 2500000 төгрөг нийт 7500000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ш говь ХХК нь хариуцагч АНын Дорноговь аймгийн хороонд /улс төрийн нам/ холбогдуулан  Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5000000 төгрөг, алданги 2500000 төгрөг, нийт 7500000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлээ 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах худалдан авах гэрээ” /хх-7-9/ болон мөнгөн талоны зарлагын баримт /хх-100/, тооцоо нийлсэн акт /хх-16/ зэрэг нотлох баримтанд үндэслэжээ.

            Хариуцагч АНын Дорноговь аймгийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндорж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “гэрээнд оролцсон талоныг хүлээж авсан Баянмөнх нь намд харъяалалгүй, албан тушаал эрхэлдэггүй хүн,  уг шатахууны мөнгөн талоныг манай байгууллагад зарцуулсан баримт байхгүй,  зарцуулагдаагүй мөнгө учир төлбөрийг төлөхгүй” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэбаатар эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

            Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн СА/39 дугаартай “Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах” гэрээг нэхэмжлэгч Ш говь ХХК-ийн Сайншанд дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахын дарга И.Баттулга, хариуцагч АНын Дорноговь аймгийн хорооны дарга Б.Батбаяр нар баталж, гэрээнд худалдагч талыг төлөөлж Л.Эрдэнэбаатар, худалдан авагч талыг төлөөлж Б.Баянмөнх нар гарын үсэг зурж гэрээг байгуулжээ.

            Зохигчдын тайлбар болон гэрч Б.Батбаяр, Б.Баянмөнх нарын мэдүүлгээс үзэхэд тухайн үед буюу гэрээ байгуулагдах үед Б.Батбаяр нь АНын Дорноговь аймгийн хорооны дарга албан тушаалтай байсан, харин Б.Баянмөнх нь хариуцагч байгууллагад ямар нэгэн албан тушаал эрхэлж байгаагүйн гадна гэрээнд зааснаар нягтлан бодогчийн ажил эрхэлдэггүй байсан, түүнд эрх бүхий этгээдээс гэрээ байгуулах эрх олгосон гэх нөхцөл байдал эргэлзээтэй болох нь тус тус тогтоогдсон байна.

            Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3-т заасныг үндэслэн гэрч Б.Баянмөнхийг хариуцагч байгууллагыг хуулийн дагуу болон итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзсэн нь үндэслэлтэй зөв боловч энэхүү нөхцөл нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэхийг дүгнэх ганц үндэслэл биш юм.

            Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэнээр байгуулагдсанд тооцдог, заавал бичгээр байгуулахыг шаардаггүй, амаар байгуулж болдог гэрээ бөгөөд анхан шатны шүүх хуульд заасан энэхүү нөхцөл байдал хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар хэрхэн нотлогдон тогтоогдсон талаар дүгнэлт хийлгүйгээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн нь буруу болжээ.

            Тодруулбал талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээнд хариуцагч буюу худалдан авагч талыг төлөөлөх эрхгүй этгээд оролцсон нь гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй ба харин хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болох хариуцагчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/61 дугаартай хүсэлт албан бичигт  /хх-11/ “... 5000000 төгрөгийн шатахууны зээлийн гэрээ хийх” хүсэлтэйг дурдсан, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/148 дугаартай албан бичигт “... 5 сая төгрөгийн шатахуун зээлээр авсан боловч төв намаас санхүүжилт ирээгүйн улмаас тухайн үед нь барагдуулаагүй...”-дээ уучлалт хүссэн, мөн тухайн үед АНын Дорноговь аймгийн хорооны нягтлан бодогчоор /хх102-103/ ажиллаж байсан Ц.Болортуяа нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч байгууллагатай тооцоо нийлж “5000000 төгрөгийн үлдэгдэлтэй” талаар акт үйлдсэн /хх-16/ нь тус тогтоогдсоноос үзэхэд хариуцагч нь  5000000 төгрөгийн үнэ бүхий шатахууны мөнгөн талоныг нэхэмжлэгч талаас худалдан авсан, түүний үнийг төлөөгүй болох нь тогтоогджээ.

            Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь шатахууны талоны үнэ 5000000 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд гагцхүү талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүйгээс тэднийг анзын нөхцлийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй юм.

           Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 2500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Хариуцагч тал өөрийн байгууллагын санхүүгийн баримт бичиг, тооцоонд дээрх 5000000 төгрөгийн үнэ бүхий шатахууны талаар тусгагдаагүй гэх боловч энэ нь тухайн байгууллагын дотоод асуудал төдийгүй ийнхүү санхүүгийн баримт бичигт өр авлага тусгагдаагүй нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, улмаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй болно. 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 136/ШШ2018/00334 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар хариуцагч АНын Дорноговь аймгийн хорооноос 5000000 /таван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш говь ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

          2 дугаар заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “үлдээж,” гэж тус тус өөрчилж, заалтад “хариуцагч АНын Дорноговь аймгийн хорооноос улсын тэмдэгтийн хураамжинд 94950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг хангасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш говь ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

          3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

          4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

                                ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                      Н.БАТЧИМЭГ